Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00680

 

*****ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

*****ын нэхэмжлэлтэй,

“*****” ХХК-д холбогдох

“Цалин, ээлжийн амралтын олговор, алдангид 15,278,857.37 гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...***** нь “*****” ХХК-д Санхүү, захиргаа хариуцсан захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019.07.19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Тиймээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 181/Ш32020/00932 дугаар шийдвэрээр 2019.07.19-өөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020.06.22-ны өдрийн 1330 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *****аас давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. “*****” ХХК нь *****ыг ажлаас чөлөөлөх 2019.07.19-ний өдрийг хүртэл хугацааны ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан 2019 оны 06 сарын сүүлийн хагас цалин 3,141,900 төгрөг, 2019.07.01-ний өдрөөс 2019.07.19-нийг хүртэлх хугацааны хугацааны цалин 3,637,800 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговор цалин 3,406,205 төгрөг, нийт 10,185,905 төгрөгийг олгоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 59 дүгээр зүйлийн 59.1 -т “Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага олгоно” гэж заасны дагуу ажиллаж байсан хугацааны цалин, олговор 10,815,905 төгрөгийг олгох үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтны ажиллаж байсан хугацааны цалин, хөлсийг өгөхгүй байх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн журмаар шийдвэрлэхээр заасан. Хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ...”, 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэх маргааныг хуульчилж өгсөн байх бөгөөд энэ зүйл заалтад нэхэмжлэгч талын үүсгэсэн маргаан нь шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаан боловч тус компанид хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага байхгүй тул шүүхийн маргаанд хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.21-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар ажил олгогчийн ажилтанд хууль ёсоор олгох цалин хөлсний маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Учир нь:  “*****” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн хувьцааг “..............." ХХК эзэмшдэг ба үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох “*******” компани тус тус эзэмшдэг бөгөөд талуудын хооронд хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх зэрэг иргэний маргаан, мөн эрүүгийн, татварын зэрэг маргаан бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ажил олгогчоос ажилтанд олгох цалин хөлсийг олголгүй өнөөдрийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байна. Тиймээс “*****” ХХК-аас ажиллаж байсан хугацааны цалин, олговор нийт 10,185,905 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу 2019 оны 6 сарын сүүлийн цалин 3,141,900 төгрөгийг 2019.06.20-ны өдөр олгоогүй тул уг өдрөөс 2020.09.22-ны өдрийг хүртэл 452 хоног болж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам алдангийг тооцвол 4,260,416 төгрөг, 2019.07.01-нээс 2019.07.19-нийг хүртэлх цалин 3,637,800 төгрөг, 2019 оны 07 сарын ээлжийн амралтын нөхөн олговор 3,406,205 төгрөг, нийт 7,044,005 төгрөгийг олгох байсан. 2019.07.19-нөөс өнөөдрийг хүртэл 422 хоног хэтэрч байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 8,917,704 төгрөг, нийт 13,178,120 төгрөг болж байна. Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар үндсэн нэхэмжлэл болох 10,185,905 төгрөгийн 50 хувь болох 5,092,952 төгрөгийг “*****” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. ***** нь сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019.07.19-ний өдөр ажлаас халагдсан. Энэ талаар ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.08.02-ны өдөр гаргасан. Гэвч тус маргааныг шийдвэрлэх үед ***** дутуу олгосон цалинтай холбоотой шаардлагыг огт гаргаж байгаагүй. Хариу тайлбар гаргах өдрийн байдлаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Хэрэв нэхэмжлэгч *****ын зүгээс цалин, ээлжийн амралтын олговрыг ажил олгогчийн зүгээс дутуу олгосон гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд буюу ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг шүүхэд гаргах үедээ энэ талаарх шаардлагыг гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, ажлаас халсан тушаалыг гардан авснаас хойш 3 сарын дотор буюу 2019.10.20-ны өдөр хүртэл энэ талаарх гомдол, шаардлагаа компанид эсвэл шүүхэд гаргах шаардлагатай байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу цалин, хөлс дутуу олгосон гэж үзэж байгаа тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Тус гомдлыг өмнө нь компанид эсвэл шүүхэд хуульд заасан хугацаанд огт гаргаж байгаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэлд дурдсаны дагуу тус хэрэгт хамааралгүй бусад маргааныг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдалд хамаарахгүй болно. Иймд ***** тус нэхэмжлэлийг гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *****ын хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор 10,185,905.37 төгрөг, алданги 5,092,952 төгрөг, нийт 15,278,857.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 06-ны өдөр төлсөн 177,924.50 төгрөг, 2020 оны 09 сарын 22-ны өдөр төлсөн 96,437 төгрөг, нийт 274,361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 274,361 төгрөгөөс илүү төлсөн 40,017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, давж заалдах гомдолд дурдсан үнийн дүнд тооцогдох 234,344 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх тухайн маргааны асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, шийдвэрлэхдээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1330 дугаар магадлал, зохигчдын тайлбараас үзвэл, “талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсантай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь тухайн маргаантай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх цалин, ээлжийн амралтын олговрын талаар дурдаагүй байх тул зөрчигдсөн гэх уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалт бол ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагатай аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хамааралтай заалт бөгөөд тус компани нь хөдөлмөрийн маргаан таслах байгууллагагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг тодорхой нарийвчлан тусгаж өгсөн, тухайлбал хуулийн 128.1.1-128.1.11 дэх хэсэгт заасан маргааныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх бөгөөд хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар шүүх хянан шийдвэрлэхээс бусад маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комисс /байгууллага/ анх тутам хянан шийдвэрлэхээр заасан байна. Тиймээс, нэхэмжлэгчийн цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлага бүхий маргаан нь шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарах тул анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хамаарах 3 сарын хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулан тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажлаас буруу халсан, өөр ажилд шилжүүлэхээс бусад хөдөлмөрлөх эрх үүрэгтэй холбоотой шүүх хянан шийдвэрлэх маргааны асуудлаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой бус байх тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч *****аас хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор, алдангид нийт 15,278,875.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч ***** нь хариуцагч байгууллагад ажиллаж байгаад 2019.07.19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тухайн шийдвэртэй холбогдуулан тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоогоор хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа талаар зохигчид маргаагүй.

Ийнхүү нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу дээрх 2019.07.19-ний өдрийн 0719 дүгээр тушаалыг гарснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд хандахдаа маргаан бүхий тушаал гарах хүртэл авах ёстой байсан цалин хөлс, ээлжийн амралтын олговорыг шаардах боломжтой байтал түүнээс хойш жилийн дараа буюу 2020.08.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 6 сарын сүүлийн хагас цалин, 2019.07.01-2019.07.19-нийг хүртэл хугацааны цалин, 2019 оны ээлжийн амралтын олговор, алдангийг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.“Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд энэ талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа /2019.10.19-нөөр/ өнгөрсөн талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. Уг хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргааны харьяалалыг хуульчилсан, “ажиллах үеийн олгоогүй цалин хөлс, ээлжийн амралтын олговор, алдангийг гаргуулах” тухай *****ын нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисст харьяалагдана, гэвч хариуцагч байгууллагад маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч шууд шүүхэд хандсан ба ийнхүү хандахдаа мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага гэдэгт хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхийг ойлгоно. Хэрэв ажилтан хөдөлмөрийн маргаан таслах комисст 3 сарын дотор хандсан бол хугацаагаа баримталсан гэж үзэх бөгөөд хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана, харин маргаан таслах комисс байхгүй бол 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор шүүхэд хандах ёстой.  

Иймд, хуулийн дээрх зохицуулалт нь хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэгдэх тусгайлсан, тодорхой зохицуулалт тул “Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 нь тодорхой бус тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг хэрэглэх боломжтой” гэсэн хяналтын гомдол, мөн “хуулийн уг заалт нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хамааралтай, хариуцагч компанид ийм байгууллага байхгүй тул шүүх хэрэглэх ёсгүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ              

                         ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                              Г.ЦАГААНЦООЖ

                                                                                               Д.ЦОЛМОН