Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00252

 

Э.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 182/ШШ2018/02485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК, Х.С нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,ажлын хөлс 18 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Х.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, Р.Жавзандулам шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК-ийн захирал Х.Стэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 130 м.кв талбай хувийн сууцыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр С дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС-54 тоотод бариулахаар тохиролцож, 2018 оны 5 дугаар сарын 16-нд 21 000 000 төгрөг, 5 дугаар сарын 24-нд 25 000 000 төгрөг, нийт 46 000 000 төгрөг төлсөн. Х.С нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн барилгын суурийг ямар ч зураг төсөлгүй, суурийн цутгалтад арматур зангидалгүй, агааржуулалт хийлгүй цутгаж, барилгын ханыг хамгийн нимгэн хавтан буюу 0,6 см-ийн OSP хавтангаар босгож, 3 см-ийн банзаар дээвэр зангидсан. Миний бие тухай бүрд нь зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа сануулсаар байтал үл ойшоож тоогоогүй. Анхнаасаа барилгын төсвөө захиалагч надад үзүүлээгүй, зураг батлуулахгүйгээр энэ ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд одоо дутуу баригдсан байшин нь хэзээ ч нурахад бэлэн байдалтай байгаа бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас түүний ажлыг зогсоосон. Иймд гэрээнээс татгалзаж, С дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС-54 тоотод дутуу баригдсан байшинг хариуцагч нарт буцаан өгч, гэрээний дагуу төлсөн 46 000 000 төгрөгийг Э ХХК болон Х.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК болон Х.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь Э.Б, ажил гүйцэтгэгч нь Э ХХК бөгөөд ажил гүйцэтгэгч компани гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгчийн материалаар гүйцэтгэж үүргээ биелүүлж байхад Э.Б нь уг ажлыг гүйцэтгүүлэхгүй саад учруулж, гэрээний зүйл болох ажлын үр дүнг бүрэн хийлгэж дуусгуулахгүйгээр барилгын ажлыг зогсоосон.  Ажил эхлээд явж байхад захиалагч нь ярилцаж тохиролцсоноос өөр барилгын материалаар байшин бариулахыг шаардаж, үнээ буулга, бонус, тавилга хийж өг гэх мэтээр дарамталж, маш өндөр өртөгтэй барилгын материалаар илүү хямд үнийн дүнтэй байшин бариулна гэж дарамталсан. Барилгын ажил 70 орчим хувьтай хийгдсэн байсан. Э ХХК нь Монгол Улсын хил, гаалиар орж ирсэн, чанарын стандарт шаардлага хангасан, БНХАУ, ОХУ, Турк, Герман улсын чанар сайтай барилгын материалаар барьсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Сэс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж   гаргасан тайлбартаа: Э.Б нь уг ажлыг гүйцэтгүүлэхгүй саад учруулж, гэрээний зүйл болох ажлын үр дүнг бүрэн хийлгэж дуусгуулаагүй. Э.Бы урьдчилгаанд өгсөн 46 0000 000 төгрөгөөр барилгын материал худалдан авч барилгын суурийг цутгаж, модон каракас босгож, дээвэр хийж, байшингийн хана, дээврийн дулаалга хийгдсэн, цахилгаан монтажны ажил хийгдсэн, сантехникийн ажил буюу цэвэр бохирын шугамын холболтын ажлууд хийгдэж барилгын ажил 70 орчим хувьтай хийгдсэн. Иймд 70 хувьтай хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 18 200 000 төгрөгийг Э.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Надаас 46 000 000 төгрөг авчхаад 29 790 880 төгрөгийн үнэ бүхий байшин барьсан.  Монголын хохирол үнэлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Сд хүргүүлсэн дүгнэлтээр тодорхой байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Э ХХК, Х.С нараас 46 000 000 төгрөг гаргуулж Э.Б-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.3-т зааснаар Э.Б-аас ажлын хөлс 18 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.С-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч нараас 387 950 төгрөг гаргуулан Э.Бд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 388 000 төгрөг, хариуцагч Х.Сэс төлсөн 248,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажлыг арга буюу Э.Бы шаардлагаар зогсоосон. Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа огт хэлээгүй, гэрээнээс татгалзсан талаар талуудын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Зохигчдын амаар гаргасан тайлбараар  ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Э.Бы урьдчилгаанд өгсөн 46 000 000 төгрөгөөр барилгад зориулан худалдаж авсан барилгын материалуудын зарлагын баримтууд цементийн чанарын гэрчилгээ, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуй шалгалтын гэрчилгээ, ус үл нэвтрүүлдэг битумэн ороомогийн тохирлын гэрчилгээнүүдийг эх хувиар нь болон орос хэл дээрх баримтуудыг баталгаат орчуулгын газраар орчуулан нотлох баримтаар өгсөн боловч анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Д.А нь барилгын материалын чанартай эсэх дээр дүгнэлт шинжилгээ хийж дүгнэлт хийх эрхтэй нарийн мэргэжлийн субьект биш. Шүүх хуралдаанд С.Ныг гэрчээр оролцуулж, зохигчдын тэгш байдлыг хангаагүй. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07736 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр С.Ныг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэрнээ хариуцагч хүсэлтээсээ татгалзаагүй байхад дээрх шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй гэж шүүгч өөрийнхөө гаргасан захирамжийг үгүйсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Х.С, “Э” ХХК нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан./ 1хх-ийн 1, 43 / Мөн хариуцагч Э ХХК нь ажлын хөлс 18 200 000 төгрөгийг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлээр шаарджээ./ хх-ийн 217-218 /

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “Э” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 16-ний өдөр амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Барилгын ажил явагдсан боловч талуудын хооронд ажлын чанар, доголдлын асуудлаар маргаан үүсч, барилгын ажил зогссон гэж талууд тайлбарлажээ. / хх 3-66/

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч гэрээг ажил гүйцэтгэгчийн үүргийн зөрчилтэй холбоотой цуцлагдсан, эсхүл захиалагч өөрийн хүсэлтээр цуцалсан эсэх нөхцөл байдал хэргийг шийдэхэд ач холбогдолтой юм.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Ажил дуусахаас өмнө гэрээг цуцалсан буюу зарим ажил нь гүйцэтгэгдсэн байгаа тохиолдолд цуцлагдсан гэрээний дагуу ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн, уг ажлын үр дүн, орлого үр шим болж захиалагчид үлдсэн эсэх үйл баримт хэрэгт ач холбогдолтой.

 

Талууд дээр дурдсан хууль зүйн хувьд ач холбогдолтой үйл баримтын талаар маргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд ажлын үр шим, үр дүн бий болоогүй, барилгыг буулгах шаардлагатай гэж үзэж байгаа бол, хариуцагч нь гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд цаашид ашиглагдах боломжтой, ажлын үр дүнд тохирсон хөлс авах ёстой гэж маргажээ.

 

Талуудын маргаан нь барилгын чанар, гүйцэтгэлтэй холбоотой тусгай мэдлэг шаардсан асуудал байх бөгөөд үүнтэй холбоотойгоор ажлын үр дүнгийн чанар байдлын талаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байхад шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй болжээ./ хх-ийн 22, 123-124, /

 

Ажлын чанар үр дүнд шинжилгээ, үнэлгээ хийх нь хэргийн оролцогч болон шүүгч өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал биш юм. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигджээ.

 

Хариуцагч нь ажлын үр дүн нэхэмжлэгчид үлдсэн, нэхэмжлэгч гэрээг цуцалсан, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бүгдийг нь ажилд зарцуулсан гэж тайлбарлаж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажил гүйцэтгэхэд гарсан зардлыг тодорхой болгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг дэмжжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.

 

Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох боломжтой асуудлыг хариуцагч талын гаргасан хүсэлтээр хийсэн “Хохирол үнэлгээчдын холбоо”-ны 29 000 000 төгрөгийн зардал гарсан гэх дүгнэлт, эрүүгийн хэргийн явцад бүрдүүлсэн 10 000 000 төгрөгийн материалын зардал гарсан гэх баримтуудын аль нь ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт биш учир эргэлзээтэй баримт болжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа тохиолдолд шүүхээс тухайн байгууллагыг томилох, ашиг сонирхлын зөрчил, тусгай мэдлэгтэй эсэхийг тодруулах, эрх үүргийг тайлбарлах зэрэг тодорхой ажиллагаанууд хийх ёстой.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг шүүх заавал хийх талаар заасныг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. Талуудад эвлэрүүлэх арга хэмжээг авсан, эвлэрүүлэх ажиллагааг хийсэн, энэ талаар сануулсан гэж үзэх баримт байхгүй байна.

 

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна гэжээ. Нэхэмжлэгчийн барилгыг буулгаж авч явахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, уг үндэслэлийн талаар талуудыг бүрэн мэтгэлцүүлэх нь зүйтэй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Сийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД