Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 145

 

 

П.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

 

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 307 196 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц миний бие “Ц” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 01/002 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд орж улмаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан. 2013 онд компанийн үйл ажиллагаа сэргэж байх үе буюу орон сууцны борлуулалт, газар чөлөөлөлт зэрэг үйл ажиллагаа идэвхтэй байх үед санхүүгийн албаны бүх ажлыг /нягтлан бодогч, кассын нярав/ миний бие ганцаараа гүйцэтгэж байсан. Тухайн үед кассын нярвын нэмэгдэл цалин авч байгаагүй бөгөөд зөвхөн нягтлан бодогчийн үндсэн цалин болох 800 000 төгрөгийг авч байсан. П.Ц-ыг жирэмсний амралттай байх хугацаанд түүний гүйцэтгэж байсан ажлыг хоёр хүн /кассын нярав, нягтлан бодогч/ салгаж хийж байсан бөгөөд тус бүр 1 000 000, 1 800 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэгдэж 1 200 000 төгрөг болсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх болж нэмэгдэл 600 000 төгрөгийн тушаал гарсан. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/21 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд 1 500 000 төгрөгийн цалинтайгаар томилогдон ажиллах болсон. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 1 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дугаар заалтуудыг үндэслэн 01/41 дүгээр тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, зөрчил гаргах байтугай сануулга ч авч байгаагүй бөгөөд энэ тухай тушаал, шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч боломжгүй. Гүйцэтгэх захирал ажлаас халсан шалтгаанаа бичгээр гаргаж өгөөгүй ба тэрээр хэлэхдээ аудитын дүгнэлтийг үндэслэсэн боловч ажлаас халсан тушаал дээр аудитын дүгнэлтийн тухай дурдаагүй байдаг. Аудитын шалгалтыг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар хийсэн бөгөөд энэ шалгалтаар авлаг өглөгийн тооцоо нийлсэн акт дутуу, үлдэгдэл байрны талбайн хэмжээ урьдчилан орсон орлоготой зөрсөн гэж үзсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 сарын хугацаан дахь дөрвөн сарын цалин буюу 1 200 000 төгрөгийг илүү бодож авсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг аудиторгүйгээр надад танилцуулсан бөгөөд би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ компани хариуцлага хүлээх ёстой байтал хариуцлагыг хүлээх ёсгүй надад хүлээлгэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Миний бие ажлаас халагдсан тушаалыг өөрчлүүлэх, жирэмсний амралт авахад 3 сарын хугацаа үлдсэн энэ хугацааны цалинг цалингийн журмын дагуу 100 хувь олгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг миний данс руу шилжүүлсний дараа би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Дээрх хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж гүйцэтгэх захирал Д.О-д 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж уулзалт хийсэн боловч одоо болтол хариу өгөөгүй болно. Миний бие хууль бус үндэслэлээр халагдсанаас шалтгаалан өмгөөлөгчийн зайлшгүй туслалцаа авах шаардлага үүссэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал гэж үзэж болох ч ажлаас үндэслэлгүй халаагүй бол өмгөөлөгч авах хэрэгцээ шаардлага үүсэхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, “Ц" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц нь манай компанид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1 тоот тушаалаар нягтлан бодогчоос Ерөнхий нягтлан бодогч болтол тушаал дэвшин ажиллаж байсан. Энэ хугацаанд компанийн зүгээс түүнийг ажиллах нөхцөлөөр ханган, цалин хөлсийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, шагнан урамшуулж мэргэжил боловсролоо дээшлүүлэх тал дээр хичээлтэй үед нь чөлөө олгох, чөлөөтэй хугацааны ажлын цагийг нь бүтэн бодож олгох, ажлын цагаар гүйцэтгээгүй ажлаа ажлын бус гүйцэтгэхэд нь илүү цагийг бодож олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн амьдарч байгаа 86 дугаар байрны доорх компанийн дулаан зогсоолоос зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр 3 жил орчмын хугацаанд 2 зогсоолыг өөрөө ашиглаж байсан. Гэвч П.Ц нь ажиллаж байх хугацаандаа хэрүүл маргаан, бүдүүлэг зан авир, үйлдэл гарган, хамт олны уур амьсгалыг эвдэхээс гадна үйлчлүүлэгч, харилцагч байгууллагыг үл хүндэтгэн, зан харилцааны доголдол удаа дараа гаргаж, мөн харилцагч байгууллагын төлбөр тооцоог хувийн харилцаанаас шалтгаалан цаг хугацаанд нь шилжүүлэхгүй чирэгдэл учруулах зэргээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргахаас гадна санхүүгийн зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон. Компанийн удирдлага нь П.Ц-тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж, уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцуулан гардуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. П.Ц нь гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №01/41 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед компанийн 207 тоот өрөөнд хүлээн авч, гарын үсэг зурсан атлаа (2 хувь тушаалын 1 хувийг надад үлдэх хувь, гарын үсэг зурахгүй авья гээд авсан) 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гаригт /манай компани бямба гаригт ажилладаггүй/ хүлээн авсан гэж шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэн өгсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан. Компанийн Санхүү хариуцсан захирал Ч.Баттөрөөс Ерөнхий нягтлан бодогчийн цалин тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул гүйцэтгэх захирал Д.Отгонтуяа нь компанийн санхүүд шалгалт хийж байсан “Пийк Ом Аудит” ХХК-д чиглэл өгч, шалгалт хийлгүүлсэн болно. Уг шалгалтаар Аудитын компани цалингийн сан, холбогдох тушаал шийдвэрт шалгалт хийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийн цалинтайгаар Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон П.Ц нь 2016 оны 4, 5, 6, 7-р саруудад 1 800 000 төгрөгийн үндсэн цалингаар тооцоолон 1 259 766 төгрөгийг өөрийн цалин дээр илүү бодож авсан зөрчил илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцсан нэгжийн удирдлагын шаардлагыг үл хүндэтгэн биелүүлдэггүй, компанийн санхүүгийн холбогдолтой мэдээ баримт шаардахад гаргаж өгөхөөс цааргалдаг, хугацаа алдагдуулдаг талаар Санхүү хариуцсан захирал гүйцэтгэх захиралд удаа дараа гомдол ирүүлж байсан. Энэ байдал нь компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүндрэлтэй байдалд оруулсан. П.Ц нь манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 4, 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 5 583 140 190 төгрөгийг борлуулалтыг алдаатай бичиж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Энэ нь компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх эрсдэлд оруулсан. Үүнийг зөвлөх үйлчилгээ авч, их хэмжээний зардал, торгууль төлөн иргэдийг хохиролгүй болгон залруулсан. Мөн харилцагч байгууллагуудаас худалдан авалтандаа авах нэмэгдсэн өртгийн татварын баримтаа бүрэн аваагүй, худалдагч талаас татварын цахим системд шивсэн и-баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа дутуу тусгасан зэрэг зөрчил илэрсэн. Үүний улмаас 83 554 597,36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг тайланд дутуу тусгагдсан. Энэ нь компанийг дээрх дүнгээр санхүүгийн алдагдалд оруулах эрсдэлд оруулсан. Компанийн зүгээс П.Ц-д ажиллаж байх хугацаанд нь 24 925 000 төгрөгийн хөнгөлөлт, урамшууллыг олгож байсан. Улмаар гомдол гаргах хугацаа 2 хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...П.Ц нь ажлын байран дээр төслийн менежер Ц.Содномцэрэнтэй маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Хариуцагч талаас ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэсэн гэх ажлаас халах тушаалын үндэслэл болсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдаг бөгөөд холбоотой хэмээн гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн. Шүүх шийдвэрийн үндэслэл болж буй 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн П.Ц-ын өргөдлийг хариуцагч "Ц" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О биччих, бичихгүй бол ажилд эгүүлж авахгүй хэмээн хуурч бичүүлсэн бөгөөд өргөдөлд төслийн менежер Ц.Содномцэрэнтэй маргалдсан гэх боловч ажлын байран дээр маргалдаагүй түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Хариуцагчийн гаргаж өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02/304 дугаар хариу тайлбарт П.Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажлын байранд, ажлын цагаар ажилтнуудын дэргэд танхайрч, хэрүүл маргаан үүсгэн, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр компанийн төслийн менежер П.Содномцэрэн рүү дайрч биед нь шарх, сорви үүсгэн хэл амаар доромжилсон гэх боловч тэр талаар гаргасан ажилтнуудын хүсэлт, мэдүүлэг, гомдол зэрэг ямар ч баримт байдаггүй бөгөөд байдаг бол түүнийг нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл шүүх ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн нотлох баримтыг үнэлэх ёстой байхад түүнийг үнэлэлгүй, ажлаас халах тушаалын үндэслэл болоогүй, П.Ц-ын өөрийн гаргасан өргөдлийг буруугаар үнэлж, дүгнэн хэргийг хянан шийдвэрлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд П.Ц-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Ц хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 307 196 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч “Ц” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогч, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

              Хариуцагч байгууллага нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 100 дугаар зүйлийн 100.1, хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6-д заасныг баримталсан байх ба ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан, үүрэгт ажилдаа хайнга хандсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил  гаргасан гэх үндэслэлийг заажээ.

                                                                                                                           /хх-11 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т “ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, цээртэй үгээр доромжилсон, компанийн харилцагч, үйлчлүүлэгчидтэй бүдүүлэг харьцсан бол” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байрандаа төслийн менежер Ц.Содномцэрэнтэй хэрүүл маргаан үүсгэн, айлган сүрдүүлж талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар болон хэргийн 59 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч П.Ц-ын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлөөр тогтоогдсон тул П.Ц нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч байгууллага “Пийк Ом Аудит” ХХК-д хүсэлт гаргаж тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлсэн бөгөөд уг шалгалтаар  П.Ц өөртөө 2016 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад 1 259 766 төгрөгийн цалин илүү бодож авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Уг зөрчилд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгч П.Ц-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй боловч түүний 2016 оны 4-7 дугаар сард гаргасан дээрх зөрчилд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул П.Ц-ыг “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 307 196 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах тухай П.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ. Энэ талаарх шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж оролцуулах, эрх зүйн туслалцаа авсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш тул өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ