Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01851

 

 

 

 

 

 

 

 

 

“О К”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О К”ХХК-ийн  хариуцагчД.Н-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 362 141 400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчД.Н-аас нэхэмжлэгч “О К”ХХК-д холбогдуулан гаргасан хэтэрсэн хугацааны хүү      84 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхжин, Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус компани нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2016 оноос барихад хөрөнгө оруулалт шаардлагатай болж, иргэнД.Н-аас 2016 оны 06 сарын 19-ний өдөр 800 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээг амаар байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцны барилгын С блокын 3 давхрын 309 тоот хаягт байршилтай 310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан бөгөөд 2018 оны 06 сарын 18-ны өдөр “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Үүний дараа 2019 оны 01 сарын 30-ны өдөр барьцааны зүйлийн хаяг, талбайн хэмжээг зөвтгөн Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө /13373/ 8B байр, 3-р давхар, 307 тоот хаягт байршилтай 298.28 м.кв талбайтай үйлчилгээний талбай болгон өөрчилж, “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г байгуулсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаарД.Н-ын тавьсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст “Үйлчилгээний талбайн төлбөр тооцоогүй” гэсэн албан бичгийгД.Н-т өгсөн.

2019 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар “О К”ХХКД.Н-т 275 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байсан ба мөн оны 02 сардД.Н- нь зээл, зээлийн хүү төлөхийг шаардсанаар 2019 оны 02 сарын 26-ны өдөр 640 000 000 төгрөгийг төлсөн болно. Ийнхүү “О К”ХХК ньД.Н-т зээлийн төлбөрт нийтдээ 915 000 000 төгрөгийг төлсөн тул барьцаа хөрөнгөө бусдад худалдан борлуулахаар 2019 оны 12 сард Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад уг үйлчилгээний талбай ньД.Н-ын нэр дээр бүртгэлтэй болсон байсан. Түүнчлэн уг үйлчилгээний талбай нь “Хас банк” ХХК-ийн 255 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохыг мэдсэн.

Үйлчилгээний талбайг худалдан авахаар гэрээ байгуулсан иргэнд шилжүүлж өгөх зайлшгүй шаардлагаарД.Н-т 50 000 000 төгрөгийг шилжүүлж барьцааг чөлөөлж өгөхийг хүссэн боловч “Хас банк” ХХК-аас өөрийн авсан зээлийн үлдэгдлийг төлөх мөнгийг хайж байна гээд хугацаа олгохыг хүссэн. Иймд бид худалдан авагчийн эрх ашгийг хохироохгүйн тулд 2019 оны 12 сарын 30-ны өдөрД.Н-ын “Хас банк” ХХК-аас авсан зээлийн үлдэгдлийг төлж дуусгахаар 90 000 000 төгрөгийг бэлнээр, “Хас банк” ХХК дахь 137026594 тоот дансанд 26 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн дансанд нь 67 000 000 төгрөг болон 14 141 400 төгрөг, нийт 247 141 400 төгрөгийг төлж барагдуулснаарД.Н-ын зээл төлөгдөж, барьцаа хөрөнгийг худалдан авагч иргэний нэр дээр шилжүүлсэн.

ХариуцагчД.Н-аас 800 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй тул хүүд төлсөн 115 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж гаргуулахаар шаардаж байна. МөнД.Н- нь мэдсээр байж манай барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, “Хас банк” ХХК-д барьцаанд тавьсныг чөлөөлүүлэх зорилгоор түүнд 247 141 400 төгрөгийг төлсөн тул нийт 362 141 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2018 оны 06 сарын 19-ний өдөрД.Н- хувь хүнээс 500 000 000 төгрөг, Хаан банкнаас 300 000 000 төгрөг зээлж нэхэмжлэгчид нийтдээ 800 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Барьцаанд нь 310 м.кв үйлчилгээний талбай барьцаалсан боловч зээлээ төлөхгүй байсан уг талбайг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нь 275 000 000 төгрөг төлснөөс 75 000 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн. 600 000 000 төгрөгт нь 310 м.кв талбайтай 307 тоотыг шилжүүлсэн. Хариуцагч нь одоо “Хаан банк” ХХК-ийн зээлийн төлбөрийн хүүд сард 10 000 000 төгрөг төлдөг. Хувь хүнд сарын 2.5 хувийн хүү төлсөөр ирсэн. “О К”ХХК-ийн албан бичгийн дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас дээрх 310 м.кв үйлчилгээний талбайгД.Н-ын нэр дээр бүртгэж гэрчилгээг олгосон.

Д.Наранбаяр нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж “Хас банк” ХХК-аас                210 000 000 төгрөгийг зээлсэн нь буруу биш. “О К”ХХК ньД.Н-т “чиний талбайг борлуулж өгье” гэсэн саналыг зөвшөөрөөгүй учир “түр зээл” гэсэн утгаар “Хас банк” ХХК-ийн зээлд 247 141 400 төгрөгийг төлсөн. 310 м.кв талбайг 2 хувааж нэг хэсгийг нь бусдад 800 000 000 төгрөгөөр зарж, 138 м.кв талбайг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байдаг.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:Д.Н- нь “О К”ХХК-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 800 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч зээлээ төлөхгүй байсан ба нийт 275 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний дагуу буцаан шилжүүлсэн зээлийн хүү гэдэг нь анх миний “О К”ХХК-д олгосон 800 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо Хаан банк болон иргэнээс авсан зээлийн хүүд тооцож “О К”ХХК-аас шилжүүлж байсан мөнгө юм. Өөрөөр хэлбэл, миний бие 800 000 000 төгрөг зээлснээр “О К”ХХК-аас нэг ч хүү авч байгаагүй болно. Энэ нь хэрэгт авагдсан Хаан банкнаас авсан зээлийн гэрээ болон түүний дансны хуулгаар тогтоогдоно.

“О К”ХХК зээлийн гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүйн улмаас миний бие 300 000 000 төгрөгийн хүүд сардаа 10 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар өнөөдрийн байдлаар хэтрүүлсэн хугацааны хүү болох 84 000 000 төгрөгийг “О К”ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ “О К”ХХК-аас төлсөн төлөлтүүдийг илт үндэслэлгүй бууруулж зөвхөн 200 000 000 төгрөгийн үндсэн зээл, 75 000 000 төгрөгийн хүү төлсөн гээд уг төлбөрүүдийг өөрөө хүлээж аваагүй Хаан банкнаас авсан зээлийн хүүнд төлж байсан гэсэн нь үндэслэлгүй. Манай компани 2018 оны 06 сарын 19-ний өдөрД.Н-аас 800 000 000 төгрөгийн зээл авч, 2019 оны 02 сарын 26-ны өдөр гэхэд уг зээл, хүүнд 915 000 000 төгрөгийгД.Н-ын “Хаан банк” ХХК дахь хадгаламжийн данс, “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь харилцах данснуудад шилжүүлж, мөн бэлнээр төлсөн байдаг. “О К”ХХК ньД.Н-тай амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 800 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, энэ үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь нотлох баримтгүйгээр “О К”ХХК-ийг зээлээс 275 000 000 төгрөг төлсөн гэж хэрэгт байгаа баримтаас зөрүүтэй тайлбарыг гаргаж, өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж хүү шаардсан нь бүхэлдээ үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчД.Н-аас 247 141 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О К”ХХК-д олгож, үлдэх 115 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О К”ХХК-аас 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчД.Н-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 968 657 төгрөгийг, хариуцагчД.Н-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчД.Н-аас 1 393 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас огт гаргаагүй шаардлага буюу зээлийн гэрээний дагуу шаардлага гаргасан мэт шүүх өөрөө санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн 115 000 000 төгрөг, мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэж 247 141 400 төгрөг тус тус гаргуулах тухай гэж маш тодорхой шаардлага гаргасан байдаг. Харин шүүхийн шийдвэрт дурдаад байгаа 2019 оны 12 сарын 09-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд нийт 247 141 400 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг гэрээний дагуу гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргаагүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2018 оны 06 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн атлаа уг гэрээгээр талууд ямар тохиролцоо хийсэн, хэн аль нь ямар хүсэл зориг илэрхийлж байсан болон энэ талаар талуудын хооронд он дарааллын хувьд болсон үйл баримтыг огт дүгнээгүй орхигдуулсан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талд буюу нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг дүгнээд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь хэргийг нэг мөр үнэн зөв бодитоор шийдвэрлэж чадаагүй, маргаан бүхий харилцааны зөвхөн нэг хэсгийг дундаас нь сугалан авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

“О К”ХХК 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 200 000 000 төгрөгийн үндсэн зээл, 75 000 000 төгрөг хүүнд төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Дээрх баримтаар 2018 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200 000 000 төгрөг төлсөн байгаа нь “О К”ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй 600 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот талбайгД.Н-ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу өмчлөх эрх шилжүүлэх албан бичгийг “О К”ХХК-ны зүгээс гаргаж өгснөөр Ү-2204099730 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2019 оны 01 сарын 29-ний өдөрД.Н-ын нэр дээр гарсан байдаг.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” бол мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болохоор зохицуулсан. Үүний дагуу 2018 оны 06 сарын 18-ны өдрийн “О К”ХХК болонД.Н- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 800 000 000 төгрөгийн зээлээс “О К”ХХК нь 200 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр болох 600 000 000 төгрөгт тооцож дээрх 307 тоот талбайгД.Н-ын нэр дээр шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

“О К”ХХК-д олгосон зээлийг банк болон хувь хүнээс зээлсэн, уг зээлийг буцаан төлөх шаардлагатай байсан тулД.Н- өөрийн өмчлөлийн 307 тоот талбайг “Хас банк” ХХК-нд барьцаалж 210 000 000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд өөрийн өмчөө яаралтай худалдах сонирхолтой байсан бөгөөд “О К”ХХК-ийн зүгээс “үйлчилгээний талбайг чинь худалдан борлуулж өгье” гэсэн саналыг гаргасан бөгөөд миний бие худалдан борлуулах боломжгүй тус үйлчилгээний зориулалттай талбайг Хаан банк болон хувь хүнээс тус бүр 300 000 000 төгрөг, нийт 600 000 000 төгрөг дээрх мөнгөн дүнг төлөх шаардлагатай мөн “Хас банк” ХХК-д зээлийн 210 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа талаар хэлэхэд уг зээлийг чөлөөлөөд худалдан борлуулж өгье гэсэн нөхцөлөөр харилцан тохиролцсон.

Ийнхүү “О К”ХХК нь уг үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авах А.Урангуаг олж өгсөн бөгөөд түүнд 800 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан. Ингэхдээ үйлчилгээний зориулалттай талбайн 160 м.кв-ыг шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу 310 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн 160 м.кв бүхий хэсгийн үнэ болох 800 000 000 төгрөгийг “О К”ХХК хүлээн авсан бөгөөд үлдэх 138.28 м.кв-ыг “О К”ХХК-д 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан. Хэрэгт дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд авагдсан байгаа болно. Өөрөөр хэлбэл 600 000 000 төгрөг буюу миний “Хас банк” ХХК-аас зээлж авсан 210 000 000 төгрөг нийт 800 000 000 төгрөгийгД.Н-ын өмчийг А.Урангуад худалдсан орлогоос “О К”ХХК авсан байдаг.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнээд байгаачланД.Н-ын “Хас банк” ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийн үүргээ биелүүлэхдээ нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн дүн биш бөгөөд худалдан авагч А.Урангуад өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийн тулд банкны барьцаанаас түр чөлөөлөх зорилгоор түр хугацаагаар авсан мөнгөн дүн байсан бөгөөд худалдан авагч А.Урангуад өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр дээрх мөнгөн дүнг “О К”ХХК буцаан авсан байдаг. Хэрэв шүүх дээрх 247 141 400 төгрөгийг зээл гэж үзэж байгаа бол дээрх мөнгөн дүн бүрэн төлөгдсөн байдаг. Тиймдээ ч нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу шаардлага огт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дээрх маргаан бүхий үнийн дүнгийн талаар зээл, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байна гэж огт маргаагүй болно.

Шүүх хэрэгт авагдсан иргэн Б.Будсүрэн болонД.Н- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ,Д.Н-ын нэр дээр эзэмших эрхтэй 000703830 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 02 сарын 03-ны өдрийн А/38 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж, 2020 оны 01 сарын 04-ний өдрийнД.Н-, А.Урангуа нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, тэдгээр гэрээтэй холбоотой баримтууд зэрэг нь хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ. Хариуцагч талаас эдгээр баримтуудыг зүгээр нэг гаргаж өгөөгүй бөгөөд өөрийн татгалзлаа тайлбарлах, нотлох зорилгоор шүүхэд хүргүүлсэн бөгөөд дээрх нотлох баримтуудаар маргаан бүхий “О К”ХХК болонД.Н- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг нотлох зорилгоор гаргаж өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл дээрх 800 000 000 төгрөгийг зээлэхдээ Б.Будсүрэн гэх хүнээс 300 000 000 төгрөгийг 40 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг бөгөөд үүгээрээ яг юу хэлэх гээд байна гэхээр “О К”ХХК-тай зээлийн гэрээний хугацааг тохирохдоо нэг сарын хугацаа тохирсон тул Б.Будсүрэнтэй 40 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг.

2020 оны 01 сарын 04-ний өдрийнД.Н-, А.Урангуа нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, тэдгээр гэрээтэй холбоотой баримтууд нь уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэнД.Н- захиран зарцуулах эрхтэй байсан бөгөөд тиймдээ ч уг худалдах, худалдан авах гэрээг “О К”ХХК-тай биш харинД.Н-тай хийсэн байдаг бөгөөд гэрээний дагуу 800 000 000 төгрөгийг А.Урангуа ньД.Н-т төлөх үүрэгтэй байсан гэдгийг нотлох, мөн дээрх мөнгөн дүнг гэрээний дагууД.Н- авах ёстой байсан ч “О К”ХХК хүлээн аваад байгаа гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 247 141 400 төгрөгийгД.Н- “О К”ХХК-д өөрийн өмчөө бусдад худалдан түүнээс олсон орлогоороо төлж барагдуулсан гэдгээ нотлох зорилгоор дээрх гэрээг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн болно. Харамсалтай нь энэ талаар шүүх огт дүгнээгүй хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзсэн нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй болно.

Мөн “О К”ХХК-ийн захирал Д.Ганзориг болонД.Н- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ, тэдгээртэй холбоотой баримтууд нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтууд байсан бөгөөд маргаан бүхий харилцаа дуусгавар болоогүй одоо ч маргаантай байгаа бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн аваагүй учраас асуудлыг нэг мөр үнэн зөв шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх хууль ёсны эрхийг хязгаарласан нь тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон.

Мөн анхан шатны шүүх “... зээлийн гэрээний хугацаа, зээлийн гэрээний хүүгийн хэмжээний талаар нэхэмжлэгч талаас 6 сарын хугацаатай гэж, сард 1.7 хувийн хүүтэй гэж, хариуцагч талаас 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж зөрүүтэй тайлбарласан боловч хэн алины тайлбар баримтаар нотлогдоогүй байна” гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 сарын 29-ний өдрийн хооронд “О К”ХХК-аасД.Н-т мөнгөн төлсөн баримтуудад хүү болон зээл төлөв гэж ялгаатай бичилт хийсэн байдаг бөгөөд хүү гэсэн агуулгаар төлсөн баримтад 40 000 000 төгрөг төлсөн байгаа нь 800 000 000 төгрөгийн нэг сарын хүү 40 000 000 төгрөг юм бол сарын хэдэн хувийн хүүтэй гэдгийг төвөггүй мэдэж болохоор байна. Өөрөөр хэлбэл 5 хувийн хүү буюу нэг сарын хүү 40 000 000 төгрөг болж байна. МөнД.Н- бусдаас 2.5 хувийн хүүтэй мөнгө зээлээд “О К”ХХК-д 1.7 хувийн хүүтэй зээлсэн байх боломжгүй. ТэрчлэнД.Н- нь бусдаас 40 хоногийн хугацаатай зээл аваад байгаа нь “О К”ХХК-тай нэг сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан гэдэг нь харагдах бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа 6 сарын хугацаатай зээлсэн гэдэг нь харин баримтаар нотлогдоогүй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байдаг.

Иймд хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүрэн шийдвэрлээгүй, зарим хэсгийг шийдвэрлэж, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч “О К”ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 115 000 000 төгрөг, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 247 141 400 төгрөг, нийт 362 141 400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчД.Н- нь хэтэрсэн хугацааны хүү 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4, 215-216  /

 

          Нэг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 115 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд.

 

          Талууд 2018 оны 06 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ амаар байгуулж, нэхэмжлэгч “О К”ХХК нь хариуцагчД.Н-аас 800 000 000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, Хаан банк болон Худалдаа, хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн маягт /1хх 111, 112/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд нь “О К”ХХК-ийн захирал Д.Ганзориг байх боловч “О К”ХХК зээл авсан талаар зохигчид маргаагүй.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоноор амаар хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийг гэрээг байгуулсанд тооцох тул “О К”ХХК болонД.Н- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

          Зохигчид зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүгийн талаар харилцан адилгүй тайлбарлаж байх боловч тэдгээр нь ач холбогдолгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан тул зээлдүүлэгчД.Н- нь зээлдэгч “О К”ХХК-аас зээлдүүлсэн 800 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, харин зээлийн хүүг шаардах эрхгүй юм.

 

          Гэвч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч “О К”ХХК нь зээлдүүлэгчД.Н-т 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 2019 оны 02 сарын 26-ны өдрийн хооронд нийт 915 000 000 төгрөгийг шилжүүлснээс 115 000 000 төгрөгийг “зээлийн хүү” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 800 000 000 төгрөгийн үндсэн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн байхаас гадна 115 000 000 төгрөгийг хүү хэмээн өөрөө хүлээн зөвшөөрч төлжээ. Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй тул хүү гэж төлсөн 115 000 000 төгрөгийг зээлдэгч “О К”ХХК зээлдүүлэгчД.Н-аас буцаан шаардах эрхгүй. /1хх 15, 16, 19, 21, 35, 42, 43, 44/

 

          Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалт нь бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний зээлдэгч талд “зээлийн хүү төлөхөөс татгалзах эрх”-ийг олгох зохицуулалт ба харин “нэгэнт өөрөө зөвшөөрч төлчихсөн зээлийн хүүг буцаан шаардах эрх”-ийг олгох зохицуулалт биш юм.     

 

          Иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

          Хоёр. Хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 247 141 400 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд.

 

          Нэхэмжлэгч “О К”ХХК нь 2019 оны 12 сарын 09-ний өдөр, мөн 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт            247 141 400 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар хариуцагчД.Н-т шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагджээ. /1хх 23, 25, 27, 29, 37/

 

          Дээрх мөнгөн хөрөнгийгД.Н-ын “Хас банк” ХХК-аас авсан зээлийн гэрээний үүрэгт зарцуулсан талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгч нь “барьцаа хөрөнгийг чөлөөлж бусдад худалдах зорилгоорД.Н-ын өмнөөс төлсөн” гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь “миний өмчлөлийн үйлчилгээний талбайг миний өмнөөс Д.Урангуад 800 000 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөн хөрөнгөнөөс 247 141 400 төгрөгөө “О К”ХХК суутгаж авсан” гэсэн агуулгаар харилцан адилгүй тайлбарлан маргаж байна.

 

          Зохигчдын хооронд мөнгө, хөрөнгө шилжүүлсэн үйл баримтын өрнөлийг үзэхэд нэхэмжлэгч “О К”ХХК-ийн зүгээс өмнө дурдсанчлан 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 915 000 000 төгрөгийг хариуцагчД.Н-ын өмчлөлд шилжүүлэн өгч, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул /1хх 15, 16, 19, 21, 35, 42, 43, 44/ түүнд өгөх өр төлбөргүй байхаас гадна уг дүнгээс 2019 оны 02 сарын 26-ны өдөр 600 000 000 төгрөгийг нь шилжүүлэн өгсөн тул /1хх 42/ “О К”ХХК болон А.Урангуа, Т.Эрдэнэчимэг нарын хооронд хожим 2019 оны 12 сарын 11-ний өдөр байгуулагдсан 02/056 тоот “Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу орж ирсэн төлбөр болох 800 000 000 төгрөгөөс /1хх 101-103, 104, 105, 106/ 600 000 000 төгрөг болон 247 141 400 төгрөгийг нэхэмжлэгч суутган авч үлдэх боломжгүй юм.

 

          Нөгөө талаас хэрэв зээлдэгч “О К”ХХК нь зээлийн гэрээний үлдэх үүрэгт Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8в байр, 307 тоот хаягт байрлах 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр зээлдүүлэгчД.Н-т шилжүүлэн өгч /1хх 110/, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бол 2019 оны 02 сарын 26-ны өдөр 600 000 000 төгрөгийгД.Н-ын өмчлөлд шилжүүлэх шаардлагагүй учраас “зээлийн гэрээний барьцаа болгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчД.Н-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн” гэсэн нэхэмжлэгч талын тайлбар илүү үндэслэлтэй болно.

 

          Уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчД.Н- “Хас банк” ХХК-ийн барьцаанд тавьж, 210 000 000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдсон. /1хх 151-156, 184-187, 157-163, 188-192/

 

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл авсан этгээд зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээнэ.

 

          ХариуцагчД.Н-ын “Хас банк” ХХК-ийн өмнө хүлээх зээлийн гэрээний үүрэгт 247 141 400 төгрөгийг “О К”ХХК төлсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болохоор заасны дагуу нэхэмжлэгч “О К”ХХК хариуцагчД.Н-аас 247 141 400 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

          Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчД.Н-аас 247 141 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О К”ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв боловч уг 247 141 400 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн хэмээн хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

 

          Гурав. Хохиролд 84 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагын тухайд.

 

          Зохигчдын хооронд анх 2018 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч “О К”ХХК-д зээлдүүлэх 800 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчД.Н- хэрхэн бүрдүүлэх нь зээлдэгчид хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, “О К”ХХК ньД.Н-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх бөгөөд харинД.Н-ын бусад этгээдүүдтэй /банк, иргэн/ байгуулсан гэрээний үүргийг давхар хариуцах үндэслэлгүй.

 

          Мөн зохигчид анх байгуулагдсан зээлийн гэрээний хугацааны талаар харилцан адилгүй тайлбарлаж, хэн аль нь баримтаар нотолж чадаагүй учир “О К”ХХК нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, талууд гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд зээлдэгч хүү төлөхөөр тохиролцсон баримтгүй учир хариуцагч тал 84 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй хэмээн дүгнэж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

          Бусадтай байгуулсан зээлийн гэрээний хугацаагаар “О К”ХХК болонД.Н- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй юм.

 

          Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт орсон учир хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан өгөх үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...281 дүгээр зүйлийн 281.1-д...” гэснийг “...496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт...” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчД.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200703266530, 2200703631451, 2200800708814 тоот төлбөрийн даалгавруудын дагуу төлсөн нийт 1 971 607 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР