Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00696

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00696

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эг, гэрч Б.М, нарийн бичгийн даргад Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м/кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг АБТС ББСБ ХХК-д барьцаалсан.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд НШШГГ т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1/12839 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4/17725 дугаар мэдэгдэл тус тус гардуулсан бөгөөд мэдэгдэлд "... шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан төлбөр төлөгч О.Оюуны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м/кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м/кв талбай бүхий газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 746.500.000 төгрөгийн 70 хувиар тооцон 522.550.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдье гэсэн байна.

Манай компани энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 612 м/кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга 746.500.000 төгрөг биш харин 1,5-1,8 тэр бум төгрөгийг үнэ ханштай байна. Жишээлбэл: Баянгол дүүрэг 648 м/кв тайлбай бүхий 3 давхар барилга 1,8 тэр бум төгрөгөөр зарахаар үнэгүй.мн сайтад 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зар тавьсан байгаа, Сонгинохайрхан дүүрэгт 700 м/кв тайлбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга 1,5 тэр бум төгрөгөөр зарахаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц.ком зарын сайтад зар тавьсан байна.

Эдгээр зарууд нь 600-700 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зах зээлийн үнэ ханшийг тодорхой харуулж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барилга болон газрын зах зээлийн үнэ 746.500.000 төгрөг хэмээн мэдэгдсэн. Гэтэл компаний үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж, харин газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Зах зээлд 1,5-1,8 тэр бум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746.500.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Үнийг бууруулан үнэлж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж байна.

Иймд шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй М ХХК үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн барилгыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 746.500.000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч О.Оюуны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр битүүмжпэн, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 211 дугаар тогтоолоор Мөнх-оргил трейд ХХК-ийг томилж, шинжээч 746.500.000 төгрөгөөр үнэлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр төлбөр төлөгчийн хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж А байрны 01 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбайтай газрыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/Ш32018/13041 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн явуулахгүй байхыг тус албанд даалгаж захирамжилсан тул албадан дуудлага худалдаа явагдаагүй болно.

Төлбөр төлөгч О.Оюун шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлэгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь үнэлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 28б тоот хаягт байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг нь үнэлүүлээд 174 м.кв талбайтай газрыг үнэлүүлэлгүй орхигдуулсан байсан болохоороо үүнээс өмнө тус шүүхэд өгсөн О.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхээс шүүгчийн захирамж гарсан.

Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж үнэлгээг дахин хийлгэсэн юмаа. Гэтэл төлбөр төлөгч шинээр дахин үнэлүүлсэн үнэлгээг бас зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болоод 2 бараг 3 жилийн нүүр үзэж, төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Шинжээч зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлгийг сонсов.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч М ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ./хх-ийн 23-33-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 04278 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 370 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 22, 34,35-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17/6-29, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/9-28, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/04, тоот мэдэгдэлүүдээр ... дээрх шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/17726, 4/17725 тоот мэдэгдлээр М ХХК /захирал О.Оюун/-д мэдэгдсэнийг төлбөр төлөгч мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ. /х.х-ийн 38, 41-43, 48, 49, 100, 101 хуудас/

Мөн тус мэдэгдлээр М ХХК /захирал О.Оюун/-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналыг гаргаж болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 100,101-р хуудас/

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 17/6-29 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 39-42,44, 47-р хуудас/

НЭГ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч болон өмчлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч М ХХК /захирал О.Оюун/ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга нь 3.000.000.000 /гурван тэр бум/ төгрөгөөр үнэлж, газар эзэмшигч О.Оюун нь мөн хаягт байрлах 174 м.кв талбайтай 18637310878398 дугаартай газрыг 1.500.000.000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа ирүүлжээ. /хх-ийн 45, 46, 50, 51-р хуудас/

Төлбөр авагч АБТС ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнэлсэн дээрх үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ./хх-ийн 52-р хуудас/

НШШГГ аас томилсон үнэлгээний компани үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээх үл хөдлөх эд хөрөнгийг нийт 575.614.452 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр төлөгч О.Оюун эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00574 дугаартай захирамжаар О.Оюуны нэхэмжлэлтэй НШШГГ т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 157-р хуудас/

Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үнийн санал авах ажиллагаанаас эхлэн ахин явуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 58,59, 60-64, 65-98,99-105-р хуудас/

ХОЁР: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч болон өмчлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардаж 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/10269 дугаартай мэдэгдлийг О.Оюунд, мөн өдрийн 4/10270 дугаартай мэдэгдлийг М ХХК-д тус тус хүргүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр баталгаат шууданд хийж энэ тухай тэмдэглэл үйлджээ./хх-ийн 58-63-р хуудас/

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4/12940 дугаартай мэдэгдлээр М ХХК-д, мөн өдрийн 4/12939 дугаартай мэдэгдлээр О.Оюунд тус тус дахин мэдэгдэж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаад гардуулан өгч, тэмдэглэл үйлджээ./хх-ийн 61-63-р хуудас/

Төлбөр авагч АБТС ББСБ ХХК нь төлбөр төлөгч үнийн саналыг ирүүлэхгүй байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шинжээч томилох тухай 211 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна./хх-ийн 64, 65, 66-р хуудас/

Шинжээч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үнэлгээний тайланг гаргаж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх-ийн 67-98-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгийг хураах тухай тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М ХХК-ийн өмчлөлийн /эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай,174 м.кв талбайтай газар/ эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 746.500.000 төгрөгийн 70 хувиар тооцон 522.550.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч М ХХК /захирал О.Оюун/-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/17726, 4/177725 дугаартай мэдэгдлүүдийг мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр нь түүнд гардуулан өгсөн байна. /хх-ийн 100,101-р хуудас/

Төлбөр төлөгч М ХХК /захирал О.Оюун/- нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,41 дүгээр зүйлийн 41.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1. дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь ...шинжээч эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай,174 м.кв талбайтай газрыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГ т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор /М ХХК/ О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО