Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/02606

 

 

 

 

 

2019 12 13

181/ШШ2019/02606

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ т холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Х миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 04473 дугаар захирамжаар дагуу НШШГГ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа болно.

НШШГГ миний өмч болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ойчид 1 дүгээр гудамж, 40 тоот хаягт байршилтай 2203000442 дугаарт улсын бүртгэлд бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 138.009.000 төгрөгөөр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулах болсон байна.

НШШГГ дээрх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Д.Х надаас 138.009.000 төгрөгөөр үнэлүүлэх тухай үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үнэлүүлсэн байна.

Миний өмчийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Миний газар дээр 8 төрлийн жимс жимсгэний 124 ширхэг мод бут сөөг, нарийн ногооны 4 ширхэг хүлэмж, 241м.кв 2 давхар орон сууц, 45 м.кв төмөр хийцийн үйлдвэр байгааг үл тооцсон байна.

Мөн Ойчидын 1 гудамж цэвэр бохирын шугамаас нийтийн халаалтын шугам тавигдсан, үнэ цэнэ нь нэмэгдсэн газар болохыг тооцоогүй байна. Газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тохиолдолд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн мод, бут, сөөг, орон сууц, үйлдэрийн байрыг газрыг нь дагуулж төлбөр авагчид үнэ төлбөргүй шилжүүлэх нь тодорхой юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоолгосон Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжид байх 22030004425 дугаар улсын бүртгэлтэй өмчийн газрыг 138.009.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/03473 дугаартай шийдвэрээр Д.Х ээс 27.390.537 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Д.Х нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 40 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлүүлэхдээ үнийн санал аваагүй шинжээч томилуулж үнэлүүлсэн, Үнэлүүлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд тухайн газар нь 8 төрлийн жимс жимсгэнэ, нарийн ногооны 4 ширхэг хүлэмжтэй, 241 м.кв талбайтай 2 давхар орон сууц, 45 м.кв төмөр хийцийн үйлдвэр байгааг үл тооцсоноос гадна тухайн гудамжинд цэвэр бохирын шугам, нийтийн халаалтын шугам тавигдсан үнэ цэнэ нь нэмэгдсэн болохыг тооцоогүй үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Төлбөр төлөгч Д.Х эд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэл барьцаалсан шүүхийн шийдвэрт заагдсан дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар 2019 оны 8 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч нь шинжээч томилж үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон.

Үл хөдлөх эд хөрөнгө болох шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөнд үнэлгээг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түүний оршин суугаа хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Мөн төлбөр төлөгч Д.Х нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлж барагдуулаагүй, дээрх шүүхийн шийдвэртэй төлбөрөөс гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 208 дугаар шийдвэрээр 10.000.000 төгрөгийг Л.Болормаад төлөх шүүхийн шийдвэрийг мөн өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүйгээс харахад төлбөр төлөгч Д.Х нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд Шүүхийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Х нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03473 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 27.357.537 төгрөгийг Д.Х , Г.Т нар нь хүлээн зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг , 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үлдэх 22.357.537 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ/14/144 дугаар бүхий барьцааны гэрээгээр барьцаалагдсан Г.Т гийн өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 40 тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай ,700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохичдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна./хх-ийн 5, 6-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03473 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж,1015 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 12 дугаар сөарын 11-ний өдрийн 19280064 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 20-25 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 225/64, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 225/24тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 225/22 дугаартай тогтоолыг үйлдэж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Эд хөрөнгө хураан авах тухай 225/23 дугаартай тогтоолыг үйлдэж тус тус тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 27-35-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг /Г.Т гийн өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 40 тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн үнийн саналаа ирүүлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4/18162 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/18616 дугаартай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Д.Х , Г.Т нарын оршин сууж буй гэрийн хаягт 2019 оны 8 дугаар сарын 20, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд баталгаат шуудангаар явуулж, тус тус тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 36-38-р хуудас/

Дээрх мэдэгдлүүдэд: Тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох болохыг анхааруулж байсан байна.

Мөн битүүмжлэн, хураасан дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/18612 дугаартай мэдэгдлээр төлбөр авагч Хаан банкинд мэдэгдэж маргааш нь буюу 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд барьцаа хөрөнгийг зээл хаах дүн буюу 27.390.537 төгрөгөөр үнэлж буй үнийн саналаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 61/01/4600 албан бичгээр мэдэгдсэн байна./хх-ийн 39, 78-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд , өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна./хх-ийн 40, 75, 77-р хуудас/

Мөнх-Оргил трейд ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дүгнэлтээ гаргаж Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ойчдын 1 дүгээр гудамж, 40 тоот хашаа байшинг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны байдлаар үнэлж зах, зээлийн үнэ цэнийг 138.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 41-64-р хуудас/

Шинжээч дүгнэлтдээ. 4.3. Үнэлгээний дүгнэлт хэсэгт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ойчдын 1 дүгээр гудамж, 40 тоот хашаа байшинг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны байдлаар өртгийн хандлагын үнэлгээ, зах зээлийн харьцуулалтын үнэлгээгээр үнэлж үнэлгээний дүнг харьцуулан судалж зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 138.900.000 төгрөг гэжээ./хх-ийн 60-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/29828 тоот мэдэгдэлээр Д.Х , Г.Т нарын оршин суугаа хаягаар нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар илгээж мэдэгджээ. /х.х-ийн 67-р хуудас/

Тус мэдэгдэлээр Д.Х , Г.Т нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээний үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргах эрхэйг мэдэгдсэн байна.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/23 дугаартай тогтоолыг гаргаж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/22844 тоот мэдэгдлээр анхны дуудлага худалдаа явуулах товыг мэдэгдэж Д.Х , Г.Т нарын оршин суугаа хаягаар нь баталгаат шуудангаар илгээж мэдэгджээ. /х.х-ийн 66-р хуудас/

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 225/22 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 225/23 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 29-34-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрүүдэд Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 138.009.000 төгрөгийн 70 хувиар тооцон 96.606.300 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Д.Х , Г.Т нарт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/22844 дугаартай мэдэгдэлийг маргааш нь буюу 10 дугаар сарын 22-ны өдөр тэдэнд баталгаат шуудангаар илгээж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 27-34, 66-р хуудас/

Төлбөр төлөгч Д.Х , Г.Т нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах байтал, 30 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03473 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 27.357.537 төгрөгийг Д.Х , Г.Т нар нь хүлээн зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг , 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үлдэх 22.357.537 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ/14/144 дугаар бүхий барьцааны гэрээгээр барьцаалагдсан Г.Т гийн өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 40 тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай ,700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохичдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Х нь ... шинжээч Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 40 тоот хаягт байршилтай Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Мөн шинжээч нь нэхэмжлэлд дурдсанаар 138.900.000 төгрөгөөр Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээрр гудамжид байх 22030004425 дугаар улсын бүртгэлтэй өмчийн газрыг биш Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжны 40 тоот хашаа байшинг 138.900.000 төгрөгөөр үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 2, 42-р хуудас/

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Н.Батбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14.30 цагт болох шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэж шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч өөрийнхөө эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                  ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03473 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 27.357.537 төгрөгийг Д.Х , Г.Т нар нь хүлээн зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг , 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үлдэх 22.357.537 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ/14/144 дугаар бүхий барьцааны гэрээгээр барьцаалагдсан Г.Т гийн өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны 40 тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай ,700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохичдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО