Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар  001/ХТ2021/01259

 

,,,,,,,,,,,,,, ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03379 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 270 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,, ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 31,702,800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,  нь 2018.09.14-ний өдөр “,,,,,,,,,,,,,,” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар амгалан 2 орон сууцны хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхрын 905 тоот 72.88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа 31,702,800 төгрөг төлсөн. Орон сууц 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч одоог болтол орон сууц ашиглалтад ороогүй, баригдахгүй нь тодорхой болсон. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 31,702,800 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани төсөл хэрэгжүүлээд явж байгаа, компаниас үл шалтгаалж санхүүжилтийг банк татаж авсан. Улмаар энэ асуудлыг цагдаа дээр шалгуулж байна. Уг төслөөр барилга нь 2020 онд баригдаж эхлээд 2021 онд ашиглалтад орно. Санхүүгийн хүндрэлтэй байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар захиалагч гэрээг цуцалбал 10 хувь суутгагдах ёстой гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03379 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 31,702,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316,464 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 270 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 270 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд “шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар” гомдлоо гаргасан боловч гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл,  захиалагчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр эсвэл хүчингүй эсэх нь тодорхойгүй, уг төсөл нь хэрэгжиж, захиалагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж байгаа нь тодорхой байхад шүүх нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 31,702,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх ба үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,  нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 31,702,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2018.09.14-ний өдрийн 27 дугаартай орон сууц захиалгын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэрээнд заасан орон сууц баригдаагүй, иймд хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй, ажлын үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 205 дугаар зүйлийн 205.1. “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, нэхэмжлэлийг хүлээж авах, иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь буруу, төсөл хэрэгжиж, захиалагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж байгаа нь тодорхой байхад шүүх нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03379 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 270 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 316,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЗОЛЗАЯА              

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД