Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/02080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б-ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “ЭХ” ХХК

            Хариуцагч: Х,С

            Гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

           нэхэмжлэгчээс ажлын хөлс 18 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага  бүхий иргэний хэргийг  2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч “ЭХ” ХХК-ийн захирал, хариуцагч Х.С, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 дугаар сарын 17-нд “Эскуб хаус” ХХК-ийн захирал Х.Соёл-Эрдэнэтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 18-ны өдрөөс байшин барих ажил эхэлсэн. Ингээд байшингийн суурь цутгалтын ажил эхэлсэн боловч суурьт ямар ч арматур зангидаагүй бөгөөд би энэ талаар захирал Х.Соёл-Эрдэнэд удаа дараа хэлж, шаардсан. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчид нь ажлаа хийхгүй алга болж байсан. Би байшин бариулахдаа өөрийн зүгээс гаргаж байгаа шаардлагуудаа тухай бүрт нь хэлдэг байсан боловч Х.Соёл-Эрдэнэ захирал эхэн үедээ бодож үзнэ гэдэг байсан боловч барилгынхаа чанарт анхаарахгүй байсан учир  би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “ажлаа зогсоо, би ийм чанаргүй барилга бариулмааргүй байна” гэж хэлсэн. Би энэ хооронд Барилгын нэгдсэн холбоонд хандаж  уг баригдаж байгаа барилгын чанар ямар байгааг үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу тус байгууллагаас 3 хүн ирж үзсэн. Түүнийг баримтжуулж авч үлдээгүй боловч Х.Соёл-Эрдэнэтэй тухайн хүмүүс уулзаж ярилцсан боловч хариуцагч Х.Соёл-Эрдэнэ маргаан үүсгэсэн. Энэ талаар өөрөө мэдэж байгаа. Тус байгууллагын хүмүүс “байшинг ингэж барьдаггүй юм, энэ бол малын саравч шиг барьсан байна” гээд надад зөвлөгөө өгсөн. Би байшингаа баригдаж эхлэх үеэс л Х.Соёл-Эрдэнэд өөрийн санал, шаардлагуудаа тавьж байсан боловч  барилгын материалын чанарт ямар ч өөрчлөлт оруулаагүй. Би өөрөө амьдрах байшингийнхаа сууринд арматур төмөр зангидуулах хүсэлттэй байна гэхэд “Эскуб хаус” ХХК-ийн захирал Х.Соёл-Эрдэнэ  “Канад хаусанд арматур зангидах шаардлага байдаггүй юм” гэсэн. Гэтэл суурь нь маш олон газраар цууралттай, ан цавтай байгаа нь удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Хэрвээ энэ байшин энэ чигээрээ бүрэн баригдсан бол би болон миний үр хүүхдүүд эд хөрөнгөөрөө хохирох байсан. Харин тухайн үедээ байшингаа гүйцэд бариулалгүй зогсоож, мэдэгдэж байсан.  Байшингийн  суурьт арматур зангидаагүй, хөнгөн чанарынх байлаа гэхэд тэр чинь Сэлбэ голтой ойролцоо болохоор өвөл болоход газар хөлдөж, хавар газар гэсдэг учраас чийг тусгаарлагч гэдэг зүйл хийх ёстой байдаг гэж байна түүнийг нь хийхгүй юм уу гэж Х.Соёл-Эрдэнэд хэлж байсан. Мөн суурьт хөөсөнцөр хавтан дэвссэн гэж байна, би нэг жижиг байшингаа нураасан бөгөөд тэрний дээврээс гарсан хэсэгхэн хөөсөнцөрийг хэсэг газарт тавьсан болохоос биш Х.Соёл-Эрдэнэ суурьт зориулж хөөсөнцөр болон хавтан аваагүй. Байшингийн шалыг нь 2 ч шинжээч цоолж үзэхэд хөөсөнцөр байхгүй байсан. Х.Соёл-Эрдэнэд өөрсдийн гэсэн ажилчид байдаггүй байсан учир үүрэгт ажлаа огт хийдэггүй. Манай барилгын ажил хийж байгаа ажилчид нь дур зоргоороо, байнга архи уугаад алга болчихдог байсан. Би захирал Х.Соёл-Эрдэнэд “1 м.кв-ын мөнгийг багасгаач, бусад компаниуд байшин барьж өгөхдөө урамшуулал гэдэг зүйл өгдөг юм байна, чи надад урамшуулалд нь гадна террас ч юм уу эсхүл гал тогооны тавилга хийж өгөхгүй юм уу” гэдэг хүсэлтүүд тавьж байсан. Би уг байшинд 3 хүүхэдтэйгээ амьдрах гэж байсан учраас ажлын явц, үйл ажиллагаанд нь өдөр бүр харж, саналаа хэлж ярьж байсан нь үнэн. Гэхдээ би дарамталсан зүйлгүй. Барилгын чанар нь муу байсан болохоор  “Эскуб хаус” ХХК-ийг дээврийн хар цаасаа нааж эхлээгүй байхад нь “Х.Соёл-Эрдэнээ чиний барьж байгаа байшин, барилгын материалууд чанар муу, надад таалагдахгүй байгаа учраас барилгын ажлаа зогсоо” гэж би мэдэгдсэн. Гэтэл Х.Соёл-Эрдэнэ  хүүхдийнхээ хамт дээврийн цаасыг бүтэн өдөржин нааж дуусгаад хаяад явсан. Мөн хариуцагч талаас ОSВ хавтан байшин дотроо бүтэн хийсэн, дулаалга бүрэн хийгдсэн гэж байна. Энэ байшинд бүрэн хийгдсэн зүйл огт байхгүй, дандаа тал хувь нь хийгдсэн байдаг. Байшингийн м.кв-ын үнийг буулгасан нэг шалтгаан бол манай тэнд төвийн шугам холбогдсон байсан бөгөөд зөвшөөрөл хүсэж Ус сувгийн газарт хүсэлт гаргасны дүнд зөвшөөрлөө авсан учраас сангийн, бохир усны нүх ухуулаагүй юм. Үүнтэй холбоотой м.кв-ын үнийг 650 000 төгрөг байсныг 600 000 төгрөг болгосон. Х.Соёл-Эрдэнэтэй зохицож ярилцах гэж хичээсэн боловч миний шаардлагыг огт хүлээж авахгүй байсан учраас бид барилгын ажлаа зогсоосон. Мөн цахилгааны холболтыг бүрэн хийгээгүй, холбогдоогүй, манай байшингаас “Эскуб хаус” ХХК тог цахилгаанаа татаж байсан. Иймд би барилгын хөлсөнд өгсөн 46 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Барилгын чанарын талаар шинжээч нар мэргэжлийн талаасаа үзэж харж дүгнэлт гаргасан. Цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн. Энэ хэрэг маргаан удаан хугацаанд үргэлжилж байна.  Би 6-15 насны 3 хүүхэдтэй бөгөөд манай хүүхдүүд энэ дутуу баригдсан байшин дотор орж тоглож байгаад бэртэж гэмтэх, эрсдэл хүлээх  юм бол хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Тиймээс би гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авахаар “Эскуб хаус” ХХК болон хариуцагч Х.Соёл-Эрдэнэ нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Эскуб хаус” ХХК-ийн захирал Х.Соёл-Эрдэнээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Эскуб хаус” ХХК-ийн захирлын хувьд энэхүү тайлбарыг хэлж байна.  Э.Булгантай ажил гүйцэтгэх гэрээг “Эскуб хаус” ХХК-ийн захирлын хувьд байгуулсан. Барилгын ажил эхлэхээс өмнө байшингийн план зураг зурагдаад, Э.Булган манай архитектурчтай холбогдож өөрийнхөө санал хүсэлтийг захиалагчийн зүгээс өгч, харилцан тохиролцож, албан ёсоор баталгаажсан зургийн дагуу уг барилгын ажил эхэлсэн. Байшингийн суурь цутгаж байх явцад Э.Булганаас “уг байшин жижигхэн байна дахиж томруулмаар байна” гэсний дагуу томруулж, байшингийн план зурагт өөрчлөлт орж байсан. Суурийн ажил дээр манай байгууллага туслан гүйцэтгэгч компани авсан бөгөөд тус компанийг миний зүгээс ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Ажил зогсоож, тус байшинд арчилгаа хийгээгүйгээс болж барилгын сууринд цууралт гарсан. Барилгын ажил эхэлж, гэрээ байгуулахаас эхлээд л тус байшин барихад ямар материал орох вэ гэдгийг бид нар анхнаасаа Э.Булгантай маш сайн тохиролцож өөрт нь харуулж авч байсан. Гэтэл Э.Булганы зүгээс тэнд ажиллаж байгаа ажилчдад архи, дарс өгч, архидан согтууруулж, ажилчидтай хуйвалдаж, ажилд саад учруулсан. Байшингийн суурь цутгагдаж дуусаад байшингийн каркас боссон байхад Э.Булган нь “үнээ буулга, Facebook дээр зарим компаниуд ийм байшинг м.кв-ыг нь 480 000-500 000 төгрөгөөр барьж байна” гэх зэргээр ажил хийхэд маш хүндрэлтэй байсан. Анх гэрээ байгуулахдаа 1 м.кв-ын үнийг 650 000 төгрөгөөр тохирч байсан боловч сүүлд нь  600 000 төгрөг болгосон. Мөн 2 давхар шилтэй хуванцар вакум цонх хийнэ гэж тохирсон байтал модон рамтай цонх гэж байснаа сүүлдээ төмөр рамтай цонх хийлгэнэ, мөн тавилга хийлгүүлнэ гэх мэтээр гэрээнд тохироогүй ажлыг шаарддаг байсан нь ажил хийхэд саадтай хүндрэлтэй байсан. Байшингийн дотор хананд оросын 2 дугаар сортын рейк модоор доторлоно гэж байснаа болиод нэмэлтээр рейк модон дотроо давхар OSB хавтан хийсэн. Мөн чулуутай эрдэс  хөвөнг дулаалгандаа ашигласан. Энэ нь дэлхийн олон оронд хэрэглэдэг ба манай хэрэглэж байгаа барилгын материалуудыг  муу гээд шахдаг хөөсөн хөвөнг ханандаа хийлгэнэ гэж маргалдсан. Барилгын материалын үнийн зөрүү гардаг бөгөөд мөнгөө өгөх юм бол таны хүссэний дагуу хийгээд өгье гэхэд үгүй гэдэг байсан. Шал цутгахаас өмнө сангийн далд монтаж, цэвэр бохир усны холболтууд, цахилгааны монтажуудыг хийж дараа нь шугаман сууриа цутгаад 2  “Хово” маркийн машин уулын дайргаар дүүргэлт чигжилт хийж, хөөсөнцөр хавтан дулаалга хийж 10 см шал цутгаж суурийн ажил дууссан. Канад технологиор модон бүтцээр 1,2-той  OSB хавтан, эрдэс чулуутай дулаалгын хөвөнтэй хавсарч хана босгож, дээврийг модоор зангидаж, эрдэс чулуутай дулаалгын хөвөнтэй хавсарч дээврээ 2 давхар чулуутай болон чулуугүй хар цаасаар наах ёстой байсан. Эхлээд чулуугүй хар цаасаа наасан, дараа нь чулуутай хар цаас наах ёстой байтал Э.Булган “барилгын ажлаа зогсоо” гэж ажил хийлгээгүй.  Би Э.Булганд барилгын ажлыг дутуу хийснээс гарах цаашдын сөрөг нөлөөг тайлбарласан боловч “тэр хамаагүй би өөрөө хариуцна” гэсэн.

Нэхэмжлэгч Э.Булган барилгын сууринд арматур хийгдээгүй гэж байна. Үүнтэй холбоотойгоор тайлбар хэлэхэд хөнгөн чанарын модон байшинд арматур хийх шаардлагагүй байдаг. Яагаад гэвэл энэ айлын өөрийн газар янз бүрийн хөдөлгөөн байхгүй, эрүүл хөрстэй газар байсан учраас шугаман сууриар барилгын суурийг хийсэн. Хэрвээ цэвдэгтэй газар байсан бол арматур зангидахгүйгээр барилгын ажил хийх боломжгүй байдаг. Уг барилгын ажлыг ахалж байсан Батааг архи уулгаж, уруу татаж, хуйвалдан, “барилгаа чамаар бариулна” гэдэг яриа үүсгэснээс болж уг барилгын ажил зогссон. Байшингийн дээврийн талаар шинжээчийн дүгнэлтэд дээврийн хар цаасыг зөрүүлээгүй, тулгаж наасан байсан гэж бичсэн байсан. Манайх хар цаасыг тулгаж наагаагүй, 10 см тулгаж наасан. Уг хар цаас нь өөрөө 10 см зөрүүлж наах заавартайгаа ирдэг бөгөөд бид нар тэр зааврынх нь дагуу хар цаас наасан. Энэхүү ажлыг би өөрөө удирдаж хийсэн. Мөн байшингийн модыг гарал үүслийн гэрчилгээгүй гэж бичсэн байсан, бид модны гарал үүслийн бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин байшингийн зураг төслийг Э.Булган өөрөө баталж гаргасан. Тэгээд барилгын ажлыг дутуу зогсоосон учраас гадна хана, хучилтын хавтан, дулаалга норж, OSB хавтан, эзлэхүүн нь томорч, хөөж хөвсийсөн сөрөг үр дагавар гарах нь зүй ёсны хэрэг. Яагаад гэвэл энэ барилга баригдалгүй 2 жил гаран хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Ер нь канад байшинг маш хурдан барьж, цаашид хамгаалж, сайн арчилж явах ёстой байтал барилгын ажлыг дутуу хийснээс болж барилгын сууринд  ан цав үүсэж, гаднах хавтангууд хөөсөн.  Бид нарын зүгээс уг байшинг хамгаалж, арчлах ямар ч боломжгүй байсан бөгөөд Э.Булганд тэрхүү байшинг хамгаалж арчлах талаар өөрийн зүгээс арга хэмжээ аваагүй байна. Ингээд өөрсдөө арчлахгүй, барилгын ажлыг зогсоочхоод барилгын материал муудсан байна гээд бид нар руу хамаг буруугаа тохож байгаа нь шударга бус юм. Иймд “Эскуб хаус” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Соёл-Эрдэнээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Булган нь иргэн Х.Соёл-Эрдэнэ надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул би 46 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Булганаас төлсөн 46 000 000 төгрөгийг би компанийн захирлынхаа хувьд бэлнээр авч барилгын ажилд зарцуулсан юм гэв.

 

Хариуцагч Х.Соёл-Эрдэнээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Э.Булган нь ажил гүйцэтгэгчийн буюу манай материалаар ажлыг гүйцэтгэн үүргээ биелүүлж байхад уг ажлыг гүйцэтгүүлэхгүй, саад учруулж ажлын үр дүнг бүрэн хийлгэж дуусгаагүй, захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч Э.Булганаас урьдчилгаанд төлсөн 46 000 000 төгрөгийг барилгын материал худалдан авч, барилгын суурийг цутгах, модон каркас босгон, дээвэр хийж байшингийн хана, дээврийн дулаалга, цахилгааны монтаж, сантехникийн ажлуудад зарцуулсан, барилгын ажлын хөлс нь зах зээлийн ханшаар 1 м.кв-ыг 200 000 төгрөгөөр гүйцэтгэдэг, 130 м.кв барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй барихад 26 000 000 төгрөгийн ажлын хөлс шаардагдах бөгөөд тус барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй тул 18 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3.-т зааснаар нэхэмжилж байна.  Барилгын материалаас гадна ажиллах хүчний хөлс буюу компаниас гарсан зардалд 18 200 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна. Өөрөөр хэлэх юм бол 46 000 000 төгрөгөөс гадна энэхүү зардал гаргасан тул уг мөнгийг захиалагч болох Э.Булганаас  гаргуулах хүсэлттэй байна. Үүнээс шалтгаалж “Эскуб хаус” ХХК-д маш их хэмжээний хохирол үүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Э.Булганаас  сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:

Ажлын хөлсөнд 18 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Эскуб хаус” ХХК-ийн ажилчид нь тус компанид тогооч хийж байсан манай 2 найзад “энэ байшин чинь маш муу материалаар баригдаад байна, чанарын шаардлага хангахгүй байна” гэж хэлсэн байсан.

Байшингийн зургийг би Х.Соёл-Эрдэнэтэй ярихдаа би ийм байшин бариулмаар байна гэж фото зураг явуулсны үндсэн дээр Х.Соёл-Эрдэнэ надад 3D зураг гэж гаргаж өгсөн. Түүнээс биш албан ёсоор надад байшингийн зураг гаргаж өгч баталгаажуулсан зүйл байхгүй. Барилгын зардалдаа ажлын хөлс нь ороод нийт 67 600 000 төгрөгөөр тохирсон, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй  гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Булган нь хариуцагч “Эскуб хаус” ХХК болон Х.Соёл-Эрдэнэ нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, дутуу барьсан байшинг буцаан өгч, 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзаж ажлын хөлсөнд шилжүүлсэн 46 000 000 төгрөгийг гаргуулах гэж тодруулсан байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “Эскуб хаус” ХХК-иас үл зөвшөөрч, захиалагч Э.Булган нь ажлыг гүйцэтгүүлэхгүй саад учруулж, барилгыг бүрэн гүйцэт бариулаагүй, 2018 оны 06 дугаар сарын 07-нд ажлыг зогсоосонд гүйцэтгэгч буруугүй, барилгын материалыг барилга барихаасаа өмнө Э.Булганд танилцуулж үзүүлж, харуулж тохиролцсон байсан, гэтэл үүнээс өөр материалаар барихыг үндэслэлгүйгээр шаардахад нь 1 м.кв талбайн үнэ нэмэгдэнэ гэдгийг тайлбарлан  хэлэхэд өөрөө зөвшөөрөхгүй, харин ч “ажлын хөлсөө буулга, бонус өг” гэх мэтээр дарамталж ажил хийлгээгүй саад учруулсан, Э.Булган нь өөрөө зургаа гаргаж, түүний дагуу барилгыг барьж байсан, ажил хийлгүүлэхгүй зогсоосноос болж барилгын материалын чанар муудсанд      манай компани буруугүй, үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

Хариуцагч Х.Соёл-Эрдэнээс би компанийн захирлын хувьд 46 000 000 төгрөг авсан, би Э.Булгантай гэрээ хийгээгүй тул үүрэг хүлээгээгүй гэж  тус тус тайлбарлан маргасан байна.

Улмаар хариуцагч Х.Соёл-Эрдэнээс нэхэмжлэгч Э.Булган нь ажил гүйцэтгэгчийн материалаар ажлыг гүйцэтгэн үүргээ биелүүлж байхад уг ажлыг гүйцэтгүүлэхгүй, саад учруулж ажлын үр дүнг бүрэн хийлгэж дуусгаагүй захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэн дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлын хөлс болох 18 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3.-т заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх дараахь үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч “Эскуб хаус” ХХК-д холбогдох хэсгийг ханган, хариуцагч Х.Соёл-Эрдэнэд холбогдох хэсгийг болон хариуцагч Х.Соёл-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

                

           Үндсэн нэхэмжлэлийн талаар.

1.Нэхэмжлэгч Э.Булган нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС-54 тоот хаягт буюу өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007988 дугаартай,  нэгж талбарын 18644318331359 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 390 м.кв  талбай бүхий газарт  104 м.кв талбайтай амины орон сууцны байшин бариулахаар захиалж, хариуцагч “Эскуб хаус” ХХК нь өөрийн материалаар уг барилгыг барихаар харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээгээр талууд барилгын 1 м.кв талбайг 650 000 төгрөгөөр тооцон  нийт 67 600 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх үүргийг нэхэмжлэгч Э.Булган, хувийн орон суууцны барилгыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд барьж дуусган ажлын акт, техникийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч “Эскуб хаус” ХХК тус тус  хүлээхээр тохиролцсон байна.

Үүний дараа талууд гэрээнд нэмэлт оруулж ажлын хөлс 67 600 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг хариуцагч хасаж тооцох, нэмж 26 м.кв талбайг нэмж бариулах, түүний үнэ 16 900 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариуцагчид төлөхөөр, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 21 000 000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 600 000 төгрөгийг, ажил дуусахаас өмнө 20 000 000 төгрөгийг, үлдэгдэл 13  400 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч Э.Булганаас хариуцагч “Эскуб хаус” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 21 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөг,  нийт 46 000 000 төгрөг төлжээ.

Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын  үр дүн шилжүүлэх үндсэн үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусаагүй, ажлыг гүйцэтгэж дуусаагүй, ажлын үр дүн бүрэн гараагүй байсан хэдий ч гэрээний зүйл болох дээрх барилгын суурийн бетоны бат бэхийн тархалт жигд бус, суурь суулгалтын  гүн бага, хөрсний овойлт гэсгэлтээс хамаарч суурийн бетон хийцэд ан цавууд үүссэн, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй, суурь хөрсний шинж чанарыг тодорхойлоогүй барилгын суурийг төлөвлөсөн, барилгын суурийн ажлыг гүйцэтгэх үед газрын хөрсний түвшингээс дооших суурийн гадаргууд ус тусгаарлагч хийгээгүй, эрдэс хөвөн  хавтан дулаалгыг жигд бус хийсэн, зарим хэсэгт огт хийгээгүй, барилгын баганын хэмжээ 120х120 мм, барилгын дээвэрт 1 үеэр хар цаасны амыг даруулалгүйгээр 13 см хүртэл зайтай эсхүл  тулган нааж ус чийгнээс хамгаалаагүй, барилгын гадна ханын хавтан /ОSВ/-г ус чийгнээс хамгаалж өнгөлгөөний материалыг хийгээгүй зэргээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн  “Нэг айлын орон сууцны төлөвлөлт угсралт /БНбД 31-09-07/ барилгын норм ба дүрэм”-ийн 2.4.3.1,  2.8.1.2  дахь хэсгүүдийг зөрчсөн талаар шинжээч ШУТИС-ийн харъяа Барилга архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв-ийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС-54 тоот, иргэн Э.Булганы амины орон сууцны барилгын оношлогоо” гэсэн  дүгнэлт, хавсралтууд,  шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/2574 тоот дүгнэлт, хавсралтуудаар тодорхойлжээ.

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3.-т “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан бөгөөд  нэхэмжлэгч болон хариуцагч “Эскуб хаус” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд талууд ажлын үр дүнгийн чанар, байдлын талаар тодорхой тохиролцож заагаагүй байна.

            Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д “ үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

            Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд талуудын маргааны зүйл болох дутуу баригдсан барилгын суурь барих хөрсний шинж чанарыг тодорхойлоогүй, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй, суурийн бетоны бат бэхийн тархалт жигд бус, чанар муутай, суурь суулгалтын гүн бага, суурийн бетонд арматурлал хийгдээгүй, суурийн бетон хийцэд ан цавууд үүссэн, мөн суурийн гадаргууд ус тусгаарлагч хийгээгүй, эрдэс хөвөн  хавтан дулаалгыг жигд бус хийсэн, зарим хэсэгт огт хийгээгүй, барилгын баганын хэмжээ барилгын норм дүрмийн шаардлагыг хангаагүй, гадна ханын хавтанг ус чийгнээс хамгаалах өнгөлгөөний материал ашиглаагүйгээс цаашид ашиглах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал нь гэрээний зүйлийг цаашид амины орон сууцны зориулалтаар барих, ашиглах боломжгүй доголдолтой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох дутуу баригдсан барилгыг уг байдлаар цааш үргэлжлүүлэн барих боломжгүй, орон сууцны ердийн шаардлагад нийцүүлэн ашиглах боломжгүй буюу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь шинжээч нарын дүгнэлт, гэрч Ж.Эрхэмбаатар, Д.Алтансүх нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1., 225.5., 355 дугаар зүйлийн 355.1., 355.2.-т заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, дутуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох боломжтой гэж үзэн ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаас  өмнө буюу үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй.

 Ийнхүү гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй тул ажлын хөлсөнд төлсөн 46 000 000 төгрөгийг нэхэмжлэгч
Э.Булган хариуцагч “Эскуб хаус” ХХК-иас шаардах эрхтэй. 

Хариуцагч нь Э.Булгантай тохиролцон барилгын ерөнхий эскиз зургийг /1-р хх-ийн 28-31/  гаргасан гэж 8 ширхэг зураг хэрэгт хавсаргасан байх ба Барилгын тухай хуульд зааснаар уг барилгын зураг төслийг батлуулаагүй, барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримт /1-р хх-ийн 58-70/-ууд нь хэнээс, хэн худалдан авсан болох нь тодорхойгүй, огноогүй, мөн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиалагч “Тэнүүн-Очир” ХХК-д олгосон цементийн чанарын гэрчилгээ, 2017 оны  10 дугаар сарын 17, 12 дугаар сарын 18-ны өдрийн 1641259, 1640325  дугаартай “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /1-р хх-ийн 130-135/, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ОХУ-ын Мал эмнэлгийн болон эрүүл ахуйн шалгалтын холбооны албаны “Эрүүл ахуйн шалгалтын гэрчилгээ”, 2017 оны 11 дүгээр сарын 21, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон  ОХУ-ын “Техноплекс үйлдвэр” ХХК-ийн ус үл нэвтрүүлдэг битумэн ороомогийн тохирлын гэрчилгээнүүдийг орчуулгын хамт /1-р хх-ийн 136-143/ нотлох баримтаар гаргасан боловч эдгээр нь маргааны зүйл болох  Э.Булганы захиалсан 130 м.кв талбайтай дутуу баригдсан барилгад ашиглагдсан, зарцуулагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна.

2.Нэхэмжлэгч Э.Булган нь хариуцагч “Эскуб хаус” ХХК-ийн хамт иргэн Х.Соёл-Эрдэнийг хариуцагчаар тодорхойлж, 46 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Х.Соёл-Эрдэнийн шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч Э.Булганаас ажлын хөлсөнд төлсөн 46 000 000 төгрөгийг “Эскуб хаус” ХХК-ийн захирлын хувьд бэлнээр авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн иргэн Х.Соёл-Эрдэнэ болон нэхэмжлэгч Э.Булган нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байна.

Иймд хариуцагч Х.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн өмнө гэрээний дагуу болон хуулиар үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Х.Соёл-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Х.Соёл-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Э.Булганаас урьдчилгаанд төлсөн 46 000 000 төгрөгийг барилгын материал худалдан авч, барилгын суурийг цутгах, модон карзас босгон, дээвэр хийж байшингийн хана, дээврийн дулаалга, цахилгааны монтаж, сантехникийн ажлуудад зарцуулсан, барилгын ажлын хөлс нь 1 м.кв-ыг 200 000 төгрөгөөр гүйцэтгэдэг, 130 м.кв барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй барихад 26 000 000 төгрөгийн ажлын хөлс шаардагдах бөгөөд тус барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй тул 18 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан, ажлын хөлсөнд 18 200 000 төгрөгийг шаардсаныг нэхэмжлэгч Э.Булган нь үл зөвшөөрч ажлын хөлс нь гэрээний нийт дүн болох 67 600 000 төгрөгт багтсан байсан гэж маргасан байна.

Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6.1-д “Гүйцэтгэгчид төлөх нийт төлбөр нь  67 600 000 төгрөг байна. Уг ажлын хөлс,  ажил гүйцэтгэхтэй холбогдсон бүхий л зардал багтсан болно” гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгч Э.Булган, хариуцагч “Эскуб хаус” ХХК нь амины орон сууц барих ажлын үнийг  уг ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан зардал болон ажлын хөлсийг оруулан тооцож тодорхойлсон гэж үзэхээр байна.

 Өөрөөр хэлбэл, уг барилгыг барих  ажлын хөлсийг барилгын ажилд зарцуулах зардлаас тусад нь 1 м.кв талбайд 200 000 төгрөгөөр тооцож захиалагч төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлин 352.5.3.-т заасны дагуу захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэхээр ажил гүйцэтгэгч шаардлага гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан дээрх үндэслэлүүдийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас устсан, гэмтсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд “Эскуб хаус” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой болох нь тогтоогдсон, гэрээний  үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр захиалагч буюу нэхэмжлэгч тал  ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1., 225.5., 355 дугаар зүйлийн 355.1., 355.2.-т заасныг зөрчөөгүй болно.

            Хариуцагч талуудаас гаргасан, “Эскуб хаус” ХХК-ийн 56536193 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрмээс үзэхэд хариуцагч Х.Соёл-Эрдэнэ нь “Эскуб хаус” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байна.

            Хариуцагч Х.Соёл-Эрдэнэ болон нэхэмжлэгч Э.Булган нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул Х.Соёл-Эрдэнэ нь,  нэхэмжлэгч Э.Булган болон хариуцагч “Эскуб хаус” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

            Иймд хариуцагч Х.Соёл-Эрдэнийн  ажлын хөлсөнд 18 200 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Э.Булган түүнд дээрх мөнгийг төлөх үүрэггүй байна.

Маргааны зүйл болох дуусаагүй барилгын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг шүүхээс томилсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 368 тоот шинжээчийн дүгнэлт, хавсралтаар 42 024 000 төгрөгөөр, шинжээч “Баян модот” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт тайлан, хавсралтаар 39 006 056 төгрөгөөр тус тус үнэлж, дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргад тулгуурлан үнэлгээг гаргажээ.

Хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагчийн барилгын ажилд зарцуулсан зардлыг хасаж тооцох боломжгүй юм.

Хэрэгт авагдсан арилжааны банкууд дахь хариуцагч Х.Соёл-Эрдэнэ болон “Эскуб хаус” ХХК-ийн  эзэмшлийн  харилцах, хадгаламжийн данснуудын хуулгууд, лавлагаа, “Дамно” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, Цагдаагийн байгууллагад гаргасан Монголын хохирол үнэлэгчдийн холбооны “Хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан”,  эрхийн улсын бүртгэлийн Г-2202017270 дугаарт бүртгэлтэй 648 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007461 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Г-2203000263 дугаартай 458 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ, кадастрын зураг зохигч талаас гаргасан гэрэл зургууд  зэрэг баримтууд хэрэгт шаардлагагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй байх үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч “Эскуб хаус” ХХК-иас 46 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Булганд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Х.Соёл-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Х.Соёл-Эрдэнийн, нэхэмжлэгч Э.Булганаас ажлын хөлсний үлдэгдэл 18 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын хамт  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 000 төгрөг, хариуцагч Х.Соёл-Эрдэнээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эскуб хаус” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын санхүүгийн тэмдэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0000358 тоот 122 600 төгрөгийн дүнтэй нэхэмжлэх авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч “Эскуб  хаус” ХХК-иас гаргуулж  шинжээчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн  115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хуулийн 205  дугаар зүйлийн 205.1., 355 дугаар зүйлийн 355.1., 225 дугаар зүйлийн 225.5.-д  зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-иас 46 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож, хариуцагч Х.С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлйин 352.5.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-аас 18 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.С--ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 122 600  төгрөгийг хариуцагч “ЭХ” ХХК-иас гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т олгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388 000 төгрөг, хариуцагч Х.С-ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                               Ж.БАЙГАЛМАА