Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01454

 

Ж.Оюунсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00632 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1792 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Оюунсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-д холбогдох,

56 303 329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Оюунсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, Н.Наранбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Өгөөж чихэр боов” ХХК-тай захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж, 99.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 800 ам.доллараар тооцож, нийт 179 460 ам.доллар төлж бариулсан.Бариулсан орон сууцны талбай 99.7 м.кв хүрэхгүй юм шиг санагдсан тул барилгын мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Эдшил” ХХК-иар 2016 оны 4 дүгээр сард хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр орон сууцны талбайг 83.92 м.кв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан. 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Барилга барьж буй хувийн хэвшлийн компаниуд дээрх стандартыг мөрдөх ёстой тул би “Өгөөж чихэр боов” ХХК-ийг бүх норм стандартын дагуу ажилласан гэж итгэж, 99.7 м.кв талбайн үнийг бүрэн төлсөн. Гэтэл 15.78 м.кв дутаж, “Өгөөж чихэр боов” ХХК-д 28 404 ам.долларыг илүү төлж хохирсон байна.Иймд 15 78 м.кв талбайн төлбөрт төлсөн 28 404 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулах үед орон сууцны барилга бүрэн гүйцэд баригдаагүй, гүйцэтгэл дутуу байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамжинд оршин 3 орц, 10 давхар бүхий орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 5 дугаар сараас барьж эхлэн 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Иргэний хууль болон Барилгын тухай хууль, бусад хуулийг мөрдлөгө болгон тухайн үеийн айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журмын дагуу ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.Оюунсайхан нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлж байгаа орон сууцны барилгын доторхи талбайг тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартын дагуу 28 404 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Оюунсайханы гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00632 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.3, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-иас 56 303 829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 439 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунсайханд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1792 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 439 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн 1792 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгч миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Шүүх бүрэлдэхүүн нь нэхэмжлэгчийн талаас мэтгэлзэх, хариуцагчид асуулт тавьж хариулт авах эрх олгоогүй, хүний эрхийг зөрчиж, хамааралтай, хараат байдлаар хурлыг зөвхөн хариуцагчийн талд үйлчилж хийсэн. Түүнчлэн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгч Н.Наранбаярын ярьсан гомдол, тайлбар, хариултыг бодит байдлаас илүүтэйгээр засварлаж, найруулан, ярьсан зүйлийн утгыг хуулийн хэллэгт оруулж, өөрчилсэн байдлаар хурлын тэмдэглэлд тусгаж бичсэн байсан.Иймд би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ниислэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчид хурлын тэмдэглэлд засвар оруулах гомдол гаргаж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Содном-Иш туслах надруу залгаж “хурлын тэмдэглэлд засвар оруулсан” тухай мэдэгдсэн. Үүгээр Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт журам, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах процедурыг зөрчсөн нь нотлогдож байна....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талбайн хэмжилт хийсэн “Эдшил” ХХК-ийн “Орон сууцны талбайн хэмжилт хийсэн тайлан, дүгнэлт” тамга тэмдэгтэй, тэрхүү дүгнэлтийг Улсын Бүртгэлийн газар хүлээн зөвшөөрч өмчлөх эрхийн гэрчилгээ 83,92 мкв-аар өгснөөрөө нотлох баримт болно. Үүнийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч, үнэлж шийдвэрээ гаргасан. Харин магадлалд талбайн хэмжилтийн дүгнэлт, бодит хэмжилтээр хийгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээний талаар огт тусгаагүй байна. “Эдшил” ХХК-ийн компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй байна гэсэн үндэслэлээр нотлох баримтыг зөвшөөрөхгүй байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал буруу гэж үзэж байна.Тухайн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг иргэн би нотариатаар батлуулж авах эрх зүйн боломж байхгүй. Иймд “Эдшил” ХХК-ийн хэмжилтийн дүгнэлт албан ёсны тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй, “Эдшил” ХХК-н дүгнэлтэнд үндэслэж тухайн орон сууцанд Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байгаа нь шүүхэд нотлох баримт болно гэж миний бие үзэж байна. ...Магадлалын 3-р талд “...зохигчдын тайлбараас үзвэл маргаан бүхий 3 өрөө орон сууц ...хэрэгт авагдсан баримтын хүрээнд” эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар зөвлөмжид “...өөрийн буруугаас нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй явдал түүнд ашиггүй шийдвэр гарах үндэслэл болно.” гэж заасан байтал энэхүү эрх зүйн нотлох баримт болж чадахгүй хариуцагчийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний Улсын комиссын актын хуулбар, уг байрыг 2010 оны 01 дүгээр сарын 10-нд “Өгөөж” ХХК-ийн ерөнхий захирлын эхнэр Маринагийн өмчлөх эрхийн хуулбарыг үндэслэн магадлалд “...зохигчдын хооронд ямар төрлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоож эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.” гэж 1792 магадлалын 3, 4 талд дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-ийг зөрчсөн гэж үзэж байна....Иргэний хуулийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Үүнийг анхан шатны шүүх зөв тогтоож шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан эрхийг хангаагүй. Төлөөллийн журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийг төлөөлөгч нь бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй тогтоох шаардлагатай, X.Сэлэнгэ гэгч итгэмжлэлгүй этгээд хуралд оролцож шүүх бүрэлдэхүүнд дарамт учруулж нөлөөлсөн....Иймд давж заалдах шатны шүүхийн 1792 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн 1792 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх магадпалдаа “Маргаан бүхий 3 өрөө сууцыг улсын комисс ашиглалтанд хүлээн авсан акт, орон сууц худалдах худалдан авах гэрээ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлцэгдээгүй нотлох баримтанд дүгнэлт өгч, “Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй” гэж хууль зөрчсөн дүгнэлт хийсэн.Нэхэмжлэгч Ж.Оюунсайханы нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж гарсан. Хариуцагчид 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарласан баримт хавтас хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3 болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх тухай эрх үүргийг хариуцагчид тайлбарлаж таниулсан баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл гарын үсэг зурсан байна.Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хариуцагчийн эрхээ эдлэх бүх боломжийг шүүхийн зүгээс хангасан. Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгож байгаа барилга ашиглалтанд хүлээн авах акт, орон сууц худалдах худалдан авах гэрээ зэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргасан. Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгч түүний өмгөөлөгчид ут баримтыг танилцуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах санал шүүхэд гаргасан. Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болохыг мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй. Энэ бүх процессыг тэмдэглэсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй, талбайн зөрүүг хэмжүүлсэн дүгнэлт хавтас хэрэгт эх хувиараа авагдсан байхад уг хэмжилтийг хийсэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлд давж заалдах шатны шүүх ач холбогдол өгч нотлох баримт цуглуулах гаргах талаар хуульд заасан журам зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй болохыг анхаараагүйгээс гадна нотлох баримтын бүрдлийн талаарх хэргийн оролцогчдын тайлбар хүсэлтийг тодруулаагүй байх тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нөгөө талаар, маргааны үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй бол маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Тухайлбал, анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэгчийг захиалагч, хариуцагчийг ажил гүйцэтгэгч гэж тодорхойлон хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-иас талбайн зөрүү гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан баримтад маргааны зүйл болж буй орон сууц зохигчдын хоорондох гэрээ байгуулагдахаас өмнө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байсан нотлох баримт байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар шүүх эрх зүйн үүднээс дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1792 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН