Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч АЭ Ж И Ө Т ХХК-д холбогдуулан гаргасан цалин, ээлжийн амралтын олговор, алдангид нийт 15 278 857.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Б- нь АЭ Ж И Ө Т ХХК-д санхүү, захиргаа хариуцсан захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 0719 дугаар тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 181/Ш32020/00932 дугаар шийдвэрээр 2019 оны 07 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 1330 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Б-аас давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Г.Б- нь 2019 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч ажил олгогч 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3 141 900 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хугацааны цалин 3 637 800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3 406 205 төгрөг, нийт 10 185 905.37 төгрөгийг олгоогүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажилтны цалин хөлс, олговрыг тогтоосон хугацаанд олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон алданги 5 092 952 төгрөг, нийт 15 278 857 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлд зааснаар тус компанид хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага байхгүй тул шүүхийн маргаанд хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн ажилтанд хууль ёсоор олгох цалин хөлсний маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Учир нь, АЭ Ж И Ө Т ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн хувьцааг Ай өү ти автомэйшн монголиа ХХК эзэмшдэг ба үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох Ай эс жи холдингс эй пи эй си ПТЭ.ЛТД компани тус тус эзэмшдэг бөгөөд талуудын хооронд хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх зэрэг иргэний маргаан, мөн эрүүгийн, татварын зэрэг маргаан бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ажил олгогчоос ажилтанд олгох цалин хөлсийг олголгүй өнөөдрийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Г.Б- нь сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 07 сарын 19-ний өдөр ажлаас халагдаж, шүүхэд ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин. олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 сарын 02-ны өдөр гаргасан. Гэвч тус маргааныг шийдвэрлэх үед Г.Б- дутуу олгосон цалинтай холбоотой шаардлагыг огт гаргаагүй. Хариу тайлбар гаргах өдрийн байдлаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Хэрэв нэхэмжлэгч Г.Б-ын зүгээс цалин, ээлжийн амралтын олговрыг ажил олгогчийн зүгээс дутуу олгосон гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд буюу ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг шүүхэд гаргах үедээ энэ талаар шаардлага гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, ажлаас халсан тушаалыг гардан авснаас хойш 3 сарын дотор буюу 2019 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл энэ талаарх гомдол, шаардлагаа компанид эсвэл шүүхэд гаргах шаардлагатай байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу цалин. хөлс дутуу олгосон гэж үзэж байгаа тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Тус гомдлыг өмнө нь компанид эсвэл шүүхэд хуульд заасан хугацаанд огт гаргаж байгаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэлд дурдсаны дагуу тус хэрэгт хамааралгүй бусад маргааныг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдалд хамаарахгүй болно. Г.Б- нь дээрх нэхэмжлэлийг гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч АЭ Ж И Ө Т ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор, алданги нийт 15 278 857.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 06-ны өдөр төлсөн 177 924.50 төгрөг, 2020 оны 09 сарын 22-ны өдөр төлсөн 96 437 төгрөг, нийт 274 361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй тухайд, хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөх өдөр хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг олгоогүй болох нь хэрэгт авагдсан Г.Б-ын банкны дансны хуулга, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, шүүхээс нэхэмжлэгчийн и-мэйлд хийсэн үзлэгийн баримт зэргээр хангалттай нотлогддог. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар ажил олгогч байгууллагаас 2019 оны 06 сард 7 350 000 төгрөг, 07 сард 8 194 672 төгрөгийн цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийсэн боловч цалин хөлсийг олгоогүй болно. Нэхэмжлэгч талаас ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг аваагүй талаар маргаж байгаа бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлсийг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэг нь хариуцагч бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно. Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нотлогдоогүй тайлбарыг баримталж байгаа нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй юм. Нягтлан бодогч Г.Үүрийнтуяагаас нэхэмжлэгч Г.Б-т илгээсэн цалин хөлс, ээлжийн амралтын тооцоолол нь хэдийгээр санхүүгийн баталгаажсан баримт биш боловч тухайн сарын цалин хөлс, мөн ээлжийн амралтын олговрын тооцоог бодож илгээсэн бөгөөд тус тооцооллын төлөх цалин хэсэгт 06 сарын цалин Г.Б- 3 141 900, 07 сарын цалин бодолтын төлөх цалин хэсэгт үндсэн цалин, амралтын мөнгө нийт Г.Б- 7 044 005.37 төгрөг, мөн амралтын хоногийн тооцоолол зэргийг тус тус дурдсан болох нь цалин хөлсийг олгоогүй болохыг нотлох баримт гэж үзэх бөгөөд мөн Г.Б-ын цалин хөлсөө авч байсан банкны дансны хуулгаар давхар тогтоогдож байна. Нөгөө талаар ажил олгогч байгууллага Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу ажил олгогч ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв тогтоосон хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчид торгуулийн арга хэмжээ ногдуулах, мөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хэтрүүлсэн хоног тутам алдангийг ажил олгогчийн зүгээс төлөх байсан учраас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, гарт олгох цалинг олгоогүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн журмаар шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэхээр маргааныг хуульчилж өгсөн байна. Нэхэмжлэгч талын үүсгэсэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.6, 128.1.11-д заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацаа хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийн хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд, харин үүнээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргахаар хуульд тодорхой заасан атал анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах байгууллагагүй тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж нэхэмжлэлийг хүлээн авч зөв дүгнэлт хийсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хамаарах гомдлын хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь маргаан шийдвэрлэх процессын хувьд алдаатай, шүүх өөр өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр болжээ. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтны хооронд дахь цалин хөлсний маргааны асуудлаар гомдлын шаардлага гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт, зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шийдвэрлэх боломжтой байна. Учир нь ажил олгогч, ажилтны хооронд Иргэний хуулийн 369, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд ажил олгогч, ажилтны ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч АЭ Ж И Ө Т ХХК-д холбогдуулан 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3 141 900 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хугацааны цалин 3 637 800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор 3 406 205 төгрөг, нийт 10 185 905.37 төгрөг, түүнд тооцогдох алданги 5 092 952 төгрөг, нийт 15 278 857.37 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 76-77, 91-93/

 

Хариуцагч АЭ Ж И Ө Т ХХК-д нэхэмжлэгч Г.Б- нь 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07сарын 19-ний өдөр хүртэл санхүү, захиргаа хариуцсан захирлын албан тушаалыг эрхэлж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх80-83/, ажилд томилох болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх 83, 11/ зэргээр тогтоогдож байна. Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Харин ажил олгогч нь ажилтанд ажилласан хугацаанд олговол зохих цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгосон эсэх, улмаар нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо шүүхэд гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны гол зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 1330 дугаар магадлал, зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсантай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь тухайн маргаантай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх цалин, ээлжийн амралтын олговрын талаар дурдаагүй байх тул зөрчигдсөн гэх уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. /хх 13-25/

 

Тодруулбал, цалин, ээлжийн амралтын олговрын талаарх маргааныг талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй байх тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 373 дугаар магадлал, 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 1350 дугаар магадлал /хх 26-32/ зэргийг үзвэл, өөр бусад этгээдүүдийн хооронд үүссэн хувьцаа бэлэглэх гэрээтэй холбоотой маргаан байх тул талуудын хооронд үүссэн ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговортой холбоотой маргаанд хамааруулан үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг зохих журмын дагуу олгосон эсэх үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Иймд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, улмаар талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 274 361 төгрөгөөс илүү төлсөн 40 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, давж заалдах гомдолд дурдсан үнийн дүнд тооцогдох 234 344 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР