Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00162

 

Э.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1890 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Э.Н

          Хариуцагч: ...их сургуульд холбогдох

          Ажил олгогчийн 2018 оны Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

              Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Би 2007-2014 онд ...-ийн Барилгын инженер архитектурын сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2014-7-01-ний өдрөөс эхлэн захирлаар ажиллаж байна. ...-ийн захирлын 2018-01-19-ний өдрийн Б/21 тоот тушаалаар надад албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тухайн сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь ...-ийн багш ажилчдын ёс зүйн зөвлөлийн 2017-12-15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Ёс зүйн дүрмийн 3.1.5, 4.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж Дотоод журмын 10.3.6-ын дагуу сануулах арга хэмжээ авахаар санал оруулах нь зүйтэй гэж санал хурааж, зөвшөөрсөн гэдэг. Ёс зүйн зөвлөл ёс зүйн зөрчил гарсан эсэхийг үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Хэрэв ёс зүйн зөрчилд үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 134.2-т заасан хугацааг баримтлах ёстой. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор ...-ийн ёс зүйн дүрмийн 5.1-д заасан ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна. 2016-3-25-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчилд 2018-1-19-нд шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын шинж чанар, үр дагаварт нь тохирсон шийтгэлийг сонгох ёстой байдаг. Үүний дагуу бид ...-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д хөдөлмөрийн дотоод журам болон багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй профессор багш, ажилтанд хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу их сургуулийн ректор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. 2017-10-02-ны өдөр ...-ийн УЗ-ын дарга болон захирал н.Очирбат нар дээр нэргүй өргөдөл, мөн ...-ийн захиралд 2017-11-24-ний өдөр ...-ийн БАС-ийн захирал Э.Ныг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 25 хүний гарын үсэг бүхий шаардлага ирсэн. Багш ажилтны зүгээс ирүүлсэн шаардлага нь 2017-12-13-ны өдөр профессор багш ажилчдын төлөөлөх ёс зүйн зөвлөлд хандахдаа Э.Н сургуулиудын захирлын тайлангийн хурлын үеэр авдаг хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, зан харилцааны хувьд доголдолтой, дарамталдаг, хувийн болон сургуулийн ашиг сонирхлыг ялгахгүй байна. Охин нь сургуульд багшилдаг бөгөөд өөрийн нөхрөө магистрын диплом хамгаалуулах зөвлөлд оруулж, ажиллуулах гэх мэт ёс зүйн алдаа гаргасан. Иймд захирлын үүрэгт ажилд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр материалуудыг хавсаргасан. ...-ийн ёс зүйн зөвлөл нь ректорын 2015-8-26-ны өдрийн А/184 тоот тушаалаар батлагдсан ...-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.1-т заасан эрхийн хүрээнд профессор багш ажилчдын хүргүүлсэн шаардлагатай танилцаж холбогдох хүмүүстэй уулзсан. ...-ийн багш ажилтны ёс зүйн дүрмийн 1.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах үүргээ гүйцэтгэн ...-ийн захиргаанд санал хүргүүлсэн. Санал хураалтын дүнг үндэслэн БАС-ийн захирал Э.Н нь ...-ийн багш ажилтны 3.1, 3.5, 4.2-т заасан нөхцөл байдал үүсгэсэн, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ...-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6, болон дүрэм журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар гаргасан ректорын тушаал шийдвэрийг зөрчсөн заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авахуулах, ...-ийн хичээлийн жил бүрийн эцэст бүрэлдэхүүн сургуулиудын захирлын ажлыг бүрэлдэхүүн сургуулийн багш ажилтнуудын хамт олноор хэлэлцүүлж үнэлүүлэн БАС-ийн захирлыг улируулан ажиллаж байгаа БАС-ийн хамт олон албан ёсоор тайлбар шаардлага шийдвэр гарган захиргаа хүний нөөцийн газарт ирүүлсэн. Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон шийдвэрийг их сургуулийн ажилтнуудын хамт БАС-ийн хамт олон Э.Нт танилцуулахаар 2018-01-17-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, тус уулзалтаар Э.Н нь яригдаж буй асуудалтай танилцаж өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгон дүгнэлт хийж, гаргасан алдаа дутагдлыг анхааран ажиллах талаар хэлж уучлалт хүссэн. Уулзалтад оролцсон ...-ийн дэд захирал, газрын дарга нар тухайн үеэр ярилцсан асуудал, хамт олноос гаргасан хүсэлт санал, ...-ийн ёс зүйн зөвлөлийн 12-15-ны өдрийн хурлын шийдвэр, БАС-ийн 6 багшийн ...-ийн захирлын нэр дээр ирүүлсэн шаардлага, өргөдөл болон 2018-01-18-ны өдөр хэлэлцэж хуралдсан тэмдэглэлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах саналыг гаргасан. Үүнийг ...-ийн ректорын 2018-01-19-ний өдрийн Б/21 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарах үндэслэл болсон.” гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэрээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан ...их сургуулийн захирлын, 2018-01-19-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1890 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017-10-02-ны өдрийн ...-ийн удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, захирал Б.Очирбат нарын нэр дээр ирсэн “...-ийн Барилга, Архитектурын сургуулийн захирал Э.Нын албан үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаа тухай” нэргүй өргөдөл, 2017-11-24-ний өдрийн ...-ийн захиралд ирүүлсэн “...-ийн Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Ныг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” шаардлагуудыг БАС-ийн багш, ажилтнуудын зүгээс ирүүлсэн ба 2017-12-13-ны өдөр БАС-ийн профессор, багш, ажилчдын төлөөлөл ...-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлд хандан БАС-ийн захирал Э.Нын тухай холбогдох материалуудын хамт хүргүүлсэн байдаг. Дээрх шаардлагын хүрээнд ...-ийн ёс зүйн зөвлөл нь БАС-ийн профессор, багш, ажилчдын хүргүүлсэн шаардлагатай танилцаад нарийвчлан судалж, холбогдох хүмүүстэй уулзалт хийж зөвлөлийн гишүүдийн санал хураалтын дүнг үндэслээд 1-т БАС-ийн захирал Э.Н нь ...-ийн Багш, ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.5 дахь хэсгийн “Албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан хувьдаа ашиг хонжоо, давуу тал олох, бий болгох” 4.2.2 дахь хэсгийн "Үүрэгт ажлаа хувийн ашиг сонирхолтой хольж хутгах, эсвэл бусдад тийм хардлага төрүүлэх нөхцөл байдал үүсгэх” гэж заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ...-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6 дахь хэсгийн “Захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан Рөкторын тушаал, шийдвэрийг зөрчсөн” тэсэн хурлын шийдвэрийг Захиргаа, хүний нөөцийн газарт ирүүлсэн юм. ...-ийн ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг их сургуулийн удирдах ажилтнууд БАС-ийн хамт олон болон захирал Э.Нт танилцуулахаар 2018-01-17-ны өдөр хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хүсэлтийг сонссон. Тус уулзалтаар Э.Н нь яригдаж буй асуудалтай холбогдуулан саналаа илэрхийлж, хамт олны өмнө өөрийн зүгээс уучлалт хүсэн, цаашид үйл ажиллагаандаа дүгнэлт хийн алдаа дутагдлаа анхааран ажиллах талаар амлалт өгсөн байдаг. Эдгээр асуудлыг ...-ийн захиралд танилцуулж ...-ийн Захирлын 2018-01-19-ний өдрийн Б/21 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргасан болно. Гэтэл хэрэгт ач холбогдолтой 2017-10-02-ны өдрийн албан бичиг, 2017-11-24-ний өдрийн албан шаардлага, албан шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан бичмэл нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 44.2-р шүүхэд жинхэнэ эхийг нь гаргаж өгсөн байхад шүүх уг заалтыг зөрчсөн бөгөөд уг албан бичиг дээрх гарын үсэг нь хэний гарын үсэг болох нь тодорхойгүй гэх шүүхийн дүгнэлт зөв болсон гэсэн нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 2. БАС-ийн хамт олноос ирүүлсэн шаардлагын гол агуулга нь БАС-ийн захирал Э.Н ...-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын тайлангийн хурлын үеэр авдаг хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан ба зан харьцааны доголдолтой, дарамталдаг, хамт олны эрх ашгаас өөрийн хувийн сонирхлыг дээгүүр тавьдаг, хамтран ажиллах нөхцөлгүй, харьцааны доголдлоос болж сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд Багшийн хөгжлийн баг хоёр удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон, охиныгоо өөрийн шууд удирдлага дор ажиллуулдаг, нөхрөө магистрын диплом хамгаалуулах зөвлөлд оруулж ажиллуулах зэргээр ажилладаг тул БАС-ийн захирал Э.Нын албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг удаа дараа ирүүлсэн байдаг. 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотолж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Э.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Э.Н 2018-04-17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ...Их сургуулийн захирлын 2018-01-19-ний өдрийн б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд “...ямар нэг зөрчил гаргаагүй...” гэсэн үндэслэл заасан байна.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажилдаа тэнцэхгүй тухай нэргүй өргөдөл ирсэн...зан харьцааны доголдолтой...хамт олны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан...” /хх 31/ гэжээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        ...их сургуулийн захирал 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/21 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, ...их сургуулийн дүрмийн 4.14.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3.6, ...их сургуулийн профессор багш, ажилтан, ажилчдад ажлын үр дүн дүнгээр нэмэгдэл хөлс олгох журмын 1.3, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.5, 4.2.2, ...их сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017-12-15-ны өдрийн хурлын шийдвэр, их сургуулийн удирдах ажилтнууд болон Барилга Архитектурын сургуулийн хамт олны 2018-01-17-ны өдрийн хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэлийг үндэслэн Э.Нт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

         Э.Нт сахилгын шийтгэл ногдуулсан шалтгааныг ажил олгогч тушаалдаа заагаагүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар үндэслэлгүй байна.

         Түүнчлэн, ажилтны гаргасан гэх зөрчлийн талаарх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 131 дүгээр зүйлд нийцсэн байна. Тухайлбал, докторын ажлын удирдагчийг сонгосон, багшийн хөгжлийн төвийн баг татан буугдсан зэрэг нь Э.Нын үйлдэлтэй холбоотой нь тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгджээ.      

        Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой зааж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01194 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1890 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ