Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00913

 

 Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дүгээр магадлалтай,

Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Наранбаярт холбогдох 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсан 362,141,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хэтэрсэн хугацааны хүү 84,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин, Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-иас Д.Наранбаярт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 362,141,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэтэрсэн хугацааны хүү 84,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Наранбаяраас 247,141,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-д олгож, үлдэх 115,000,000 төгрөг холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-иас 84,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Наранбаярын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,968,657 төгрөгийг, хариуцагч Д.Наранбаяраас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбаяраас 1,393,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...281 дүгээр зүйлийн 281.1-д... гэснийг ...496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 17.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК нь хариуцагч Д.Наранбаярт холбогдуулан зээлийн хүүд үндэслэлгүйгээр төлсөн 115,000,000 төгрөг, түүний өмнөөс Хас банк ХХК-д төлсөн зээлийн төлбөрт 247,141,400 төгрөг, нийт 362,141,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ гээд үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Наранбаяр нь Хас банк ХХК-иас 210,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн болох нь тогтоогдож байна гээд дээрх зээлийн үүргээ биелүүлэхдээ болон түүнээс өмнө нэхэмжлэгч компаниас 2019.12.09-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд нийт 247,141,400 төгрөгийг зээлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 247,141,400 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас огт гаргаагүй шаардлага буюу зээлийн гэрээний дагуу шаардлага гаргасан мэт шүүх өөрөө санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-г ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2020.02.04-ний өдрийн 01/47 дугаар нэхэмжлэлдээ Монгол улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 115,000,000 төгрөг, мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 247,141,400 төгрөг тус тус гаргуулах тухай гэж маш тодорхой шаардлага гаргасан байдаг. Харин шүүхийн шийдвэрт дурдаад байгаа 2019.12.09-ний өдрөөс 31-ний өрийн хооронд нийт 247,141.,00 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг гэрээний дагуу гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас яг ямар шаардлага гаргаад байгааг буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэсэн агуулгаар шаардлага гаргаад байгаа эсвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргасан эсэхийг тодруулаагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2018.06.18-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн мөртлөө уг гэрээгээр талууд ямар тохиролцоо хийсэн хэн аль нь ямар хүсэл зориг илэрхийлж байсан болон энэ талаар талуудын хооронд он дарааллын хувьд болсон үйл баримтыг огт дүгнээгүй орхигдуулсан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талд буюу нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг л дүгнээд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь хэргийг нэг мөр үнэн зөв бодитоор шийдвэрлэж чадаагүй маргаан бүхий харилцааны зөвхөн нэг хэсгийг нь дундаас нь сугалан авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: ...Д.Наранбаяртай 2016.06.19-ний өдөр Зээлийн гэрээ-г амаар байгуулж, 800 сая төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцны С блокны 3 дугаар байрны 309 тоот хаяг бүхий 310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан бөгөөд 2018.06.18-ны өдөр Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан гэж маш тодорхой бичсэн байдаг.

Дээрх нэхэмжлэлд бичигдсэн агуулгаар хэрэв 800,000,000 төгрөгийг төлж чадахгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот 310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэх агуулга маш тодорхой илэрхийлсэн байдаг.

Дээрх 800,000,000 төгрөгийн зээлийг "Орчлон констракшн ХХК-д олгохдоо 300,000,000 төгрөг Хаан банкнаас, 300,000,000 төгрөгийг Б.Будсүрэн гэх хүнээс 40 хоногийн хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулан авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Орчлон констракшн ХХК-иас зээлийг буцаан төлсөн талаар: 2018.07.23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018.07.23-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018.07.24-ний өдөр 50,000,000 төгрөг, 2018.09.28-ны өдөр 25,000,000 төгрөг, 2018.09.29-ний өдөр 110,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн үндсэн зээл, 75,000,000 төгрөгийг хүүнд төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтаар 2018.09.29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200 сая төгрөг төлсөн байгаа нь Орчлон констракшн ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй 600 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот талбайг Д.Наранбаярын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу өмчлөх эрх шилжүүлэх албан бичгийг Орчлон констракшн ХХК-ний зүгээс гаргаж өгснөөр Ү- 2204099730 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 2019.01.29-ний өдөр Д.Наранбаярын нэр дээр гарсан байдаг.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болохоор зохицуулсан. Энэхүү хуулийн зохицуулалтыг дээрх үйл баримттай харьцуулбал 2018.06.18-ны өдрийн Орчлон констракшн ХХК болон Д.Наранбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 800,000,000 төгрөгийн зээлээс Орчлон констракшн ХХК нь 200,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр болох 600 сая төгрөгт тооцож, дээрх 307 тоот талбайг Д.Наранбаярын нэр дээр шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэгэнт Орчлон констракшн ХХК болон Д.Наранбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өгснөөр Ү-2204099730 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 2019.01.29-ний өдөр Д.Наранбаярын нэр дээр гарснаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.Наранбаярт үүссэн буюу бий болсон байсан мөн Орчлон констракшн ХХК-д олгосон зээлийг банк болон хувь хүнээс зээлсэн, уг зээлийг буцаан төлөх шаардлагатай байсан тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот талбайг Хас банкинд барьцаалж 210,000,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд өөрийн өмчөө яаралтай зарах худалдах сонирхолтой байсан бөгөөд Орчлон констракшн ХХК-ний зүгээс Үйлчилгээний зориулалттай талбайг чинь худалдан борлуулж егье гэсэн саналыг гаргасан бөгөөд миний бие худалдан борлуулах боломжгүй тус үйлчилгээний зориулалттай талбайг Хаан банк болон хувь хүнээс тус бүр 300 сая төгрөг, нийт 600 сая төгрөг дээрх мөнгөн дүнг төлөх шаардлагатай мөн Хас банкинд зээлийн 210 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа талаар хэлэхэд уг зээлийг чөлөөлөөд худалдан борлуулж өгнө гэдэг нөхцөлөөр харилцан тохиролцсон. Ийнхүү Орчлон констракшн ХХК нь уг үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авах н.Урангоог олж өгсөн бөгөөд түүнд 800,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020.01.04-ний өдөр байгуулсан. Ингэхдээ үйлчилгээний зориулалттай талбайн 160 м.кв-ыг шилжүүлэхээр тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу 310 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн 160 м.кв бүхий хэсгийн үнэ болох 800 сая төгрөгийг Орчлон констракшн ХХК хүлээн авсан бөгөөд үлдэх 138.28 м.кв-ыг Орчлон констракшн ХХК-д 30,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээг 2020.01.04-ний өдөр байгуулсан. Хэрэгт дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл 600 сая төгрөг буюу миний Хас банк ХХК-аас зээлсэн 210 сая төгрөг нийт 800 сая төгрөгийг Д.Наранбаярын өмчийг н.Урангуад худалдсан орлогоос Орчлон констракшн ХХК авсан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнээд байгаачлан Д.Наранбаярын Хас банк ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийн үүргээ биелүүлэхдээ нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн дүн биш бөгөөд худалдан авагч н.Урангуад өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийн тулд банкны барьцаанаас түр чөлөөлөх зорилгоор түр хугацаагаар авсан мөнгөн дүн байсан бөгөөд худалдан авагч н.Урангуад өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр дээрх мөнгөн дүнг Орчлон констракшн ХХК буцаан авсан байдаг.

Хэрэв шүүх дээрх 247,141,400 төгрөгийг зээл гэж үзэж байгаа бол дээрх мөнгөн дүн бүрэн төлөгдсөн байсан. Тиймдээ ч нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу шаардлага огт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дээрх маргаан бүхий үнийн дүнгийн талаар зээл зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байна гэж огт маргаагүй болно.

Харин Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Наранбаяр нь мэдсээр байж манай барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг аван түүнийг үндэслэн Хас банк ХХК-иас авсан зээлийн барьцаанд тавьсныг чөлөөлүүлэх зорилгоор 247,141,400 төгрөгийг төлсөн гэж маргадаг бөгөөд өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан анхны хэлцэл буюу 800 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээний талаар маргаж өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл буюу Д.Наранбаярт уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу шилжүүлээгүй гэж маргадаг.

Харин хариуцагч тал уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд буюу 600 сая төгрөгийн үнэнд тооцож уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон тул өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Д.Наранбаярт үүссэн тиймдээ ч гуравдагч этгээдэд худалдан борлуулснаас олсон мөнгөн хөрөнгийг буюу 800 сая төгрөгийг Орчлон констракшн ХХК хүлээн авсан энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй бөгөөд тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл хэсэг буюу 138.28 м.кв талбай бүхий хэсэгт маргаантай байгаа тул дээрх асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсэн тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүгч хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь уг маргаан бүхий асуудлыг нэг мөр бодитой үнэн зөв хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй болно.

Шүүгч нотлох баримт үнэлсэн тухайд.

Хэрэгт авагдсан иргэн Б.Будсүрэн болон Д.Наранбаяр нарын хооронд байгуулагдсан 2018.06.11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Д.Наранбаярын нэр дээр эзэмших эрхтэй 000703830 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016.02.03-ний өдрийн А/38 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж, 2020.01.04-ний өдрийн Д.Наранбаяр, А.Урангуа нарын хооронд байгуулсан Худалдах Худалдан авах гэрээ, тэдгээр гэрээтэй холбоотой баримтууд зэрэг нь хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч талаас эдгээр баримтуудыг зүгээр ч нэг гаргаж өгөөгүй бөгөөд өөрийн татгалзлаа тайлбарлах, нотлох зорилгоор шүүхэд хүргүүлсэн бөгөөд дээрх Б.Будсүрэн болон Д.Наранбаяр нарын хооронд байгуулагдсан 2018.06.11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Д.Наранбаярын нэр дээр эзэмших эрхтэй 000703830 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016.02.03-ний өдрийн А/38 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж зэрэг баримтаар маргаан бүхий Орчлон констракшн ХХК болон Д.Наранбаяр нарийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг нотлох зорилгоор гаргаж өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл дээрх 800 сая төгрөгийг зээлэхдээ Б.Будсүрэн гэх хүнээс 300 сая төгрөгийг 40 хоногийн хугацаатай зээлсэн байдаг бөгөөд үүгээрээ яг юу гэж хэлэх г-ээд байна гэхээр "Орчлон констракшн ХХК тай зээлийн хугацааг тохирохдоо нэг сарын хугацаагаар тохирсон тул Б.Будсүрэнтэй 40 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2020.01.04-ний өдрийн Д.Наранбаяр, А.Урангуа нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, тэдгээр гэрээтэй холбоотой баримтууд нь уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Наранбаяр захиран зарцуулах эрхтэй байсан бөгөөд тиймдээ ч уг Худалдах, Худалдан авах гэрээг Орчлон констракшн ХХК тай биш харин Д.Наранбаяртай хийсэн байдаг бөгөөд гэрээний дагуу 800 сая төгрөгийг А.Урангуа нь Д.Наранбаярт төлөх үүрэгтэй байсан гэдгийг нотлох мөн дээрх мөнгөн дүнг гэрээний дагуу Д.Наранбаяр авах ёстой байсан ч Орчлон констракшн ХХК хүлээн аваад байгаа гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 247,141,400 төгрөгийг Д.Наранбаяр Орчлон констракшн ХХК-д өөрийн өмчөө бусдад худалдан түүнээс олсон орлогоороо төлж барагдуулсан гэдгээ нотлох зорилгоор дээрх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж хүргүүлсэн болно. Харамсалтай нь энэ талаар шүүх огт дүгнээгүй хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзсэн нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Мөн Орчлон констракшн ХХК-ний захирал Д.Ганзориг болон Д.Наранбаяр нарын хоорондох Худалдах, Худалдан авах гэрээ, тэдгээртэй холбоотой баримтууд нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтууд байсан бөгөөд маргаан бүхий харилцаа дуусгавар болоогүй одоо ч маргаантай байгаа бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн аваагүй учраас асуудлыг нэг мөр үнэн зөв шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх хууль ёсны эрхийг хязгаарласан нь тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон.

Мөн анхан шатны шүүх ...зээлийн гэрээний хугацаа, зээлийн гэрээний хүүний хэмжээний талаар нэхэмжлэгч талаас 6 сарын хугацаатай, сард 1.7 хувийн хүүтэй гэж, хариуцагч талаас 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж зөрүүтэй тайлбарласан боловч хэн алиных нь тайлбар баримтаар нотлогдоогүй байна. гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 2018.07.23-ны өдрөөс 2018.07.29-ний өдрийн хооронд Орчлон констракшн ХХК-иас Д.Наранбаярт мөнгө төлсөн баримтуудад хүү болон зээл төлөв гэж ялгаатай бичилт хийгдсэн байдаг бөгөөд хүү гэсэн агуулгаар төлбөр хийсэн 2018.7.23-ны өдрийн баримтанд 40 сая төгрөг төлсөн байгаа нь 800 000 000 төгрөгийн нэг сарын хүү 40 сая юм бол сарын хэдэн хувийн хүүтэй гэдгийг ямар ч төвөггүй мэдэж болохоор байна. Өөрөөр хэлбэл 800 сая төгрөгийн 0.5 хувийн хүү буюу нэг сарын хүү 40 сая төгрөг болж байна. Харин нэхэмжлэгч талын тайлбараар бол сарын 1.7 хувь гэж тооцох юм бол нэг сарын 13,600,000 төгрөг болохоор байгаа нь харин үнэнд огт нийцэхгүй бөгөөд нэг сард 13,600,000 төгрөг төлөх үүрэгтэй Орчлон констракшн ХХК мөнгө зээлснээс хойш нэг сарын хүү гэж 40,000,000 төлөөд байгаа нь 26,400,000 төгрөг илүү төлсөн болж байна. Мөн Д.Наранбаяр нь бусдаас 2.5 хувийн хүүтэй мөнгө зээлчихээд Орчлон констракшн ХХК-д 1.7 хувийн хүүтэй зээлсэн байх боломжгүй. Тэрчлэн Д.Наранбаяр нь бусдаас 40 хоногийн хугацаатай зээл аваад байгаа нь Орчлон констракшн ХХК-тай нэг сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан гэдгийг дээрх гэрээ болон түүнтэй холбоотой баримтуудаас харагдах бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа 6 сарын хугацаатай зээлсэн гэдэг нь харин баримтаар нотлогдоогүй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасан Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: Нэхэмжлэгч Орчлон констракшн' ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 115,00 ,00 төгрөг, хариуцагчийн өмнөөс 247,141,400 төгрөг, нийт 362,141,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.Наранбаяр нь хэтрүүлсэн хугацааны хүү 84,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ. гээд үндэслэлгүй хөрөнгөжсөн 115,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 43.1, 43.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон дагуу зээлийн гэрээ байгуулагджээ. Зохигчид зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүгийн талаар харилцан адилгүй тайлбарлаж байх боловч тэдгээр нь ач холбогдолгүй. гэж дүгнэсэн нь давж заалдах шатны магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй маргааны агуулгыг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Маргалдагч талуудын маргааныг шийдвэрлэхэд хамгийн ач холбогдолтой зүйл нь зээлийн гэрээний хугацаа байсан бөгөөд өөрөөр хэлбэл зээлдэгч тал зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч тал буюу нэхэмжлэгч тал зээлээ төлөөгүй тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар шинэ өмчлөгч болсон байдаг бөгөөд нэгэнт үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн юм бол өөрийн өмчөө захиран зарцуулах эрхтэй байсан тиймдээ ч банкны барьцаанд байсан өмчөө гуравдагч этгээдэд худалдсан гэж маргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хугацаа ач холбогдолгүй гэж дүгнээд дээр нь зээлийн хүүг ялгамжтай бодож зээлийн гэрээний хугацаанд хэдэн төгрөг төлсөн хугацаа өнгөрсөн буюу өмчлөх эрх шилжүүлсэн дараа төлсөн түр зээл гэсэн өөр агуулгаар төлж байсан мөнгөн дүнг бүгдийг нь нэгтгэн бөөнд нь нийлүүлэн зээлийн гэрээний хүүнд 115,000,000 төгрөг төлсөн байна гэж дүгнээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацааны талаар нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаан дээр 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан гэж удаа дараа тайлбарлан хэлдэг бөгөөд дээрх 6 сарын хугацаа өнгөрсний дараа зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөг байсан тул талууд харилцан тохирч барьцааны хөрөнгийг зээлдүүлэгч талд шилжүүлэн авсан үйл баримтыг зээлийн гэрээний хугацаа ач холбогдолгүй гэсэн үндэслэл зааж огт дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн 236.3 дахь заалтыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 183,1 дэх хэсэгт заасан заасан хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байгаа бөгөөд шүүх хариуцагч талын өөрийн татгалзлаа нотолсон баримт тайлбарт хууль хэрэглээний талаас ямар нэгэн үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2, 116.3-т заасантай нийцэхгүй дээрх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

Анхан шатны шүүх процессын хуульд заасан нотлох зарчмыг буруу хуваарилснаас бол үүсэх үр дагаврыг үндэслэлгүй тодорхойлж хэрэг дотор байгаа зөвхөн Хас банктай холбоотой 210 сая төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан гэж үзэн хариуцагч талаас гаргасан хэргийг бүхлээр нь харж бодитоор шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг хангахгүй орхигдуулснаас болж өнөөдөр яг энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэг агуулгаар бас нэг иргэний хэрэг үүсээд явж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийн хэмжээ, гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо, төлбөрийн агуулгыг тодорхой болгоогүй тус бүрт нь эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь нийтэд нь дээр дурдсан үйл баримт нотлогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч талын Иргэний 492.1.1 дэх хэсэг болон 496.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтаар нэхэмжлээд байгаа бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх 247 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд энэ төрлийн нэхэмжлэл нь хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа эсвэл андуурч төлсөн байхыг шаарддаг бөгөөд манай тохиолдолд нэхэмжлэгч тал дээрх мөнгөн дүнг Хас банканд сайн дураараа эсвэл андуурч төлсөн зүйл байхгүй бөгөөд харин хариуцагч Д.Наранбаярын өөрийн нь хувийн дансанд түр зээл гэсэн агуулгаар шилжүүлсэн мөнгөн дүн юм. Өөрөөр хөлбөл дээрх мөнгөн дүнг Хас банканд төлөөгүй бөгөөд харин Д.Наранбаярын дансанд талууд хэлэлцэн тохирсон дагуу шилжүүлсэн мөнгөн дүн болно.

Иймд хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүрэн шийдвэрлээгүй, зарим хэсгийг шийдвэрлэж, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагчаас 800,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч, бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй тул хүүнд төлсөн 115,000,000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн мэдсээр байж барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч Хас банкинд барьцаанд тавьсныг чөлөөлүүлэх зорилгоор түүнд 247,141,400 төгрөгийг төлсөн тул нийт 362,141,400 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: ..нэхэмжлэгч нь зээлж авсан 800,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөгийг л төлсөн, үлдэгдэл 600,000,000 төгрөгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн, иймд өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж, Хас банкнаас 210,000,000 төгрөгийг зээлж авсан, Орчлон констракшн ХХК дээрх хөрөнгийг борлуулж өгөх санал тавьж, Хас банкны төлбөрийг төлж, хөрөнгийг борлуулсны дараа зээлсэн мөнгийг буцаан авахаар тохиролцоо хийсэн, ...улмаар үл хөдлөх хөрөнгийн 160 м.кв талбайг 800,000,000 төгрөгөөр бусдад зараад мөнгийг өөрсдөө авсан тул Хас банкинд төлсөн 247 сая төгрөг, түр зээл гэж олгосон 600,000,000 төгрөгийг буцаагаад авсан гэсэн үг, үлдэх 138 м.кв талбайг өөрийн гэр дээр авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж,

...зээлсэн 800,000,000 төгрөгийн хүү 84,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах...-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа буюу 2019.02.26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэжээ.

7. 2018.06.19-ний өдөр Орчлон констракшн ХХК иргэн Д.Наранбаяраас 800,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүй, амаар харилцан тохиролцож зээлж авсан, 2019.02.26-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь зээлдүүлэгчид 915,000,000 төгрөгийг буцаан төлсөн, 2019.01.30-ны өдөр зохигч 01/401 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Д.Наранбаяраас зээлсэн 800,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсний дараа уг гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг Орчлон констракшн ХХК-д буцаан шилжүүлэхээр тохиролцсон ба энэ гэрээг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө Д.Наранбаярын өмчлөлд бүртгэгдсэн, улмаар Д.Наранбаяр хөрөнгийг барьцаалж Хас банкнаас 210,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй зээлж авсан, 2019.12.20-ны өдрөөс 2019.12.31-ний хооронд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгасан, 2019.12.09-нөөс 2019.12.31-ний хооронд 247,141,400 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

8. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК 2018.06.18-ны өдөр хариуцагч Д.Наранбаяраас 800,000,000 төгрөгийг зээлж авснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч 2018.07.23-ны өдрөөс эхлээд 2019.02.26-ны өдрийн хооронд зээлийн төлбөрт 915,000,000 төгрөгийг буцаан төлсөн, төлбөр төлсөн баримтуудад зээлийн хүү төлөв гэсэн утгатай баримт авагдсан байна. Хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч зээлийн хүүд 115,000,000 төгрөгийг зээлдэгч хүлээн зөвшөөрч төлж байсан тул хариуцагчийг зээлийн хүүд төлсөн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэхгүй, иймд 115,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, харин хариуцагч Д.Наранбаярт 247,141,400 төгрөгийг зээлдүүлсэн нь баримтаар нотлогдсон тул гэрээний үүрэгт дээрх мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлээр 247,141,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийж чадаагүй байна.

Мөн талууд зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон болохоо нотлоогүй, зөрүүтэй тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр хэтрүүлсэн хугацааны хүү 84,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

9. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэгч нь хариуцагчид 247,141,400 төгрөгийг шилжүүлэхдээ хариуцагч Д.Наранбаярын Хас банк ХХК-ийн өмнө хүлээх зээлийн үүргийг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэжээ.

10. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заажээ.

11. Хариуцагч Д.Наранбаяр нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээл төлж дуусах хүртэлх хугацаагаар өөрийн өмчлөлд шилжүүлсний дараа Хас банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тул нэхэмжлэгч нь хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд Д.Наранбаярын зээлийн төлбөрт 247,141,400 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн... талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Хариуцагч нь гомдолдоо: ...Талууд өмнөх үүргийг солихоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 600,000,000 төгрөгийн үүргийг дуусгавар болгож, хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ...шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй... гэжээ.

Хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан баримтыг үнэлсэн байна.

2019.01.30-ны өдрийн №08/401-1 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг үндэслэн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт нь мөн өдрийн ...зээлийн төлбөртэй холбоотой уулзалтын тэмдэглэлд үндэслэн үйлдэгдсэн байх бөгөөд тэмдэглэлд дурдснаар ...нэхэмжлэгч нь 800,000,000 төгрөгийн зээлээ төлсөн тохиолдолд гэрээ хүчингүй болно, тэр болтол үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд байхаар... харилцан тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохигч 800,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр Зээлийн гэрээг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, харин тус гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг зээл төлж дуусах хүртэлх хугацаанд хариуцагчийн өмчлөлд түр шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, бодид байдалд нийцсэн, шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Наранбаяраас 2020.09.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,393,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                         ШҮҮГЧИД                                 Н.БАЯРМАА

                                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД