Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02067

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  К ББСБ ХХК -д холбогдох,

цалин олговорт 33.888.098 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь К ББСБ ХХК-д 2003 оны 12 дугаар сараас хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирлаар тус тус ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэрээр нэхэмжэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй , нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөөр байсан тул миний бие ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 01335 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаартай магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46.250.000 төгрөгийг хариуцагч К ББСБ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн.

Ийнхүү удаа дараагийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч миний эрх ашгийг хамгаалсан байхад К ББСБ ХХК нь өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэрийг биелүүлээгүй, намайг ажилд эгүүлэн томилоогүй, ажлын байраар хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөөр байна.

Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа хамаардаг тул миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээс хойшхи ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байгаа бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1., 46.1.-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх газарт миний 72 сая төгрөгийн зээлийн асуудал байгаа нь үнэн. Ажилтныг ажилд томилно гэдэг нь тоглоом бишээ, би Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдоогүй, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр намайг ажилд нь эгүүлэн тогтоосон.

Хариуцагч Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь тогтоосон мэт тушаал гаргасан байгаа юм. Гэхдээ хариуцагч шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлээгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний сарын цалингийн хэмжээг бичсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнийг дахин нотлохгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01335 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 33.888.098 төгрөгийг К ББСБ ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б ийг 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс ажилд нь эгүүлэн тогтоосон захирлын тушаал 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Захирлын тушаал хоцорч гарсан учир нь надаас болсон юмаа. Надад ажил явдал гараад би хөдөө явж ирээд хянасан тул ингэж гарсан юм.

Уг тушаалыг ажилтны гэрийн хаягаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар Б.Б ийг халах тушаал гэх мэт зүйлс гараагүй.

Б.Б ийг ирээд ажилдаа орно гэж бодож байгаа бөгөөд Батдорж цалингийн хэмжээгээ 2.150.000 төгрөгөөр нэхэмжилсэн байсан. Шүүхийн журмаар нийгмийн даатгалын газраас лавлагаа авахад дундаж цалинг 1.554.937 төгрөг гэсэн байсан. Энэ цалингаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түүний ажилгүй байсан хугацааны цалинг төлнө.

Бид дундаж цалингийн хэмжээг бодохдоо нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаагаар дундаж цалингийн хэмжээг тооцож байгаа.

Б.Б ийн сарын цалинг 1.544.937 төгрөгөөр бодоод 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцож зөвшөөрч байгаа, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч К ББСБ ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 33.888.098 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Б.Б ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 17.814.286 төгрөг гаргуулж Б.Б ид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг хариуцагч К ББСБ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж К ББСБ ХХК нь Б.Б ийн ажилгүй байсан хугацааны цалин 17.814.286 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүзлсэн байх боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дуусаагүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 80-117-р хуудас/

Дээрх шийдвэр гарсаны дараа нэхэмжлэгч /ажилтан/ Б.Б нь хариуцагч /ажил олгогч/ К ББСБ ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 46.645.680 төгрөг нэхэмжилснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01335 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0142 дугаартай тогтоолоор К ББСБ ХХК-иас 46.250.000 төгрөгийг гаргуулан Б.Б ид олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 53-74-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ.

Ажил олгогч К ББСБ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Гүйцэтгэх захирлын 09/151 тоот тушаалаар Б.Б ийг тус компанийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон гэж байгаа боловч түүнтэй зөвлөлдөж ажилтныг ажиллах нөхцөл ажлын байраар хангаагүй, дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг бодитоор биелсэн гэж үзэх боломжгүй .

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 36.1.2., 46- д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэжээ.

Ажил олгогч К ББСБ ХХК нь ажилтан Б.Б ийг ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорыг ажилтан Б.Б ид олгох үүрэгтэй.

Иймд ажил олгогч К ББСБ ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 32.659.524 төгрөгийг гаргуулж ажилтан Б.Б ид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь шилжүүлэн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.228.574 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

/2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 15 сар 4 хоногийн цалин /15 сар Х 2.150.000 = 32.250.000 төгрөг, 2.150.000: 21=102.381 төгрөг, 4 хоног Х 102.381= 409.524 төгрөг, 32.659.524 төгрөг + 409.524 төгрөг = 32.659.524 төгрөг, 33.888.098 төгрөг -32.659.524 төгрөг=1.228.574 төгрөг /

Ажилтан Б.Б ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 өдрийн цалинг 2.15.000 төгрөг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иймд ажилтан Б.Б ийн 1 сарын цалинг 2.150.000 төгрөг гэж тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч К ББСБ ХХК-иас 32.659.524 /гучин хоёр сая зургаан зуун тавин есөн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б ид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч К ББСБ ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.228.574 /нэг сая хоёр зуун хорин найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО