Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1040

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэртэй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч “М” ХХК-ийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг О.Оюуны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор “АБТС ББСБ” ХХК-д барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар тогтоолоор О.Оюунаас 173.700.865 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд НШШГГ-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

НШШГГ-аас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1/12839 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4/17725 дугаар мэдэгдэл тус тус гардуулсан бөгөөд мэдэгдэлд "...шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан төлбөр төлөгч О.Оюуны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 28/г тоотод байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбай бүхий газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 746.500.000 төгрөгийн 70 хувиар тооцон 522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдье гэсэн байна.

Манай компани энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж, харин газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Зах зээлд 1,5-1,8 тэрбум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746.500.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй “М” ХХК үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн барилгыг НШШГГ 746.500.000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар тогтоолоор О.Оюунаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч О.Оюуны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 211 дугаар тогтоолоор “Мөнх-оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 746.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчийн хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж А байрны 01 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан. Төлбөр төлөгч О.Оюун шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хууль зөрчөөгүй ба хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

НШШГГ нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь үнэлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 28б тоот хаягт байрлах 612 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг нь үнэлүүлээд 174 м.кв талбайтай газрыг үнэлүүлэлгүй орхигдуулсан байсан болохоор үүнээс өмнө тус шүүхэд өгсөн О.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхээс шүүгчийн захирамж гарсан. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж үнэлгээг дахин хийлгэсэн. Гэтэл төлбөр төлөгч шинээр дахин үнэлүүлсэн үнэлгээг бас зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “АБТС” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод 3 жилийн нүүр үзэж, төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Шинжээч зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГ холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын     11-ний өдрийн 937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор /М ХХК/ О.Оюунаас 173 700 865 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зах зээлд 1.5-1.8 тэрбум төгрөгийн үнэ ханштай байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг 746.500.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн дүгнэлтэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй "М" ХХКомпани үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн барилга газрыг НШШГГ 746.500.000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээг зөвшөөрөхгүй, шүүх "...үндэслэлээ баримтаар нотлоогүй" гэж дүгнэсэнд гомдолтой байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Төлбөр төлөгч О.Оюуны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай газрыг 746 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор О.Оюунаас 172 679 518 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна./хх-ийн 23-34/

Хариуцагч НШШГГ 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17/6-29 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 28/г тоот 612 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, О.Оюуны эзэмшлийн нэгж талбарын 18637310878398 дугаартай, 174 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны  өдрийн  17/01 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 39, 44/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул НШШГГ-аас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 65-98/

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 746 500 000 төгрөгөөр тодорхойлсон, НШШГГ нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “Мазар-Од” ХХК-ийн төлөөлөгч О.Оюунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна. /хх-12, 99, 100/

 

Уг үйлчилгээний зориулалттай барилга зах зээлд 1.5-1.8 тэрбум төгрөгийн үнэ ханштай байхад  746 500 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэх тайлбараа нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч НШШГГ барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 522 550 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч шүүх хуралдаан оролцож, үйлчилгээний зориулалттай барилга, газрын зах зээлийн үнэ цэнийг өртгийн хандлагын болон зах зээлийн харьцуулалтын аргыг хэрхэн хослуулан хэрэглэсэн үндэслэлээ тодорхой тайлбарласан байна. /хх-ийн 164-168/

 

Дээр дурдсан үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                  ШҮҮГЧ                                                  Ч.ЦЭНД                                                                                                          

                                                                                               Н.БАТЗОРИГ