Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2020/01422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ОК” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Б.Н-т холбогдох,

          Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон бусдын төлөх ёсой зээлийн төлбөрт төлсөн нийт 362 141 400 төгрөг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй,

         хариуцагч Д.Н-ын, нэхэмжлэгч “ОК” ХХК-иас хэтрүүлсэн хугацааны хүүд 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг  2020 оны 02 дугаар сарын 04-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин, Д.Түвшинтамир,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “ОК” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяагаас гаргасан тайлбартаа: ... ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт .... үйлчилгээтэй, орон сууцны барилгыг 2016 оноос барихад хөрөнгө оруулалт шаардлагатай болж, иргэн Д.Н-аас 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  800 000 000 төгрөгийг зээлж,  зээлийн гэрээг амаар байгуулсан.       

           Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцны барилгын С блокын 3 дугаар давхрын 309 тоот хаяг бүхий 310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны зүйлийн хаяг, талбайн хэмжээг зөвтгөн ....тоот хаяг бүхий 298.28 м.кв талбайтай үйлчилгээний талбай болгон өөрчилж, “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г байгуулсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Н-ын тавьсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст “Үйлчилгээний талбайн төлбөр тооцоогүй" гэсэн албан бичгийг Д.Н-т өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “ОК” ХХК нь Д.Н-т 275 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байсан ба мөн оны 02 дугаар сард Д.Н нь зээл, зээлийн хүү төлөхийг шаардаж, зээлийг бүрэн хэмжээгээр барагдуулахгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулна гэсэн тул Д.Н-ын шаардсанаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 640 000 000 төгрөгийг төлсөн болно. Ийнхүү ХХК нь Д.Н-т зээлийн төлбөрт нийтдээ  915 000 000 төгрөгийг төлсөн тул барьцаа хөрөнгөө бусдад худалдан борлуулахаар 2019 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандахад уг үйлчилгээний талбай нь Д.Н-ын нэр дээр бүртгэлтэй  болсон байсан. Түүнчлэн уг үйлчилгээний талбай нь “Хас банк” ХХК-ийн 255 000 000 төгрөгийн зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохыг мэдсэн. Ингээд Д.Н-аас уг асуудлыг тодруулахад “Танайх миний зээлийг удаасан учраас одоо нэмж хүү төл, үгүй гэвэл би энэ хөрөнгийг худалдах болно” гэж зүй бус шаардлага тавьсан бөгөөд ... ХХК-ийн хувьд авсан зээлээ бүрэн төлсөн тул нэмж мөнгө төлөх боломжгүйг мэдэгдэн барьцаа хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан. Д.Н. нь уг шаардлагыг биелүүлээгүй учир 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... ХХК нь уг үйлчилгээний талбайг худалдан авахаар гэрээ байгуулсан иргэнд үйлчилгээний талбайг шилжүүлж өгөх зайлшгүй шаардлагаар Д.Н-т 50 000 000 төгрөгийг шилжүүлж барьцааг чөлөөлж өгөхийг хүссэн боловч “Хас банк”-наас өөрийн авсан зээлийн үлдэгдлийг төлөх мөнгийг хайж байна” гээд хугацаа олгохыг хүссэн. Иймд бид худалдан авагчийн эрх ашгийг хохироохгүйн тулд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх Д.Н-ын “Хас банк” ХХК-иас авсан зээлийн үлдэгдлийг төлж дуусгахаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.Н-т 90 000 000 төгрөгийг бэлнээр, Хас банк дахь ... тоот дансанд 26 000 000 төгрөг, зээлийн дансанд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 67 000 000 төгрөгөөр, 14 141 400 төгрөгөөр нийтдээ 247 1414 400 төгрөгийг төлж барагдуулснаар Д.Н-ыг зээл төлөгдөж, барьцаа хөрөнгийг “ОК” ХХК-ийн худалдан авагч иргэний нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ”-р шилжүүлж өгсөн.  Хариуцагч Д.Н-аас 800 000 000 төгрөгийг зээлэхдээ талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д зааснаар хүү тогтоосон бичгийн гэрээ огт байгуулаагүй. Иймээс Д.Н  нь бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй атлаа хууль зөрчиж зээлийн хүүнд 115 000 000 төгрөгийг төлүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 115 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар  хариуцагч Д.Н  нь мэдсээр байж  манай барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг аван түүнийг үндэслэн “Хас банк” ХХК-иас авсан зээлийн барьцаанд тавьсныг  чөлөөлүүлэх зорилгоор түүнд “Хас банк” ХХК-иас авсан зээлээ төлөхөд нь зориулж нийт 247 141 400 төгрөгийг төлсөн тул нийт 362 141 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлээс шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 19-нд Д.Н  нь хувь хүнээс 500 000 000 төгрөгийг, ХААН банкаас 300 000 000 төгрөг зээлж, нэхэмжлэгчид нийтдээ  800 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Барьцаанд нь 310 м.кв үйлчилгээний талбай барьцаалсан боловч зээлээ төлөхгүй байсан учир уг талбайг храиуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 275 000 000 төгрөгийг төлснөөс 75 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 600 000 000 төгрөгт нь 310 м.кв талбайтай 307 тоотыг шилжүүлсэн. Хариуцагч нь одоо ХААН банкны зээлийн хүүд гэхэд сард 10 000 000 төгрөг төлдөг. Хувь хүнд сарын 2,5 хувийн хүү төлсөөр ирсэн. ... ХХК-ийн албан бичгийн дагуу үл хөдлөх бүртгэлийн газраас дээрх 310 м.кв үйлчилгээний талбайг Д.Н-ын нэр дээр бүртгэж гэрчилгээг олгосон. Д.Н. өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж Хас банкаас 210 000 000 төгрөгийг зээлсэн нь буруу биш. ... нь Д.Н-т “чиний талбайг борлуулж өгье” гэсэн саналыг зөвшөөрөөгүй учир “түр зээл” гэсэн утгаар Хас банкны зээлд 247 141 400 төгрөг төлсөн байдаг. 310 м.кв талбайг 2 хувааж нэг хэсгийг нь бусдад 800 000 000 төгрөгөөр зарж, 138 м.кв талбайг нь өөрийнхөө нэр шилжүүлж авсан байдаг. Нэхэмжлэлийг би төлөх үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н. нь  ... ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээг байгуулж,  800 000 000 төгрөгийг зээлдэгч ... ХХК руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч зээлээ төлөхгүй байсан ба нийтдээ 275 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний дагуу буцаан шилжүүлсэн зээлийн хүү гэдэг нь анх миний ... ХХК-д олгосон 800 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо ХААН банк болон иргэнээс авсан зээлийн хүүнд тооцож ... ХХК-иас шилжүүлж байсан мөнгө юм. Өөрөөр хэлбэл, миний бие 800 000 000 төгрөг зээлснээр ... ХХК-иас нэг ч хүү авч байгаагүй болно. Энэ нь хэрэгт авагдсан ХААН банкнаас авсан зээлийн гэрээ болон түүний дансны хуулгаар тогтоогдоно. ...” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүйн улмаас миний бие 300 000 000 төгрөгийн хүүд сардаа 10 000 000 төгрөгийн хүүг өнөөдрийг хүртэл сар бүр төлж байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д “Мөнгөн төлбөрийн үүргээ угацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар өнөөдрийн байдлаар хэтрүүлсэн хугацааны хүү болох 84 000 000 төгрөгийг “Орчлон констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяагаас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 115 000 000 төгрөгөөс тооцон  84 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ ... ХХК-ийн төлсөн төлөлтүүдийг илт үндэслэлгүйгээр бууруулж, зөвхөн 200 000 000 төгрөгийн үндсэн зээл, 75 000 000 төгрөгийн хүү төлсөн гээд уг төлбөрүүдийг өөрөө хүлээж аваагүй, ХААН банкнаас авсан зээлийн хүүд төлж байсан гэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 19-нд Д.Н...аас 800 000 000 төгрөгийн зээл авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэхэд уг зээл, хүүд 915 000 000 төгрөгийг Д.Н...ын ХААН банк дахь ... тоот хадгаламжийн данс, Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот харилцах дансуудад шилжүүлж, мөн бэлнээр төлсөн байдаг. Эдгээр нь хэрэгт байгаа бэлэн мөнгөний зарлагын баримт, дансны хуулга, орлогын ордер, шилжүүлгийн баримтууд болон АТМ-ийн баримтуудаар бүрэн нотлогдсон. Нэхэмжлэгчийн хувьд зээлдүүлэгч Д.Н...ын санаачилснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, барьцааны гэрээг ч байгуулаагүй, харин “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г байгуулсан байдаг. Талууд 2018 онд Д.Н...ын банкнаас болон бусад иргэнээс авсан зээл, зээлийн хүүг ... ХХК хариуцан барагдуулах тухай ямар ч тохиролцоо байхгүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу ... ХХК нь Д.Н...тай амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 800 000 000 төгрөгийг Д. Н...т төлөх үүргийг л хүлээсэн, энэ үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь ямарч нотлох баримтгүйгээр ...ХХК-ийг зээлээс  275 000 000 төгрөг л төлсөн гэж хэрэгт байгаа баримтаас зөрүүтэй, тайлбарыг гаргаж, өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутган Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасныг үндэслэн хүү шаардсан нь бүхэлдэ үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүл

 

эгт зохигчдын гаргасан тайлбар болон  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.Н...т холбогдуулан зээлийн хүүд үндэслэлгүйгээр төлсөн 115 000 000 төгрөг, түүний өмнөөс “Хас банк” ХХК-д төлсөн зээлийн төлбөрт төлсөн 247 141 400 төгрөг, нийт 362 141 400 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 800 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, нэхэмжлэгч нь үндсэн зээлд 200 000 000 төгрөг төлсөн, үлдсэн мөнгөө төлөхгүй байсан тул 600 000 000 төгрөгт нь барьцаалсан 310 м.кв талбайтай 307 тоот хаягт байршилтай байрыг шилжүүлсэн, хүүнд 75 000 000 төгрөг л төлсөн энэ зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, 600 000 000 төгрөгийг түр зээл гэсэн утгаар л шилжүүлсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлин 496.1.-д заасан ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж тайлбарлан маргасан бөгөөд улмаар хариуцагч нь "Орчлон констракшн” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл cap бүр 10 000 000 төгрөгийн хүүг ХААН банкинд төлж байна, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтруүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар  ... ХХК нь хэтрүүлсэн хугацаанд дахь хүү төлөх болох 84 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж сөрөг шаардлагаар шаардсан.

Нэхэмжлэгч талаас, хариуцагч манай компанийг зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл төлөөгүй, биелүүлээгүй гэж буруутган Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д зааснаар хүү шаардсан нь үндэслэлгүй гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Д.Н...аас 800 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн бөгөөд уг зээлийн мөнгийг нэхэмжлэгч нь зээлдүүлэгч буюу Д.Н...аас хүлээн авч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, ХААН банкны мөнгөн шилжүүлэг зэрэг баримтаар нотлогдсон.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүний хэмжээний  талаар нэхэмжлэгч талаас 6 сарын хугацаатай, сард 1,7 хувийн хүүтэй гэж, хариуцагч талаас 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж  зөрүүтэй тайлбарласан боловч  хэн алиных нь тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 915 000 000 төгрөгийг хариуцагч Д.Н....т төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд, ... ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Д.Ганзоригийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээний баримтууд зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хариуцагч Д.Н...ын тодорхойлолт бүхий баримт, зохигчдын хооронд хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар талуудын хооронд байгуулсан гэх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/401 тоот, “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/401-1 тоот “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн  гэрээ” зэргийг  хариуцагч Д.Н...аас зээлсэн 800 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсний дараа уг гэрээг хүчингүй болгож буцаан шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч талаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зээлийн төлбөр төлсөн баримтуудад “зээлийн хүү төлөв” гэж бичигдсэн зэргээс зээлдэгч нь зээлийн хүүг зөвшөөрч төлж байсан үйл баримтууд тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч зээлийн хүү шаардах эрхгүй байх боловч зээлдэгч буюу нэхэмжлэгч нь зээлдүүлэгч буюу хариуцагч Д.Н...т зээлийн хүүд 115 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн нь хуулийн дээрх заалтын зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймд хариуцагч Д.Н...ыг дээрх хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 115 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

 Хариуцагч Д.Н.... нь “Хас банк” ХХК-иас 210 000 000  төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хас банк” ХХК болон Д.Н...нарын хооронд байгуулсан 1370026594 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 1370026594-01 тоот барьцааны гэрээ, түүний хавсралт зэргээр нотлогдсон байх бөгөөд  Д.Н... нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зээлийн үлдэгдэл 203 000 000 төгрөг, зээлийн хүү 4 544 503 төгрөгийн хамт төлснөөр энэ зээлийн гэрээний үүргийг биелүүлж дууссан болох нь “Хас банк” ХХК дахь Д.Н...ын 1370026594 тоот зээлийн дансны хуулгаар нотлогджээ.

Хариуцагч Д.Н... нь дээрх зээлийн үүргийг төлж биелүүлэхдээ болон түүнээс өмнө нэхэмжлэгч компаниас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 247 141 400 төгрөгийг зээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “ХААН банк” ХХК дахь орлогын мэдүүлгээр Д.Н....ын эзэмшлийн .... тоот дансанд 50 000 000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Хас банк” ХХК дахь Д.Н...ын зээлийн  .... тоот дансанд 107 141 400 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 90 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байх бөгөөд үүнээс үзвэл нийт 247 141 400 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлүүлсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д  заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

Иймд хариуцагч Д.Н... нь “Хас банк” ХХК-д төлөх зээлийн гэрээний үүргийг биелүүлэхдээ нэхэмжлэгчээс нийт 247 141 400 төгрөгийг зээлж төлсөн байх тул зээлийн гэрээний үүрэгт  дээрх мөнгийг нэхэмжлэгчид  буцаан төлөх үүрэгтэй.

 

2.Хариуцагч Д.Н...ын  сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Д.Н... нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д “ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд  тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн хэтрүүлсэн хугацаан дахь хүү гэж тодорхойлон 84 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

Талууд 800 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэгч талаас 6 сарын хугацаатай гэж, хариуцагч талаас 1 сарын хугацаатай гэж  зөрүүтэй тайлбарласан.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасны дагуу талууд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч буюу зээлдүүлэгч нь  нэхэмжлэгчээс зээлийг төлүүлэхээр хэдийд шаардсан нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбарласнаар хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сард зээл, зээлийн хүү төлөхийг шаардсан гэж үзвэл,  үүнээс хойш 1 сарын дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлд 640 000 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байна.

Иймд зээлдэгч ... ХХК нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр талууд гэрээг хэтрүүлсэн хугацаанд зээлдэгч хүү төлөхөөр тохиролцсон баримтгүй байх тул хариуцагч тал 84 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж,  хариуцагч Д.Н...аас түүний  зээлсэн 247 141 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон хариуцагчийн, нэхэмжлэгчээс 84 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардллагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан иргэн Б.Будсүрэн болон Д.Н... нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Д.Н...ын нэр дээр эзэмших эрхтэй ... тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/38 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ХААН банк” ХХК болон Д.Н..., Д.Энхцэцэг нарын хооронд байгуулсан ЗГ/201843626434 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Н..., А.Урангуа нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, .... ХХК-ийн захирал Д.Г. болон Д.Н. нарын хоорондох Худалдах, худалдан гэрээ, тэдгээр гэрээтэй холбоотой баримтууд, Д.Н...нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, “Дельтамон” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 968 657 төгрөгийг, хариуцагч Д.Н...аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Н....аас 1 393 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2.,115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Н...аас 247 141 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д  олгож, нэхэмжлэлээс  115 000 000 төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-иас 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Н...ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 968 657 төгрөгийг, хариуцагч Д.Н...аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Н...аас 1 393 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02333 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

      

 

 

                     ДАРГАЛАГЧ                                          Ж.БАЙГАЛМАА