Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00583

 

П.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дүгээр магадлалтай

П.Ц-ын нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 307 196 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү, нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц- миний бие “Ц” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 01/002 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд орж улмаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан. 2013 онд компанийн үйл ажиллагаа сэргэж байх үе буюу орон сууцны борлуулалт, газар чөлөөлөлт зэрэг үйл ажиллагаа идэвхтэй байх үед санхүүгийн албаны бүх ажлыг /нягтлан бодогч, кассын нярав/ миний бие ганцаараа гүйцэтгэж байсан. Тухайн үед кассын нярвын нэмэгдэл цалин авч байгаагүй бөгөөд зөвхөн нягтлан бодогчийн үндсэн цалин болох 800 000 төгрөгийг авч байсан. П.Ц-ыг жирэмсний амралттай байх хугацаанд түүний гүйцэтгэж байсан ажлыг хоёр хүн /кассын нярав, нягтлан бодогч/ салгаж хийж байсан бөгөөд тус бүр 1 000 000, 1 800 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэгдэж 1 200 000 төгрөг болсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх болж нэмэгдэл 600 000 төгрөгийн тушаал гарсан. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд 1 500 000 төгрөгийн цалинтайгаар томилогдон ажиллах болсон. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 1 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дугаар заалтуудыг үндэслэн 01/41 дүгээр тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, зөрчил гаргах байтугай сануулга ч авч байгаагүй бөгөөд энэ тухай тушаал, шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч боломжгүй. Гүйцэтгэх захирал ажлаас халсан шалтгаанаа бичгээр гаргаж өгөөгүй ба тэрээр хэлэхдээ аудитын дүгнэлтийг үндэслэсэн боловч ажлаас халсан тушаал дээр аудитын дүгнэлтийн тухай дурдаагүй байдаг. Аудитын шалгалтыг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар хийсэн бөгөөд энэ шалгалтаар авлаг өглөгийн тооцоо нийлсэн акт дутуу, үлдэгдэл байрны талбайн хэмжээ урьдчилан орсон орлоготой зөрсөн гэж үзсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын хугацаан дахь дөрвөн сарын цалин буюу 1 200 000 төгрөгийг илүү бодож авсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг аудиторгүйгээр надад танилцуулсан бөгөөд би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ компани хариуцлага хүлээх ёстой байтал хариуцлагыг хүлээх ёсгүй надад хүлээлгэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Миний бие ажлаас халагдсан тушаалыг өөрчлүүлэх, жирэмсний амралт авахад 3 сарын хугацаа үлдсэн энэ хугацааны цалинг цалингийн журмын дагуу 100 хувь олгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг миний данс руу шилжүүлсний дараа би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Дээрх хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж гүйцэтгэх захирал Д.Отгонтуяад 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж уулзалт хийсэн боловч одоо болтол хариу өгөөгүй болно. Миний бие хууль бус үндэслэлээр халагдсанаас шалтгаалан өмгөөлөгчийн зайлшгүй туслалцаа авах шаардлага үүссэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал гэж үзэж болох ч ажлаас үндэслэлгүй халаагүй бол өмгөөлөгч авах хэрэгцээ шаардлага үүсэхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж "“Ц”" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, "“Ц”" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц- нь манай компанид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1 тоот тушаалаар нягтлан бодогчоос Ерөнхий нягтлан бодогч болтол тушаал дэвшин ажиллаж байсан. Энэ хугацаанд компанийн зүгээс түүнийг ажиллах нөхцөлөөр ханган, цалин хөлсийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, шагнан урамшуулж мэргэжил боловсролоо дээшлүүлэх тал дээр хичээлтэй үед нь чөлөө олгох, чөлөөтэй хугацааны ажлын цагийг нь бүтэн бодож олгох, ажлын цагаар гүйцэтгээгүй ажлаа ажлын бус гүйцэтгэхэд нь илүү цагийг бодож олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн амьдарч байгаа 86 дугаар байрны доорх компанийн дулаан зогсоолоос зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр 3 жил орчмын хугацаанд 2 зогсоолыг өөрөө ашиглаж байсан. Гэвч П.Ц- нь ажиллаж байх хугацаандаа хэрүүл маргаан, бүдүүлэг зан авир, үйлдэл гарган, хамт олны уур амьсгалыг эвдэхээс гадна үйлчлүүлэгч, харилцагч байгууллагыг үл хүндэтгэн, зан харилцааны доголдол удаа дараа гаргаж, мөн харилцагч байгууллагын төлбөр тооцоог хувийн харилцаанаас шалтгаалан цаг хугацаанд нь шилжүүлэхгүй чирэгдэл учруулах зэргээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргахаас гадна санхүүгийн зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон. Компанийн удирдлага нь П.Ц-тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж, уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцуулан гардуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. П.Ц- нь гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед компанийн 207 тоот өрөөнд хүлээн авч, гарын үсэг зурсан атлаа (2 хувь тушаалын 1 хувийг надад үлдэх хувь, гарын үсэг зурахгүй авъя гээд авсан) 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гаригт /манай компани бямба гаригт ажилладаггүй/ хүлээн авсан гэж шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэн өгсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан. Компанийн Санхүү хариуцсан захирал Ч.Баттөрөөс Ерөнхий нягтлан бодогчийн цалин тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа нь компанийн санхүүд шалгалт хийж байсан "Пийк Ом Аудит" ХХК-д чиглэл өгч, шалгалт хийлгүүлсэн болно. Уг шалгалтаар Аудитын компани цалингийн сан, холбогдох тушаал шийдвэрт шалгалт хийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийн цалинтайгаар Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон П.Ц- нь 2016 оны 4, 5, 6, 7-р саруудад 1 800 000 төгрөгийн үндсэн цалингаар тооцоолон 1 259 766 төгрөгийг өөрийн цалин дээр илүү бодож авсан зөрчил илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцсан нэгжийн удирдлагын шаардлагыг үл хүндэтгэн биелүүлдэггүй, компанийн санхүүгийн холбогдолтой мэдээ баримт шаардахад гаргаж өгөхөөс цааргалдаг, хугацаа алдагдуулдаг талаар Санхүү хариуцсан захирал гүйцэтгэх захиралд удаа дараа гомдол ирүүлж байсан. Энэ байдал нь компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүндрэлтэй байдалд оруулсан.П.Ц- нь манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 4, 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 5 583 140 190 төгрөгийг борлуулалтыг алдаатай бичиж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Энэ нь компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх эрсдэлд оруулсан. Үүнийг зөвлөх үйлчилгээ авч, их хэмжээний зардал, торгууль төлөн иргэдийг хохиролгүй болгон залруулсан. Мөн харилцагч байгууллагуудаас худалдан авалтдаа авах нэмэгдсэн өртгийн татварын баримтаа бүрэн аваагүй, худалдагч талаас татварын цахим системд шивсэн и-баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа дутуу тусгасан зэрэг зөрчил илэрсэн. Үүний улмаас 83 554 597,36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг тайланд дутуу тусгагдсан. Энэ нь компанийг дээрх дүнгээр санхүүгийн алдагдалд оруулах эрсдэлд оруулсан. Компанийн зүгээс П.Ц-ад ажиллаж байх хугацаанд нь 24 925 000 төгрөгийн хөнгөлөлт, урамшууллыг олгож байсан. Улмаар гомдол гаргах хугацаа 2 хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ө.Сайнбаяр би П.Ц-ын нэхэмжлэлтэй “Ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байрандаа төслийн менежер Ц.Содномцэрэнтэй хэрүүл маргаан үүсгэн, айлган сүрдүүлж талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар болон хэргийн 59 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч П.Ц-ын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлөөр тогтоогдсон тул П.Ц- нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэж дүгнэсэн байна. Шүүх ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийн талаар дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Харин Анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь баримтаар бүрэн нотлогдохгүй байна” хэмээн дүгнэснийг зөв дүгнэсэн гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Хариуцагчаас гарган өгсөн нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байдаг бөгөөд шүүхээс тухайн баримтад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

Шүүх шийдвэр, магадлалынхаа гол үндэслэлээ болгож буй 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн П.Ц-ын өргөдлийг “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа ажилд чинь эгүүлж авна хэмээн хуурч бичүүлсэн байдаг. Тус өргөдөлд “... 2017 оны 04 дүгээр сард төслийн менежер Ц.Содномцэрэнтэй автомашины асуудлаар маргалдсан...” гэх боловч Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т тусгайлан заасан ажлын байран дээр маргалдсан тухай огт дурдаагүй байдаг юм. Үүнээс болж нэхэмжлэгч гэрээр эмчилгээ хийлгүүлсэн байдаг билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ”, 116 дугаар зүйлийн 116.3-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасан. Гэтэл П.Ц-ыг ноцтой зөрчил гаргасан гэх талаар ажилтнуудын хүсэлт, мэдүүлэг, гомдол, мэдээлэл зэрэг ямар ч нотлох баримт байдаггүй.

Шүүх ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн талаарх нотлох баримт байхгүй байхад ажлаас халах тушаалын үндэслэл болоогүй П.Ц-ын өөрийн хууртсаны үндсэн дээр гаргасан өргөдлийг буруугаар үнэлж, дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

2. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Ноцтой зөрчил гаргасан гэх 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрөөс хойш 2 сар 26 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 01/41 дугаар тушаал гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Иймд хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Учир нь зөрчилд шийтгэл ногдуулах эрхтэй субъект нь зөрчил гарсныг мэдэж байсан. Хариуцагчийн хариу тайлбарт “П.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажлын байранд, ажлын цагаар ажилтнуудын /борлуулалтын менежер, хуульч, жолооч нар байсан/ дэргэд танхайрч, хэрүүл маргаан үүсгэн, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр компанийн төслийн менежер П.Содномцэрэн рүү дайрч биед нь шарх сорви үүсгэн хэл амаар доромжилсон” гэж дурджээ. Тодруулбал 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Гэтэл тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчиж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтуяа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа нараас гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар магадлалыг “Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул хариуцагч талаас дараах хариу тайлбарыг өгч байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасныг буруу тайлбарласан гэх асуудлын тухайд:

1. Анхан шатны шүүх 2017 оны 10  дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” болох нь нотлогдож байна. Зохигчийн байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2-т дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална ...”, 6.2.3-т “ажлын байранд ... хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн ...” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сард ажлын байрандаа төслийн менежер Ц.Содномцэрэнтэй маргалдаж, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасан хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлөөр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлөөр /хх-59/ тогтоогдож байна.” гэсэн үндэслэл бүхий зөв дүгнэлтүүдийг хийсэн болно.

2. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 тоот магадлалд ... нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байрандаа төслийн менежер Ц.Содномцэрэнтэй хэрүүл маргаан үүсгэн, айлган сүрдүүлж талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар болон хэргийн 59-р талд авагдсан нэхэмжлэгч  П.Ц-ын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлөөр тогтоогдсон тул П.Ц- нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч байгууллага “Пийк Ом Аудит” ХХК-д хүсэлт гаргаж тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлсэн бөгөөд уг шалгалтаар П.Ц- өөртөө 2016 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад 1 259 766 төгрөгийн цалин илүү бодож авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Уг зөрчилд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгч П.Ц-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ... П.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ. Энэ талаарх шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж оролцуулах, эрх зүйн туслалцаа авсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш тул өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны дүгнэлт зөв байна.” гэсэн үндэслэл бүхий зөв дүгнэлтүүдийг хийсэн болно.

3.  Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан.

П.Ц-тай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, цээртэй үгээр доромжилсон, компанийн харилцагч, үйлчлүүлэгчидтэй бүдүүлэг харьцах” нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж заасан.

Гэтэл П.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажлын байранд, ажлын цагаар, ажилтнуудын /борлуулалтын менежер, хуульч, жолооч нар байсан/ дэргэд төслийн менежер П.Содномцэрэнг өдөөн хоргоож, хэрүүл маргаан хийсэн. Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр компанийн Төслийн менежер П.Содномцэрэн рүү дайрч танхайран биед нь шарх сорви үүсгэсэн, түүнийг хэл амаар доромжлон, заналхийлж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан.

Ажилтнуудын хувьд уг үүссэн асуудлыг ажил олгогчид мэдэгдээгүй ба зөрчилд арга хэмжээ авах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аудитын дүгнэлт танилцуулах хурал дээр мэдэн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан журмын дагуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн 131.1, 131.2 дахь заалтад нийцэж байгаа болно.

4. Нотлох баримтын шаардлага, үнэлэх асуудлын хувьд: Хариуцагч нь нэхэмжлэгч П.Ц-ын бичсэн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн эх хувь, компанийн төслийн менежер П.Содномцэрэнгийн биед халдсаны улмаас үүссэн шарх, түүний фото зураг, П.Ц- 94089222 дугаарын утаснаасаа П.Содномцэрэн рүү илгээсэн мессежүүдийг хэвлэн шүүхэд өгсөн болно. Нэхэмжлэгч П.Ц-ын бичсэн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийг шүүхэд эх хувиар өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа болно.

Нэхэмжлэгч П.Ц- нь өөрийн гаргасан ноцтой зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар хохирсон ажилтан П.Содномцэрэн болон гэрч бүхий ажилтнууд жирэмсэн эмэгтэй хүнтэй дахин маргалдах, шүүхэд гомдол, мэдүүлэг гаргахыг хүсээгүй тул хариуцагч талаас ажилтнуудыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөлдөө “... 2017 оны 04 сард төслийн менежер Ц.Содномцэрэнтэй автомашины асуудлаар маргалдсан. Учир нь компани делика маркийн автомашин зарах гэж байсан ... миний бие түүнтэй маргалдсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4 сарын хугацаанд 1 200 000 төгрөгийн хавсран нэмэгдлийг тушаалгүйгээр бодож байсан. ... харамсалтайгаар халагдмааргүй байна." хэмээн тодорхой бичсэн.

П.Ц-ын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бичсэн өргөдлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан “Ц” ХХК нь хуурч мэхэлж өргөдөл бичүүлэх ямар ч шаардлага байхгүй. Түүний гаргасан зөрчлүүд нь гэрч, хохирогч нь тодорхой, санхүүгийн баримт, аудитын дүгнэлттэй бөгөөд өөрөө ч өргөдөл болон аудитын дүгнэлтэд зөрчлөө хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн байдаг.

Мөн нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд гаргасан 2017 оны 08 сарын 14-ний өдрийн нэхэмжлэлдээ ч "... миний бие доорх хүсэлтийг гаргаж байсан. Үүнд “ажлаас халагдсан тушаалыг өөрчлүүлэх, жирэмсний амралт авахад 3 сарын хугацаа үлдсэн энэ хугацааны цалинг цалингийн журмын дагуу 100 хувь олгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг миний данс руу шилжүүлсний дараа би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж байна. Иймд дээрх хүсэлтийг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү хэмээн Гүйцэтгэх захирал Д.Отгонтуяад 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж уулзалт хийсэн боловч одоо болтол хариу өгөөгүй болно.” гэж бичсэн байгаа болно.

Иймд нэхэмжлэгч П.Ц- нь өөрийн хууртсаны үндсэн дээр гаргасан өргөдлийг буруугаар үнэлж, дүгнэн шийдвэрлэсэн" гэх тайлбар огт үндэслэлгүй юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаас гадна тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг баримтлан 40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч П.Ц-тай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан.

Уг үндэслэлийг анхан шатны шүүх харин “Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 дахь заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь баримтаар бүрэн нотлогдохгүй байна.” гэсэн буруу дүгнэлт хийсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар магадлалд дүгнэхдээ: Хариуцагч байгууллага “Пийк Ом Аудит” ХХК-д хүсэлт гаргаж тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлсэн бөгөөд уг шалгалтаар П.Ц- өөртөө 2016 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад 1 259 766 төгрөгийн цалин илүү бодож авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Уг зөрчилд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгч П.Ц-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй боловч түүний 2016 оны 4-7 дугаар сард гаргасан дээрх зөрчилд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна” гэсэн байдаг.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 40.5 дахь заалтаас өөр хугацаатай холбоотой тусгайлсан заалт 40 дүгээр зүйлд байхгүй болно.

Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйл /Хөдөлмөрийн сахилгын шийтгэл/-ийн 131.2-т “ сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалт нь “сахилгын зөрчил”-д /40.1.4-т/ хамааралтай заалт бөгөөд тус хуулийн 40.1.5 дахь заалтад хамааралгүй юм.

Монгол улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2.5-т “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон ... анхаарна ” гэсэн байна.

Компанийн хувьд Компанийн тухай хууль /94.1/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар “компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болно.” гэсэн заалт байдаг. Үүнээс дүгнэвэл, компани санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын шалгалтыг хэдийд ч оруулах эрхтэй бөгөөд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар, жишээ нь 6 сар тутамд аудитын шалгалтыг оруулж зөрчил илрүүлэх хуулиар хүлээсэн заавал үүрэг байхгүй. Тухайн аудит нь компанийн ТУЗ-өөс захиалгатай болно.

Нөгөө талаар компани буюу өмчийн эзэн Иргэний хуулийн 101.1-д заасны дагуу өмчлөлийн зүйлээ ... аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” бөгөөд нэгэнт итгэлийг нь алдсан Ерөнхий нягтлан бодогчид өөрийн хөрөнгө, санхүүгээ үргэлжлүүлэн хариуцуулах үүрэг ажил олгогчид байхгүй болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид санхүүгийн асуудлаа хариуцуулан маш хариуцлагатай албан тушаалд томилж итгэл хүлээлгэсэн боловч нэхэмжлэгч нь өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж, тушаал шийдвэргүйгээр хэд хэдэн сарын давтамжтайгаар компанийн мөнгөнөөс завшсан нь ажил олгогчийн итгэлийг бүрэн алдсан үйлдэл юм.

Ажил олгогч нь ажилтан өөрийнх нь итгэлийг алдсан болохыг мэдсэн даруйдаа хариуцлага тооцох эрхтэй бөгөөд итгэлийг алдсан үйлдэл нь 6 сарын өмнө үйлдэгдсэн нь ажил олгогчийн алдагдсан итгэлийг сэргээх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан өөрийн гаргасан тушаалыг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гэж үзэж байгаа болно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хариуцагч талд эерэг гарсан тул гомдол гаргаагүй болохыг дурдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

П.Ц- нь “Ц” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогч хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч П.Ц- 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ц” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээний  6.2.3., 6.2.6.-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.-т “ажлын байранд танхайрах, хэрүүл, маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, цээртэй үгээр доромжилсон, ...” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан, П.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажлын байранд ажлын цагаар ажилтнуудын дэргэд танхайрч, хэрүүл маргаан үүсгэж, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төслийн менежер П.Содномцэрэн рүү дайрч, биед нь шарх, сорви үүсгэн, хэл амаар болон утсаар доромжлон айлган сүрдүүлж, заналхийлсэн зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т.  заасан  хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.   

П.Ц-ыг 2017 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасныг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэх ажил олгогчийн тайлбарыг нэхэмжлэгч үндэслэл бүхий няцаагаагүй, П.Ц-ын гаргасан зөрчлийг тухайн үед ажилтнууд  мэдсэн нь ажил олгогчийг мэдсэн байх ёстой гэж үзэх боломжгүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “...зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсний дараа хариуцлага тооцсон гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь “Пийк Ом Аудит” ХХК-ийн шалгалтаар тогтоогдсон гэх боловч “Пийк Ом Аудит” ХХК-ийн Дотоод аудитын зөвлөмж нь дангаараа ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч нь тус зөрчилтэй холбоотой хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх үндэслэл хангалттай тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хоорондох Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3. дахь заалтад нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД