Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 202/МА2019/00004

 

2019           02             25                                               04

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Ц-ын  О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн БТСГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өөр ажил хавсарсан нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн БТСГ 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэгчээр, 2002 оноос үйлчлэгч, няраваар, 2004 оноос бичиг хэрэг, няраваар, 2016 оны 11 дүгээр сараас бичиг хэрэг, дотоод ажил, няраваар ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн. Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г.Б нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлж  байгаа нь үндэслэлгүй байна. Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэсэн хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Би 2017 оны ажлаа дүгнүүлээд нэг сарын цалингийн 92 хувиар тооцож урамшуулал авч байсан. Манай байгууллагын ажлын байрны хувьд миний ажиллаж байсан бичиг хэрэг нь орон тоотой, аж ахуйн нярав нь орон тооны бус байдаг учир 2004 оноос эхлэн уг ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Миний энэ ажлын байранд ямар ч  дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаагүй. ... Би 2004 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд сууж архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил эзэмшсэнээр тухайн ажлын байранд ажиллаж ирсэн. Мөн 2011 онд архив, албан хэрэг хөтлөлтийн ахлах зэргийн мэргэшлийн зэргийн үнэмлэх олгогдож байсан. ... Мөн намайг хуурамч диплом ашиглаж байна гэж аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан. Би Зохиомж дээд сургуулийн дипломыг авсан цагаасаа эхлээд л огт ашиглаж, хэрэглэж байгаагүй. ...1 сараас эхлэн миний цалин дээр олгогддог байсан няравын нэмэгдлийг хассан. ТҮ-5-5 буюу 504000 төгрөгөөр цалинжиж, няравын нэмэгдлийг ТҮ-4-5-ын 40 хувиар тооцогдож цалин хөлс авдаг байсан. ...  Г.Б дарга намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж  байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1665507 төгрөгийн цалин хөлс гаргуулан авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оноос 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тус газарт бичиг хэрэг, няравын ажлыг хамт хийж ирсэн. Миний цалин хөлс бичиг хэргийн ажил үүрэг гүйцэтгэсний үндсэн хөлс 1 сарынх нь Т-5-5 шатлалаар 504699 төгрөг, цалингийн нэмэгдэл буюу бичиг хэргийн ахлах зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувиар буюу 50470 төгрөг, давхар няравын ажил үүрэг хавсран гүйцэтгэдэг цалингийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувиар буюу 187642 төгрөг тооцогдож нийтдээ миний 1 сарын цалин 504699+5047+187642=742811 төгрөг олгогдож зохих суутгалууд хийгдээд миний гарт 601249 төгрөг олгогддог байсан. 2016 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Биеийн тамир, Спортын газрын дарга өөрчлөгдөж, 2017 оны 1 сард байгууллагын бүтэц, орон тоо батлахдаа миний хавсран гүйцэтгэдэг няравын нэмэгдэл болох 40 хувийг хассан. Дарга няравын ажил гүйцэтгэдэг цалингийн нэмэгдлийн 40 хувийг хассан шалтгаанаа тайлбарлахдаа төсөв хүрэлцэхгүй байна, дараа нь энэ нэмэгдлийг чинь нөхөж олгож өгнө гэж байсан боловч өгөлгүй байж байгаад намайг ажлаас халсан. Мөн би энэ талаар Б даргад өргөдөл өгч байсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. 2017 оны жилийн эцэст бусад ажилчдын нэмэгдлүүд нөхөгдөөд олгогдсон хирнээ зөвхөн манай байгууллагын бусад ажилчин сантехникч, бид хоёрын нэмэгдэл олгогдоогүй. Иймд би 2017 оны 01 сараас эхлэн няравын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалингийн нэмэгдлийг өгөөгүй сараас эхлэн 2018 оны 7 сар хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах хүсэлтэй байна. Тооцоолбол: 187.642х18 /сар/=3377556 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Надад няравын ажил хавсран гүйцэтгэсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох тушаал 2005 онд гарч байсан. Ажлын байрны тодорхойлолтонд ч бичиг хэрэг, няраваар ажилладаг нь бичигдсэн.  Би анх гаргасан нэхэмжлэлдээ мөн энэхүү няравын 40 хувийн цалингийн нэмэгдлээ оруулаагүй тооцоолсон байсан учир  уг нэмэгдлийг 2018 оны 07 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож 187.642 төгрөг*3 сар=562926 төгрөг болж байгаа ба анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1665504+562926=2228430 төгрөг болж байгаа. Энэ нь миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс юм. Нийтдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2228430+няравын нэмэгдлийг өгнө гэж хэлээд олгоогүй зогсоосон 2017.01 сараас 2018.07 сар хүртэлх хугацааны цалингийн нэмэгдэл 3377556 болж байгаа ба нийтдээ 5605986 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ: Миний бие нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2228430 төгрөг гаргуулах, няравын ажил хавсран гүйцэтгэсний цалингийн нэмэгдэл болох 3377556 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба дээрх шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4693186 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 7626052 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 

Миний цалин хөлс ТҮ 5-5 шатлалаар үндсэн цалин 504699 төгрөг, бичиг хэргийн ахлах зэргийн үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл 50470 төгрөг, няравын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувиар тооцогдож 187642 төгрөг ба би сардаа 742811 төгрөгийн цалин авч суутгалаа өгөөд гар дээр 601249 төгрөг авдаг.

Намайг 2018 оны 07 дугаар сарын 2-ноос эхлэн ажлаас халсан ба миний 1 сарын цалин хөлс 742811 төгрөг /1 сарын цалин/*6 сар 7 өдөр /ажилгүй байсан хугацаа буюу 2019-01-10-ны өдөр хүртэл/=4693186 төгрөгийг ажилүй байсан хугацааны цалин гэж тооцож нэхэмжилж байна. 2019 ны 01 сарын 02-ноос 1 сарын 10-ны хүртэл ажлын 7 хоног байгаа ба 1 өдрийн цалингаа тооцохдоо 742811:тухайн сарынхаа ажлын 23 хоногт хувааж 1 өдрийн цалин 33760 төгрөг гарсныг *7=236320 төгрөг гэж тооцоолсон.

Миний нэхэмжилж байгаа 7626052 төгрөгнөөс 3377556 төгрөг нь 2017.01.02-ноос2018.06.30-ны хүртэлх няравын ажил хавсран гүйцэтгэсний цалин хөлс болж байгаа бөгөөд үндсэн цалингийн 40 хувиар бодоход 1 сарынх нь 187642 төгрөг*18 сар /олгогдоогүй сар/=3377556 төгрөг болж байгаа юм.

Би дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4693186+3377556 /олгогдоогүй няравын нэмэгдэл/=8070742 төгрөг гарч байгаагаас-444690 /надад ажлаас халагдахад олгогдсон тэтгэмжийг хасч суутгаад/=7626052 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч миний няравын 40 хувийн цалингийн нэмэгдлийг зогсоохдоо надад нөхөж олгоно гэж хэлдэг байсан боловч нөхөж өгсөн ч юмгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч БТСГ-ыг төлөөлж, дарга Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ 2005 оноос няравын ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгогдож байгаад 2017 оны 01 сараас зогсоосон тул 2018 оны 07 сар хүртэл хугацааны ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг анхны нэхэмжлэлд оруулаагүй учраас шаардлагаа нэмэгдүүлж 5605986 төгрөг гаргуулах гэж тайлбарлажээ. Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо, цалингийн зэрэглэл батлагдсан ба энэ захирамжийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Энэхүү захирамжийн хавсралтаар “бичиг хэрэг-дотоод ажилтан-нярав” гэсэн орон тоотой ажиллахаар өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэн нэг орон тоо болж батлагдсан тул няравын нэмэгдэл олгохгүй, хасуулсан болно. Иймээс Оюунцэцэгийн няравын ажил хавсран гүйцэтгэсэн гэж 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэл хугацааны нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хүсэлтийн тухайд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж 2018 оны 4, 5, 6 дугаар саруудын цалин хөлсөөр тодорхойлогдох тул Биеийн тамир, спортын газрын 2016 оны 12 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй, 2017 оны цалингийн цэс мөн оны жилийн  эцсийн санхүүгийн тайланг хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар батлагдсан тус газрын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэл одоо хэвээр мөрдөгдөж байгаа учраас 2017, 2018 оны бүтэц орон тоо баталсан тушаалуудыг мөн 2017 оны жилийн эцэст зөвхөн 3 дасгалжуулагчийн спортын зэргийн нэмэгдлийг хуульд зааснаар нөхөж олгосон, харин өмнө дурьдсан тус захирамжаар иргэн бичиг хэрэг, дотоод ажилтан, нярав болж батлагдсан орон тоо 2017 онд хэвээр мөрдөгдөж байсан нэмэгдэл олгосон тушаал гараагүй тул өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд дурьдсанаар няравын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин хүссэн өргөдлийг авах хүсэлт гаргасан гэж ойлгогдож байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэж нэг орон тоо болгон захирамж гарсан байсан тул ийм өргөдөл гаргах үндэслэлгүй, байгууллагын даргад хандан өргөдөл гаргаагүй, танилцагдаагүй болно ... Ц.О нь 2018.06.29-ний өдрөөс хойш 2018.08.03-ны өдрийг хүртэл ажилд ирээгүй, ажил хийгээгүй бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй алга болсон. Байгууллагын ажилчдын 2018 оны 07 дугаар сарын ажлын цагийн бүртгэлд Ц.Оийн ажлласан цагт огт бүртгэгдээгүй болно. Оийн 7 дугаар сарын цалин 270018 төгрөг орсон гэж мэдүүлсэн нь цалин би ээлжийн амралтын олговор юм. Учир нь байгууллагын нийт ажилчдын цалинг төрийн сангаар шилжүүлэх санхүүгийн гүйлгээний баримтны утга дээр нийтэд нь 7 дугаар сарын цалин гэж бичиж гүйлгээ хийдэг. Бүх ажилчдын цалингийн гүйлгээний утга дээр ганц Ц.Оийн амралтын мөнгө гэж тусгайлан бичих боломжгүй байдаг юм гэжээ.  

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс ний 7626252 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын тушаал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарсан боловч тухайн тушаалын хэсэгт Ц.Оийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр, мөн ээлжийн амралтыг тооцож олгохоор заасан байдаг. Уг тушаалын хэсэгт заасан хугацаанаас харахад Ц.Оийн шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2-ыг тайлбарлахдаа ажлаас халагдсан өдөр гэдгийг ажил олгогчийн шийдвэр, тушаалд заахдаа тухайн ажилтны ажилласан хоног, оногдвол зохих ээлжийн амралтын урьдчилан тооцож түүн дээр ажил хүлээлцсэн хугацааг нэмж сүүлчийн өдрийг тогтооно гэж заасан байдаг. Ээлжийн амралтын хоногийг тооцолгүйгээр 6 дугаар сарын 28-нд урьдчилаад гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Оийн ээлжийн амралтын олговор 2018 оны 7, 8-р саруудад олгогдсон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ...”халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан байгаа  ба Ц.От өгсөн гэх ажил олгогчийн шийдвэр нь ажлаас халагдсан өдөртөө гараагүй, тушаалыг урьдчилж гарган өгсөн нь Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байхаар харагдаж байна. Хариуцагчаас гарсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, Ц.О ажлаасаа халагдаагүй байсан, мөн энэхүү хугацаагаар тооцож гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлээ ажил олгогчийн шийдвэр ажлаас халсан өдөртөө гараагүй. Тушаалыг урьдчилж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Мөн О ажлаасаа халагдаагүй байсан. Энэ хугацаагаа тооцож гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь хуульд нийцээгүй гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018.06.28-ны өдрийн Б/23 дугаар тушаалын 1 дэх заалтад 2018.07.02-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх, 2 дахь заалтад ажлын 2 өдөрт багтааж ажлыг хүлээлцэхээр заасан байгаа. 2018.06.28-ны өдөр маань баасан гараг байгаа. Амралтын 2 өдөр таараад тэгээд 2018.07.01-ний өдөр. Өөрөөр хэлбэл 5 дахь, 1 дэх өдөрт багтаан ажлыг нь хүлээцүүл гэсэн санаагаар хугацаагаар тогтоосон юм болов уу гэж ойлгож байгаа. ...Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2018.06.28-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг мөн өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авсан. Шүүхэд 2018.08.01-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд зааснаар маргаанд гомдол гаргах хугацаа 2018.07.27-ны өдөр дууссан. Харин 2018.08.01-ний өдөр буюу тушаалыг хүлээн авснаас хойш 1 сар 4 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан байна. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. ... Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018.06.11-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор О нь 2010 онд Зохиомж дээд сургуулийн D201015364 дугаартай банкны эдийн засагч мэргэжлийн дээд боловсролыг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж худалдан авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Салбарын хууль буюу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байна гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний албан тушаал эрхлэж байсан учраас төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан боловсрол мэргэжил үүнийг гэрчлэх дипломтой байж уг шалгуур болзлыг хангана. Прокурорын тогтоолоор нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдчихсон. Диплом нь устгагдчихсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэгдсэн байхад салбарын ямар нэгэн комиссоор дүгнэлт гаргуулах шаардлагагүй. ... Хариуцагчийг Биеийн тамир спортын газрын даргаар томилогдохоос өмнө Соёл, спорт аялал жуучлал гэсэн бүтэц орон тоотой ажиллаж байхад 2014.01.06-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд ажлын байрны нэр нь бичиг хэрэг, нярав, ажлын байранд тавигдах шаардлагад боловсрол дээд, мэргэжил нягтлан бодогч, бичиг хэрэг гэж албажуулсан ба 2018.01.09-ний өдөр ажлын байрны тодорхойлолтыг дахин шинэчлэн боловсруулахдаа ажлын байрны нэршлийг бичиг хэрэг, дотоод ажил, нярав гэж өөрчлөн, ажлын байранд тавигдах шаардлага нь хэвээр байна. Ийм учраас ажлын байрны шаардлага хангахгүй, дээд боловсролын дипломгүй хүнийг ямар үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоох вэ. Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн аймгийн Засаг даргын 2015 оны А/45, 2016 оны А/20, А/487 дугаар захирамжуудаар бичиг хэрэг, нярав дотоод ажил гэсэн нэршилтэй нэг орон тоо байхаар тогтоож батлагдсан байгаа. Ингээд 2015 оноос хавсран гүйцэтгэхгүй болсон байна. Үүгээр нэхэмжлэгчийн миний ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой байхыг шаардаж байгаагүй, аль нэг дээд байгууллагаас дээд боловсролтой байхыг шаардсан бичиг ирж байгаагүй. Няравын ажлыг 2004 оноос хавсран гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлүүд бүрэн үгүйсгэгдэж байгаа юм. ... Хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг үндэслэж, төрийн үйлчилгээний албан тушаалын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан учраас тушаал үндэслэл бүхий шийдвэр болно. Миний саяны хэлсэн бүх нотлох баримтуудаар Аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын Б/23 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй гарсан шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн шаардлага болон анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор мөн няравын ажил хавсран гүйцэтгэж байсны нэмэгдэл хөлс гаргуулах шаардлага дээрх хуулийн үндэслэл болон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу няравын нэмэгдэл хөлс олгуулахыг зогсоосон. Анхан шатны шүүх талуудаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, маргааны үйл баримтыг тал бүрээс нь үнэлж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Дорноговь аймгийн БТСГт холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоох, ажлаас буруу халсан үеийн олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин 1665507 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл /гомдол/ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 2228430 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 7 сар хүртэлх няравын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 3377556 төгрөг, нийтдээ 5605986 төгрөгийг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа мөн нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд нийт  4248496 төгрөг,  2017 оны 01 дүгээр сарын 2-ноос 2018 оны 6 дугаар сарын 30 хүртэлх няравын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 3377556 төгрөг, нийт 7626052 төгрөг нэхэмжилжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хуурамч диплом ашигласан, ажлын байрны тодорхойлолтод тавигдах боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй тул ажлаас халсан, бичиг хэрэг-няравын орон тоо нэг болж батлагдсан тул нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тус бүрд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулах боломжтой гэж үзэв.  

Тодруулбал нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай болон 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос 2018 оны 6 дугаар сарын 30 хүртэлх няравын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 3377556 төгрөг гаргуулах тухай 2 үндсэн шаардлага бүхий гомдол нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагын хувьд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь холбогдох хуульд нийцээгүй ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Нэхэмжлэгч Ц.Оийг Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг үндэслэн ... хуурамч дипломыг худалдан авч байгууллагыг хууран мэхэлж, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлжээ.

            Энэхүү ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч буюу ажилтан Ц.О эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

            Гэтэл нэхэмжлэгч Ц.О нь түүнийг ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг буюу хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан байх боловч дээрх хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй байна.

            Энэ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэснийг үндэслэвэл нэхэмжлэгчийн ажлаас халсан тухай шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 1 сарын хугацааг тоолвол 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргах хугацаа дуусна гэж үзнэ.

Харин 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусах ба уг хугацааг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дууссан гэж үзэх ба нэхэмжлэгч гомдлоо 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, дээрх 1 сарын хугацааг хэтрүүлжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрт “... 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлөхөөр” заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр ...-ийг халагдсан өдөрт өгөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэж ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолно гэж маргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасныг авч үзвэл энд гомдол гаргах хугацааг ажлаас халагдсан өдрөөс эхлэн тоолох тухай агуулга тусгагдаагүй ба харин ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргахаар ойлгогдох бөгөөд нэхэмжлэгч Ц.О нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

            Өөрөөр хэлбэл ажил олгогч буюу хариуцагч шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэснээс үзэхэд уг шийдвэрт заасан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нь ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоосон гэж үзэхээр байх бөгөөд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар энэ өдрийг буюу ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх хэдий ч тухайн хугацаанаас эхлэн ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

            Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох буюу хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... үеэс үүсэх тул нэхэмжлэгч Ц.Оийн хувьд 2018 оны 06 дугаар сарын 28-нд ажлаас халсан тухай шийдвэрээ гардан авч танилцсанаар  түүнийг энэ үеэс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд ажил олгогчийн шийдвэрт заасан ажил үүргийг дуусгавар болгох хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... тухай ажилтны гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бөгөөд нэхэмжлэгч Ц.О нь ажлаас буруу халсан тухай гомдлоо Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргаж байсан /хх-192, 208/ зэргээс үзэхэд түүнийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Иймд нэхэмжлэгч Ц.О нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй ба энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.

Мөн нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Дорноговь аймгийн БТСГт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос 2018 оны 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд тус байгууллагад няравын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 3377556 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэхүү гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 болон 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаас үзэхэд шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, хөдөлмөрийн маргаан таслах комисс анхан шатны журмаар шийдвэрлэх маргаан гэж үзэхээр байна.

Улмаар нэхэмжлэгч Ц.О нь энэ тухай гомдлоо Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд буюу Дорноговь аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр /хх-12/ гаргаж, тус хорооноос зөвлөмж гарсан байх боловч зохигчид уг нэмэгдэл хөлсний талаар шүүхэд маргажээ.

Нэхэмжлэгч дээрх гомдлыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргаж, зөвлөмжийг хавсаргаж ирүүлсэн атал Дорноговь аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ... ажилтан хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан бөгөөд нэгэнт ажилтны нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэсэн ба зохигчдын тайлбараас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч уг шийдвэрийг зөвшөөрөөгүй талууд энэ талаар маргасан, шүүхэд гомдол гаргах тухай дээрх хуульд заасан хугацаа хэтрээгүй тул шүүх уг маргааны талаар буюу ажилтны нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдолд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Оийг Дорноговь аймгийн Биеийн тамир спортын төвийн захирлын 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 26 тоот тушаалаар /хх-34/ тус байгууллагын үйлчлэгчээр, улмаар Дорноговь аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 тоот тушаалаар /хх-33/ тус байгууллагын няраваар тус тус томилж, 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 41 тоот тушаалаар /хх-59/ касс няравын ажил хавсран ажиллуулах, ийнхүү ажил хавсран ажилласны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар тогтоож олгохоор шийдвэрлэж байжээ.

Харин Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/445 дугаар захирамжаар /хх-87/ Биеийн тамир спортын газрын бүтэц /хх-88/, албан тушаалын ангилал зэрэглэлийг /хх-89/ шинэчлэн баталж, үүнд бичиг хэрэг, нярав гэсэн 1 орон тоотой, албан тушаалын ангилал зэрэглэл нь ТҮ-5 байхаар тогтоосон ба  Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 дугаар захирамжаар /хх-90-91/ дээрх захирамжийн 2 дугаар хавсралтад буюу Биеийн тамир спортын газрын орон тоо, албан тушаалын зэрэглэлд өөрчлөлт оруулахад мөн бичиг хэрэг, нярав гэсэн 1 орон тоонд болон албан тушаалын ангилал зэрэглэлд өөрчлөлт ороогүй байна.

Улмаар Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар /хх-28-29/ Биеийн тамир спортын газрын бүтэц орон тоог шинээр батлахад бичиг хэрэг-дотоод ажилтан-нярав гэсэн 1 орон тоотой, албан тушаалын ангилал зэрэглэл нь ТҮ-5 байхаар тус тус тогтоосноор, энэхүү шийдвэрийг үндэслэн Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/69 тоот тушаалаар /хх-39/ албан хаагчдыг уг бүтэц орон тоонд шинээр ажил, албан тушаалд томилоход нэхэмжлэгч Ц.Оийг бичиг хэрэг-дотоод ажил-нярав гэсэн орон тоонд ажиллуулахаар, албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-5-5, үндсэн цалин 504699 төгрөг, зэргийн нэмэгдэл 10%, ажил хавсарсан нэмэгдэл 40 хувь байхаар тогтоосон байжээ.

Гэвч Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 /хх-68-69/, А/02 тоот /хх-70-71/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 /хх-76-77/, А/02 тоот /хх-74/ тушаалаар тус тус бичиг хэрэг-дотоод ажил-нярав гэсэн 1 орон тоотой, албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-5 байхаар тогтоож, нэхэмжлэгч Ц.Оийг бичиг хэрэг-дотоод ажил-нярав гэсэн орон тоонд,  ТҮ-5-5 гэсэн албан тушаалын ангилал зэрэглэлд, 504699 төгрөгийн үндсэн цалинтай, зэргийн нэмэгдэлд 10% олгохоор тус тус шийдвэрлэж уг шийдвэрүүдэд нэхэмжлэгчид ажил хавсарсан нэмэгдэл олгох талаар заагаагүй байна.

Эндээс дүгнэж үзвэл ажил олгогчийн дээрх шийдвэрүүд нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “Тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэснийг болон хуулийн16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэснийг зөрчөөгүйн гадна  нэхэмжлэгч Ц.Оийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн БТСГт бичиг хэргийн ажилтаныг няравын ажилтай хавсран гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох юм.

Гэтэл тухайн ажлын байр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс бичиг хэрэг-дотоод ажил-нярав гэсэн 1 орон тоотой болж шинэчлэгдэн батлагдсан боловч ажил олгогч түүнд нэмэгдэл хөлс олгож байсан ба харин ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс бүтэц орон, цалинг шинэчлэн тогтоохдоо нэхэмжлэгчид ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлээгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд /хх-8/ тухайн ажил албан тушаалд нэмэгдэл хөлс олгохоор тохиролцоогүй, ажлын байрны тодорхойлолтод /хх-40-43/  энэ талаар тусгагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Оийг үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран ажилласан гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан бусад нөхцлөөр түүнд нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн “... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ