Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 427

 

 

     Д.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны12 дугаар сарын13-ны өдрийн181/ШШ2019/02606дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н -т  холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04473 дугаар захирамжаар дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмч болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ойчид 1 дүгээр гудамж, 40 тоот хаягт байршилтай 2203000442 дугаарт улсын бүртгэлд бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 138 009 000 төгрөгөөр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулах болсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Д.Х надаас 138 009 000 төгрөгөөр үнэлүүлэх тухай үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үнэлүүлсэн байна. Миний өмчийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Миний газар дээр 8 төрлийн жимс жимсгэний 124 ширхэг мод бут сөөг, нарийн ногооны 4 ширхэг хүлэмж, 241 м.кв 2 давхар орон сууц, 45 м.кв төмөр хийцийн үйлдвэр байгааг үл тооцсон байна. Мөн Ойчидын 1 дүгээр гудамж цэвэр бохирын шугамаас нийтийн халаалтын шугам тавигдсан, үнэ цэнэ нь нэмэгдсэн газар болохыг тооцоогүй байна. Газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тохиолдолд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн мод, бут, сөөг, орон сууц, үйлдвэрийн байрны газрыг нь дагуулж төлбөр авагчид үнэ төлбөргүй шилжүүлэх нь тодорхой юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоолгосон Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжинд байх 22030004425 дугаар улсын бүртгэлтэй өмчийн газрыг 138 009 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/03473 дугаартай шийдвэрээр Д.Х 27 390 537 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нэхэмжлэгч Д.Х нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 40 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлүүлэхдээ үнийн санал аваагүй шинжээч томилуулж үнэлүүлсэн. Үнэлүүлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд тухайн газар нь 8 төрлийн жимс жимсгэнэ, нарийн ногооны 4 ширхэг хүлэмжтэй, 241 м.кв талбайтай 2 давхар орон сууц, 45 м.кв төмөр хийцийн үйлдвэр байгааг үл тооцсоноос гадна тухайн гудамжинд цэвэр бохирын шугам, нийтийн халаалтын шугам тавигдсан үнэ цэнэ нь нэмэгдсэн болохыг тооцоогүй үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгч Д.Х холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэл барьцаалсан шүүхийн шийдвэрт заагдсан дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар 2019 оны 08 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч нь шинжээч томилж үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үл хөдлөх эд хөрөнгө болох шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөнд үнэлгээг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түүний оршин суугаа хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн төлбөр төлөгч Д.Х нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд Шүүхийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03473 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 27 357 537 төгрөгийг Д.Х , Г.Т нар нь хүлээн зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үлдэх 22 357 537 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ/14/144 дугаар бүхий барьцааны гэрээгээр барьцаалагдсан Г.Т өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны  тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч Д.Х өөрийн өмчийг хэт бага үнээр үнэлсэн. Шинжээч томилон үнэлгээ хийхдээ Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал аваагүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх үнийн санал ирүүлэхийг шуудангаар мэдэгдсэн, үнэлгээ хийсэн тухай шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн болохоо нотлоогүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Х хүргүүлсэн буюу Д.Х бодитойгоор гардан авсан хэмээн дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болсон ба ингэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн анхан шатны шүүх үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Шууданд хүлээлгэн өгсөнөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргаагүй ... хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд “...шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бол шинжээчийн дүгнэлтийг гардан авмагц талуудад мэдэгдэж тайлбар авч протокол хөтөлнө. Ингэж мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн байхад хуулийн энэ заалтаас гадуур шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн ... үүнийгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан, шаардлагад нийцсэн хэмээн үзсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийг өөрсдийн дур сонирхолд нийцүүлэн өөрчлөх хялбарчлах ... эрхгүй юм. Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан ... талуудад мэдэгдэж тайлбар авч протокол хөтөлнө ... гэсэн заалтыг шуудангаар мэдэгдэл хүргүүлнэ ... хэмээн хялбарчлан өөрчлөх эрхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр байдлыг хуульд нийцсэн мэтээр үзэж нэхэмжлэгчийг буруутгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зөрчилд нийцээгүй байна. Бас анхан шатны шүүх зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн ... гэж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөр нэгэн үндэслэл дурьдсан байна. Хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд алины сууцтай салшгүй бэхлэгдсэн төмөр хийцийн үйлдвэрийн зураг \сууцны баруун талд 1 давхар байгууламж\ мөн олон тооны мод бут байгааг харуулсан зураг Д.Х , Г.Т нарын ямар ямар ажил үйлчилгээ эрхэлдэг талаар хийсэн тайлбар зэрэг цөөн бүс баримт байгааг шүүх үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 1 м 20 см-ээс дээш өндөртэй 1ш бут 14 000 000 төгрөг, 124ш бут 173 000 000 төгрөгөөр үнэлэгдэх бодит үл тоомсорлон төмөр хийцийн үйлдвэр болон нэг хэмжээний үнийн дүн эсхүл төлбөр авагчид үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Үнэлгээ хийсэн байгууллага үл хөдлөх хөрөнгүүдийг дутуу бүртгэж зарим үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхгүй орхигдуулсан байхад шүүх үнэлгээг хуулийн хүрээнд хийгдсэн хэмээн үнэлсэн нь мөн шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зөрчилд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Н -т  холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж,  тоотод байрлах хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 138 900 000 төгрөгөөр тус тус үнэлсэн М ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/03473 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 27 375 537 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдийн дотор төлж барагдуулах, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталжээ. /хх-5-6/

 

Хариуцагч Д.Х дээрх захирамжид заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/12293 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу /хх-21-22/ хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх-25, 29-34/

 

Улмаар барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр төлөгчөөс авахаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/18162, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/18616 тоот, төлбөр авагчаас үнийн санал авахаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/18612 тоотоор мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй. /хх-36, 38, 39/ Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, үнийн санал ирүүлээгүй гэж үзэх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас М ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон/хх-40/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээчээр томилогдсон М ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалыг ашиглан, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, 40 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт үнэлэгдэх зах зээлийн үнэ цэнийг 138 900 000 төгрөгөөр /хх-42-64/ тус тус үнэлж, тайланг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн байна.

 

Учир нь талууд Эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрлийн гэрээ байгуулахдаа 22 357 537 төгрөг төлөгдөөгүй нөхцөлд барьцааны гэрээний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцжээ. Дээрх эвлэрлийн гэрээг шүүх баталж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явагдаж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “...газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тухайн заасан барьцааны зүйл нь хувийн орон сууц, газар байгаа боловч тухайн барьцааны зүйл болох газар дээр салшгүй бэхлэгдсэн объект газрын бүрдэл хэсэгт орно. Барьцааны зүйл болох газрын үнэлгээг тогтоохдоо түүнтэй салшгүй бэхлэгдсэн бүрдэл хэсэг болж байгаа зүйлүүдийг, тодруулбал хүлэмж 45 м.кв төмөр хийцийн үйлдвэрийн үнэ цэнэ тооцоололд дутуу орсон байна. Энэ тохиолдолд үнэлгээг зохих ёсоор хийсэн гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт үнэлгээг хүчингүй болгосон байдлаар агуулгын хувьд өөрчлөлт орууллаа.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Д.Х үнийн санал аваагүй, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн дүгнэлтийг танилцуулаагүй, шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй, үнэлгээ хийсэн байгууллага үл хөдлөх хөрөнгүүдийг дутуу бүртгэж зарим үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхгүй орхигдуулсан байхад шүүх үнэлгээг хуулийн хүрээнд хийгдсэн хэмээн үнэлсэн нь хуульд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ