Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2015/00017/И |
Дугаар | 130/ШШ2017/00567 |
Огноо | 2017-09-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2017/00567
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын ... дугаар багт оршин суух, О овогт Мын Б,
Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын .. дугаар багт оршин суух, Ж овогт Кы Т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн У сумын .. . багийн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч М.Б, К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.С орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1.М.Б нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүсжээ.
2. Нэхэмжлэгч К.Т нь Б аймгийн У сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоохыг тус тус шаардсан байна.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Би анх 1993 онд Б аймгийн У сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшаар томилогдсон. Намайг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус сургуулийн захирал асан Ш.М нь 49 тоот тушаалаар Хөх хөтөл дунд сургуулийн үдийн цайны хөтөлбөрийн хүүхдийн тоог илүү бичиж төрөөс илүү санхүүжилт бий болгосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Дараа нь 2013 оноос 2016 оны хооронд хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар 2016 оны 09 сард Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож шалгагдсан боловч шүүхээс цагаатгагдсан. Миний бие цагаатгагдсаны дараа ажилдаа эгүүлэн томилогдсон. Ш.Мын намайг ажлаас халсан 49 дүгээр тушаалын үндэслэл нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож төрөөс илүү санхүүжилт бий болгосон гэсэн үндэслэлээр ажлаас халсан тул намайг Б аймгийн У сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулж, мөн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг миний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг холбогдох байгууллагад даалгаж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч К.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Намайг Каримханы Т гэдэг. Би тус шүүхэд Б аймгийн У сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би энэ сургуульд 2011 оноос 2016 он хүртэл дуу хөгжмийн багш, бага ангийн багш, дотуур байрны багшаар 6 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын дутагдал гаргаагүй, идэвх, зүтгэл гарган сайн ажиллаж байсан. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дотуур байранд амьдрах хүүхдийн тоо нэмэгдэж ачаалалтай болсон тул намайг түр тушаалаар авч ажиллуулж Ш.М захирал намайг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 54 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилсон юм.
Миний оронд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Быг ажилд авч намайг үндэслэлгүй ажлаас халсан. Анх намайг ажилд томилсон тушаалд тухайн орон тоо М.Бы орон тоо гэсэн зүйл бичигдээгүй. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан. М.Б нь хариуцагч К.Сын хүргэн ах нь учраас намайг үндэслэлгүй ажлаас халсан. М.Бы холбогдсон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй гэсэн байхад М.Б нь дотуур байрны багшаар ажиллах боломжгүй. М.Б 4 жил цагдаагийн байгууллагад шалгагдаж 2013 онд ажлаас халагдсан. М.Б нь дүүгийнхээ хамт сургуулийн төсөвт холбогдож эрүүгийн хэрэгт холбогдсон. М.Быг шийтгэж шүүхээс шийтгэх тогтоол гарсан учир түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна.
Шүүхээс К.Сыг цагаатгаж, М.Быг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн. К.С, М.Б нар төрөл садангийн холбоотой тул М.Быг яаж ажилд авсныг ойлгохгүй байна. М.Б нь миний орон тоо гээд намайг ажлаас халаад миний оронд орсон. Би 2015 онд ажилд орсон, надаас өмнө бас 2 хүн ажилд орсон. Тэгэхэд М.Бы ажлын байр яаж 5 жил хадгалагдах юм бэ гэдгийг ойлгохгүй байна.
Мөн М.Б нь мэргэжилгүй хүн. Миний тушаал түр тушаал, орон тооны хүн эргэж орох хүртэл гэж гарсан байна гээд маргаж байна. Гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн хавсралт хэсэгт бүр тушаал гэж бичсэн. Тэр үед дотуур байрны хүүхдийн тоо нэмэгдээд дотуур байрны багшийн орон тоог нэгээр нэмэгдсэн учраас би ажилд орсон байсан. Дотуур байрны багш гэсэн орон тоо байгаа бөгөөд дотуур байрны хүмүүжүүлэгч гэсэн орон тоо байхгүй. Дотуур байрны хүмүүжүүлэгч гэж дотуур байрны жижүүрийг хэлдэг, харин дотуур байрны багш нь багшийн мэргэжилтэй байх ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд захирал Ш.М нь М.Быг дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажиллуулсан байна.
Тийм учраас намайг Б аймгийн У сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн орон тоонд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б, К.Т нарын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч М.Бы хувьд 1993 онд тус сургуулийн дотуур байрны багш, хүмүүжүүлэгчийн орон тоонд томилогдсон. Тухайн үед дотуур байрны хүмүүжүүлэгч гэсэн орон тоо байсан. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч, багшаар тасралтгүй ажиллаж байсан. Дараа нь М.Б эрүүгийн хэрэгт шалгагдах болсон тул тухайн үед сургуулийн захирал байсан Ш.М 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.
Түүний оронд ажилгүй байсан К.Тийг түр томилсон. М.Б, К.С нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр цагаатгагдсан тул тус сургуулийн захирал К.С М.Быг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар дотуур байрны багшаар эгүүлэн томилсон. Түүнээс хойш М.Б дотуур байрны багшаар нэг жил ажиллаж байна.
М.Б тус сургуулиас 12,5 сая төгрөг завшсан гэсэн асуудлаар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Энэхүү хэрэгт холбогдож шалгагдсан боловч шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан. Тус сургуульд 4 дотуур байрны багшийн орон тоо байгаа. 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тус сургуулийн дотуур байрны багш, хүмүүжүүлэгчээр Аманкелди, Маншук, Хаткей, Б нар ажиллаж байсан. Хаткей нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул түүний оронд Ш.Турсыныг томилсон. Одоогийн байдлаар тус сургуулийн дотуур байрны багш, хүмүүжүүлэгчээр Аманкелди, Маншук, Турсын, Б гэсэн 4 хүн ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулсан. Тийм учраас К.Тийг тус сургуулийн дотуур байрны багшаар авч ажиллуулах боломж байхгүй тул нэхэмжлэгч М.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөх, нэхэмжлэгч К.Т нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоохыг тус тус шаардсан байна.
Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.Быг тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсон, мөн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч энэхүү тайлбар болон тушаалыг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.
У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.10, М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.10-д заасныг тус тус үндэслэн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч ажилтай М.Б нь хүүхдийн тоог илүү гаргаж төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.Б, К.С нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор М.Бд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Быг давтан үйлдлээр татварт ногдох онц их хэмжээний орлого болох 8404900 төгрөг нуун дарагдуулж, 6550000 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дээрх ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.
М.Быг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч нь дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг шаарджээ. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралт, 2014, 2015 онуудын дотуур байрны ажиллагсдын цалингийн төсвийн баримт зэргээс үзэхэд Хөх хөтөл есөн жилийн сургуулийн дотуур байрны багш-4-өөр батлагдсан нь тогтоогдож байх ба тухайн дотуур байрны багшийн орон тоо нь дотуур байрны хүмүүжүүлэгчийн орон тоотой нэг байгаа талаар нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгч М.Быг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Бы Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч К.Т нь У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч К.Тийг У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн орон дахь хүн нь эргэн ирсэн тул дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч К.Т нь У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн бага ангийн багшаар хүний оронд түр томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн дотуур байрны үндсэн багшаар томилогдсон нь У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч К.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн дотуур байрны үндсэн багшаар томилсон мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байдалд ажилтан К.Тийг буруутгах үндэслэлгүй болно.
Ажил олгогчийн нэхэмжлэгч К.Тийг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогч нь К.Тийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтыг үндэслэхэд хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан эсэх, мөн хөдөлмөрийн гэрээг байгуулсан огноо зэргийг анхаарч үзээгүй нь хариуцагчийн буруу байна. Гэрч Ш.М /тухайн үед У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирал байсан/ нь нэхэмжлэгч К.Ттэй 2013 онд бага ангийн багшаар түр ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээ л хийж байсан, улмаар 2015 онд К.Т нь дотуур байрны багшаар томилогдоход Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэдгийг хүлээн мэдүүлсэн болно.
Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байхад 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн орон дахь хүн нь ирсэн гэснээр нэхэмжлэгч К.Тийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Иймд нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан М.Бы Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20094000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Ж овогт Кы Тийг Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б, К.Т нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК