Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2019/02438

 

 

 

 

 

 

 

2019 11 29

181/ШШ2019/02438

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н ХХК -д холбогдох

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, У ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Н ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Бид гэрээгээр У компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 490.000.000 төгрөгөөр Н ХХК-д худалдаж, Н ХХК нь 2012 оны XCMG маркийн 1876 УБ улсын дугаартай авто буулгагч, 2010 оны NORDBENZ маркийн 4255 УНМ улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130.000.000 төгрөгөөр бартерт, үлдэх 360.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон.

Үүнээс Н ХХК нь бидэнд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 260.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 19.500.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлснээр нийт 279.500.000 төгрөгийг төлсөн. Гэрээнээс өмнө өгсөн 10.000.000 төгрөгийг ямар учраас шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг, мөн Энхжаргал нь компанийн гүйцэтгэх албан тушаалтан биш байхад түүний дансаар шилжүүлсэн 21.000.000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэж үзэхгүй. Харин манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Н ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн.

Гэвч Н ХХК нь 1876 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгсөн боловч уг авто буулгагчий, /ковшийг/ биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй.

Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн.

Ийнхүү Н ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гарахгүй байсан учир бид 2017 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Энэхүү мэдэгдлийг Н ХХК нь хүлээн авсан боловч ямар ч үр дүн гараагүй. Н ХХК-ийн захирал Н.Б гийн дээрх үйлдэл нь манай компанийг залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан.

Тус цагдаагийн хэлтэст Н ХХК-ийн захирал Н.Б нь автомашин, төлбөрийг удахгүй барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Манай компани 2016 оны 6 дугаар сараас хойш жил гаруй хугацаанд Н ХХК-иас ачааны машин болон ковш, үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах гэхэд бидэнд Н.Б нь худал хэлэн, хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрлээ.

Одоогийн байдлаар манай компани үл хөдлөх хөрөнгө ч үгүй, гэрээний төлбөрт авах автомашин, техник, мөнгө ч үгүй болоод байна.

Мөн Н ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016 оны 6 дугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан Н ХХК нь хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн.

Манайх өмнө нь өргөтгөлийг 60 м.кв талбайтай гэж бодож нэхэмжилж байсан чинь саяхан Барилгын зураг төслийн Алтан дуулга хаус ХХК-ийн гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Найман шарга ХҮТ-ийн 17/20 тоот У ХХК-ийн барилгын өргөтгөл, цайны газрын ажлын зургыг олж авсанаар талбайг нь 92,07 м.кв гэж мэдэж авсан.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 40,50 мянгатын 45-01 тоот хаягт байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2202000360 дугаарт бүртгэлтэй объектыг худалдахаар тохиролцсон. Гэтэл Н ХХК нь Худалдаа хөгжлийн банкны зээлээр барьсан 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр манай өмч гэж маргаж өнөөдрийг хүртэл эмийн сан, оёдлын газарт түрээслүүлэн ашиг олж байна.

Иймд Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь Ундрам Од ХХК нд ашиггүй болсон тул Иргэний хуулийн 225.3-т зааснаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, У ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь У ХХК-тай нэг байранд өөрсдийн тус тусын эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулж ирсэн.

Гэтэл 2016 оны 4 дүгээр сараас эхлэн У ХХК-ийн үүсгэн байгуулагчид гэх З.Э , З.Эл нар нь манай компани Худалдаа хөгжлийн банкинд 100.000.000 төгрөгийн зээлтэй, зээл нэхэгдээд хэцүү байгаа учраас караоке худалдах гэсэн юм.

Танай компани манай караокег худалдаад авчих, манайх ашиг орлого ихтэй, ашигтай тэгээд ч нэг байранд байдаг юм чинь өргөтгөлд нь ажлын өрөөгөө хийчих боломжтой, бид нар даан ч зээлээ төлж чадахгүй балараад байна гэх мэтээр байн байн гуйх болсон.

Тэгээд би У ХХК-ийн караоке явуулж буй объектыг үзэхэд дээвэр тал нь цоорхой, ус гоождог, шарлаж мөөгөнцөртсөн нуралт үүссэн байсан.

Тэгэхээр нь ийм байрыг авахгүй гэхэд, бид нар засварлаад өгнө, танайх засварын мөнгийг урьдчилаад гаргачих, бид янзлаад гоё болгоод өгнө, та нар авсандаа аваач, та нарт ашигтай шүү, бүр болохгүй бол ажиллуулахад чинь тусална, бид зээлтэй болохоор аргагүй эрхэнд зарж байна гэж надад итгэл төрүүлсэн.

Тэд засварт өгсөн мөнгийг чинь объектыг худалдан авах төлбөр 490.000.000 төгрөгөөс чинь хасаад тооцно. Мөн тус мөнгөний тодорхой хэсэгт хоёр машин оролцуулан авахад татгалзах зүйлгүй гэсэн.

Ингээд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр У ХХК-ийг төлөөлж захирал З.Э , үүсгэн байгуулагч З.Эл, Ц.С нар, Н ХХК-ийг төлөөлж Н.Б нар оролцон Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний гол нөхцөл нь худалдагч тал У ХХК нь Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат /15171/ хороолол жуулчны гудамж, 45-1 тоотод байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй Үл хөдлөх хөрөнгийг 490.000.000 төгрөгөөр Н ХХК-д худалдахаар тохиролцон доорх нөхцөлөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

Үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр болох 130.000.000 төгрөгт Н ХХК-ийн захирал Н.Б гийн ХСМG маркын УБ1876 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3443 улсын дугаартай ТОҮОТО САМRҮ маркийн 2007 оны машин зэргийг У ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360.000.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Манай Н ХХК нь гэрээний дагуу УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг У ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.С ын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудлын машиныг шилжүүлээгүй байгаа учир нь бидний дунд тохирсон яриа байгаа.

Н ХХК хэлсэн ёсоороо гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дараах байдлаар төлбөрийг төлж эхэлсэн.

1. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг /бэлэн мөнгөний баримт байгаа/ У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Эл, Содном нарт,

2. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2.900.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элын 5024210459 дансанд,

3. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 2.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

4. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2.100.000 төгрөг 5029530020 /андуурч хийгээд Эрэндэн-Очироос Ц.С , З.Эл хоёр очиж авсан/-д,

5. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ хийсний дараа 22.000.000 төгрөгийг З.Эл, Ц.С хоёрт,

6. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

7. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн татвар болох 6.000.000 төгрөгийг /Чингэлтэй дүүргийн үл хөдлөхийн гадаа миний бие болон Ц.М ын хамт байсан/ У ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.С , З.Эл нарт,

8. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг 500726930 дансаар У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

9. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дулааны төлбөрт өртэй байсан 747.790 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Э ,Ц.С , З.Эл нар

10. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ болон нотариатын зардал бусад зардалд 252.210 төгрөгийг З.Э , З.Эл, Ц. Содном нарт,

11. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 19.500.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Э гийн 5011207828 тоот дансанд,

12. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Н ХХК-ийн 5020614896 тоот данснаас 260.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх З.Э гийн 5011207882 тоот дансанд,

13. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр /Хаан банк 5024210459/ 8.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

14. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Э д / манайд тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан/

15. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5014249183 дансаар 5.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Ц.С , З.Чимгээгийн дансанд хийлгэсэн,

16. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

17. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг 5024210459 У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

18. 200.000 төгрөгийг Моломжамцаас У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

19. 500.000 төгрөгийг Гантулгаар өгүүлсэн. У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

20. 300.000 төгрөгийг Моломжамцаас У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

21. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.200.000 төгрөгийг /5024210459/ У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

22. 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг /5024210459/ У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Элд,

23. Цахилгааны гэрээ авч өгөхөд 1.500.000 төгрөгийг тус тус өгч нийт 360.500.000 төгрөгийн төлбөр биет байдлаар хийгдсэн.

Банкнаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 300.000.000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40.000.000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгох шийдвэр гарсан.

Бид У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Э , Ц.С , З.Эл нарт энэ тухай танилцуулсан, тэд ч газрын бичигээ гаргаж өгнө, энэ мөнгөө авч байя гээд зээлээ авах болоход У ХХК-ийн үүсгэн байгуулагчид бид мөнгө байхгүй чи мөнгө зээлээд тус үл хөдлөх хөрөнгийг суллаад өгөөч бидэнд мөнгө зээлэх хүн байхгүй гэж хүссэний дагуу би 100.000.000 төгрөгийг Г.Өнөрбатаас зээлж, Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төв рүү З.Эл, З.Э , Ц.С нарын хамт явж тус үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн.

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бид караокег хүлээж аваад дотор нь мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийн дагуу хана, шал, тааз гал тогооны өрөө бүгдэд нь засвар хийсэн.

У ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.С нь бид одоо ямар нэгэн бизнес байхгүй хоолны мөнгөө олох хэрэгтэй байна. Танайх одоохондоо зөвшөөрөл чинь гараагүй байгаа юм чинь түр хугацаагаар түрээслээч гэсэн санал тавьсан. Караокег тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж ажиллуулах ёстой. Тухайн үед энэ зөвшөөрлийг түр хугацаагаар хаасан байсан учир манай байгууллага У ХХК-ийн түрээслэх саналыг хүлээж авсан.

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн У ХХК-д түрээсэлсэн. Түрээсийг гэрээг У ХХК-ийн захирал З.Э , Н.Б хоёрын дунд байгуулсан.

Гэтэл манай байгууллагын санхүүгийн мэргэжилтний зүгээс энэ объектод караоке, баарын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулах ёстой хувь хүнд тийм эрх байхгүй цаашилаад мэргэжлийн хяаналтын байгууллага хүртэл энэ үйл ажиллагааг явуулахыг хориглодог тул гэрээг У ХХК-тай хийх ёстой гэсэн.

Ингээд тэр өдрөө З.Э тай дахин уулзаж У ХХК-тай дахин түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр болох 2.200.000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2.200.000 төгрөгийг У ХХК нь төлсөн.

Түүнээс хойш хэд хоногийн дараа У ХХК-ийн захирал З.Э манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Ц.С д үзүүлчихээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй.

Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчихээд түүнээс хойш таг чиг болсон.

Харин сүүлдээ төлбөр төлөх талаар шаардахад та нар манайхыг мэхэлсэн гэж хэлээд цагдаад өгч шалгуулж, маргаан үүсгэн цаг хожих болсон. Цагдаа уг асуудлыг эрүүгийн хэрэг биш гээд татгалзаж хаасан. У ХХК нь одоогийн байдлаар манай байгууллагад 24.500.000 төгрөгийн түрээсийн өртэй.

Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчихээд үйл ажиллагаа явуулсаар байгаа.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа нэхэмжлэгч нотлох ёстой. Энэ объект бол биднийг худалдах , худалдан авах гэрээ хийж байх үед хамт яригдсан зүйл юмаа. Нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн шүү дээ. Энэ өргөтгөл газрын болон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй учраас 2 удаа буцаасан гэж ярьсан. Хаан банкны судалгаанд ч орсон байдаг юмаа. Манайх өргөтгөлийг бариад гоё болгосны дараа нэхэмжлэгч манай өмч гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

У ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100.000.000 төгрөгийн зээлээ хаалгачихаад, мөн 360.000.000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчихээд, 360.500.000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчихээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм.

Иймд У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хаан банк ХХК-ийн зүгээс Н ХХК нь Ундрам- Од ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг худалдан авахад зориулж 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй төвлөрсөн тооцооны төв буюу тухайн зээл олгох үед баруун дөрвөн зам бизнес төвөөс 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 23,4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, эхний 3 сард хүү, үлдсэн саруудад сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй хэсэгчлэн олгохоор шийдвэрлэсэн.

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БГҮ/201642700876 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2202000360 дугаар бүхий худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тухайн объектыг эзэмших эрх бүхий газрын гэрчилгээ гарсны дараа нөхөж барьцаалахаар зээлийн хорооны шийдвэрт заасан бөгөөд эхний ээлжинд 260.000.000 төгрөгийн олголт хийсэн.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг банкинд нэмж барьцаалаагүй байгаа тул зээлийн үлдэгдэл болох 40.000.000 төгрөгийг зээлийн олголт хийгдээгүй байгаа болно.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, У ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

НЭГ: 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний тухайд:

Нэхэмжлэгч /худалдагч/ Ундрам Од ХХК нь хариуцагч /худалдан авагч/ Н ХХК- ийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв талбайтай Ү-2202000360 дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэлтэй, 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, Н ХХК нь 490.000.000 төгрөгийг /үүний 130.000.000 төгрөгт тооцон Н.Б гийн өмчлөлийн CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигч, 3443 УНЧ улсын дугаартай Тоёота камри загварын автомашиныг У ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 360.000.000 төгрөгийг банкны зээлээр У ХХК-д/ төлөх үүргийг тус тус хүлээж Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 5-6-р хуудас/

Дээрх гэрээгээр худалдан авагч /Н ХХК/ нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг худалдагч /У ХХК/-д төлөх, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.- т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Худалдан авагч /Н ХХК/ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 490.000.000 төгрөгнөөс нийт 405.900.000 төгрөгийг худалдагч /У ХХК/ төлсөн /325.900.000 төгрөгийг бэлнээр болон дансаар, 80.000.000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын нэр дээр шилжүүлж/,

Худалдагч /У ХХК/ нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-31, 33, 39, 40, 44-46, 85-88, 92-98-р хуудас/

Дээрх төлбөрийг төлсөн байдлыг тодруулбал:

1.1. 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элд,/хх-ийн 29-р хуудас/

2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 2.900.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансаар,/хх-ийн 30,158-р хуудас/

2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 2.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансаар, /хх-ийн 31-р хуудас/

2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элд, /хх-ийн 33-р хуудас/

2016 оны 9 дүгээр сарын 9-нд 19.500.000 төгрөгийг У ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Энхтуяагийн 5011207882 тоот дансаар, /хх-ийн 7, 39-р хуудас/

2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр 260.000.000 төгрөгийг У ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Э гийн 5011207828 тоот дансаар,/хх-ийн 7-р хуудас/

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 8.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансаар,/хх-ийн 40,159-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансаар,/хх-ийн 44-р хуудас/

2017 оны 3 дугаар сарын 13-ний өдөр 1.200.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансаар, /хх-ийн 45,160-р хуудас/

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын Хаан банкны 5024210459 тоот дансааар, /хх-ийн 48,203-р хуудас/

1.2. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2.100.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элд бэлнээр шилжүүлсэн болох нь гэрч М.Рэндэн-Очирын мэдүүлэгээр,/хх-ийн 32,173,174 -р хуудас/

2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 500.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элын эхнэрийн 5007269130 тоот дансаар, /уг данс нь З.Элын эхнэрийн данс бөгөөд төлбөрийг З.Эл хүлээн авсан болох нь гэрч З.Элын гэрчийн мэдүүлэг/ /хх-ийн 34, 163,247-249-р хуудас/

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Элд өгсөн болох нь гэрч З.Элын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний дагуу Н ХХК-аас ямар нэгэн төлбөр авсан уу гэсэн асуултад ... би өөрийнхөө дансаар бол аваагүй, ...31.000.000 төгрөгийг Баяржавхлангаас авсан, үүний 10.000.000 төгрөгийг гэрээ хийхдээ урамшуулал болгон өгсөн гэх мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд хэдийгээр 31 сая төгрөгийн 10 сая төгрөгийг нь гэрээ хийхэд урамшуулал болгон авсан гэх боловч энэ талын баримт хэрэгт авагдаагүй тул 31 сая төгрөгийн 21 сая төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 21.000.000 төгрөгт оруулан тооцсон. /1-р хх-ийн 248,249-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З.Чимгээгийн хаан банкны 5014249183 тоот дансаар 5.000.000. төгрөгийг Баяржавхлангийн 5020196809 тоот данснаас шилжүүлсэн болох нь гэрч Болормаагийн мэдүүлгээр /1-р хх-ийн 162, 2-р хх-ийн 165-166-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг Н.Б гийн хамтран амьдрагч Ц.М аас, 2017 оны 2 сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг Гантулга гэгчээр өгүүлснийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Эл авсан болох нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ц.М ын мэдүүлгээр тогтоогдсон, /2-р хх-ийн 31-37-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээнд худалдагчийг төлөөлж У ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Э , З.Эл Ц.С , худалдан авагчийн төлөөлж Н ХХК-ийн захирал Н.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч тэдэнд бэлнээр болон дансаар /дээр дурдсанаар/ төлбөрийг өгч байсан байх тул уг гэрээний дагуу төлж байсан төлбөр гэж үзнэ. /1-р хх-ийн 4-6, 64-67, 2-р хх-ийн 14,15-р хуудас/

Худалдан авагч нь баримтаар тогтогдож буй 325.900.000 төгрөгийн төлбөрөөс гадна гэрээний дагуу өмчлөх эрхийг нь шилжүүлэхээр тохиролцсон CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын, УБ 1876 улсын дугаартай авто ачигчийг У ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С ын нэр дээр албан ёсоор шилжүүлжээ. /2-р хх-ийн 85-90-р хуудас/

Зохигчид худалдах худалдан авах гэрээнд CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигч, 3443 УНЧ улсын дугаартаөй Тоёота камри загварын автомашиныг хамтад нь 130.000.000 төгрөгөөр үнэлж тохиролцсон.

Нэхэмжлэгч нь авто ачигч болон Тоёота камри маркын автомашинуудыг тус бүрд нь хэдэн төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон талаар тодорхой тайлбаргүй, хариуцагч нь Тоёота камри автомашиныг 12.000.000 төгрөгөөр, авто ачигчийг 118.000.000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарлдадаг боловч гэрч Ц.М талууд гэрээ байгуулах үед авто ачигчийг 80.000.000 төгрөгт, өөр нэг техникийг 50.000.000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролсон. Энэ 50.000.000 төгрөгийн техник нь тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн байсан тул түүний оронд Тоёота камри маркын машин өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн гэж мэдүүлсэн тул авто ачигчийг талууд 80.000.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон гэж үзнэ. /2-р хх-ийн 42-46-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг авто ачигчийн гэрчилгээний нэрийг л шилжүүлж өгсөн болохоос бодитоор шилжүүлж өгөөгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч бодитоор шилжүүлэн авч өөр этгээдтэй уг авто ачигчийн талаар хэлцэл хийсэн болох нь ... машин дээр очиж харсан, Содном, Ганзориг, Моломжамц гуравтай машины талаар уулзаж байсан, Ганзориг би авсан байгаа мөнгийг нь 2 хувааж төлнө гэж байсан, 11 дүгээр сарын 15-ны өвөр тал мөнгийг нь өгнө, үлдсэнийг нь хавар өгнө гэсэн З.Элын мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр Моломжамцын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 247, 2-р хх-ийн 41,42-р хуудас/

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.- т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заажээ.

Дээрх бүхнийг дүгнэхэд худалдагч нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв талбайтай Ү-2202000360 дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэлтэй, 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК- ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 82,84%-ийг нь төлсөн байх бөгөөд үлдэх 17,16 %-ийг төлөөгүй шалтгаан нь гэрээний дагуу шилжүүлсэн гэх өргөтгөлийн маргаан болон уг газрын гэрчилгээ гараагүйтэй холбоотой байх тул хариуцагч хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй, үүргийн ялимгүй зөрчил гарсан байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарлаж байгаа боловч худалдан авагч төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөх нь хэн алинаас нь хамаарч байгаа буюу худалдагч уг үл хөдлөх хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн байхад нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон гээд гэрээнээс татгалзах үндэсгүй юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийн хүлээнэ.

Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлахдаа гэрээнд заасан 360,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний дагуу өмчлөх эрхийг нь шилжүүлэхээр тохиролцсон CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийг У ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С ын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн, 3443 УНЧ улсын дугаартай Тоёота камри загварын автомашиныг шилжүүлээгүй байгаа бөгөөд шилжүүлээгүй шалтгаан нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийн газрын гэрчилгээг У ХХК гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүй байгаатай холбоотой гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч У ХХК-д 325,900,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын нэр дээр шилжүүлсэн, гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 490,000,000 төгрөгөөс дээр дурдсан төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн, мөнгөн төлбөр болон бодитоор шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ нийтдээ 405.900.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

З.Элын дансаар болон бусад байдлаар гэрээ байгуулагдахаас өмнө авсан төлбөрүүдийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн гэдгийг гэрч З.Эл нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2016 оны 9 сарын 9-ний өдөр тооцоо нийлэхэд байсан бөгөөд талуудын нийлсэн тооцоог асуудалгүй гэж үзэж байгаа талаараа болон гэрээ байгуулагдахаас өмнө Н ХХК болон захирал Н.Б нараас авлагатай байгаагүй талаараа мэдүүлсэн тул шүүх дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааны баримтаар нотлогдсон төлбөрүүдийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт оруулан тооцсон болно.

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 5-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын мөнгийг Чингэлтэй дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн газрын гадна У ХХК-ийн үүсгэн байгуулагч болох Ц.С , З.Эл, З.Э нарт өгсөн гэх боловч баримт нь хэрэгт авагдаагүй, мөн зориулалт нь өөр агуулгатай байх тул уг төлбөрийг, 2016 оны 9 сарын 9-нд 2016 оны дулааны төлбөрийн өр 747,790 төгрөгийг төлсөн гэх боловч уг төлбөрийн зориулалт нь өөр байх тул уг төлбөрийг, 2016 оны 9 сарын 9-ний өдөр гэрээ болон нотариатын зардал, бусад зардалд 252,210 төгрөгийг З.Э , З.Эл Содном нарын өмнөөс төлсөн гэх боловч баримтгүй, хэрэгт өгсөн нотариатын мөнгөний тасалбар нь өөр үнийн дүнтэйгээс гадна нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй баримт байх тул уг төлсөн гэх төлбөрийг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн болно гэсэн З.Эл гэсэн баримтыг гэрч Н.Болормаа ... 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш цувруулан өгсөн мөнгөний тооцоо бөгөөд тухайн өдөр 20.000.000 төгрөгийг З.Элд өгөөгүй гэж мэдүүлсэн тул уг төлбөрийг, 2016 оны 9 сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Э манайд тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан гэх боловч төлбөрийн зориулалт өөр агуулгатай байх тул уг төлсөн гэх төлбөрийг, 2017 оны 2 сарын 9-ний өдөр У ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Эл 300,000 төгрөгийг бэлнээр авсан гэж тайлбарласан, хэрэгт кассын зарлагын ордер /1-р хх-ийн 47-р хуудас/-ыг баримтаар өгсөн боловч уг баримтын (мөнгө хүлээн авсан) гэсэн хэсэгт Эрдэнэжаргал гэж тэмдэглэсэн байх тул уг төлбөрийг, 2015 оны 1 сарын 19-ний өдөр цахилгааны гэрээгээ шилжүүлж өгнө гэж З.Э 1,500,000 төгрөг авсан гэх боловч баримтгүй байх тул уг төлбөрийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна./1-р хх-ийн 35, 36-38, 41, 43, 46, 47, 2-р хх-ийэ 165,166-р хуудас/

Шүүх дээр дурдсан төлбөрүүдийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзээгүй нь хариуцагч тухайн мөнгийг шилжүүлэн өгсөн гэх этгээдээсээ уг мөнгийг буцаан шаардах эрхийг хязгаарлахгүй болно.

Иймд нэхэмжлэгч /худалдагч/ У ХХК, хариуцагч /худалдан авагч/ Н ХХК-иудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

ХОЁР: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын тухайд:

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан боловч дээрх өргөтгөлийн хэсгийн талаар гэрээнд дурдагдаагүй байна./хх-ийн 4-6-р хуудас/

Хариуцагч нь өргөтгөлийн хэсгийн талаар гэрээнд тусгаагүй шалтгааны шүүх хуралдаанд тайлбарлахдаа өргөтгөлийн хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан учраас гэрээнд тусгах боломжгүй байсан, гэсэн хэдий ч бодит байдал дээр өргөтгөлийн хэсэг нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой нэг бүхэл объект бөгөөд анхнаасаа өргөтгөлийн хэсгийн хамтаар худалдах худалдан авахаар тохиролцсон, тийм ч учраас гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч тал уг хэсгийг хариуцагчаас түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарласан.

Өргөтгөлийн хэсэгт тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, өргөтгөлийн хэсгийн талбайг үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайд нэмж үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дахь талбайн хэмжээнд нэмэлт оруулаагүй, зээлийн судалгаанд хамрагдаж байсан болох нь талуудын тайлбар, гэрч С.Буяннэмэх, Г.Энхмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 175-177, 2-р хх-ийн 162-164-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөлийн хэсэгтэй нь хамтад нь худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч уг өргөтгөлийн хэсгийг хариуцагчаас түрээслэн ашиглаж байсан болох нь нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Н ХХК-д өргөтгөлийн хэсгийг ашигласны түрээсийн төлбөр төлж байсан баримт, гэрч Г.Энхмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг чөлөөлөхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтад зааснаар шаардах эрхгүй байна./1-р хх-ийн 56-р хуудас,2-р хх-ийн 162-164-р хуудас/

Түрээсийн төлбөр төлж байсан баримтад гарын үсэг зурсан У ХХК-ийн тухайн үеийн захирал байсан З.Э нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг баримтыг хоосон цаас байсан бөгөөд хоосон цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, уг төлбөр нь өөр зориулалттай байсан гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч түүний мэдүүлэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үед өгч байсан өөрийнх нь мэдүүлэгтэй нь зөрж байх тул шүүх гэрч З.Э гийн мэдүүлгээр түрээсийн төлбөрийн баримтыг үгүйсгэх боломжгүй гэж үзсэн болно.

Барилгын зураг төслийн Алтан дуулга хаус ХХК-ийн гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Найман шарга ХҮТ-ийн 17/20 тоот У ХХК-ийн барилгын өргөтгөл, цайны газрын ажлын зураг болон ажил хийж буй хүмүүсийн цото зураг гэсэн баримтуудаар нэхэмжлэгч У ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгч гэж үзэх үндэсгүй. /1-р хх-ийн 129-135-р хуудас, хавсралт ажлын зураг-53х/

Нэхэмжлэгч /худалдагч/ нь дээрх өргөтгөлийг У ХХК-ийн өмч гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн дагуу нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Иймд нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий өргөтгөлийн үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоон, уг өргөтгөлийг хууль бус эзэмшилээс чөлөөлөх үндэсгүй байна.

Дээрх бүхнийг дүгнэхэд нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын /өргөтгөлийн/ өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,818,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО