Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01065

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01065

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГ холбогдох,

үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдөр 181/ШШ2016/01287 тоот захирамжаар Улаанбаатар хот,  78.310.985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Н.Х миний бие зах зээлийн хүнд байгаа үед Капитрон банкинд дээрх мөнгийг одоо хүртэл төлж чадаагүй байна. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан ажиллагаа хийсний үндсэн дээр миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ногоон нуурын гудамж, 29 дүгээр байр,02 тоот хаягт байрлах 97.17 м.кв талбайтай орон сууцыг Итгэлт-эстимэйт ХХК-аас үнэлүүлсэн байсан бөгөөд үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр танилцуулжНийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн 4/4880 дугаартай мэдэгдлийг 2018 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болногэж зааснаар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Н.Х миний бие уг орон сууцыг 2013 онд 250.000 Usдолларт бодож худалдаж авч байсан.

Итгэлт-эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн үнэлгээ хийсэн нэгдсэн дүнгээс харвал гурван аргаар үнэлгээг хийж зах зээлийн хандлагын аргыг 100.00%, Өртгийн хандлагын аргыг 0.00% гэж тус тус ач холбогдол өгсөн байна.

Миний хувьд зах зээлийн хандлагын арга дээр нэмээд орлогын хандлагын аргыг ядаж 100.00% ач холбогдол өгөх ёстой гэж үзэж байна. Учир нь түрээслэхээс гадна: а) Миний эзэмшлийн нэг давхрын 97.17 м.кв орон сууц нь 20 м.кв өргөтгөл хийх боломжтой.

б) Өдөр өнжүүлэх болон бусад мэргэжил олгох сургалт явуулах боломжтой

в) Оёдлын болон нэхмэл гэх мэт жижиг дунд үйдвэрлэл явуулах боломжтой

г) Гадагш хаалга гаргаад үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой

дЯг хажуу талын 01 тоотод Хаш Чулуун эмчилгээ, бариа заслын үйлчилгээг сүүлийн дөрвөн жил тасралтгүй явуулж байна

е) Н.Х миний бие өмчлөлийн орон сууц болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байр, 01 тоот 97.17 м.кв орон сууцандаа гэр бүлийн хамт 2013 оны 05 дугаар сараас одоог хүртэл жилийн дөрвөн улиралд тасалгааны олон талт цэцэгс, мандлын болон хүнсний ногооны үрсэлгээ, гүзээлзгэнэ, тасалгааны помидор, чинжүүг мөн ногоон сонгино, салатны байцааг дөрвөн давхар зориулалтын гэрэлт тавиур бэлдэн тарьж ургуулж жилд гурван удаа ургац хураан авч олон түмэнд хүргэж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг.

Одоогийн эдийн засгийн байдал хүнд, хүмүүсийн амжиргаа хүндэрсэн энэ нөхцөлд өрхийн аж ахуйг эрхлэхийг улс орноос бүх шатанд дэмжиж байгаа энэ нөхцөлд иргэн бүр орон сууцаа зөвхөн унтаж амрах биш жижиг дунд үйлдвэрлэл явуулан ашиглах нь улсын хөгжилд их нэмэр оруулна гэж боддог.

Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээ хэт бага үнэлэгдсэн байх тул төлбөр төлөгч Н.Х миний өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотод байрлах 97.17 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 181/ШШ2016/01287 дугаар захирамжаар Н.Хаас 78.310.985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан .............. 97.17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Х нь барьцааны орон сууцыг 500.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дүгээр тогтоолоор Итгэлт-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

Итгэлт-эстимэйт ХХК нь дээрх хувийн сууцыг 191.019.883 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 3 дугаар сарын 14 ны өдрийн 4/4580 дугаар мэдэгдэх хуудсаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Н.Хд мэдэгдэн, хүлээлгэн өгч, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн.

Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, үнэлгээг хуулийн дагуу хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч*******т холбогдуулан, 97.17 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх, тус нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдлоо.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 181/ШШ2016/01287 дугаар захирамжаар Н.Хаас 78.310.985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгох, уг мөнгийг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Н.Х нь шүүхээс шийдвэрлэсэн захирамжид заасан 78 310 987 төгрөгийн төлбөрийг төлөөгүйн улмаас Капитрон банк ХХК нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17281156 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг үйлдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар 97.17 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 156/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, мөн өдөр 156/02 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг бичиж, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны дотор төлөхийг төлбөр төлөгч Н.Хд мэдэгдсэн байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн материалд ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Хын барьцааны хөрөнгийн хаягаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байрны 02 тоотод очиж төлбөр төлөгч Н.Хын гэр бүлийн хүн Д.Э уулзан, тэмдэглэл хөтөлж, улмаар 156/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэж, төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг үйлдсэн ба тухайн хугацаанд Н.Х уг төлбөрийг төлөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Н.Хтай уулзалт хийж, тэмдэглэл хөтлөн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг тайлбарлан танилцуулж, барьцааны орон сууцны үнэлгээний талаарх саналыг нь авахад тухайн өдөр /хх-ийн 41 дүгээр талд/ 500 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар үнийн саналаа өгчээ. Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Капитрон банк ХХК-д танилцуулахад, түүний өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй талаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай албан бичиг /хх-ийн 42 дугаар тал/-т тайлбарлан, зээлийн барьцааны хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр томилон үнэлүүлж, хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрийг барагдуулах ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлгүүлэх гэсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дүгээр тогтоолоор Итгэлт-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолыг талуудад танилцуулах ажиллагааг хийсэн байна. Итгэлт-эстимэйт ХХК нь Сүхбаатар 97.17 м.кв талбайтай орон сууцыг 191.019.883 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тогтоож, хөрөнгө үнэлгээний тайланг бичиж хариуцагчид өгсөн байна.

Тухайн үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4/4580 дугаар мэдэгдэх хуудсаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Н.Хд мэдэгдэн, тэмдэглэл хөтөлж баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу төлбөр төлөгч Н.Х нь шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4/4580 дугаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 1, 9 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч болох өмчлөгч Н.Х нь Сүхбаатар 97.17 м.кв талбайтай орон сууцаа 500.000.000 төгрөгөөр үнэлэх саналаа бичгээр гаргасан, үүнийг нь үүрэг гүйцэтгүүлэгч Капитрон банк ХХК-д танилцуулахад уг үнийн саналыг нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хариуцагч байгууллага нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.

Итгэлтэстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотын, 97.17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн 1/. Харьцуулан зэрэгцүүлэх арга, 2/. Өртгийн хандлагын арга, 3/. Орлогын хандлагын арга зэрэг аргуудыг тус тус ашиглан Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус заасан журмыг баримтлан эд хөрөнгийн үнэлгээг хийж, 191 019 883 төгрөг болохыг нь тогтоожээ. Тухайн компанийн тогтоосон энэхүү эд хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн, төлбөр төлөгч буюу гомдол гаргагч Н.Хын эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Х нь Итгэлтэстимэйт ХХК-ийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байх тул түүний шүүхэд гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.Хын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ