Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2019/02556

 

 

 

 

 

2019 12 10

181/ШШ2019/02556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч: Т.Б /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ж ХХК /

Хариуцагч: М.А нарт холбогдох

гэрээний үүрэгт 4.900.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Б миний бие Цайз захын барилгын материалын хэсэгт өөрийн гэсэн лангуу ажиллуулдаг буюу хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч Ж ХХК-ийн захирал М.А нь нэхэмжлэгч надаас нийт 5.400.000 төгрөгийг үнэ бүхий барилгын бараа материалыг худалдаж авсан.

Энэхүү бараа материалын үнийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээгээр харилцан тохиролцож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэвч хариуцагч Ж ХХК нь зээлээр худалдаж авсан бараа материалыг үнийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Хариуцагч байгууллагын захирал ажилтай М.А нь худалдаж авсан бараа материалыг өөрийн биеэр ирж хүлээж авсан. Хүлээж авсан 10-аад төрлийн бараа материалын төрөл, тоо ширхэгийн тухай баримтыг нэхэмжлэгч миний өөрийн хөтөлдөг хар дэвтэр дээр бичиж, Адил бишээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Гэвч хариуцагч Ж ХХК нь худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссан боловч 500 000 төгрөгийн төлбөрий төлөлт хийгээд өөр ямар нэгэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрээд байна.

Хариуцагчтай утсаар холбогдоход мөнгийг өгнө гэдэг байсан боловчсүүлдээ утсаа авахгүй болсон. Харин тус компаний ажилтан Ононтой утсаар холбогдоход сардаа багтаагад өгнө, энэ сард багтааж төлнө гэх мэтчилэн ярьдаг боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. М.А нь тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан.

Иймд хариуцагч Ж ХХК болон М.А нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 4 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ж ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж компани нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Б тэй 81А/2018 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй болно.

Энэ гэрээ бол Ж ХХК-д байхгүй гэрээний дагуу бараа материал хүлээлгэж өгсөн баримт байхгүй, манай компанид зарлагын баримт ирээгүй, НӨАТ-ын тооцоо хийгдээгүй байгаа юм. Хэрэгт авагдсан баримтыг албан ёсны баримт гэж үзэхгүй, бараа материал хүлээн аваагүй тул төлөхгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Хариуцагч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М овогтой А 2016 оноос эхлээд барилгын инженерээр ажиллаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр Ж ХХК-д 5.400.000 төгрөгийн бараа материалыг авч өгсөн юм. Үүнээс 500.000 төгрөгийг Ж ХХК нь иргэн Батцэнгэлд төлсөн байдаг.

Тухайн үед миний бие Ж ХХК-д гүйцэтгэх захирал гэдэг албатай байсан боловч мөнгө санхүүд нь оролцдоггүй байсан. Иргэн Батцэнгэлд одоо 4.900.000 төгрөг төлөгдөөгүй байгаа юм байна. Одоо төлбөрийг Ж ХХК нь хариуцах юм. Миний бие энэ төлбөрийг хариуцахгүй.

Ж ХХК нь иргэн Батцэнгэлтэй 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би Ж ХХК-д барилга хариуцсан гүйцэтгэх захирал ажилтай байсан боловч харилцах дансны гүйлгээнд гарын үсэг зурдаггүй байсан. Би ажилаа дуусгаад өөр ажилд шилжсэн. Би компанийг гэрээний дагуу Батцэнгэлд төлбөрийг төлсөн гэж бодож байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм байна. Хэрэгт авагдсан баримт дээр бараа материал хүлээж авсан гээд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Компани надаас баримт нэхсэн , тухайн үед би хаясан ч юм уу мэдэхгүй, надад ямар ч баримт байхгүй, Ж ХХК Батцэнгэлээс барилгын материал болох бараа авсан нь үнэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б нь Ж ХХК болон М.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 4.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М.А нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар болон тус компанийн 000134736 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 10-р хуудас/

Хариуцагч М.А нь Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Т.Б ээс 6.150.000 төгрөгийн бараа, материал /барилгын/-ийг зээлээр худалдан авч, үнийг нь 12 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуржээ./хх-ийн 27-р хуудас/

Хариуцагч /худалдан авагч/ Ж ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх бараа, материалын үнээс 1.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч /худалдагч/ Т.Б ийн Хаан банк дах 5075040484 дугаарын дансанд шилжүүлэн өгсөн байна./хх-ийн 28-р хуудас/

Дараа нь нэхэмжлэгч /худалдагч/ Т.Б нь хариуцагч /худалдан авагч/ Ж ХХК-нд 5.400.000 төгрөгийн бараа, материал /барилгын/-ийг худалдах, худалдан авагч нь худалдагчийн Хаан банкны 5075040484 дугаарын дансанд төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөх үүргийг тус тус хүлээж 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулжээ./хх-ийн 6,27-р хуудас/

Дээрх гэрээ нь худалдан авагч Ж ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлээр худалдан авсан барааны үнийн дүнгийн үлдэгдэл дээр нэмж барилгын материал худалдан авч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэхээр байна.

Хариуцагч /худалдан авагч/ Ж ХХК нь дээрх гэрээнээс хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч /худалдагч/ Т.Б ийн Хаан банк дах 5075040484 дугаарын дансанд 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна./хх-ийн 28-р хуудас/

Тухайн үед Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь дээр дурдсан үйл баримтуудтай маргаагүй болно./хх-ийн 6, 27-р хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч /худалдагч/ Т. Батцэнгэл нь бараа, материалыг /барилгын/ хариуцагч Ж ХХК-д шилжүүлэн өгсөн байхад, хариуцагч /худалдан авагч/ Ж ХХК, М.А нар нь хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл төлбөр болох 4.900.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч /худалдан авагч/ Ж ХХК, М.А нараас 4.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /худалдагч/ Т.Б д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ж ХХК, М.А нараас 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 93.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО