Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/02662

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр Дугаар 181/ШШ2017/02662 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Цэрэннадмид/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Цагаан ******* ******* ХХК/РД: /-д холбогдох

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Цэрэннадмид миний бие Цагаан ******* Консалтинг ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 01/002 тоот тушаалаар Нягтлан бодогч-ийн ажилд орж улмаар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан.

Энэ 5 жилийн хугацаанд өөрийн бүх хүчээ дайчлан ажилласан. 2013 онд компанийн үйл ажиллагаа сэргэж байх үе буюу орон сууцны борлуулалт, газар чөлөөлөлт зэрэг үйл ажиллагаа идэвхтэй байх үед санхүүгийн албаны бүх ажлыг /нягтлан бодогч, кассын нярав/ миний бие ганцаараа гүйцэтгэж байсан. Тухайн үед кассын нярвын нэмэгдэл цалин авч байгаагүй бөгөөд зөвхөн нягтлан бодогчийн үндсэн цалин болох 800 000 төгрөгийг авч байсан юм.

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авч байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүүхдээ гурван сартай байхад ажилдаа эргэн орж байсан. Тус жирэмсний амралттай байх хугацаанд миний гүйцэтгэж байсан ажлыг хоёр хүн /кассын нярав, нягтлан бодогч/ салгаж хийж байсан бөгөөд тус бүр 1 000 000, 1 800 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан.

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэгдэж 1 200 000 төгрөг болсон. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх болж нэмэгдэл 600 000 төгрөгийн тушаал гарсан.

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд 1 500 000 төгрөгийн цалинтайгаар томилогдон ажиллах болсон.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 1 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн.

Энэ компани миний хувьд амьдралын минь нэг хэсэг гэж үзэн насан туршдаа ажиллана гэсэн итгэл сэтгэлтэй ажиллаж байлаа.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа Хөдөлмөрийн тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дугаар заалтуудыг үндэслэн 01/41 дүгээр тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Дээрх хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэнэ.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хуулъ ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан. Гэтэл 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, зөрчил гаргах байтугай сануулга ч авч байгаагүй бөгөөд энэ тухай тушаал, шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч миний зүгээс тийм үйлдэл гаргаж байгаагүй хэрэв тийм зүйл байдаг бол түүнийгээ баримт гарган нотлох ёстой.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч боломжгүй юм.

2. Ажиллаж байх 5 жилийн хугацаанд миний бие зөвшөөрөлгүйгээр мөнгө болон эд хөрөнгө зарцуулж байгаагүй. Миний бие нягтлан бодогч болон ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалтайгаар ажиллаж байсан. Мөнгийг кассын нярав хариуцаж байгаад хамгийн сүүлд санхүү хариуцсан захирал Ч.Баттөррүү шилжсэн. Эд хөрөнгийг хариуцсан нярав байдаггүй тийм учраас эд хөрөнгийг хариуцаж ажилтан бүрээр бүртгэгдэж хариуцаж байгаа. Гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа нь ажлаас халсан шалтгаанаа бичгээр гаргаж өгөөгүй ба тэрээр хэлэхдээ аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэсэн.

Гэтэл ажлаас халсан тушаал дээр аудитын дүгнэлтийн тухай огтхон ч дурдаагүй байдаг. Аудитын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар хийсэн бөгөөд энэ шалгалтаар авлаг өглөгийн тооцоо нийлсэн акт дутуу, үлдэгдэл байрны талбайн хэмжээ урьдчилан орсон орлоготой зөрсөн гэж үзсэн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 сарын хугацаан дахь дөрвөн сарын цалин буюу 1 200 000 төгрөгийг илүү бодож авсан гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ дүгнэлтийг аудиторгүйгээр надад танилцуулсан бөгөөд би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Силвэр Синдикат Финансиал ТМЗ ХХК-тай хамтарч 2015 оноос эхлэн тайлангаа эцэслэн гаргаж байгаа бөгөөд тус байгууллага нь компанийн санхүүгийн бүртгэл болон аудит, татварын эрсдэлийг хариуцаж зөвлөгөө өгөх үүрэгтэй. Өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн аудитыг дээрх компанийн санал болгосон аудитын компани хийж гүйцэтгэсэн бөгөөд ямар ч зөрчилгүй гэсэн дүгнэлт гарч байсан. /дүгнэлт нь байгаа/ 2016 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 1 300 000 төгрөгийн үйлчилгээний төлбөр авч байгаа. Энэ компанийн хийх ёстой ажил санхүү, татварын зөрчил эрсдэл хариуцаж, зөвлөгөө өгөх гэрээтэй.

Энэ компани хариуцлага хүлээх ёстой байтал хариуцлагыг хүлээх ёсгүй надад хүлээлгэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Сүүлийн шалгалтаар илэрсэн гэх авлага өглөгийн тооцоо нийлсэн акт дутуу, байрны талбайн хэмжээ, урьдчилж орсон орлогод зөрчил жилийн эцсээр байсан бол тухайн үед зөвлөгөө өгөх ёстой байсан. Мөн үлдэгдэл байрны талбайн хэмжээ урьдчилж орсон орлоготой хэзээ ч таарахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс, байгууллага мэднэ. Шалгалт хийсэн компанид өгсөн миний материалыг бүрэн гүйцэд, нэг бүрчлэн тулгаж шалгаагүй учир зөрүүтэй дүгнэлт гарах нь ойлгомжтой.

Энэ шалгалтаар ганцхан миний цалинг захиалгаар шалгуулсан. Цалингийн тооцоог гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа, санхүү хариуцсан захирал Ч.Баттөр нар хянаж баталгаажуулдаг. Энэхүү хугацаанд эдийн засагч, тооцооны нягтланг хавсран гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасан. Хүн хийсэн ажлын хэмжээгээр цалин авах ёстой бөгөөд яаж ажиллаж юу хийж байсныг мэдсээр байж хүнийг хэрэгтэй үедээ ажиллуулж байгаад хэрэггүй боллоо гэсэн үедээ миний амьдралд хар толбо үлдээж энэ мэргэжлээрээ цаашид ажиллахын аргагүй болтол нь тушаал гаргаж хүний хөдөлмөрийг үгүйсгэж байгаад маш их гомдолтой байна.

Надад өөрийн дураар компанийн хөрөнгө, мөнгийг захиран зарцуулах эрх хэзээ ч байгаагүй бөгөөд ийм үйлдэл гарч байсангүй.

Иймд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5д заасан үндэслэлээр цуцлах боломжгүй юм.

Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа компанийн санхүүгийн албанд шинээр орсон ажилтнуудыг сургаж, ажлын байранд дадлагажуулдаг байсан. Тус хугацаанд кассын нярвын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Мөн компанийн санхүүгийн ачаалал ихтэй үед хонож, өнжин ажиллаж компанийн бүх төрлийн санхүү, татварын тайлан гаргах, төсвийн гүйцэтгэл гаргах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд миний ажлын ачаалал их эдийн засагч байхгүй учраас захиалагчтай тооцоо нийлсэн акт үйлдэх болон төсвийн гүйцэтгэл гаргах ажлыг миний бие гардан гүйцэтгэж байсныг гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа, санхүү хариуцсан захирал Ч.Баттөр нар маш сайн мэдэж байгаа.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрийнхөө бүх мэдлэг ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийг дайчлан хоёргүй сэтгэлээр энэ компанидаа ажиллаж байгаад ийм харамсалтай байдлаар ажлаас халагдаж байна. Хуулиа харсан ч хүний ёсны ёс зүйгээ бодсон ч эмэгтэй хүнийг жирэмсэн байх хугацаанд нь гүтгэж, үндэслэлгүй, цаашид өөр байгууллагад ажиллах боломжгүй байдалд оруулж ажлаас халж хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие доорх хүсэлтийг гаргаж байсан. Үүнд ажлаас халагдсан тушаалыг өөрчлүүлэх, жирэмсний амралт авахад 3 сарын хугацаа үлдсэн энэ хугацааны цалинг цалингийн журмын дагуу 100 хувь олгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг миний данс руу шилжүүлсний дараа би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж байна.

Иймд дээрх хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж гүйцэтгэх захирал Д.Отгонтуяад 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж уулзалт хийсэн боловч одоо болтол хариу өгөөгүй болно.

3. Миний бие хууль бус үндэслэлээр халагдсанаас шалтгаалан өмгөөлөгчийн зайлшгүй туслалцаа авах шаардлага үүссэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал гэж үзэж болох ч ажлаас үндэслэлгүй халаагүй бол өмгөөлөгч авах хэрэгцээ шаардлага үүсэхгүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Цагаан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Цагаан ******* *******" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Энэ тухай нэхэмжлэлийг өмнө нь гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шагны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/11132017/10754 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдлуудыг залруулж ийнхүү нэхэмжлэлийг дахин гаргасан. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гаргасан зөрчлийн үндэслэл нотлогдоогүй. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.3, 6.2.6-д заасан ноцтой зөрчил гаргаагүй. 6-ийн 6.2.8-д заасан үндэслэл тушаалд байхгүй. гэв.

 

Хариуцагч Цагаан ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Цэрэннадмид нь манай компанид 2012 оны 11 дүтээр сарын 01-ний өдрийн 1 тоот тушаалаар Нягтлан бодогч-оос Ерөнхий нягтлан бодогч болтол тушаал дэвшин ажиллаж байсан.

Энэ хугацаанд компанийн зүгээс түүнийг ажиллах нөхцөлөөр ханган, цалин хөлсийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, шагнан урамшуулж /хоёр ч удаа гадаадад аялах эрх олгож, мөнгөн шагнал, улирлын урамшууллыг олгох, орон сууц худалдан авахад хөнгөлөлттэй үнээр олгох/, мэргэжил боловсролоо дээшлүүлэх тал дээр хичээлтэй үед нь чөлөө олгох, чөлөөтэй хугацааны ажлын цагийг нь бүтэн бодож олгох, ажлын цагаар гүйцэтгээгүй ажлаа ажлын бус гүйцэтгэхэд нь илүү цагийг бодож олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн амьдарч байгаа 86 дугаар байрны доорх компанийн д******* зогсоолоос зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр 3 жил орчмын хугацаанд 2 зогсоолыг(өөрөө ашиглахаас гадна болон хамаатан садандаа үнэ төлбөргүй ашиглуулж байсан.)

Гэвч П.Цэрэннадмид нь ажиллаж байх хугацаандаа хэрүүл маргаан, бүдүүлэг зан авир, үйлдэл гарган, хамт олны уур амьсгалыг эвдэхээс гадна үйлчлүүлэгч, харилцагч байгууллагыг үл хүндэтгэн, зан харилцааны доголдол удаа дараа гаргаж, мөн харилцагч байгууллагын төлбөр тооцоог хувийн харилцаанаас шалтгаалан цаг хугацаанд нь шилжүүлэхгүй чирэгдэл учруулах зэргээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргахаас гадна санхүүгийн зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон.

Иймд компанийн удирдлага нь П.Цэрэннадмидтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж, уг тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулан гардуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйл /Маргааны талаар гомдол гаргах хугацаа/-ийн 129.2-т зааснаар Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан байдаг.

Гэтэл П.Цэрэннадмид нь гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед компанийн 207 тоот өрөөнд хүлээн авч, гарын үсэг зурсан атлаа (2 хувь тушаалын 1 хувийг надад үлдэх хувь, гарын үсэг зурахгүй авья гээд авсан) 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гаригт /манай компани бямба гаригт ажилладаггүй/ хүлээн авсан гэж шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэн өгсөн байна.

Улмаар гомдол гаргах хугацаа дуусаад ( Иргэний хуулийн 73-р зүйлийн 73.1 "... сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. ) даруй 2 хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Компанийн зүгээс гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тайлбарлавал:

Хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээ-ний 4-р зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан болно.

Нэг. Иргэн П.Цэрэннадмидтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл /Гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох үндэслэл/-ийн 6.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Ноцтой зөрчил-үүдийг заасан байдаг.

Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, цээртэй үгээр доромжилсон, компанийн харилцагч, үйлчлүүлэгчидтэй бүдүүлэг харьцах 6.2.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нийлбэр дүнгээрээ /... эрт явах/ 8 цаг ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тус тус заасан байдаг.

Гэтэл П.Цэрэннадмид нь 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажлын байранд, ажлын цагаар ажилтнууд /борлуулалтын менежер, хуульч, жолооч нар байсан/, дэргэд танхайрч, хэрүүл маргаан үүсгэн, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр компанийн төслийн менежер П.Содномцэрэн рүү дайрч биед нь шарх сорви үүсгэн, хэл амаар болон утсаар доромжлон айлган сүрдүүлж, заналхийлсэн үйлдэл гарган Хөдөлмөрийн гэрээ-нд заасан дээрх ноцтой зөрчлийг гаргасан. Уг асуудлыг гүйцэтгэх захирал 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдэж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох журмын дагуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.

Компанийн Санхүү хариуцсан захирал Ч.Баттөрөөс Ерөнхий нягтлан бодогчийн цалин тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа нь компанийн санхүүд шалгалт хийж байсан Пийк Ом Аудит ХХК-д чиглэл өгч, шалгалт хийлгүүлсэн болно.

Уг шалгалтаар Аудитын компани цалингийн сан, холбогдох тушаал шийдвэрт шалгалт хийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийн цалинтайгаар Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон П.Цэрэннадмид нь 2016 оны 4, 5, 6, 7-р саруудад 1 800 000 төгрөгийн үндсэн цалингаар тооцоолон 1 259 766 төгрөгийг өөрийн цалин дээр илүү бодож авсан зөрчил илэрсэн. Иймд компани нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. /Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны №33 тоот тогтоолын 15.5, 15.5.1, 15.5.2 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар давхар тайлбарлагдана./ Жич: Уг зөрчил гаргасныг П.Цэрэннадмид нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Би энэ компанид амьдралаа зориулсан, 4, 5, 6, 7-р саруудад ажлын ачаалал их байсан гэж тайлбарласан.

Мөн Аудитын дүгнэлтээр Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбогдуулан компанийн санхүү, бүртгэлтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарсан бөгөөд шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Аудитын дүгнэлт-ийг хавсаргав. Шүүх хуралдаанд аудитын компанийн төлөөлөл оролцож тайлбар өгнө.

Гурав. Хариуцсан нэгжийн удирдлагын шаардлагыг үл хүндэтгэн биелүүлдэггүй, компанийн санхүүгийн холбогдолтой мэдээ баримт шаардахад гаргаж өгөхөөс цааргалдаг, хугацаа алдагдуулдаг талаар Санхүү хариуцсан захирал гүйцэтгэх захиралд удаа дараа гомдол ирүүлж байсан. Энэ байдал нь компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүндрэлтэй байдалд оруулсан.

П.Цэрэннадмид нь манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 4, 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 5 583 140 190 төгрөгийг борлуулалтыг алдаатай бичиж /захиалагч бүрт и-баримт бичиж өгөх зохицуулалттай байсныг эцсийн хэрэглэгчээр бөөнд нь бичиж хууль зөрчсөн/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Энэ нь компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх эрсдэлд оруулсан. Үүнийг зөвлөх үйлчилгээ авч, их хэмжээний зардал, торгууль төлөн иргэдийг хохиролгүй болгон залруулсан.

1.            Мөн харилцагч байгууллагуудаас худалдан авалтандаа авах нэмэгдсэн өртгийн татварын баримтаа бүрэн аваагүй, худалдагч талаас татварын цахим системд шивсэн и-баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа дутуу тусгасан зэрэг зөрчил илэрсэн. Үүний улмаас 83 554 597,36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг тайланд дутуу тусгагдсан. Энэ нь компанийг дээрх дүнгээр санхүүгийн алдагдалд оруулах эрсдэлд оруулсан. Мөн үүнийг зөвлөх үйлчилгээ авч, их хэмжээний зардал гарган залруулсан.

2.           Компанийн зүгээс П.Цэрэннадмидад ажиллаж байх хугацаанд нь 24 925 000 төгрөгийн хөнгөлөлт, урамшууллыг олгож байсан бөгөөд хувь хүний хөгжилд нь байнгын туслалцаа үзүүлсээр ирсэн болно. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шх хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Цэрэннадмид нь хариуцагч Цагаан ******* ******* ХХК-д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 307 196/долоон сая гурван зуун долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Цагаан ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хариуцагчид ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А000284652 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн болон хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтад зааснаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 01/41 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг .... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан .... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан.

 

Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээнд/хх-50-54/ нэмэлт өөрчлөлт/хх-55/ оруулж, нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс хариуцагчид ерөнхий нягтлан бодогч-ийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан .... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; болох нь нотлогдож байна.

 

Зохигчийн байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т ... дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална ...., 6.2.3-т Ажлын байранд ... хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн .... гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сард ажлын байрандаа төслийн менежер Ц.Содномцэрэнтэй маргалдаж Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасан хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өргөдлөөр/хх-59/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өргөдлөөр/хх-59/ нотлогдож байна.

Хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 307 196/долоон сая гурван зуун долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 1 000 000/нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас өмгөөллийн хөлсөд 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь баримтаар бүрэн нотлогдохгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Цагаан ******* ******* ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Цэрэннадмидын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 106.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Цагаан ******* ******* ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Цэрэннадмидын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ