Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01890

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01890

 

 

 

Э.Нинжгаравын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэртэй Э.Нинжгаравын нэхэмжлэлтэй Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох сахилгын шийтгэл оногдуулах тухай Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нинжгарав, нэхэмжэгчийн өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Нинжгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2007-2014 онд ШУТИС-ийн Барилгын инженер архитектурын сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлаар ажиллаж байна. ШУТИС-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаалаар надад албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тухайн сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь ШУТИС-ийн багш ажилчдын ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Ёс зүйн дүрмийн 3.1.5 , 4.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж Дотоод журмын 10.3.6-ын дагуу сануулах арга хэмжээ авахаар санал оруулах нь зүйтэй гэж санал хурааж, зөвшөөрсөн гэдэг. Ёс зүйн зөвлөл тухайн хүн ёс зүйн зөрчил гаргасан уу үгүй юу гэдэг дээр үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Хэрэв ёс зүйн зөрчилд үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хууль 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор ШУТИС-ийн ёс зүйн дүрмийн 5.1-д заасан ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчилд 2018 оны 1 сарын 19-нд шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тус сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын шинж чанар, үр дагаварт нь тохирсон шийтгэлийг сонгох ёстой байдаг. Үүний дагуу бид ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д хөдөлмөрийн дотоод журам болон багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй профессор багш, ажилтанд хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу их сургуулийн ректор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ШУТИС-ийн УЗ-ын дарга болон захирал н.Очирбат нар дээр нэргүй өргөдөл, мөн ШУТИС-ийн захиралд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС-ийн БАС-ийн захирал Э.Нинжгаравыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 25 хүний гарын үсэг бүхий шаардлага ирсэн. Багш ажилтны зүгээс ирүүлсэн шаардлага нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр профессор багш ажилчдын төлөөлөх ёс зүйн зөвлөлд хандахдаа БАС-ийн захирал Э.Нинжгарав нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын тайлангийн хурлын үеэр авдаг хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, зан харилцааны хувьд доголдолтой, дарамталдаг, хувийн болон сургуулийн ашиг сонирхлыг ялгахгүй байна. Түүний охин нь сургуульд багшилдаг бөгөөд өөрийн нөхрөө магистрын диплом хамгаалуулах зөвлөлд оруулж, ажиллуулах гэх мэт ёс зүй алдсан учир захирлын үүрэгт ажилд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр холбогдох материалуудыг хавсаргасан. ШУТИС-ийн ёс зүйн зөвлөл нь ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 тоот тушаалаар батлагдсан ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.1-т заасан эрхийн хүрээнд профессор багш ажилчдын хүргүүлсэн шаардлагатай танилцаж холбогдох хүмүүстэй уулзсан. ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 1.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах үүргээ гүйцэтгэн ШУТИС-ийн захиргаанд санал хүргүүлсэн. Санал хураалтын дүнг үндэслэн БАС-ийн захирал Э.Нинжгарав нь ШУТИС-ийн багш ажилтны 3.1, 3.5, 4.2-т заасан нөхцөл байдал үүсгэсэн, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6, болон дүрэм журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар гаргасан ректорын тушаал шийдвэрийг зөрчсөн заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авахуулах, ШУТИС-ийн хичээлийн жил бүрийн эцэст бүрэлдэхүүн сургуулиудын захирлын ажлыг бүрэлдэхүүн сургуулийн багш ажилтнуудын хамт олноор хэлэлцүүлж үнэлүүлэн БАС-ийн захирлыг улируулан ажиллаж байгаа БАС-ийн хамт олон албан ёсоор тайлбар шаардлага шийдвэр гарган захиргаа хүний нөөцийн газарт ирүүлсэн.

Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон шийдвэрийг их сургуулийн ажилтнуудын хамт БАС-ийн хамт олон Э.Нинжгаравт танилцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, тус уулзалтаар Э.Нинжгарав нь яригдаж буй асуудалтай танилцаж өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгон дүгнэлт хийж, гаргасан алдаа дутагдлыг анхааран ажиллах талаар хэлж уучлалт хүссэн. Уулзалтад оролцсон ШУТИС-ийн дэд захирал, газрын дарга нар тухайн үеэр ярилцсан асуудал, хамт олноос гаргасан хүсэлт санал, ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, БАС-ийн 6 багшийн ШУТИС-ийн захирлын нэр дээр ирүүлсэн шаардлага, өргөдөл болон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж хуралдсан тэмдэглэлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах саналыг гаргасан. Үүнийг ШУТИС-ийн ректорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарах үндэслэл болсон гэжээ.

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нинжгаравын гомдлыг хангаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, ШУТИС-ийн дүрмийн 4.14.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3.6 дахь заалт, "ШУТИС-ийн профессор багш, ажилтан, ажилчдад ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журам"-ын 1.3 дахь заалт, "Багш, ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 3.1.5, 4.2.2 дахь заалтууд, ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, их сургуулийн удирдах ажилтнууд болон БАС-ийн хамт олны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ШУТИС-ийн захирал Б.Очирбат танаа гэсэн Барилга, архитектурын сургуулийн багш ажилчдын төлөөл гэж бичсэн, 6 хүний нэр гарын үсгийн бичвэр бүхий 2 хуудас өргөдөл, Шинжлэх ухаан технологийн сургуулийн ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 тоот тушаалаар батлагдсан ШУТИС-ийн багш, ажилчдын ёс зүйн дүрэм, ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 3 "ШУТИС-ийн багш, ажилчдын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШУТИС-ийн барилга архитектурын сургуулийн хамт олны хурлын тэмдэглэл, "ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журам" , 2015 оны 6 дугаар сарын 22, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр огноо тавигдсан бүрэлдэхүүн сургуулийн захирлын үйл ажиллагаанд хамт олноос өгсөн үнэлгээ дүн, санал хураалтын хуудсыг тоолж дүгнэсэн тухай тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ШУТИС, БАС-ийн захирал Э.Нинжгаравын талаар ирүүлсэн гомдлын мөрөөр ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн төлөөлөл тус сургуулийн хэсэг профессор багш нартай уулзаж тодруулга хийсэн уулзалтын тэмдэглэлийг нэг бүрчлэн дурдаад баримтын хуулийн шаардлага хангасан хэрэгт ач холбогдолтой гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна. Гэтэл дээр дурдсан нотлох баримтуудтай холбогдон гарах дараах баримтуудыг хуулийн шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй гэж үнэлсэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Үүнд: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, захирал Б.Очирбат нарт гэсэн бичвэр, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БАС-ийн багш ажилчдын төлөөллөөс гаргасан ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн захирал Э.Минжгаравыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлэх тухай бичгийг БАС-ийн бусад багш, ажилчид дэмжиж гарын үсэг зурсан баримтыг хэний ямар хүсэл зориг болох нь тодорхойгүй, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БАС-ийн захирал Э.Нинжгаравын талаар БАС-ийн хамт олонтой хийсэн уулзалтын хурлын үр дүнг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл гэх бичвэр үнэлэх боломжгүй, ШУТИС-ийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184-р тушаалын 3-р хавсралтаар баталсан ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн баталсан бүрэлдэхүүн оролцсон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлд удирдагч солих, нэмэх талаар ямар нэг санал гаргаагүй байхад хурлын шийдвэрт 2 дахь удирдагчаар томилж оруулсан, 2-т сургуулийн хамт олны төлөөлөл болсон багшийн хөгжлийн багтай хамтарч ажиллаж чадаагүй нь ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.5, 4.2.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй, нотлогдохгүй хэмээн тайлбарласан атал уг шүүхийн шийдвэрийн 5-6 дахь хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр талуудын баримтыг тайлбарын хамт үнэлсэн болно гэж үндэслэсэн байгаа нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүйг харуулж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Нинжгарав нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сургуулийн хамт олон түүний ажлыг хангалтгүй гэж үнэлсэн, зан харилцааны хувьд доголдолтой, охин нь сургуульд багшилдаг, нөхрөө сургуулийн магистрын диплом хамгаалуулах зөвлөлд оруулж, хувийн болон сургуулийн ашиг сонирхлыг ялгадаггүй ёс зүйн алдаа, зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргажээ.

Э.Нинжгарав нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиралтай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан Барилга Архитектурын сургууль-ийн захирлаар томилогдон ажилласан бөгөөд тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 4-24 дүгээр тал/

Хариуцагч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3.6, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор багш, ажилтан, ажилчдад ажлын үр дүн дүнгээр нэмэгдэл хөлс олгох журамын 1.3, Багш ажилтны ёс зүйн дүрэм-ийн 3.1.5, 4.2.2, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, их сургуулийн удирдах ажилтнууд болон Барилга Архитектурын сургууль-ийн хамт олны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэлийг тус тус баримталсан. Уг тушаалд ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тул албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэл заажээ.

Хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... Э.Нинжгарав нь удирдагч солих, нэмэх талаар санал гараагүй байхад Л.Олзвойбаатарын докторын ажлын 2 дахь удирдагчаар өөрийгөө томилсон, Багшийн хөгжлийн багтай хамтарч, дэмжиж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай учир сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан. Гэвч тэрээр өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотолж чадаагүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал ... удирдагчаар өөрийгөө томилсон гэх боловч Л.Олзвойбаатарын докторын ажлын 2 дахь удирдагчаар Э.Нинжгаравыг сургуулийн ректор Б.Очирбат өөрийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/72 тоот тушаалаар томилсон /хх-ийн 116-117 дугаар тал/, Багшийн хөгжлийн төвийн багийн бүрэлдэхүүн нь өөрсдийн санаачлагаар татан буугдсан болох нь тус багийн ахлагч С.Энхболдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтээр нотлогдсон зэргээс үзвэл Э.Нинжгарав нь ажил олгогчийн тушаалд дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймээс ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т нийцээгүй гэж үзнэ.

Хэргийн 34-38 дугаар талд авагдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөлийн дарга Н.Бэгз, захирал Б.Очирбат нарт гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургууль-ийн захирал Э.Нинжгаравын албан үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаа тухай албан бичиг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Барилга Архитектурын сургууль-ийн багш ажилчдын төлөөллийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Очирбатад гаргасан шаардлага хүргүүлэх албан бичиг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасныг зөрчсөн бөгөөд уг албан бичиг дээрх гарын үсэг нь хэний гарын үсэг болох нь тодорхойгүй бөгөөд тухайн хүмүүс өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр зурсан эсэх байдал тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт зөв болсон байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ