Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00181

 

“У-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1960 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “У-О” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК--д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “У-О” ХХК--ийн нэр дээр шилжүүлэхийг “Н” ХХК--д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баяржавхлан, өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн төлөөлөгч Н.Баяржавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Н” ХХК--тай 2016 оны 06 сарын 27-ны өдөр манай компани өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээ байгуулсан. “Н” ХХК- нь 18-76 УБ улсын дугаартай авто буулгагч, 42-55 УНМ улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130 000 000 төгрөгөөр тооцож бартераар, үлдэх 360 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон ба үүнээс 279 500 000 төгрөгийг төлсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж “Н” ХХК--д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэвч “Н” ХХК- нь 18-76 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг Ц.Содномын нэр дээр шилжүүлэн өгсөн боловч биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй. Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн.

Ийнхүү “Н” ХХК--д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гараагүй учир бид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. “Н” ХХК--ийн захирал Н.Баяржавхлангийн дээрх үйлдэл нь манай компанийг залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. “Н” ХХК--ийн захирал Н.Баяржавхлан нь автомашин, төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.

“Н” ХХК- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016 оны 06 сард худалдах-худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгатын 45-1 тоотод байрлах 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн.

Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “У-О” ХХК--ийн нэр дээр шилжүүлэхийг “Н” ХХК--д даалгаж, өргөтгөлийг “Н” ХХК--ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 130 000 000 төгрөгт УБ18-76 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3-43 улсын дугаартай Тоёото камери маркийн 2007 оны машин зэргийг “У-О” ХХК--ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг “У-О” ХХК--ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудлын машиныг шилжүүлээгүй байгаа,учир нь бидний дунд тохирсон яриа байгаа. Нэхэмжлэгчид нийт 360 500 000 төгрөгийн төлбөр төлсөн. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр банкны шийдвэр гарч, 300 000 000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40 000 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгохоор шийдвэр гарсан.

Бид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “У-О” ХХК--д түрээсэлсэн бөгөөд 2 200 000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2 200 000 төгрөгийг “У-О” ХХК- нь төлсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа “У-О” ХХК--ийн захирал З.Энхтуяа манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Ц.Содномд үзүүлчхээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй. Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга, удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчихээд түүнээс хойш алга болсон.

Харин “У-О” ХХК- нь одоогийн байдлаар манай байгууллагад 24 500 000 төгрөгийн түрээсийн өртэй. Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчихээд үйл ажиллагаа явуулсаар байгаа. “У-О” ХХК--ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100 000 000 төгрөгийн зээлээ хаалгачихаад, мөн 360 000 000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчхээд, 360 500 000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчихээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм.

Иймд “У-О” ХХК--ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “У-О” ХХК--ийн хариуцагч “Н” ХХК--д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “У-О” ХХК--ийн нэр дээр шилжүүлэхийг “Н” ХХК--д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 2 748 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1960 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У-О” ХХК-давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

1. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 000 000 /хорин сая/ төгрөгийг тухайн үед “У-О” ХХК--ний үүсгэн байгуулагч З.Энхжаргал нь өөрийн биеэр хүлээн авсан болох нь түүний мэдүүлэг, мөнгө хүлээн авсан баримтаар нотлогддог. Тийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан “нягтлан бодогч Болормааг” гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед нэхэмжлэгч тал нь шүүгчийн гаргасан захирамжинд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гомдол гаргаагүй, мөн давж заалдах журмаар гомдол гаргахдаа үүнийг дурдаагүй нь хүлээн зөвшөөч байна гэх үндэслэлтэй байгаа юм. Одоо н.Болормааг гэрчээр асуусан ч баримтаар хүлээлгэн өгсөн болохоор З.Энхжаргалд өгсөн гэдгээ гэрчлэх байх гэж бодож байна.

2. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд өргөтгөлийн асуудал тусгагдаагүй нь уг өргөтгөл нь худалдаж байгаа обьектоос эх сурвалжлан авсан болохоор салгаж ойлгож болохгүй, газрын зөвшөөрөл ч олгогдохгүй учраас худалдагч тал нь гэрээнд тусгаагүй учир уг өргөтгөл нь карказ зангидаж гурван талаас нь шахмал хавтан босгосон дээвэр гэж хуучин материалаар хийсэн дээрээс бороо гоожсон байсан. “У-О” ХХК--ийн захирал З.Энхтуяагаас асуухад “ Энд манайх өргөтгөл хийдэг юмуу гэж бодож эхлүүлсэн юм гэтэл мөнгө төгрөгийн бололзоогүйгээс хийж чадаагүй юм энэ ч гэсэн худалдаж байгаа обьектод давхар орж байгаа гэж” мэдүүлснээр “Худалдах-худалдан авах гэрээ” хийгдсэн байдаг ба инженерийн ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүй, худалдаж байгаа обьектын 1-давхрын хаалга оруулан барьсан хэдэн шахмал хавтан босгосон байсныг сүүлд нь “Н” ХХК- буулгуулж, “Төгс-Ундрах” ХХК-иар бариулсан болохыг барилга барьсан компанийн захирал н.Мөнгөнжигүүр мэдүүлсэн байдаг. Тухайн үед барилга баригдаж байх үед “У-О” ХХК- нь “Н” ХХК--ийн обьектыг түрээслэж байсан мөртлөө, маргаан гаргаагүй нь худалдагдсан обьекттой хамт худалдагдсан болохын нэг баталгаа юм.

Мөн ХААН банкны зээлийн судалгааны ажилтан очиж асуухад “Ундрам-Од”ХХК-ийн захирал З.Энхтуяа нь өргөтгөлийн талаар ярихдаа хамт худалдагдаж байгаа юм гэж тайлбарласнаар уг өргөтгөл нь зээлийн судалгаанд хамрагдсан талаар ХААН банкны ажилтан гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өргөтгөл барьсан компанийг гэрчээр асуулгах, мөн гарсан зардлын тооцоог гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсан нь өргөтгөлд гарсан зардал бага барьсан компани байхгүй байсан тул татгалзсан гэж хариуцагч талаас ойлгосон. Гэтэл өргөтгөлийг шинээр баригдаж дууссан хойно манай өмч гэж шүүх дээр маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд өргөтгөл гэдэг нэмэлт гэсэн ойлголт болох ба хэзээ ч үндсэн обьектоос салгаж болохгүйг Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчилтөнд тусгасан тул өргөтгөл нь бие даасан обьект биш юм. ”Ньюремеди”ХХК  өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан өргөтгөлийг ”Ундрам-Од” ХХК нь эзэмшилдээ авахаар шаардах үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1960 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн байх ба анхан шатны шүүх маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх зарим ажиллагааг үндэслэлгүйгээр хийхээс татгалзсан, улмаар зохигчийн мэтгэлцэх эрх хязгаарлагдсан гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Маргааны үйл баримт тогтоогдсон эсэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны агуулгын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

Талууд худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн талаар маргаж байгаа тохиолдолд төлбөрийн талаар шууд гэрчлэх нягтлан бодогчоос гэрчийн мэдүүлэг авах зохигчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй нь буруу байна.

Түүнчлэн, худалдах-худалдан авах гэрээний зүйл тодорхойгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөл шаардах эрхийн зүйл мөн эсэхийг тогтоохгүйгээр уг гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7.-д зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэсэн бол давж заалдах шатны шүүх мөн зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй.

Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг арилгаж, хэргийг дахин хянан хэлэлцэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1960 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 2 748 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН