Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00667

 

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02606 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Д.Х-

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн хяналтын журмаар 2020.03.12-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Х- миний бие СБД-н ИХАШШ-н 2018.03.22-ны өдрийн 04473 дугаар захирамжаар “ХААН банк” ХХК-д 27,390,537 төгрөг төлөхөөр болсон. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмч болох Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Ойчид 1 дүгээр гудамж, ... тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 138,009,000 төгрөгөөр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулах болсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх ажиллагааг явуулахдаа ИХ-н 177.1-т зааснаар Д.Х- надаас 138,009,000 төгрөгөөр үнэлүүлэх тухай үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үнэлүүлсэн байна. Миний өмчийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Миний газар дээр 8 төрлийн жимс жимсгэний 124 ширхэг мод бут сөөг, нарийн ногооны 4 ширхэг хүлэмж, 241 м.кв 2 давхар орон сууц, 45 м.кв төмөр хийцийн үйлдвэр байгааг үл тооцсон байна. Мөн Ойчидын 1 дүгээр гудамж цэвэр бохирын шугамаас нийтийн халаалтын шугам тавигдсан, үнэ цэнэ нь нэмэгдсэн газар болохыг тооцоогүй байна. Газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тохиолдолд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн мод, бут, сөөг, орон сууц, үйлдвэрийн байрны газрыг нь дагуулж төлбөр авагчид үнэ төлбөргүй шилжүүлэх нь тодорхой юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Шүүгчийн 2018.03.22-ны өдрийн 181/ШЗ2018/03473 дугаар шийдвэрээр Д.Х-ээс 27,390,537 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2018.12.11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.. Д.Х-эд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэл барьцаалсан шүүхийн шийдвэрт заагдсан дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, ИХ-н 177.1-т заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар 2019.08. 20, 26-ны өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч нь шинжээч томилж үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул ШШГТХ-н 55-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үл хөдлөх эд хөрөнгө болох шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөнд үнэлгээг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019.09.16-ны өдөр түүний оршин суугаа хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн төлбөр төлөгч Д.Х- нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд Шүүхийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 181/ШШ2019/02606 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Д.Х-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-эд олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч Д.Х-, Ш.Туяа нараас 27,390,537 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгож төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .. тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай төлбөр гаргуулахаар заасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу талуудаас үнийн санал авахаар мэдэгдсэн боловч ирүүлээгүй тул ИХ-н 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ 138,900,000 төгрөгөөр хийгдсэн. Үнийн санал аваагүй, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн дүгнэлтийг танилцуулаагүй, шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй, үнэлгээ хийсэн байгууллага үл хөдлөх эд хөрөнгүүдийг дутуу бүртгэж зарим үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхгүй орхигдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3-т заасны дагуу тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчөөгүй болохыг анхан шатны шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч Д.Х-, Ш.Туяа нар нь барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу үнэлгээтэй холбоотой гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй мөн шинжээч барьцаа хөрөнгийг үнэлэхдээ дээрх хаягт байршилтай хашаа байшинг үнэлсэн үнэлгээ зэргийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Х- 2019.10.17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамж, .. тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг хангажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.03.22-ны өдөр 181/ШЗ2018/03473 дугаартай захирамж гаргаж, Д.Х-, Г.Туяа нар “Хаан банк” ХХК-д 27,375,537 төгрөгийг 2018.06.16-ны өдрийн дотор төлөх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталсан байна.

2018.03.22-ны өдрийн 181/ШЗ2018/03473 дугаартай захирамжаас үзвэл талууд  эвлэрлийн гэрээндээ “...2014.12.09-ний өдрийн БГ/14/144 дугаар бүхий барьцааны гэрээгээр барьцаалагдсан Г.Туяагийн өмчлөлийн Ү-2203008705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 дүгээр гудамжны .. тоот хаягт байршилтай, 222 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 18645318669933 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий Г-2203000442 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар..” тохиролцжээ.   

Нэхэмжлэгч төлбөрийг төлбөр авагчид төлөөгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, хариуцагч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан, үнэлгээ хийлгэсэн ба эдгээр ажиллагаа зохих журмын дагуу явагдсан тухай шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд нийцсэн байна. 

2. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, шинжээч 2019.09.06-ны өдөр дүгнэлт гаргаж Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ойчдын 1 дүгээр гудамж, .. тоот хашаа байшинг 2019.09.02-ны байдлаар 138,900,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 41-64/

        Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.

        Хэрэгт авагдсан баримтад, “хашаа байшин” гэдэгт газар орсон эсэх, орсон бол гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бүрдэл хэсгийн хамт эсхүл тус тусад нь үнэлсэн эсэх нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 85, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. 

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД,                                              Х.СОНИНБАЯР

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                        Б.УНДРАХ

                                                          Д.ЦОЛМОН