Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01561

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01561

 

 

Н.Хонгозулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Хонгорзулын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 1287 тоот захирамжаар Н.Хонгорзулаас 78 310 985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ногоон нуурын гудамж, 29 дүгээр байр,02 тоот хаягт байрлах 97.17 м.кв талбайтай орон сууцыг Итгэлт-эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн 4/4880 дугаартай мэдэгдлийг 2018 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн болно. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаар захирамжаар Н.Хонгорзулаас 78 310 985 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотын, 97.17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Хонгорзул нь барьцааны орон сууцыг 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дүгээр тогтоолоор Итгэлт-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууцыг 191 019 883 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4/4580 дугаар мэдэгдэх хуудсаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Н.Хонгорзулд мэдэгдэн, хүлээлгэн өгч, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, үнэлгээг хуулийн дагуу хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоотод байрлах, 97.17 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Итгэлт-эстимэйт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.Хонгорзулын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хонгорзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Хонгорзулын давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. хөрөнгийн үнэлгээний компани улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хйисэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримт байхгүй, үнэлгээ хийх эрхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан. Өөрөр хэлбэл шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ашигтай байршилтай, ямар ч зориулалтаар ашиглаж болох давуу талыг үнэлэхдээ тооцоогүй. Миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 362 500 000 төгрөгөөр худалдан авч байсан ба өнөөдрийн ханшаар тооцвол 600 000 000 төгрөг болно. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага 191 000 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Хонгорзул нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаартай захирамжаар Н.Хонгорзулаас 78 310 985 төгрөг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч Н.Хонгорзул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр болон 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Н.Хонгорзулын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоотод байрлах 97.17 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 156/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 156/02 дугаар тогтоолоор хураасан, талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах, шинжээчээр эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Хэргийн 41-42 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 191 019 883 төгрөгөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 133 713 918 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, хөрөнгийн үнэлгээний компанийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй, үнэлгээ хийх эрхгүй, мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Талуудын хооронд уг асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, гаргаж өгөөгүй баримтыг үнэлэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ