Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/02566

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10сарын 16өдөр

181/ШШ2020/02566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А.Э ХХК /РД:/-д холбогдох

 

Цалин, ээлжийн амралтын олговор, алдангид 15,278,857.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г.Б нь А.Э ХХК-д Санхүү, захиргаа хариуцсан захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Тиймээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/Ш32020/00932 дугаар шийдвэрээр 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1330 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Г.Баас давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. А.Э ХХК нь Г.Г.Быг ажлаас чөлөөлөх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг олгоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно", 59 дүгээр зүйлийн 59.1 -т Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага олгоно гэж заасны дагуу ажиллаж байсан хугацааны цалин, олговор 10, 815,905 төгрөгийг олгох үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтны ажиллаж байсан хугацааны цалин, хөлсийг өгөхгүй байх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн журмаар шийдвэрлэхээр заасан. Хуулийн 126 дугаар зүйл 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ..., 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэх маргааныг хуульчилж өгсөн байх бөгөөд энэ зүйл заалтад нэхэмжлэгч талын үүсгэсэн маргаан нь шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаан боловч тус компанид хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага байхгүй тул шүүхийн маргаанд хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.21-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ" гэж зааснаар ажил олгогчийн ажилтанд хууль ёсоор олгох цалин хөлсний маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Учир нь: 1. А.Э ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн хувьцааг Ай өү ти автомэйшн монголиа ХХК эзэмшдэг ба үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох Ай эс жи холдингс эй пи эй си ПТЭ.ЛТД компани тус тус эзэмшдэг бөгөөд талуудын хооронд хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх зэрэг иргэний маргаан, мөн эрүүгийн, татварын зэрэг маргаан бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ажил олгогчоос ажилтанд олгох цалин хөлсийг олголгүй өнөөдрийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байна. Тиймээс А.Э ХХК-аас ажиллаж байсан хугацааны цалин, олговор нийт 10,185,905 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шуух ногдуулж, ажилтанд олгоно." гэж заасны дагуу 2019 оны 6 сарын сүүлийн цалин 3,141,900 төгрөгийг 2019 оны 06 сарын 20-ны өдөр олгоогүй тул уг өдрөөс 2020 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл 452 хоног болж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам алдангийг тооцвол 4, 260,416 төгрөг, 2019 оны 07 сарын 01-нээс 2019 оны 07 сарын 19-нийг хүртэлх цалин 3,637,800 төгрөг, 2019 оны 07 сарын ээлжийн амралтын нөхөн олговор 3,406,205 төгрөг, нийт 7,044,005 төгрөгийг олгох байсан. 2019 оны 07 сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 422 хоног хэтэрч байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 8,917,704 төгрөг, нийт 13,178,120 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж зааснаар үндсэн нэхэмжлэл болох 10,185,905 төгрөгийн 50 хувь болох 5,092,952 төгрөгийг А.Э ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Г.Г.Бын нэхэмжлэлтэй А.Э ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон 2020 оны 09 дүгээр сарын 22 өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Г.Б нь тус нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх дуусгавар болсон тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бүюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Г.Г.Б нь сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдсан. Энэ талаар ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин. олговор гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Гэвч тус маргааныг шийдвэрлэх үед Г.Г.Б дутуу олгосон цалинтай холбоотой шаардлагыг огт гаргаж байгаагүй. Хариу тайлбар гаргах өдрийн байдлаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Хэрэв нэхэмжлэгч Г.Г.Бын зүгээс цалин, ээлжийн амралтын олговрыг ажил олгогчийн зүгээс дутуу олгосон гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд буюу ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг шүүхэд гаргах үедээ энэ талаар шаардлага гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, ажлаас халсан тушаалыг гардан авснаас хойш 3 сарын дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 20 өдөр хүртэл энэ талаарх гомдол, шаардлагаа компанид эсвэл шүүхэд гаргах шаардлагатай байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу цалин. хөлс дутуу олгосон гэж үзэж байгаа тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Тус гомдлыг өмнө нь компанид эсвэл шүүхэд хуульд заасан хугацаанд огт гаргаж байгаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэлд дурдсаны дагуу тус хэрэгт хамааралгүй бусад маргааныг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдалд хамаарахгүй болно. Иймд Г.Г.Б тус нэхэмжлэлийг гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г.Б нь хариуцагч А.Э ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор 10,185,905.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, алдангид 5,092,952 төгрөг, нийт 15,278,857.37 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Г.Г.Б нь А.Э ХХК-ийн Санхүү, захиргаа хариуцсан захирлын ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 0719 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 1330 дугаартай магадлал гарсан, хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаснаар хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэр /хх-13-17 тал/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 1330 дугаартай магадлал /хх-18-22 тал/-ын хуулбарууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

Г.Г.Б нь А.Э ХХК нь түүний 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг олгоогүй гэсэн үндэслэлээр 10,185,905 төгрөгийг олгоогүй гэдгийг нотлох баримт болгож өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансны хуулга /хх-56-62 тал/-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба мөн компанийн нягтлан бодогч гэх Г.Үүрийнтуяагаас түүнд ирүүлсэн гэх цахим шуудангийн агуулгад шүүхэд хүсэлт гарган үзлэг хийлгэсэн, үзлэгийн ажиллагаагаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******@gmail.com гэсэн хаягаас Salary june нэртэй и-мэйл ирсэн байх ба 2019 оны 06 дугаар сарын нийт ажилчдын цалингийн мэдээлэл хавсаргагдсан, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******@gmail.com гэсэн хаягаас илгээсэн Salary estimation Bart нэртэй, 07 дугаар сарын ажилласан хоногийн цалин болон 2018-2019 оны хоорондох амралтын мөнгө бодсон бодолт гэсэн агуулгатай и-мэйл Г.Г.Бын цахим шууданд ирсэн байдал нь тогтоогдсон.

Г.Г.Бын Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансны хуулгаар А.Э ХХК-ийн зүгээс 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Г.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-84,85 тал/, 2020 оны 06 сарын 03-ны өдрийн огноо бүхий Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-5 тал/-нд А.Э ХХК нь Г.Г.Бт 2019 оны 06 сард нийт 7,350,000 төгрөгийн цалин хөлс, 2019 оны 07 сард 8,194,672 төгрөгийн цалин хөлс олгосон гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдал нь хариуцагч нэхэмжлэгчийн цалин хөлсийг бүрэн, эсхүл дутуу олгосон нөхцөл байдлыг хангалттай тогтоох баримт болж чадахгүй байх ба цахим шууданд хавсаргасан баримтууд нь баталгаажсан санхүүгийн баримт бус зөвхөн тооцооллын шинжтэй файлын хэлбэртэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгчид компани цалин хөлс олгосон гэж нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийсэн байгаа тул цалин хөлс олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, нөгөө талаар Г.Г.Б өөрөө санхүү хариуцсан захирлын ажил үүрэг гүйцэтгэж байсан тул түүний цалин хөлс олгогдоогүй байх ёсгүй, талуудын хооронд үүссэн өөр маргааны улмаас нэхэмжлэгч компанийн санхүүгийн баримтуудыг авч явчихаад өгөхгүй байгаа тул компанид энэ талаарх баримт байхгүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дахь заалтад Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх тул нэхэмжлэгчийн 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 сарын 19-ний өдрөөр бүрэн дууссан байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 08 сарын 06-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас хойш 9 сар гаруйн дараа гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад заасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан, хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, дээрх хуулийн заалт нь хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацааг зохицуулсан заалт тул ажил олгогчид хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хугацаа үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн тайлбар гаргаж байх боловч хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь А.Э ХХК нь түүний 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг олгоогүй гэдгийг шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт буюу түүний дансны хуулга болон цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл нь Г.Г.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд А.Э ХХК нь Г.Г.Бт 2019 оны 06 сард нийт 7,350,000 төгрөгийн цалин хөлс, 2019 оны 07 сард 8,194,672 төгрөгийн цалин хөлс олгосон гэсэн байдлыг үгүйсгэх баримт болж чадахгүй, мөн хуульд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан А.Э ХХК-аас холбогдуулан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор 10,185,905.37 төгрөг, алданги 5,092,952 төгрөг, нийт 15,278,857.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талуудын хооронд хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх зэрэг иргэний маргаан, мөн эрүүгийн, татварын зэрэг маргаан бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ажил олгогчоос ажилтанд олгох цалин хөлсийг олголгүй өнөөдрийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан боловч дээрх байдал нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Г.Бын хариуцагч А.Э ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор 10,185,905.37 төгрөг, алданги 5,092,952 төгрөг, нийт 15,278,857.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 06-ны өдөр төлсөн 177,924.50 төгрөг, 2020 оны 09 сарын 22-ны өдөр төлсөн 96,437 төгрөг, нийт 274,361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР