Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01861

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дугаар магадлалтай,

Н.Х-ын нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 1287 тоот захирамжаар Н.Х-аас 78.310.985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ногоон нуурын гудамж, 29 дүгээр байр, 02 тоот хаягт байрлах 97.17 м.кв талбайтай орон сууцыг Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж, НШШГГ-ын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4/4880 дугаартай мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн болно. Миний бие уг орон сууцыг 2013 онд 250.000 ам.долларт бодож худалдаж авч байсан. Уг обьектод үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой тул үнэлгээ илүү нэмэгдэх боломжтой юм. Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаар захирамжаар Н.Х-аас 78.310.985 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотын, 97.17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Х- нь барьцааны орон сууцыг 500.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дүгээр тогтоолоор Итгэлт-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууцыг 191.019.883 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4/4580 дугаар мэдэгдэх хуудсаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Н.Х-д мэдэгдэн, хүлээлгэн өгч, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, үнэлгээг хуулийн дагуу хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотод байрлах, 97.17 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.Х-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Х- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ “...үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, хөрөнгийн үнэлгээний компанийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй, үнэлгээ хийх эрхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Талуудын хооронд уг асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, гаргаж өгөөгүй баримтыг үнэлэх боломжгүй...” гэж дүгнэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасантай тус тус нийцсэн гэсэн байна. Нэхэмжлэгч би анхнаасаа л дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд миний бичгээр гаргасан нэхэмжлэлд маш тодорхой байдаг. Мөн давж заалдах гомдолд энэ тухай дэлгэрэнгүй дурьдсан байтал гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй байтал анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, гаргаж өгөөгүй баримтыг үнэлэх боломжгүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчид нь эрхтэй эсэх баримт угаасаа байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд авагдаагүй, түүнийг гаргаж өгөх боломжгүй, байхгүй нотлох баримтыг хэрэгт авах боломжгүй байтал тийм баримт байхгүй байна гэдэг үндэслэлээр гомдлыг шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, хөрөнгийн үнэлгээний компанийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй, үнэлгээ хийх эрхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байтал хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах, 97,18 м2 талбайтай орон сууцыг үнэлсэн Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хийлгэх тухай тогтоолыг үйлдэн үнэлгээг хийлгэхдээ хариуцагч НШШГГ- нь Шүүхийн шинжилгээний хуулийг ноцтой зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байдаг. Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох тухай журмыг ноцтой зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуй нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт байхгүй буюу үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээ хийн дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэг байхгүй мэргэжлийн бус этгээд гаргаж шинжээчээр ажилласан гэж үзэхээр байна. Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримтаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. Магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 хуулийг баримталсан нь зөв гэж дүгнэсэн мөртлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 42.2 дахь хэсгүүдэд тус тус заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүтээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “...Шийдвэр гүйцэтгэгч дараах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ...” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна...” гэж тус тус заасан хөрөнгийн үнэлгээтэй огт холбоогүй зүйл заалтыг баримтлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон. Дээрхи үл хөдлөх хөрөнгө нь бизнесийн хамгийн ашигтай байршилтай, ямар ч зориулалтаар ашиглаж болох зэрэг давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тооцох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Итгэлт Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад 100 хувь ач холбогдол өгсөн гэж дүгнэсэн мөртлөө зах зээл дээр тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнэлгээ нь яагаад хэрхэн тэгж үнэлэгдэж байгаа талаар баримтаар тайланд тодорхой тусгаагүй байдаг. Миний бие тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн хүнд үед буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бага үед анх худалдан авахдаа 250.000 ам.долларт буюу тухайн үеийн ханшаар 362.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өнөөдрийн ханшаар тооцвол 600.000.000 төгрөг болох бөгөөд би 500.000.000 төгрөгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн байдаг. Миний өгсөн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ байдаг. Тэгтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага 191.000.000 төгрөг буюу дэндүү бага үнэлсэнд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллага миний хөрөнгийг ингэж бага үнэлснээр дуудлага худалдаагаар 50 хувьд буюу миний төлбөрийн хэмжээнд тааруулан үнэлж миний хөрөнгийг шилжүүлэн авахаар үнэлгээ гаргасан гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Х-, НШШГГ-т холбогдуулан  төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Н.Х- хяналтын журмаар гаргасан гомдолдоо, ...шинжээчийг томилохдоо эрх, үүрэг тайлбарлаагүй, шинжээч үнэлгээ хийх эрхтэй нь нотлогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа өртөгийн болон орлогын хандлагын аргыг хэрэглээгүйгээс үнэлгээ багаар тогтоогдсныг хоёр шатны шүүх харгалзаагүй...” гэсэн үндэслэл заасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаар захирамжаар Н.Х- 78.310.985 төгрөгийг Капитал банк ХХК-д төлөх үүргийг хүлээж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба тэд тохиролцож чадаагүйгээс НШШГГ- нь Итгэлт эстимэйт ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

НШШГГ- төлбөр төлөгч Н.Х-д 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээг мэдэгдсэн, тэрээр 3 дугаар сарын 20-ны өдөр гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан “...гомдлыг ...7 хоногийн дотор шүүхэд гаргах” хугацааг зөрчөөгүй байна.

НШШГГ- 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-г шинжээчээр томилохдоо уг тогтоолыг нэхэмжлэгч Н.Х-д танилцуулсан нь хэргийн 45-р талд авагджээ. Нэхэмжлэгч нь томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх талаар маргаагүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ үндэслэлийг зааж, талууд мэтгэлцээгүй  тул эрхгүй этгээд үнэлгээ тогтоосон гэх  боломжгүй юм.

Түүнчлэн, НШШГГ- шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талуудын маргаагүй асуудалд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн  тодорхойлно” гэж заажээ.

Итгэлт эстимэйт ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 191.019.883 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход  үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Н.Х- нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ