Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01194

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01194

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Э.Н 

хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бага тойруу Ш.У-д холбогдох

сахилгын шийтгэл оногдуулах тухай Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Н.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Би 1990-1996 онд Эрхүүгийн техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр баклавар магистраар суралцаж төгссөн, 2003-2006 онд БНСУ-ын Донг-А Их сургуульд Геотехникийн судалгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 1998 онд Техникийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн инженерийн зураг зүйн тэнхимд дадлагажигч багшаар анх ажилд орсноос хойш 20 жил, 1998-1999 онд Техникийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн инженерийн зураг зүйн тэнхимд дадлагажигч багш, 1999-2003 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуульд сургалтын албаны дарга, 2006-2007 онд ШУТИС-ийн Барилгын инженер архитектуры сургуулийн геотехникийн профессорын багт дэд профессор, 2007-2014 онд ШУТИС-ийн Барилгын инженер архитектурын сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2014 оны 7 сарын 01-нээс захирлаар ажиллаж байна. Мөн өөрийн мэргэжлийн дагуу 2003-2006 онд БНСУ-ын Геотехникийн холбооны гишүүн, 2010 оноос Барилга байгууламж, ул хөрсний чиглэлээр Монгол Улсын зөвлөх инженер, 2016 оноос Канадын геотехникийн холбооны гишүүнээр тус тус ажиллаж байна.

Манай сургууль нь бусад салбар сургуулиуд дундаа санхүүгийн хувьд тогтвортой, 2,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Ямар нэгэн санхүүгийн алдаа дутагдалгүйгээр сургуулиа удирдаж байна. Өнөөг хүртэл ямар нэг хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн зүйл гаргаж байсангүй. Хоёргүй сэтгэлээр сургуулиа хөгжүүлэхийн тулд бүх идэвхи чармайлт гарган ажиллаж ирсэн. ШУТИС-ийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаалаар албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн бичгээр өгсөн хариу тайлбартай холбогдуулаад дараах тайлбарыг хийе. Өнөөдрийн хөдөлмөрийн маргаантай хэргийн гол зүйл нь 2018 оны 1 сарын 19-ний өдрийн Б/21 гэдэг Шинжлэх ухаан технологийн сургуулийн захирлын тушаал. Шийтгэл ногдуулах тухай гээд уг тушаал бол үндсэндээ 6 хууль болон асуудлын хэмээнд гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 сахилгын арга хэмжээ 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэжээ.

1.    ШУТИС-ын дүрмийн 4.4.12 захирлын эрх үүрэг гэдэг дээр дотоод журмын 10.1.2 дотоод журам ёс зүйн дүрэм гэрээ зөрчих юм бол ногдуулах гэсэн ерөнхий заалт. ШУТИС-ын профессор багш ажилчид ажлын үр дүнгээр өөрөөр хэлбэл энд нэхэмжлэгчид хамаагүй

2.    1.3-т оноогоор дүгнэж дээд удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр олгох хэмжээг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн.

3.    Ёс зүйн дүрмийн 3.1.5 албан тушаалын байдал эрх мэдлээ ашиглан ашиг хонжоо давуу тал бий болгох 4.2.2 энэ дүрмийн үүрэгт ажлаа хувийн ашиг сонирхолтой хольж хутгах эсвэл тийм байдалтай нөхцөл байдал үүсгэх

4.    Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 сарын 15-ны Хурлын шийдвэрийг үндэслээд.

5.    Хамгийн сүүлд нь удирдах ажилтнууд болон 2018 оны 01 сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл зэргийг үндэслээд үндсэндээ энэ удирдлагын шийтгэл ногдуулах тушаал гарчээ.

Нэгдүгээрт. Ёс зүйн сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь ШУТИС ийн багш ажилчдын ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэжээ. Хурлын шийдвэр нэгдүгээрт ямар нэг санал гараагүй байхад хоёрдахь удирдагчаа томилж оруулсан. Ийм үндэслэлээр эрдмийн зөвлөл хуралдсан.

Хоёрдугаарт. Сургуулийнхаа хамт олны төлөөлөл болсон багшийн хөгжлийн багтай хамтарч ажиллаж чадаагүй гэдэгт хоёр үндэслэлээр тайлбар байна. Ёсзүйн дүрмийн 3.1.5 , 4.2-т заасанг зөрчсөн гэж үзээд Дотоод журмын 10.3.6-ын дагуу сануулах арга хэмжээ авахаар санал оруулах нь зүйтэй гэж санал хураагаад зөвшөөрсөн гэсэн. Өөрөөр хэлбэл энэ маргааны гол ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэр. Өөрөөр хэлбэл ёсзүйн зөвлөл энэ хүн ёс зүйн зөрчил гаргасан уу үгүй юу гэдэг дээр үндэслээд түүн дээр сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Тэгвэл энэ ёс зүйн зөвлөлтэй холбоотой эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд байр суурины талаар ямар нэгэн санал гараагүй байхад хамтран удирдагчаар оруулсан. 2016 оны 5 сарын 6-ны өдрийн А/72 энэ бол өөрөө гаргасан юм биш ШУТИС-ын ректор тушаал гаргасан. Доктор хамгаалсан хүн нь өөрөө тодорхойлолтоо бичээд энэ хүнийг над дээр аваачээ гээд ямар нэгэн байдлаар шахсан дарамталсан юм бол байхгүй гээд бичээд өгсөн. Энэ нь яг юуг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан аль зүйлийг зөрчсөн гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах ёс зүйн зөрчил байхгүй байгаа гэж үзнэ. Нөгөөтэйгүүр ёс зүйн зөрчил гэж одоо хүнд ногдуулаад байгаа энэ асуудал нь өөрөө 2016 оны 3 сарын 25-ны өдрийн хуралдаанаас шийдсэн, тушаал нь 2016 оны 05 сарын 6-нд гарсан байна. Тэгэхээр хэрэв ёс зүйн зөрчилд үндэслээд сахилгын шийтгэл ногдуулах гээд байгаа бол Хөдөлмөрийн тухай хууль 134.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор шийтгэл ногдуулна.

ШУТИС-ын ёс зүйн дүрмийн 5.1-д нь ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байгаа. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь юу вэ гэхээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл 2016 оны 3 сарын 25 гарсан, энэ нь ёс зүйн зөрчил юм гээд 2018 оны 1 сарын 19-нд шийтгэл ногдуулсан нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Мэдээж аль болох ёс зүйн зөвлөлийн шийдвэр ингэж гарсан учраас энэ хүрээнд нь харж үзэхэд ийм байна.

Хоёрдугаарт, багшийн хөгжлийн багтай хамтарч ажиллаж чадаагүй гээд үүнийг бас ёс зүйн зөрчил гэж үзсэн. Энэ нь аль ч талаас боломжгүй. Багшийн хөгжлийн баг нь ямар дүрэм журмын хүрээнд ажиллах, дүрэм баримтлахын тулд ямар үйл ажиллагаа ямар хэм хэмжээгээр явах нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн багшийн хөгжлийн багийн 2017 оны 02 сарын 16-нд гаргаж өгсөн нотлох баримтад, 2017 оны 02 сарын 15-наас бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаасаа бууж байна энэ хугацаанд багшийг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд ШУТИС-ын таван төрлийн тэмцээнд муу үр дүн үзүүлсэн багийн хөгжил хөгжих шаардлагатай байгаа зэрэг шалтгааны үндсэн дээр энэ ажлаа орхиж байна мөн багшийн хөгжлийн багийн дэмжиж ажилласан хамт олондоо баярлалаа бас шинээр зохион байгуулах багийн энэ барилга архитекторын сургуулийн багшийн хөгжлийн багийн ахлагч Энхболд гэдэг хүн гарын үсэг зуруулжээ. Тэгэхээр энэ ингэж ажиллаж чадаагүй гэдэг нь өөрөө яг юуг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д хөдөлмөрийн гэрээ дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж байгаа. Хамаагүй зүйлийг ёс зүй гэж үзэх юм бол ёс зүйгээсээ илүү сахилгын зөрчил гэж үзэх талтай, тэгэхээр яг энэ агуулгынх нь хүрээнд аваад үзэх юм бол нөгөө талаар энэ өргөдөл нь өөрөө 2017 оны 02 сарын 16, тэгээд 2018 оны 01 сарын 19-нд шийтгэл ногдуулаад байгаа нь өөрөө хууль зөрчөөд байна гэж үзнэ. Мөн түрүүний өмнөх зөрчилтэйгаа адилхан сахилгын зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаатай хамаарах ёстой. Дээрхи үндэслэлээр гарч байгаа тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд гаргасан тайлбараа дэмжин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын шинж чанар, үр дагаварт нь тохирсон шийтгэлийг сонгох ёстой байдаг. Үүний дагуу бид ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д хөдөлмөрийн дотоод журам болон багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй профессор багш, ажилтанд хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу их сургуулийн ректор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ШУТИС-ийн УЗ-ын дарга болон захирал н.Очирбат нар дээр нэргүй өргөдөл ирсэн. Мөн ШУТИС-ийн захиралд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС-ийн БАС-ийн захирал Э.Э.Ныг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 25 хүний гарын үсэг бүхий шаардлага ирсэн. Багш ажилтны зүгээс ирүүлсэн энэхүү шаардлага нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр профессор багш ажилчдын төлөөлөх ёс зүйн зөвлөлд хандахдаа БАС-ийн захирал Э.Э.Н нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын тайлангийн хурлын үеэр авдаг хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан,зан харилцааны хувьд доголдолтой, дарамталдаг, хувийн болон сургуулийн ашиг сонирлыг ялгахгүй байна. Охин нь сургуульд багшилдаг. Нөхрөө магистрын диплом хамгуулах зөвлөлд оруулж, ажиллуулах гэх мэт ёс зүй алдсан учир захирлын үүрэгт ажилд тэнцэхгүй гэсэн үндэслэл болон холбогдох материалуудыг хүргүүлсэн. ШУТИС-ийн ёс зүйн зөвлөл нь ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 тоот тушаалаар батлагдсан ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэхь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд професоор багш ажилчдын хүргүүлсэн шаардлагатай танилцаж холбогдох хүмүүстэй уулзсан. ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 1.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах үүргээ гүйцэтгэн ШУТИС-ийн захиргаанд санал хүргүүлсэн. Санал хураалтын дүнг үндэслэн 1. БАС-ийн захирал Э.Э.Н нь ШУТИС-ийн багш ажилтны 3.1, 3.5, 4.2-т заасан нөхцөл байдал үүсгэсэн, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6, болон дүрэм журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар гаргасан ректорын тушаал шийдвэрийг зөрчсөн заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авахуулах 2. ШУТИС-ийн хичээлийн жил бүрийн эцэст бүрэлдэхүүн сургуулиудын захирлын ажлыг бүрэлдэхүүн сургуулийн багш ажилтнуудын хамт олноор хэлэлцүүлж үнэлүүлэн БАС-ийн захирлыг улируулан ажиллаж байгаа БАС-ийн хамт олон албан ёсоор тайлбар шаардлага шийдвэр гарган захиргаа хүний нөөцийн газарт ирүүлсэн. Энэхүү ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон шийдвэрийг их сургуулийн ажилтнуудын хамт БАС-ийн хамт олон Э.Э.Нт танилцуулахаар 2018 оны 1 дүгээр сарын 17-ны хамтарсан уулзалт зохион байгуулж, тус уулзалтаар Э.Э.Н нь яригдаж буй асуудалтай танилцаад өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгон дүгнэлт хийж, өөрийнхөө дутагдлыг анхааран ажиллах талаар хэлж уучлалт хүссэн. Уулзалтад оролцсон ШУТИС-ийн дэд захирал, газрын дарга нар тухайн үеэр ярилцсан асуудал, хамт олноос гаргасан хүсэлт санал, ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, БАС-ийн 6 багшийн ШУТИС-ийн захирлын нэр дээр ирүүлсэн шаардлага, өргөдөл болон 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж хуралдсан тэмдэглэлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах саналыг гаргасан. Үүнийг ШУТИС-ийн ректорын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарах үндэслэл болсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э.Н хариуцагч Ш.Уд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүээр сарын 19-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлээ дэмжин оролцсон.

Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбараа дэмжин хамт олны санал хурлын тэмдэглэлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан гэж нэхэмжлэлийг үгүйсгэж маргасан.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож Э.Э.Нын нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэх, 2014 оны 07 дугаар сарын 01, 2017 оны 7 сарын 21-ний өдрүүдийн хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 07, 2016 оны 7 сарын 18, 2018 оны 3 сарын 01-ний өдрүүдийн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, 578254, 000122636 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, Иргэний орлогын албан татварын 000096194 тоот дэвтэр, тус тус ирүүлсэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дугаар тушаал, тус тус ирүүлсэн,

хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ШУТИС-ийн захирал Б.Очирбат танаа гэсэн, Барилга, архитектурын сургуулийн багш ажилчдын төлөөл гэж бичсэн, 6 хүний нэр гарын үсгийн бичвэр бүхий 2 хуудас өргөдөл, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/184 дугаар тушаал, уг тушаалаар батлагдсан ШУТИС-ийн багш, ажилчдын ёс зүйн дүрэм, ШУТИС-ийн багш, ажилчдын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 3 ШУТИС-ийн багш, ажилчдын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШУТИС-ийн барилга архитектурын сургуулийн хамт олны хурлын тэмдэглэл, Шинжлэх ухаан технологийн сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 289 тоот тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан технологийн сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, тус сургуулийн захирлын 2018 оны 2 сарын 01-ний өдрийн Багш ажилтан, ажилчдын албан тушаал, цалин шинэчлэн тогтоох тухай тушаал хавсралт 2 хуудасны хамт, 2015 оны 6 сарын 22, 2017 оны 6 сарын 12-ны өдрөөр огноо тавигдсан бүрэлдэхүүн сургуулийн захирлын үйл ажиллагаанд хамт олноос өгсөн үнэлгээ дүнг нэгтгэсэн Шинжлэх ухаан технологийн сургуулийн захиргаа мониторингийн газрын тамга дарагдаж, дарга гэсэн бичвэртэй хүснэгт 2 хуудас, санал хураалтын хуудсыг тоолж дүгнэсэн тухай тэмдэглэл, 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ШУТИС, БАС-ийн захирал Э.Э.Нын талаар ирүүлсэн гомдлын мөрөөр ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн төлөөлөл тус сургуулийн хэсэг профессор багш нартай уулзаж тодруулга хийсэн уулзалтын тэмдэглэл, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А94 дугаар Төгсөлтийн салбар комисс байгуулах тухай тушаал, хавсралтын хамт, 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Төгсөлтийн салбар комисс батлах тухай тушаал, хавсралтын хамт, 2016 оны 7 сарын 06-ны өдрийн Б/159 дугаар Ажлаас чөлөөлж, багшийн албан тушаалд ажиллуулах тухай тушаал хавсралтын хамт, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн А/72 дугаар Докторантыг шилжүүлэн суралцуулах, судалгааны ажлыг сэдэв өөрчлөх, удирдагч, зөвлөх комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай тушаал, хавсралтын хамт, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын 2011 оны 3 сарын 11-ний өдрийн А-63 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаал, Шинжлэх ухаан технологийн сургуульд магистр, докторын сургалт явуулах, хамгаалахад баримтлах журам, 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 03/16 тоот Барилга, архитектурын сургуулийн эрдмийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Чех Улсын Каритас байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2018 оны 5 сарын 18-ны өдрийн Л.*******ийн тодорхойлолтын албан ёсны орчуулга хуулбарууд, иргэн Л.Олзвойбаатарын 2017 оны 12 сарын 22-ны өдрөөр огноолсон нотариатаар гарын үсгийн үнэн зөв гэрчлэгдсэн тодорхойлолт тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан үндэслэлээр талуудын баримтыг тайлбарын хамт үнэлсэн болно.

Харин хариуцагч талын, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, захирал Б.Очирбат нарт гэсэн бичвэр хуулбар хэний хүсэл зориг болох нь тодорхойгүй, 2017 оны 06-р сарын 13-ны өдрөөр огноолсон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн захирлын тайлангийн дүн мэдээ гэсэн хүснэгт хуулбар, мөн Барилгын инженерийн орчны инженерийн салбар гээд 31 хүний нэр жагсааж хүснэгтэлж 25 хүний гарын үсгийн бичвэр бүхий нэг хуудас, Хүрээлэн буй орчны инженерийн салбар гээд 38 хүний нэр жагсааж хүснэгтэлж 16 хүний гарын үсгийн бичвэр бүхий нэг хуудас, БАС-ын захирал Э.Э.Нын асуудлаар тавьж байгаа шаардлагыг дэмжиж байвал та гарын үсгээ зурна уу гээд 33 хүний нэр жагсааж хүснэгтэлж 8 хүний гарын үсгийн бичвэр бүхий нэг хуудас, үйлчилгээний ажилчид гээд 21 хүний нэр жагсааж хүснэгтлээд 14 хүний гарын үсгийн бичвэр бүхий нэг хуудас баримтууд эх хэдий ч хэний юун тухай хүсэл зориг гэдэг нь тодорхойгүй, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БАС-ийн профессор, багш ажилчдын төлөөлөл Ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн тухай бичиг, 2017 оны 2 сарын 16-ны өдрийн БАС-ын БХБ-ийн ахлагч С.Энхболд гэсэн бичвэр мөн нэр бичигдсэн хүний гарын үсэг хүсэл зориг мөн эсэхийг нотлоогүй, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын А/29 дүгээр Докторантыг шилжүүлэн суралцуулах, судалгааны ажлыг сэдэв өөрчлөх, удирдагч, зөвлөх томилох тухай тушаал огноо дутуу хуулбарлагдсан хэзээ гарсан нь тодорхойгүй тул тус тус бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй.

ШУТИС-ийн удирдах ажилтнууд болон БАС-ийн хамт олны 2018 оны 1 сарын 17-ны өдрийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэл гэсэн нэг хуудас бичвэрт, гэрээт ахмад 4 багшийн хамт 29 хүн оролцсон гээд дэд захирал, дарга гэж бичээд 5 хүний нэр бичиж гарын үсгийн бичвэр үйлджээ. Албан тушаалтан гарын үсгээ зурж байгаа бол тамга тэмдэг эрх бүхий этгээд болохоо баталгаажуулаагүй, хувь хүн бол өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь нотлогдохгүй, эсвэл 29 хүн уулзалт хуралдаан хийсэн бол 5 нь яагаад гарын үсгээ зурсан, төлөөлөл мөн эсэхээ нотлоогүй, ямар үндэслэлээр 29 хүнийг төлөөлж гарын үсэг зурах болсон үндэслэл баримтгүй тул баримтыг үнэлэх боломжгүй.

Зохигчид мэтгэлцээний үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан хуулиар хүлээсэн үүрэгтэй ба хариуцагч тал маргаж буй үндэсэлээ хуулийн шаардлага хангасан нотлогоогоор мэтгэлцээнд оролцох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар зохицуулсан ба нэхэмжлэгч 2018 оны 1 сарын 19-ний өдөр гарсан тушаалд 2018 оны 4 сарын 17-ны өдөр шүүхэд гомдол ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд гэж үзэх үндэстэй.

Э.Э.Н нь 1998 оноос одоог хүртэл хугацаанд Ш.Уд Техникийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн инженерийн зураг зүйн тэнхимд дадлагажигч багш, Барилгын инженерийн сургуульд сургалтын албаны дарга, Барилгын инженер архитектурын сургуулийн геотехникийн профессорын багт дэд профессор, Барилгын инженер архитектурын сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2014 оны 7 сарын 01-нээс одоог хүртэл хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байгаа ба 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын Б/21 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2., Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.5, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3.6, ШУТИС-ийн профессор багш ажилтан, ажилчдад ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журмын 1.3, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.5, 4.2.2 дахь заалтууд, ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, их сургуулийн удирдах ажилтнууд болон БАС-ийн хамт олны 2018 оны 1 сарын 17-ны өдрийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж албан тушаалын үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулсан.

Тус сургуулийн захирлын Б/21 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болгосон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн,-хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2. хөдөлмөрийн дотоод журам, багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй багш ажилтанд хөдөлмөрийн хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 10.3.6.захиргаанаас батласан бусад дүрэм журам заавар түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан ректорын тушаал шийдвэрийг зөрчсөн,

- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэмийн 3.1.5.албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглан хувьдаа ашиг хонжоо, давуу тал олох, бий болгох, 4.2.2.үүрэгт ажлаа хувийн ашиг сонирхолтой хольж хутгах, эсвэл бусдад тийм хардлага төрүүлэх нөхцөл байдал үүсгэх гэжээ.

ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрт, БАС-ийн захирал Э.Э.Н нь ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрэмийн 3.1.5, 4.2.2.-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-р заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авахуулах саналыг ШУТИС-ийн захиргаа хүний нөөцийн газарт уламжлах, ШУТИС-д хичээлийн жил бүрийн эцэст бүрэлдэхүүн сургуулийн захирлын тайланг хамт олноор хэлэлцүүлж, захирлын ажлыг үнэлүүлсэн санал асуулгын үр дүнг харгалзахгүйгээр захирлаар улируулан ажиллуулж байгааг ШУТИС-ийн захиргаанаас БАС-ын хамт олонд албан ёсоор тайлбарлах ёстойг уламжлахаар шийдвэрлэсэн.

Тушаалд дурдсан 2018 оны 1 сарын 18-ны өдрийн БАС-ийн захирал Э.Э.Нын талаар БАС-ийн хамт олонтой хийсэн уулзалтын үр дүнг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл гэх бичвэр үнэлэх боломжгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрэм, ШУТИС-ийн профессор багш ажилтан, ажилчдад ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журам тус тус ирүүлээгүй.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцсан сургуулиа бусад салбар сургуулиуд дундаа санхүүгийн хувьд тогтвортой, 2,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, ямар нэг санхүүгийн алдаа дутагдалгүй удирдаж, 20 жил ажиллахдаа ямар нэг хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн зүйл гаргаж байгаагүй, хоёргүй сэтгэлээр сургуулиа хөгжүүлэхийн тулд бүх идэвхи чармайлт гарган ажиллаж ирсэн гэж, хариуцагч тал нэхэмжлэгчийг сургуулийн захирлын тайлангийн хурлаас хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, зан харилцааны хувьд доголдолтой, дарамталдаг, хувийн болон сургуулийн ашиг сонирлыг ялгахгүй охин нь сургуульд багшаар орсон, нөхрөө магистрын диплом хамгуулах зөвлөлд оруулж, ажиллуулах дүрэм журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг үл зөвшөөрөх үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг.

Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаар талуудаас маргааны үндэслэлээ нотолж ирүүлсэн баримтуудаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүйг авч үзэх үндэстэй.

ШУТИС-ийн ректорын 2015 оны А/184-р тушаалын 3-р хавсралтаар батласан ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн батласан бүрэлдэхүүн оролцсон 2017 оны 12 сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлд, БАС-ийн захирал Э.Э.Н нь 1.Эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд удирдагч солих, нэмэх талаар ямар нэг санал гараагүй байхад хурлын шийдвэрт 2 дахь удирдагчаар томилж оруулсан, 2.сургуулийн хамт олны төлөөлөл болсон багшийн хөгжлийн багтай хамтарч ажиллаж чадаагүй нь ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрэмийн 3.1.5, 4.2.2.-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзжээ.

Нэг дэх үндэслэлийн тухайд; 2013 оны 6 сарын 03-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын А/94 дугаар Төгсөлтийн салбар комисс батлах тухай тушаалын хавсралт, Барилгын бүтээц эдлэлийн технологи мэргэжлээр комиссын гишүүдэд БИАС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Э.Э.Ныг томилсон,

-мөн ректорын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн А/257 дугаар Төгсөлтийн салбар комисс батлах тухай тушаалын хавсралтаар сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр комиссын гишүүнд БАС-ийн захирал Э.Э.Ныг томилсон,

-Барилга, архитектурын сургуулийн эрдмийн зөвлөлийн 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 03/16 дугаар хуралдааны тэмдэглэлд, хуралд Д.Дашжамц, Э.Э.Н, Ц.Оюунцацрал, З.Биндэръяа, П.Отгонбаяр, И.Гончигбат, Ц.Дашдорж, С.Чулуунхуяг, Я.Дүйнхэржав, Р.*******, Б.Жүгдэр, Л.Жанчивдорж, С.Очирбат, Б.Нарантуяа нар оролцож, докторант Л.Олзвойбаатарын диссертацийн ажлын урьдчилсан хамгаалалтыг хэлэлцэж шийдвэрлэхдээ, шийдвэрийн 3-т, докторант Л.Олзвойбаатарын зөвлөх комиссын бүрэлдэхүүний 2 дахь удирдагчаар БАС-ийн захирал Э.Э.Ныг томилох хүсэлтийг ШУТИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн албанд уламжилж шийдвэрлэжээ.

-мөн ректорын 2016 оны 5 сарын 06-ний өдрийн А/72 дугаар Докторантыг шилжүүлэн суралцуулах, судалгааны ажлын сэдэв өөрчлөх, удирдагч, зөвлөх комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалын хавсралтад Барилга, архитектурын сургууль Ламжавын Олзвойбаатарын удирдагчаар доктор, дэд профессор Э.Э.Ныг томилсон,

-мөн ректорын 2011 оны А-63 тушаалаар батласан Ш.Уд магистр докторын сургалт явуулах, зэрэг хамгаалахад баримтлах журмын 6.1-д магистрантур, докторантурт шинээр элсэгчдэд элссэн улиралд нь багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөх нарыг томилно. Судалгааны ажлын сэдвийн онцлогийг харгалзан хамтарсан удирдагч томилж болно. Магистрант, докторантын удирдагч, зөвлөхийг томилуулах саналыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их сургуулийн ректорын тушаалаар баталгаажуулна гэжээ.

-иргэн Л.Олзвойбаатарын 2017 оны 12 сарын 22-ны өдрөөр огноолсон нотариатаар гарын үсгийн үнэн зөв гэрчлэгдсэн тодорхойлолтод, Барилга, архитектурын сургуулийн эрдмийн зөвлөлийн 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 03/16 дугаар хуралдаанаар хэлэлцэж комиссын гишүүдийн зөвшөөрсний үндсэн дээр 2 дахь удирдагчаар БАС-ийн захирал Э.Э.Ныг томилох албан ёсны шийдвэр гарсан гэжээ.

Эндээс үзэхэд ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 03/16 дугаар хуралдаанаар хэлэлцэн, 2 дахь удирдагчаар Э.Э.Ныг томилох хүсэлт гарган, ШУТИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн албанд уламжилснаар их сургуулийн ректор томилсон байгаа нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистр докторын сургалт явуулах, зэрэг хамгаалахад баримтлах журамд нийцсэн, нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болох нь батлагдаж байна.

Хоёрдох үндэслэлийн тухайд; Багшийн хөгжлийн баг нь хэний ямар шийдвэрээр байгуулагдах, мөн татан буугдах, хэнд хэрхэн үйл ажиллагаагаа тайлагнах эсэх, ямар төрлийн байгууллага болох, ямар дүрэм журмын хүрээнд хэрхэн ажиллах, захирал удирдлагатай хэрхэн харилцаж ажиллах нь тодорхойгүй, хэзээ ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, хэзээ ямар үндэслэлээр татан буугдсан тухай нотлогдохгүй байна.

Хариуцагч тал энэ талаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй, хэрэгт цугларсан баримтаар БАС-ийн захирлын хувьд хамтарч дэмжиж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн гэм буруутай гэх байдал байхгүй, тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг багшийн хөгжлийн багтай хамтарч ажиллаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнийг хөдөлмөрлөх явцдаа Ш.Уд магистр докторын сургалт явуулах, зэрэг хамгаалахад баримтлах журмыг зөрчсөн үйлдэл хийсэн гэх үндэслэл байхгүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрсөн, мөн ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэл нотлогдсонгүй.

Иймд ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийн БАС-ийн захирал Э.Э.Ныг ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.5, 4.2.2.-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй тул хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-р заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авахуулах саналыг ШУТИС-ийн захиргаа хүний нөөцийн газарт уламжлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Ёс зүйн зөвлөлийн шийдвэр сануулах арга хэмжээ авахуулах гэсэн байхад ректорын тушаалаар албан тушаалын үндсэн цалин 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл тодорхойгүй, ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 1.8. ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөл нь их сургуулийн хэмжээнд багш ажилтан, удирдах ажилтны ёс зүйн асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах үүргийг гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна.

Бусад асуудлын тухайд;

-2016 оны 7 сарын 06-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын Б/159 дүгээр тушаалын хавсралтад, нэхэмжлэгчийн охин болох Лхагвасүрэнгийн *******ийг БАС-ийн барилгын инженерийн салбарын дадлагажигч багшаар томилж ПБ-7 ангилал зэрэглэлээр ажиллуулсан,

-2018 оны 2 сарын 01-ний өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын Б/46 дугаар тушаалын 2-р хавсралт, БАС-ийн багш ажилчдын албан тушаал, үндсэн цалин хэсэгт 113-т Л.*******ийг дадлагажигч багшаар томилж ПБ-7 ангилал зэрэглэлээр 999500 төгрөгөөр цалинжуулсан байгаа нь ректор өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гарган ажилд томилсон бөгөөд нээлттэй зарлагдсан зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцон шалгарч хуулийн дагуу ажилд орсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

Мөн захирал Э.Э.Н ажилтнуудыг загнаж дарамталдаг, ажлыг нь дэмждэггүй, ялгаварладаг гэх зүйл ярьж байгаа ч ямар нэг баримтаар нотлоогүй.

Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Э.Н жилийн ажлаа хамт олондоо тайлагнадаг ба хамт олноос хураасан саналын дүнгээр 2015 оны 6 сарын 22-ны өдөр 100 хувийн үнэлгээнээс хангалтгүй 36,4 хувь, 2016 оны 6 сарын 9-ний өдөр хангалтгүй 40,7 хувь, сүүлийн жил дийлэнх олонх хангалтгүй гэж үнэлсэн гэж талууд тайлбараараа хүлээн зөвшөөрч, 2017 оны саналын дүнг тоолж нэгтгэсэн тэмдэглэл гэсэн хуудас бичвэр тамга тэмдэггүй, 6 хүний гарын үсгийн бичвэр бүхий баримтыг нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаар, 2017 оны 6 сарын 12-ны өдөр хангалтгүй 66 хувь гарсан гэж үзэхээр байна.

Хамт олон энэ үнэлгээг гаргахдаа ямар шалгуур үзүүлэлтийг баримтлах, үнэлэх талаар ажилтан бүрийн санал тусгагдсан дагаж мөрдөх журам удирдамжгүй, удирдлагын арга барил үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж асуудал дэвшүүлсэн нэр бүхий ажилтны санал өргөдлийг байгууллагын удирдлага хүлээн авч шийдвэрлэхдээ бодит байдлыг нотлосон баримтад үндэслээгүйгээс ажилтнуудын санал гомдол үндэстэй эсэх асуудал шийдвэрлэгдсэнгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахигын шийтгэлийг ажилтанд ногдуулахад, ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ёстой.

Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ажилтны үйлдсэн сахилгын зөрчил тогтоогдохгүй байх тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 70 200 төгрөг төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.2.дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э.Нын гомдлыг хангаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ