Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01106

 


                                             ****ы нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2330 дугаар магадлалтай, 

****ы нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК, ****нарт холбогдох 

Гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46,000,000 төгрөг

гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Соёл-Эрдэнийн нэхэмжлэгчээс ажлын хөлс 18,200,000 төгрөг гаргуулах

тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК, ****нарт холбогдуулан Гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, хариуцагч Х.Соёл-Эрдэнэ нэхэмжлэгчээс ажлын хөлс 18,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.5-т зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 46,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хариуцагч Х.Соёл-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****аас 18,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Соёл-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 122,600 төгрөгийг хариуцагч “ **** ****” ХХК-аас гаргуулан шинжээч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388,000 төгрөг, хариуцагч Х.Соёл-Эрдэнээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 387,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2330 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Мөнхбат нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүх зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх тухай заасан байдаг боловч хэрхэн яаж шийдвэрлэхийг зохицуулаагүй. Энэ нь анхан шатны шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл, тухайн үед зохигч хүсэлтээ ямар үндэслэлээр гаргасан, агуулга, шаардлага тодорхой байна уу, үгүй юу, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тавьсан асуудал нь тусгагдсан байна уу, үгүй юу, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой байгаа эсэх, хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө өгсөн үү, өмнө өгөөгүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх гэх мэт олон нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэдэг. Гэтэл хариуцагч талын гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг заавал хангах ёстой гэсэн байдлаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулбал энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн үйлдэл болох юм.

4.1. Давж заалдах шатны шүүх Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг дутуу, гүйцэд хариулаагүй гэсэн байдлаар дүгнэлт хийжээ. Харин бид анхан шатны шүүх нэг биш 5, 6 дүгнэлт, үнэлгээг харьцуулан үнэлсний үндсэн дээр шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа. Мөн 46 сая төгрөг аваад юунд зарцуулснаа, өөрөөр хэлбэл, тухайн барилгын ажилд зарцуулсан эсэхээ компанийнхаа санхүү, татварын тайлан, төлбөр төлсөн баримт, нэхэмжлэх гэх мэт санхүүгийн баримтуудаар нотлоогүй, барилгын материал худалдан авсан талаарх гэрээ, хэлцэл зэргээр нотолж чадаагүйг анхан шатны шүүх харгалзан үзсэн болов уу. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “шинжээчээс тавигдсан асуултад бүрэн хариуцуулаагүй гэж үзнэ” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал шинжээчид тавьсан асуултад шинжээч хариулсан байдаг. Харин давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “шинэ асуулт” /...хэрэв чанарын шаардлага хангаагүй доголдолтой бол доголдлыг арилгахад хэдий хэмжээний зардал гарах,../ гаргаж ирж байгаа нь илт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэснийг харуулж байна. Тодруулбал, маргааны зүйл, шаардлага, үндэслэлээ тодорхойлж буй байдал, түүний хүрээнд зохигчийн шинжээчид тавих асуултаа тодорхойлох эрх, шинжээчийн дүгнэлт гаргах эрх хэмжээнд давж заалдах шатны шүүх халдаж байгаа буюу ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар асуудалд хандсан гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн хүсэлт, шинжээчийн дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах гомдолтой холбоотойгоор гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тайлбарыг анхаарч үзэхийг хүсэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ хариуцагч талын нөхцөл байдалд илүү анхаарал хандуулсан дүгнэлтүүдийг хийжээ. Ямар чанартай материалаар бариулсан, барилгын ажил зогссоноос хойш чанар нь яаж муудсан, цаашид ашиглах боломжтой эсэх гэх мэт асуудлыг тодруулах шаардлагатай гэснээс нь тодорхой харагдаж байгаа. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д заасны дагуу шийдвэрлэхийг үүрэгджээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ямар барилгын материал, хэдэн төгрөгөөр, хаанаас, хэзээ авснаа нотолж чаддаггүй, гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч материалынхаа чанарыг тодорхойлж чаддаггүй болохоор давж заалдах шатны шүүх түүнийг нь шинжээчээр тодорхойлуулах гээд байх шиг. Харин шинжээч дүгнэлтдээ энэхүү асуултад тодорхой хариулт өгсөн. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд /Тухайлбал, шинжээчийн дүгнэлтүүд, хариуцагч талын гаргаж өгсөн барилгын материал авсан гэх, мөнгө төлсөн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд, тодорхой бус, ойлгомжгүй гэрчилгээнүүд, гэрчийн мэдүүлгүүд/-аар анхнаасаа биет байдлын доголдол бий болгохуйц байшин барьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиалагчид чанар муутай материалаар, зохих стандартын шаардлага хангаагүй, хөрсний болон нөхцөл байдлын судалгаагүйгээр суурь, хана зэргийг барьж, тухайн доголдлуудаа анхнаасаа л нууж байсан, тийм зорилготой байсан нь нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Юугаар барьснаас гадна хамгийн гол нь яаж барих асуудал чухал байдгийг давж заалдах шатны шүүх орхигдуулсан буюу дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэн ч гэсэн амины байшин бариулах гэж байгаа бол түүний сууринаас эхлээд /тухайн газар орчин нь налуу, намаг цэвдэгтэй бол байшингийн суурийг түүнээс хамгаалах буюу суулт өгөх, газар хөлдөж гэсэхийг тооцох/, хана, хавтан гээд бүхий л гол бүтээцийг чанартай, норм дүрмийнх нь дагуу л хийлгүүлэхийг зорих байх.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх Иргэний хуулийн аль зүйл, заалтыг хэрхэн, яаж буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар дурдаагүй, дүгнээгүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг журамласан нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Иргэний хуульд заасан гэрээ цуцлахтай холбоотой зохицуулалтын талаар тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч миний хувьд гэрээг цуцлах бус, харин гэрээнээс татгалзан, өгсөн мөнгөө буцааж авахаар шаардлага гаргасан. Миний хувьд барилгын ажлын явцад олон удаа шаардаж, аргагүйн эрхэнд ажлыг нь зогсоож, шууд л шүүхэд хандсан. Тухайн үед шаардаагүй байсан бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдахаар байсныг сүүлд мэдсэн. Хамгийн гол нь хэрвээ гүйцэд баригдаад манай гэр бүл тухайн байшинд орсон бол арматурчлал хийгээгүйгээс сууриасаа эхлэн цууралт өгөх, ус чийгээс хамгаалаагүйгээс доороосоо байнгын чигтэй байх, баганын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүйгээс удалгүй нурж унах үр дагавартай байсан байна. Мөн тэдгээрийг нэмж засварлах энэ тэр гээд материаллаг үр дагавраас гадна өчнөөн зардал, цаг хугацаагаар хохирох, сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хувьд ч хохирох байжээ. Миний өчнөөн жил хөлс хүчээ зарцуулж олж авсан хэдэн төгрөгөө хүн амьдрах аргагүй байшинд зарцуулснаа бодохоор Х.Соёл-Эрдэнэ буюу “ **** ****” ХХК-д гомдолтой байна.

4.5. Шүүхэд нэхэмжлэлээ өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Анхан шатанд хариуцагч Х.Соёл-Эрдэнээс болон хүүгээ гэрчээр асуулгахтай холбоотой шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээд хойшлогдож удааширсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс мөн л шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэсэн үндэслэлээр өмнө нь буцаагдаж байсан. Би энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул миний гомдлын ханган буцаахгүйгээр эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Мөнхбат нарынхяналтын журмаар хамтран гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.5-д зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 46,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хариуцагч Х.Соёл-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****аас 18,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Соёл-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасантай нийцэхгүй байна. Учир нь:

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” **** ****” ХХК болон ****нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, дутуу барьсан байшинг буцаан өгч, 46,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзаж ажлын хөлсөнд шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

Хариуцагч “ **** ****” ХХК “...захиалагч **** нь ажлыг гүйцэтгүүлэхгүй саад учруулж, барилгыг бүрэн гүйцэт бариулаагүй, 2018.06.07-нд ажлыг зогсоосонд гүйцэтгэгч буруугүй, барилгын материалыг барилга барихаасаа өмнө ****д танилцуулж үзүүлж, харуулж тохиролцсон байсан, гэтэл үүнээс өөр материалаар барихыг үндэслэлгүйгээр шаардахад нь 1 м.кв талбайн үнэ нэмэгдэнэ гэдгийг тайлбарлан хэлэхэд өөрөө зөвшөөрөхгүй, харин ч ажлын хөлсөө буулга, бонус өг гэх мэтээр дарамталж ажил хийлгээгүй саад учруулсан. **** нь өөрөө зургаа гаргаж, түүний дагуу барилгыг барьж байсан, ажил хийлгүүлэхгүй зогсоосноос болж барилгын материалын чанар муудсанд манай компани буруугүй, үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж, 

Хариуцагч ****“...би компанийн захирлын хувьд 46,000,000 төгрөг авсан, би ****тай гэрээ хийгээгүй тул үүрэг хүлээгээгүй. ...нэхэмжлэгч **** нь ажил гүйцэтгэгчийн материалаар ажлыг гүйцэтгэн үүргээ биелүүлж байхад уг ажлыг гүйцэтгүүлэхгүй, саад учруулж ажлын үр дүнг бүрэн хийлгэж дуусгаагүй захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэн дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлын хөлс болох 18,200,000 төгрөгийг гаргуулах...” гэж сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн байна. 

9. **** нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС-54 тоот хаягт буюу өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007988 дугаартай, нэгж талбарын 18644318331359 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 390 м.кв талбай бүхий газарт 104 м.кв талбайтай амины орон сууцны байшин бариулахаар захиалж, хариуцагч “ **** ****” ХХК нь өөрийн материалаар уг барилгыг барихаар харилцан тохиролцож, талууд 2018.05.16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. 

Уг гэрээгээр талууд барилгын 1 м.кв талбайг 650,000 төгрөгөөр тооцон нийт 67,600,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх үүргийг ****, хувийн орон сууцны барилгыг 2018.05.17-ны өдрөөс 2018.06.17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд барьж дуусган ажлын акт, техникийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх үүргийг “ **** ****” ХХК тус тус хүлээсэн байна. 

Талууд дээрх гэрээнд нэмэлт оруулж ажлын хөлс 67,600,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хариуцагч хасаж тооцох, уг барилгад 26 м.кв талбайг нэмж бариулах, түүний үнэ 16,900,000 төгрөгийг 2018.10.01-ний өдрөөс 2018.12.15-ны өдрийн дотор хариуцагчид төлөхөөр, **** 2018.05.16-ны өдөр урьдчилгаа 21,000,000 төгрөгийг, 2018.05.23-ны өдөр 12,600,000 төгрөгийг, ажил дуусахаас өмнө 20,000,000 төгрөгийг, үлдэгдэл 13,400,000 төгрөгийг 2018.08.01-ний өдрөөс өмнө төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчээс “ **** ****” ХХК-д 2018.05.16-ны өдөр урьдчилгаа 21,000,000 төгрөг, 2018.05.24-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөг болох нь тогтоогджээ. 

10. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээ цуцлагдсан байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. 

11. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан байна. 

12. Зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа болон ажил бүрэн хийгдэж дуусаагүй байсан хэдий ч гэрээний зүйл болох барилгын суурийн бетоны бат бэхийн тархалт жигд бус, суурь суулгалтын гүн бага, хөрсний овойлт гэсгэлтээс хамаарч суурийн бетон хийцэд ан цавууд үүссэн, суурийн бетонд арматурчлал хийгдээгүй, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй, суурь хөрсний шинж чанарыг тодорхойлоогүй барилгын суурийг төлөвлөсөн, барилгын суурийн ажлыг гүйцэтгэх үед газрын хөрсний түшингээс дооших суурийн гадаргууд ус тусгаарлагч хийгээгүй, эрдэс хөвөн хавтан дулаалгыг жигд бус хийсэн, зарим хэсэгт огт хийгээгүй, барилгын баганын хэмжээ 120х120 мм, барилгын дээвэрт 1 үеэр хар цаасны амыг даруулалгүйгээр 13 см хүртэл зайтай эсхүл тулган нааж ус чийгээс хамгаалаагүй, барилгын гадна ханын хавтан /ОSВ/-г ус чийгээс хамгаалж өнгөлгөөний материалыг хийгээгүй зэргээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, Нэг айлын орон сууцны төлөвлөлт угсралт /БНбД 31-09-07/ барилгын норм ба дүрмийн 2.4.3.1, 2.8.1.2-т заасныг зөрчсөн талаар шинжээч ШУТИС-ийн харьяа Барилга архитектурын сургуулийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн 2019.07.10-ны өдрийн, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2020.08.04-ний өдрийн 1/2574 тоот дүгнэлт, хавсралтуудаар тогтоогджээ. 

13. Маргааны зүйл болох дутуу баригдсан барилгын суурь барих хөрсний шинж чанарыг тодорхойлоогүй, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй, суурийн бетоны бат бэхийн тархалт жигд бус, чанар муутай, суурь суулгалтын гүн бага, суурийн бетонд арматурчлал хийгдээгүй, суурийн бетон хийцэд ан цавууд үүссэн, мөн суурийн гадаргууд ус тусгаарлагч хийгээгүй, эрдэс хөвөн хавтан дулаалгыг жигд бус хийсэн, зарим хэсэгт огт хийгээгүй, барилгын баганын хэмжээ барилгын норм дүрмийн шаардлагыг хангаагүй, гадна ханын хавтанг ус чийгээс хамгаалах өнгөлгөөний материал ашиглаагүйгээс цаашид дутуу баримтыг ашиглах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал нь дээрх хуульд заасны дагуу гэрээний зүйл амины орон сууцыг үргэлжлүүлэн, зориулалтаар барих, ашиглах боломжгүй байх тул биет байдлын доголдолтой гэж үзнэ. 

Анхан шатны шүүх дутуу баригдсан барилгыг тухайн байдлаар нь цааш үргэлжлүүлэн барих боломжгүй, орон сууцны ердийн шаардлагад нийцүүлэн ашиглах боломжгүй буюу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь шинжээч нарын дүгнэлт, гэрч Ж.Эрхэмбаатар, Д.Алтансүх нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. **** нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар хариуцагч “ **** ****” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. 

Гэрээ байгуулагдсан бол түүнийг цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан хуулийн заалт энэ тохиолдолд хамаарах бөгөөд **** ажлын хөлсөнд төлсөн 46,000,000 төгрөгийг “ **** ****” ХХК-аас шаардах эрхтэй, харин хариуцагч барилгыг буулгаж материалаа авах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. 

15. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-аас ****тай тохиролцон барилгын ерөнхий эскиз зургийг гаргасан гэж 8 ширхэг зураг хэрэгт хавсаргасан байх ба Барилгын тухай хуульд зааснаар уг барилгын зураг төслийг батлуулаагүй, барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримтуудыг хэнээс, хэн худалдан авсан болох нь тодорхойгүй, огноогүй, мөн 2018.05.13-ны өдөр захиалагч “Тэнүүн-Очир” ХХК-д олгосон цементийн чанарын гэрчилгээ, 2017.10.17, 2017.12.18-ны өдрийн 1641259, 1640325 дугаартай Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ, 2017.08.15-ны өдрийн ОХУ-ын Мал эмнэлгийн болон эрүүл ахуйн шалгалтын холбооны албаны Эрүүл ахуйн шалгалтын гэрчилгээ, 2017.11.21, 2018.03.16-ны өдөр олгогдсон ОХУ-ын “Техноплекс үйлдвэр” ХХК-ийн ус үл нэвтрүүлдэг битумэн ороомгийн тохирлын гэрчилгээнүүдийг орчуулгыг шүүхэд гаргаж өгснийг маргааны зүйл болох ****ы захиалсан 130 м.кв талбайтай дутуу баригдсан барилгад ашиглагдсан, зарцуулагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

16. “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой болох нь тогтоогдсон, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр захиалагч буюу нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байхаас гадна, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.” гэж заасан ба барилгыг ашиглах боломжгүй болсон тул хариуцагч хөлс шаардах эрхгүй байна. 

17. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Мөнхбат хамтран хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2330 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Мөнхбат нарын хамтран гаргасангомдлыгхангасугай. 

2.Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ  

                                            ШҮҮГЧИД                                     Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД