Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00207

 

    Н.О-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02751 дугаар шийдвэртэй, Н.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 7 038 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т нь 2016 оны 03 дугаар сард Э.Бурмаад 3 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу Э.Б-тай уулзаж 3 000 000 төгрөг өгсөн. Харин Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад М.Т дундаас нь 3 000 000 төгрөг авсныг мэдсэн. Дараа нь М.Т  2016 оны 03 дугаар сард 3 удаагийн давтамжтай 500 000 төгрөгийг М.Сувд-Эрдэнэд өгнө гээд надаас авсан. Энэ мөнгөө өгөөгүй тул хариуцагчтай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсаны дагуу үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүүнд 150 000 төгрөг, алдангид 750 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөг шаардаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Т-аас 3 000 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 638 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь Ж.У, н.А нарт мөнгө зээлүүлнэ гээд тус бүр 1 000 000 төгрөг өгснөөс хариуцагч өөртөө авсан. Зарим хэсгийг буцаан өгч үлдэгдэл 1 638 000 төгрөг, нийт 7 038 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  М.Т шүүхэд  гаргасан  тайлбартаа:  Н.О нь надаас 7 038 000 төгрөг нэхэмжилжээ. Түүнээс 1 638 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлд дурдсан 1 500 000 төгрөгийг би авч хэрэглээгүй. Н.О надаас сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж гуйсны дагуу М.Сувд-Эрдэнээс асуугаад “мөнгөний хэрэгцээ байна” гэхээр нь 2016 оны 03-04 дүгээр сард Н.От хэлэхэд “чи өөрөө аваачаад өг гээд надад 500 000 төгрөгөөр 3 удаа өгч, би түүнийг М.Сувд-Эрдэнэд өгсөн” болно. М.Сувд-Эрдэнэ 2016 оны 07 дугаар сар хүртэл сарын хүү 150 000 төгрөгийг надаар дамжуулан өгөхөд нь би хүүд 450 000 төгрөгийг Н.О-т өгч байсан. М.Сувд-Эрдэнэ 2016 оны 08 дугаар сараас алга болсон тул Н.О намайг дарамталж, би аргагүй байдалд орж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Тухайн үед надад Н.О-ээс мөнгө зээлэх шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэлд дурдсан 3 000 000 төгрөгийг Э.Бурмаа зээлж авч, надад өрөндөө өгсөн байдаг юм. Иймд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.О, М.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Дүр үзүүлж хийсэн хэлцлийн үндсэн шинж нь талууд эрх, үүргийн хувьд холбогдох хүсэлгүй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүргийг тодорхой зааж 1 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тогтсон байдлуудаар нотлогдоно.

Дээр дурдсан байдлуудаас уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1-д тус тус зааснаар хэлцэл хийгдсэн нь тогтоогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч М.Т-аас 6 138 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, үлдэх 900 000 төгрөгийн шаардлага болон гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142 508 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцагчаас 113 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах М.Т-ын үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 2018 оны 03 дугаар сард 3 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 1 638 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд 1 500 000 төгрөгийг хариуцагч М.Т нь нэхэмжлэгч Н.О-ээс шилжүүлэн авсан гэж үзнэ...” гэж үндэслэлээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байдаг бөгөөд хариуцагч М.Т энэ мөнгийг 2016 оны 3-4 дүгээр сард нэхэмжлэгчийн гуйлтаар бусдад зээлдүүлэх гэж авснаа зөвшөөрдөг. Н.О, М.Т нарын хооронд 3 000 000 төгрөг авч өгөлцсөн ямар нэг нотлох баримт байдаггүй. Харин гэрч Э.Бурмаа, хариуцагч М.Т нарын хооронд 3 000 000 төгрөгөөр 2 удаа, нийт 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, нэхэмжлэгч Н.О, гэрч Э.Бурмаа нарын хооронд 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн байгааг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд ямар нэг нотлох баримтгүйгээр хариуцагч М.Т-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3 138 000 төгрөг гаргуулж гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь  зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Н.О-ийн хариуцагч М.Т-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 038 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч М.Т нь 2016 оны 01 дүгээр сард Ж.Улаадай, н.Амаржаргал нарт тус бүр 1 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр авсан мөнгөний үлдэгдэл 1 638 000 төгрөг, 2016 оны 02-03 дугаар сард 3 000 000 төгрөгөөр 2 удаа Э.Бурмаад зээлэхээр авсан 6 000 000 төгрөгөөс 2016 оны 03 дугаар сард авсан 3 000 000 төгрөг, 2016 оны 03-04 дүгээр сард М.Сувд-Эрдэнэд зээлүүлэхээр авсан 1 500 000 төгрөгийг буцаан төлөөгүй гэж талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг, нийт 7 038 000 төгрөгийг гаргуулах”-аар тодорхойлсон.

Хариуцагч М.Т нь 2016 оны 01 дүгээр сард Н.Оээс Ж.Улаадай, н.Амаржаргал нарт зээлүүлэхээр Н.О-ээс нийт 2 000 000 төгрөг авсны үлдэгдэл 1 638 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1 дэх хэсэгт зааснаар энэ хэмжээгээр шаардах эрхтэй юм.

Түүнчлэн тэрээр Н.О-ээс 2016 оны 02-03 дугаар сард тус бүр 3 000 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг авч Э.Бурмаад зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сард авсан 3 000 000 төгрөгийг Э.Бурмаагаас авах авлагад суутган авсан тул Э.Бурмаа хариуцна гэж, харин 2016 оны 03-04 дүгээр сард Н.О-ээс М.Сувд-Эрдэнэд 1 500 000 төгрөгийг зээлсэн, М.Сувд-Эрдэнэ зээлийг төлөөгүй тул Н.О-ийн дарамт, шахалтаар түүнтэй 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. 

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэх бичгийн баримт хэрэгт авагдсан. /х.х-ийн 4 дүгээр тал/

Зээлийн гэрээний зүйл болох 1 500 000 төгрөгийг Н.О-ээс М.Т хүлээж авсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иймд хариуцагч нь зээлийн үүргийг, гэрээнд тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй.

Хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг төлөх үүрэгтэй тул шүүх энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч зээлийн гэрээний шаардах эрхийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч Н.О-ээс 2016 оны 01-06 дугаар сарын хооронд нийт 9 500 000 төгрөг зээлж, үлдэгдэл төлбөр төлөөгүй залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” гэх үндэслэлээр прокурорын дүгнэлтээр хаасан.

Прокурорын дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамаарахгүй тул уг дүгнэлтэд дурдагдсан үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулж бүрдүүлээгүй баримт нь нотлох баримтын шинжээ алдах бөгөөд мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Хэргийн 135 дугаар талд хариуцагч М.Т-ын гаргасан ”нэхэмжлэгч Н.О миний 5675386681 тоот дансанд 2016 оны 03 дугаар сард 3 000 000 төгрөг шилжүүлснийг Э.Бурмаад өгч, гарын үсэг зуруулсан” гэх тайлбар, хэргийн 141-142 дугаар талд гэрч Э.Бурмаагийн “...М.Т-ын авчирсан 3 000 000 төгрөгийг би аваагүй...” гэх мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж хариуцагч М.Т нь 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Оээс хүлээж авсан гэж үзэх тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56 дугаар зүйлийн 56.1...” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА