Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01436

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр Дугаар 181/ШШ2017/01436 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Оюунсайхан/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өгөөж чихэр боов ХХК/РД: /-д холбогдох,

 

56 303 329 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Х.Сэлэнгэ, Р.Долгорсүрэн, Б.Уранзаяа нар .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Оюунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрыг 2010 оны 07-р сарын 05-ны өдөр Өгөөж-Чихэр боов ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж бариулсан. Мөнгийг нь хэсэгчлэн төлж байсан.

2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байрны гэрчилгээг гаргуулсан. Бариа бариулчаад нэг жил хүлээж суусан. Байриа авахын тулд ямар ч хамаагүй гэрээнд байриа авахын тулд гэрээнд гарын үсэг зурсан.

99,7 мкв талбай бүхий 3 өрөө сууцыг 1 мкв талбайг 1800 ам доллараар тооцож, нийт 179 460 ам доллар төлж бариулсан.

Бариулсан орон сууцны талбай 99,7 мкв хүрэхгүй юм шиг санагдсан тул барилгын, мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий Эдшил зураг төслийн Эдшил ХХК-иар 2016 оны 4 сард хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр орон сууцны талбай 83,92 мкв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан.

Монгол улсад Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандарт- ыг баталж, 2010 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг стандарт өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байна.

Барилга барьж буй хувийн болон аж ахуйн бүх хэвшлийн компаниуд дээрх стандартыг мөрдөх ёстой тул би Өгөөж-Чихэр боов ХХК-г Монгол улсын нэр нөлөө бүхий компани учраас бүх норм стандартын дагуу ажилласан гэж итгэж, 99,7 мкв- ийн үнийг бүрэн төлсөн.

Гэтэл 15,78 мкв дутаж, би Өгөөж-чихэр боов компанид 15,78 мкв-ийн үнэ 28404 ам долларыг илүү төлж, хохирсон байна.

Хохирогч Ж.Оюунсайхан миний бие орон сууцны төлбөрт илүү төлсөн мөнгийг буцааж олгох тухай хүсэлтийг бичгээр үйлдэж Өгөөж чихэр боов ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн. Компанийг төлөөлөх хуулийн этгээд гэх Оюунгэрэл гэдэг хүн 2016 оны 05 дугаар сарын 29-ний үед надтай уулзаж орон сууцны илүү төлсөн мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариу амаар өгсөн.

Хохирлын хэмжээг тооцож үзвэл:

1.  15,78 мкв-ийн үнэ тухайн үед 1 мкв г 1800 ам.доллар буюу 28404 ам долларыг илүү төлж, хохирсон байна. 28404 ам доллар гэдэг бол миний хувьд бүхий л амьдралын турш 31 жил улсад тасралтгүй шударгаар хөдөлмөрлөж хуримтлуулсан хөрөнгө юм. Энэ их мөнгө миний гэр бүл, үр хүүхдийн минь эрүүл мэнд, боловсролд ихээхэн тус нэмэр болох байсан мөнгө юм.

2.  Одоогийн орон суунын үнэ ханшаар бодоход 1 мкв*3000 ам.доллар гэж үзвэл дутсан метр кв болох 15,78*3000 ам.доллар = 47,340 ам.доллар болж 18,936 ам.долларын зөрүү гарч энэ хэмжээгээр би давхар хохирсон байна.

3.  Өнгөрсөн 6 жилийн турш дулааны төлбөрт сард 15,78 мкв *400 төгрөг=6312 төгрөг 1 жилд 9 сарын төлбөр 6 жилд 54 cap 340848 төгрөг илүү төлж хохирсон.

4.  Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгч хөлслөх, тэмдэгтийн хураамж төлөх, тайлбан хэмжилт хийлгэх, хохирогчийн гэр бүлийн сэтгэл санааны хохирол зэргийг тооцож нэхэмжлээгүй болно. Зөвхөн дутсан 15,78 мкв төлбөрт төлсөн 28404 ам долларыг буцааж өгөхийг нэхэмжилж байна.

Монгол улсын Иргэний хуулийн дагуу Өгөөж-Чихэр боов ХХК-аар хохирлоо гаргуулах бүрэн үндэслэлтэй гэж миний зүгээс үзэж байна. Үүнд:

1.      Иргэний хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил; гэж хуульд заасан байгаа тул би Өгөөж-Чихэр боов ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээг 2010 оны 7 сарын 5 нд байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хуулийн заалтад нийцсэн үндэслэлтэй байна.

2.      Иргэний хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж хуульд заасан байгаа тул орон сууцны талбайн зөрүү 15,78 мкв-ийн үнэ 28404 ам долларыг хариуцагч болох Өгөөж чихэр боов ХХК нь хохирогч Ж.Оюунсайханд төлж барагдуулах нь хуулийн заалтад нийцсэн үндэслэлтэй байна.

3.      Иргэний хуулийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэсэн заалтыг хариуцагч зөрчиж нэхэмжлэгчид тоо, хэмжээг ихэсгэж санаатай буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байна.

4.      Иргэний хуулийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй." Гэсэн заалтын дагуу би иргэний эрхийн хүрээнд илүү төлсөн 28404 ам. долл-г хариуцагчаас нэхэмжилж байна. Өргөдөлд дурьдагдсан бусад зардлаа нэхэмжлээгүй болно.

5.      Иргэний хуулийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно. Гэж хуулинд заасны дагуу тухайн үед 1 мкв -ийн төлбөрт 1800 ам.долл төлсөнтэй тэнцэх хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа болно.

6.      Монгол улсад Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандарт- ыг баталж, 2010 оны 2 сарын 1 ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. уг стандарт өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байна. 2010 оноос өмнө Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 10 тоот тушаалаар батлагдсан Айлын сууцны талбайн хэмжээг тооцох журам нь заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байх бөгөөд Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д барилгын норм, нормативын баримт бичиг гэж барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг хэлнэ гэж заасан ба дээрх журам нь барилгын норм, нормативын баримтыг баримтлах ёстой байсан гэж үзэх үндэслэл болно.

Миний зүгээс Өгөөж-Чихэр боов ХХК-ийг шүүхэд мэдүүлэх үндэслэлүүд хуулийн заалтад бүрэн нийцэж байгаа тул илүү төлсөн 28 404 ам.долларыг хариуцагчаас гаргуулж авах, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны ханш 1982,25 төгрөг тул 56 303 329 төгрөг нэхэмжилж байна.

Монгол Улсад хууль хэрхэн үнэн зөв, шудрага үйлчилдэг бодит жишээг Өгөөж-Чихэр боов ХХК-д төдийгүй компанийн нэрээр ард иргэдийг бодитоор шулж, хохироож байгаа бусад компаниудад шудрага бус үйлдэл Шүүхийн шудрага зарчмаас хэзээ ч мултарч чадахгүй гэдгийг нотолж, батлах хүсэлтэй байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохиомжит байр бариулах гэрээ байгуулсан.

Тухайн үед 85 хувийн гүйцэтгэлтэй байр байсан гэдгийг талууд хэлсэн байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дотор засал дуусаагүй байсан. Хүн амьдрах боломжгүй байсан. 2010 оны 07 дугаар сарын 05-ны Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед 2009 оны 10 дугаар сард гарсан 5860 стандартыг мөрдөөд эхэлцэн байсан. Энэ гэрээнд энэ стандарт мөрдөгдөх ёстой. Орон сууцны талбайг хэмжүүлэхэд 15 метр квадрат талбай дутуу байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, хугацаандаа нэхэмжлэл гаргасан. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Элчингийн гудамжинд орших 3-н орц, 10 давхар орон сууцны зориулалттай барилга байгууламжийг 2007 оны 05 дугаар сараас барьж эхлэн 2009 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Иргэний хууль болон Барилгын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудыг мөрдлөг болгон тухайн үеийн Айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журам-ын дагуу ашиглалтанд оруулан Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.Оюунсайхан нь Монгол улсад Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12-р сарын 24-ний өдрийн тогтоолоор Орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандарт-ыг баталж, 2010 оны 02-р сарын 01-ний өдрөөс мөрдөн хэрэгжүүлж байгаа стандартын дагуу 28,404 ам долларыг нэхэмжилсэн нь хуульд заасан үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунсайханы гаргасан нэхэмжпэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Хөрөнгө оруулагч, захиалагч байгууллага өөрөө бариагүй, байр ашиглалтад орсноос хойш орон сууцны ихэнхийг түрээслэсэн. 2-3 айлд л орон сууцыг худалдсан. 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ж.Оюунсайхан гуайтай дурдагдсан гэрээг байгуулж, орон сууцыг Ж.Оюунсайханд худалдсан.

Өгөөж чихэр боов ХХК-ийн хувьцаа эзэмшигч хүмүүсийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан байсан. Өгөөж чихэр боов ХХК өөрийнхөө хөрөнгөөр орон сууцыг бариулсан. Тухайн үед орон сууцны доголдлын талаар мэдэгдээгүй, 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Оюунсайхан, хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас 56 303 329/тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Өгөөж чихэр боов ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Зохигчид 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Тус Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь барилгыг иргэдэд захиалгаар бариулж өгөх, нэхэмжлэгч ашиглалтад орж буй барилгыг хүлээн авах, түүний үнийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн болох нь Хавсралт №1 болон Гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээг байгуулсан 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус ХД-17 байр ашиглалтад орсон байсан болох нь 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 251/2009 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 000093319 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн  буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Тус Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчийн байгуулсан тус хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх тул Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ХД-17 байр, 608 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 000525210 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 хэсэг, Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь 99.7/ерэн ес аравны долоо/ метр квадрат талбайтай, 1/нэг/ метр квадрат нь 1 800/нэг мянга найман зуу/ америк долларын үнэ бүхий, нийт 179 460/нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун жар/ ам.долларын үнэтэй орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэсэгчлэн хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ болон Хавсралт №1-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2010 оны 12 дугаар сард 608 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000154039 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд зааснаар 99.7/ерэн ес аравны долоо/ метр квадрат орон сууцны үнэ 179 460/нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун жар/ ам.долларыг хариуцагчид бүрэн төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000154039 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Эдшил ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтээр ХД-17 байр, 608 тоот орон сууцны нийт талбай 83.92/наян гурав зууны ерэн хоёр/ метр квадрат болохыг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Эдшил ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны метр квадратын зөрүүг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу Эдшил ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн дүгнэлт гарсан өдөр мэдсэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хавсралт №1-т заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгчид нийт 83.92/наян гурав зууны ерэн хоёр/ м.кв талбайтай буюу Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хавсралт №1-т зааснаас 15.78/арван тав зууны далан найм/ метр квадратаар дутуу орон сууцыг шилжүүлсэн болох нь Эдшил ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээнд зааснаас 15.78/арван тав зууны далан найм/ метр квадрат дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь метр квадратын зөрүүтэй холбогдон хариуцагчид 56 303 329/15.78х1800=28404, 28404x1982.25/Монгол банкны албан ханш/=56303829/ /тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг илүү төлсөн болох нь Эдшил ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилт, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ам.долларын ханшийг тус шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:, 263.2.3төлбөл зохих хүүгийн хэмжээ;, 263.4Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө .... гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд төлбөл зохих хүүг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 83.92/наян гурав зууны ерэн хоёр/ м.кв талбайтай орон сууцны үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 83.92/наян гурав зууны ерэн хоёр/ м.кв талбайтай 608 тоот орон сууцны үнэд илүү төлсөн 56 303 329/тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 608 тоот орон сууцны нийт метр квадратыг MNS 6058:2009 стандартаар тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч Гэрээг байгуулсан 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт MNS 6058:2009 үйлчилж байсан байх тул нэхэмжлэгч нь орон сууцны нийт талбайг тус стандартын дагуу тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 608 тоот орон сууцыг ашиглалтад оруулсны дараа орон сууцны өмчлөгчөөр иргэн В.Марина бүртгэгдсэн байх боловч зохигчийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 608 тоот орон суунцы үнийг бүрэн төлж, хариуцагч нь орон сууцны үнийг хүлээн авч, Гэрээнд зааснаар 608 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

Зохигчид Гэрээнд зааснаар 608 тоот орон сууцны үнийг төлж, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас 56 303 329/тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунсайханд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас 56 303 329/тавин зургаан сая гурван зуун гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунсайханд олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өгөөж чихэр боов ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 439470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунсайханд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ