Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00606

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дүгээр магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Оы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг О.Оы зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор “А” ХХК-д барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар тогтоолоор О.Оаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Нраас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1/12839 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4/17725 дугаар мэдэгдэл тус тус гардуулсан бөгөөд мэдэгдэлд “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан төлбөр төлөгч О.Оы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оы эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбай бүхий газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 746 500 000 төгрөгийн 70 хувиар тооцон 522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдье гэсэн байна.

Манай компани энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж, харин газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Зах зээлд 1.5-1.8 тэрбум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746 500 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй “М” ХХК үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн барилгыг Нраас 746 500 000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар тогтоолоор О.Оаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч О.Оы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, О.Оы эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбайтай газрыг Н тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 211 дугаар тогтоолоор “Мөнх-оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 746 500 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчийн хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж А байрны 01 тоот хаягаар Н тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан.

Төлбөр төлөгч О.О шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь үнэлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 28б тоот хаягт байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг нь үнэлүүлээд 174 м.кв талбайтай газрыг үнэлүүлэлгүй орхигдуулсан байсан болохоор үүнээс өмнө тус шүүхэд өгсөн О.Оы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхээс шүүгчийн захирамж гарсан. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж үнэлгээг дахин хийлгэсэн. Гэтэл төлбөр төлөгч шинээр дахин үнэлүүлсэн үнэлгээг бас зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод 3 жилийн нүүр үзэж, төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Шинжээч зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Н ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэрээр: Н тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор /”М” ХХК/ О.Оаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

Магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, тус компаниас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүх “...тайлбараа баримтаар нотлоогүй, ...522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь ИХ-ийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, ...хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь 612 м/кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга 746 500 000 төгрөг биш харин 1.5-1.8 тэр бум төгрөгийг үнэ ханштай байгаа талаар нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбараа гарган мэтгэлцсэн.

Зах зээлд 1.5-1.8 тэр бум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746 500 000 төгрөгөөр үнэлж, 522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх бодомжгүй тул шүүхийн дүгнэлтэд гомдолтой байна.

Иймд “М” ХХК “...тайлбараа баримтаар нотлоогүй, ...522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь ИХ-ийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, ...хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“М” ХХК нь Нт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...компанийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдээр, газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй, зах зээлд 1.5-1.8 тэмбум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746 500 000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэж байгаад гомдолтой байна...” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаар шийдвэрээр О.Оаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгуулахаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, 28/г тоотод байрлах 612 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 174 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг сайн дураар төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон, шинжээч хөрөнгийг 746 500 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Н тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотлоогүй, шинжээч хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч нь 612 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 1.5-1.8 тэрбум төгрөгийн үнэ ханштай байгаа талаар нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдаанд тайлбараа гаргаж мэтгэлцсэн байхад ...нэхэмжлэгч тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна...” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зарын сайтуудаас үзэж, үнийг харж байгаа, Үнэгүй.мн сайтыг үндэслэл болгосон...” гэж тайлбарласан, Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын хандлагын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалд нийцүүлэн үнэлсэн талаар үнэлгээний тайланд тусгажээ.

Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгчийн харьцуулалт хийж буй объектууд нь байршлын хувьд үнэлж буй хөрөнгөөс хол байрлалтай талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтад үндэслэн шүүх дүгнэлтээ хийсэн байх тул нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан зөрчлийг гаргаагүй байх тул  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Оы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД