Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01960

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01960

 

 

Ундрам Од ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ундрам Од ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ньюремеди ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ундрам Од ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Ньюремеди ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Наранбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунзул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баяржавхлан

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Нямхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ньюремеди ХХК-тай 2016 оны 06 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бид гэрээгээр компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40,50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр Ньюремеди ХХК-д худалдаж, Ньюремеди ХХК нь 18-76 УБ улсын дугаартай авто буулгагч, 42-55 УНМ улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130 000 000 төгрөгөөр тооцож бартераар, үлдэх 360 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон.

Үүнээс Ньюремеди ХХК нь 279 500 000 төгрөгийг төлсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Ньюремеди ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэвч Ньюремеди ХХК нь 18-76 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг Ц.Содномын шилжүүлэн өгсөн боловч биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй. Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн.

Ийнхүү Ньюремеди ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гарахгүй байсан учир бид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Ньюремеди ХХК-ийн захирал Н.Баяржавхлангийн дээрх үйлдэл нь манай компанийг залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ньюремеди ХХК-ийн захирал Н.Баяржавхлан нь автомашин, төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.

Ньюремеди ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016 оны 6 сард худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгаын 45-1 тоотод байрлах 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ундрам Од ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Ньюремеди ХХК-д даалгаж, өргөтгөлийг Ньюремеди ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Ундрам Од ХХК-тай нэг байранд өөрсдийн тус тусын эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2016 оны 4 сараас эхлэн Ундрам Од ХХК-ийн үүсгэн байгуулагчид З.Энхтуяа, З.Энхжаргал нар нь манай компани Худалдаа хөгжлийн банкинд 100 000 000 төгрөгийн зээлтэй, зээл нэхэгдээд байгаа учраас караоке худалдах санал тавьж, гуйх болсон. Тэгээд би Ундрам Од ХХК-ийн караокены үйл ажиллагаа явуулж буй объектыг үзэхэд дээвэр тал нь цоорхой, ус гоождог, шарлаж мөөгөнцөртсөн нуралт үүссэн байсан ба урьдчилгаа төлбөр өгвөл засвар хийж өгнө, засварт өгсөн мөнгийг 490 000 000 төгрөгөөс хасч тооцохоор тохиролцсон. Мөн тус мөнгөний тодорхой хэсэгт хоёр машин оролцуулан авахад татгалзах зүйлгүй гэсэн.

Ингээд би гэрээ хийхээс өмнө 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дараах төлбөрийг төлж эхэлсэн ба 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь худалдагч тал Ундрам Од ХХК нь Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40,50 мянгат /15171/ хороолол жуулчны гудамж, 45-1 тоотод байрлалтай, 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, Ү-2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр манай компанид худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 130 000 000 төгрөгт УБ18-76 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3-43 улсын дугаартай Тоёото камери маркийн 2007 оны машин зэргийг Ундрам Од ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Манай Ньюремеди ХХК нь гэрээний дагуу УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг Ундрам Од ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудлын машиныг шилжүүлээгүй байгаа, учир нь бидний дунд тохирсон яриа байгаа.

Нэхэмжлэгчид нийт 360 500 000 төгрөгийн төлбөр төлсөн. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр банкны шийдвэр гарч, 300 000 000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40 000 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгохоор шийдвэр гарсан. Бид Ундрам Од ХХК-ийн үүсгэн байгуулагчид н.Энхтуяа, Ц.Содном, н.Энхжаргал нарт энэ тухай танилцуулсан, тэд ч газрын бичгээ гаргаж өгнө, энэ мөнгөө авч байя гээд зээлээ авах болоход Ундрам Од ХХК-ийн үүсгэн байгуулагчид бидэнд мөнгө байхгүй чи мөнгө зээлээд тус үл хөдлөх хөрөнгийг суллаад өгөөч, бидэнд мөнгө зээлэх хүн байхгүй гэж хүссэний дагуу би 100 000 000 төгрөгийг Г.Өнөрбатаас зээлж, Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төв рүү н.Энхжаргал, н.Энхтуяа, Ц.Содном нарын хамт явж тус үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бид кароакег хүлээж аваад дотор нь мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийн дагуу хана, шал, тааз, гал тогооны өрөө бүгдэд засвар хийсэн.

Ундрам Од ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содном нь бид одоо ямар нэгэн бизнес байхгүй хоолны мөнгөө олох хэрэгтэй байна. Танайх одоохондоо зөвшөөрөл чинь гараагүй байгаа юм чинь түр хугацаагаар түрээслээч гэсэн санал тавьсан. Караокег тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж ажиллуулах ёстой. Тухайн үед энэ зөвшөөрлийг түр хугацаагаар хаасан байсан учир манай байгууллага Ундрам Од ХХК-ийн түрээслэх саналыг хүлээж авч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Ундрам Од ХХК-д түрээсэлсэн.

Ингээд тэр өдрөө н.Энхтуяатай дахин уулзаж Ундрам Од ХХК-тай дахин түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр болох 2 200 000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2 200 000 төгрөгийг Ундрам Од ХХК нь төлсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Ундрам Од ХХК-ийн захирал З.Энхтуяа манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Ц.Содномд үзүүлчхээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй. Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга, удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчихээд түүнээс хойш алга болсон.

Харин сүүлдээ төлбөр төлөх талаар шаардахад та нар манайхыг мэхэлсэн гэж хэлээд цагдаагаар шалгуулж, маргаан үүсгэн цаг хожих болсон. Ундрам Од ХХК нь одоогийн байдлаар манай байгууллагад 24 500 000 төгрөгийн түрээсийн өртэй. Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчхээд үйл ажиллагаа явуулсаар байгаа. Ундрам Од ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100 000 000 төгрөгийн зээлээ хаалгачихаад, мөн 360 000 000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчхээд, 360 500 000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчихээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм. Иймд Ундрам Од ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ундрам Од ХХК-ийн хариуцагч Ньюремеди ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ундрам Од ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Ньюремеди ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 2 748 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хариуцагчаас гаргасан төлбөр төлсөн гэх тайлбар болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлтийг хэт нэг талд үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Учир нь хариуцагч нь бичгээр гаргасан тайлбартаа он, цаг хугацааны дарааллаар төлбөр төлсөн гэж тайлбарладаг ба энэ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө, мөн Ц.Содномд өгөөгүй, 20 000 000 төгрөгийг н.Өнөрбат гэрчилнэ гэх ба үүнийг н.Энхжаргал авсан нь тогтоогдсон гэх байдлаар огтоосоо өгөөгүй, байгаагүй төлбөрийг н.Энхжаргалын авсан мөнгөтэй давхардуулж буюу хоёр талаас нь тайлбарлан авсан болгож дүгнэн, худалдах, худалдан авах гэрээний дийлэнх төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдал, нотлох баримтууд болон бодит нөхцөл байдалд үндэслэн тодорхойлоогүйд гомдолтой байна.

Мөн хэрэгт авто ачигчийг Ц.Содномын нэр дээр шилжүүлсэн гэх нэг нотлох баримт байхгүй хариуцагч талын гэрчийн мэдүүлэг, мөн эрүүгийн хэргийн мэдүүлэг зэрэг тодорхойгүй нөхцөл байдал байсаар байтал үүнээс хүлээлгэн өгсөн байна хэмээн үндэслэн тэдгээрт ашигтай байдлаар хэргийн нөхцөл байдлыг тайлбарлан шийдвэрлэсэн нь нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн нэг шаардлага болох өргөтгөлийн барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдсан болох нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг хариуцагчид ашигтай буюу хоёр талаас нь тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгийн бартераар худалдаж буй хэсэгт Тоёото камери маркийн авто машиныг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн болон авто ачигчийг 80 000 000 төгрөгөөр үнэлснийг асуудалгүй гэж үзэх ба ямар ч хүний толгойд 50 000 000 төгрөгийн үнэтэй Тоёото камери маркийн суудлын автомашин байхгүй. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хамтад нь худалдсан болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэж байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитой, нотлох баримтуудад тулгуурлан үнэлэх зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ундрам-Од ХХК нь хариуцагч Ньюремеди ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Ньюремеди ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ундрам-Од ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж, 45/01 тоот хаягт оршин байрлах, 204.28 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ньюремеди ХХК-д 490 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 130 000 000 төгрөгт 18-76 УБ улсын дугаартай авто ачигч, 34-43 УНЧ улсын дугаартай Тоёото камери маркийн автомашиныг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 360 000 000 төгрөгийг зээл авч худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын хувьд маргаагүй. Харин гэрээний дагуу төлөгдсөн үнийн дүнгийн хэмжээнд маргажээ.

 

Зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбарыг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч талаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөгийг З.Энхжаргал авсан эсэх үйл баримтыг тогтоолгохоор хариуцагч компанийн нягтлан бодогч Н.Болормааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь 1 дүгээр хавтасны 44 дэх талд авагдсан Ньюремеди ХХК-ийн нягтлан бодогчид хандаж З.Энхжаргалаас 20 000 000 төгрөг авсан талаарх гар бичвэртэй холбогдуулаад гэрч Н.Болормааг зайлшгүй асуух шаардлагатай байжээ. Тухайлбал, хэргийн үйл баримтыг, талуудын хоорондын тооцооны асуудлыг тодруулахад ач холбогдолтой байсан гэж дүгнэхээр байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийг шаардах эрх зүйн үндэслэл тодорхойгүй байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь уг өргөтгөл нь худалдах, худалдан авах гэрээний зүйлд хамаарах эсэх, хамаарахгүй бол бие даасан обьект болох эсэхийг тодруулах шаардлагатай юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ундрам-Од ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА