Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэртэй, Т.Б-ийн нэхэмжлэлтэй, “Ж”  ХХК, М.А- нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  4 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ж”  ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Цайз захын барилгын материалын хэсэгт лангуу ажиллуулдаг буюу хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч “Ж”  ХХК-ийн захирал М.А- нь нийт 5 400 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авч, үнийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч “Ж”  ХХК зээлээр худалдаж авсан бараа материалыг үнийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Хариуцагч байгууллагын захирал М.А- нь хүлээн авч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч 500 000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Төлбөр төлөх талаар шаардахад “удахгүй өгнө” гэдэг байснаа сүүлдээ холбогдох боломжгүй болсон. М.А- нь тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан. Иймд хариуцагч “Ж”  ХХК болон М.А- нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 4 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж”  ХХК тайлбартаа: “Ж”  ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Б-тэй 81А/2018 дугаарын Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Уг гэрээний дагуу бараа материал хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй, манай компанид зарлагын баримт ирээгүй, НӨАТ-ын тооцоо хийгдээгүй. Хэрэгт авагдсан баримтыг албан ёсны баримт гэж үзэхгүй, бараа материал хүлээн аваагүй тул 4  900 000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.А- тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр “Ж”  ХХК-д 5 400 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нэхэмжлэгчээс авч өгсөн юм. Үүнээс 500 000 төгрөгийг “Ж”  ХХК нь Т.Б-д төлсөн байдаг. Тухайн үед миний бие “Ж”  ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалтай байсан боловч санхүүгийн хувьд буюу харилцах дансны гүйлгээнд гарын үсэг зурж, оролцдоггүй байсан. Нэхэмжлэгчид 4 900 000 төгрөг төлөх үүргийг “Ж”  ХХК хариуцна, би хариуцахгүй. Хэрэгт авагдсан баримт дээр бараа материал хүлээж авсан гээд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн. “Ж”  ХХК нь нэхэмжлэгч Т.Б-ээс барилгын материал болох бараа авсан нь үнэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж”  ХХК болон М.А- нараас 4 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 93 350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ж”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Б-тэй 81А/2018 дугаарын “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулаагүй, ямар нэгэн бараа, материал хүлээн аваагүй. Нэхэмжлэгч болон М.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа өмнө нь үүсч байсан, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтаа тооцоо нийлсэн акт гэж тайлбарладаг. М.Адилбиш, Т.Б- нар өмнө өөрсдийн өгч авсан зүйлийг гэрээ нэрээр тооцоо нийлж, түүнийг нь шүүх гэрээ хэмээн хүлээн зөвшөөрч, манай компанийг төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө ү ү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч “Ж”  ХХК болон М.А- нарт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “Ж”  ХХК эс зөвшөөрч ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бараа материал хүлээн аваагүй гэж маргажээ. /хх1-2, 15/ Харин хариуцагч М.Адилбишийн хувьд “Ж”  ХХК 5 400 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэл 4 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. /хх59/

 

Хэргийн 6 дах талд авагдсан худалдах, худалдан авах гэрээг нэг талаас “Ж”  ХХК-ийн захирал М.Адилбиш, нөгөө талаас худалдагч Т.Б- нар байгуулж, худалдагч нь 5 400 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авагч талд өгөх, худалдан авагч нь барааны үнийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор “Хаан банк” ХХК-ийн 5075040484 тоот дансанд шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, тухайн хуулийн этгээдийн тамгаар баталгаажсан байна. /хх6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч нараас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 4 900 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч “Ж”  ХХК нь давж заалдах гомдлын үндэслэлээ, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг тус компани байгуулаагүй, бараа хүлээн аваагүй, Т.Б- болон М.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлажээ. Гэтэл дээрх гэрээнд “Ж”  ХХК-ийн тамга дарагдсан, гэрээ байгуулагдах үед хариуцагч М.А- тухайн компанийн гүйцэтгэх захирал ажилтай байсан нь тогтоогдсон, хэрэгт авагдсан Т.Б-ийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дах 5075040484 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Ж”  гэх гүйлгээний утгаар 500 000 төгрөг шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл, хариуцагч нарын хэн алиныг нь гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна. /хх6, 10, 29/

 

Түүнчлэн, хариуцагч “Ж”  ХХК нь барааг хүлээн аваагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.  

 

Иймд хариуцагч “Ж”  ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ж”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ж”  ХХК-аас төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА