Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00734

 

 Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02751 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.О-

          Хариуцагч: М.Т-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 7,038,000 төгрөг гаргуулах,

          Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч М.Т-, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч нь 2016-03 сард 3 сая төгрөгийг Б-д зээлээч гээд байна, би аваачаад өгнө гэж худал хэлээд дундаас нь завшсан. 2016-10-04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,5 сая төгрөг 1 сарын хугацаатай, 10%-н хүүтэй зээлсэн ч төлөөгүй. Иймд үндсэн зээл 1,5 сая төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,4 сая төгрөгийг завшиж авсан 3 сая төгрөгийн хамт нийт 5,4 сая төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа 1,638,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7,038,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ИХ-ийн 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Дүр үзүүлж хийсэн хэлцлийн үндсэн шинж нь талууд эрх, үүргийн хувьд холбогдох хүсэлгүй байдаг. 2016-10-04-ний өдрийн 1,5 сая төгрөгийн зээлийн гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүргийг тодорхой зааж 1,5 сая төгрөгийг 2016-10-04-с 11-04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10%-н хүүтэй зээлдүүлж, хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-р алданги тооцохоор тогтсон байдлуудаар нотлогдоно. Дээр дурдсан байдлуудаас уг зээлийн гэрээ нь ИХ-н 39.1, 40.1, 43.1.1, 43.2.1-д тус тус зааснаар хэлцэл хийгдсэн нь тогтоогддог. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 1,638,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5,4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлд дурдсан 1,5 сая төгрөгийг би авч хэрэглээгүй. Н.О- надаас сарын 10%-н хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж гуйсны дагуу М.Сувд-Эрдэнээс асуугаад мөнгөний хэрэгцээ байна гэхээр нь 2016 оны 03-04 дүгээр сард Н.О-т хэлэхэд чи өөрөө аваачаад өг гээд надад 500,000 төгрөгөөр 3 удаа өгч, би түүнийг М.Сувд-Эрдэнэд өгсөн болно. М.Сувд-Эрдэнэ 2016-07-р сар хүртэл сарын хүү 150,000 төгрөгийг надаар дамжуулан өгөхөд нь би хүүд 450,000 төгрөгийг Н.О-т өгч байсан. М.Сувд-Эрдэнэ 2016-08-р сараас алга болсон тул Н.О- намайг дарамталж, би аргагүй байдалд орж, 2016-10-04-ний өдөр зээлийн гэрээг хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Тухайн үед надад Н.О-ээс мөнгө зээлэх шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэлд дурдсан 3 сая төгрөгийг Э.Б- зээлж авч, надад өрөндөө өгсөн байдаг юм. Иймд 2016-10-04-ний өдрийн Н.О-, М.Т- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 184/ШШ2018/02751 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан М.Т-аас 6,138,000 төгрөг гаргуулан Н.О-т олгож, үлдэх 900,000 төгрөгийн шаардлагыг   сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142,508 төгрөг, хариуцагчаас төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 113,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...56 дугаар зүйлийн 56.1... гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1... гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

     Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлээс 3,138,000 төгрөг зөвшөөрдөг. М.Т-, Э.Б- нарын хооронд 2 удаагийн зээлийн гэрээ байгуулагдаж, Э.Б- М.Т-д 6 сая төгрөг төлөх үүрэгтэй байсан. Үүний 4 сая төгрөг нь Э.Б-гийн гуйлтаар М.Т- бусдаас зээлж авч өгсөн мөнгө, 2 сая төгрөг нь Э.Б-гийн М.Т-аас зээлээр худалдаж авсан булган шубаны үнэ юм. М.Т- бусдаас авсан мөнгөө төлөхийн тулд эхний удаа Э.Б-г Н.О-тэй танилцуулан Э.Б-д 3 сая төгрөг зээлүүлээд, тэр мөнгийг авч өр төлбөртөө өгсөн байдаг. Хоёр дахь удаагаа Н.О-ээс 3 сая төгрөг аваад Э.Б- дээр очиж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ тухай Э.Б- цагдаагийн газар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ надаар цаасан дээр Зсая төгрөг хүлээн авсан гэж гарын үсэг зуруулсан гэж мэдүүлдэг. Э.Б- нь дээрхи 6 сая төгрөгийг Н.О-т төлөх үүргээ баталгаажуулж, 2017-3-18-ны өдөр Э.Б- Н.О- нарын хооронд Төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн, энэ хэлцэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. М.Т- Э.Б-д үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүйг ойлгоод ИХ-ийн 12.1-д зааснаар өөртөө тусалсан байна. 2015 онд Э.Б- М.Т- нарын хооронд гэрээ хийгдсэнээс гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Э.Б-гаас шүүхийн шийдвэрт М.Түшинжаргалаас гаргуулахаар шийдвэрлэсэн 3 сая төгрөгийг М.Т- нэхэмжлэх эрхгүй болсон байна. Харин Н.О- 2017 оны төлбөр барагдуулах хэлцлээрээ Э.Б-гаас шаардах эрхээ алдаагүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж М.Түшинжаргалаас 6,138,000 төгрөг гаргуулж гэснийг 3,138,000 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Н.О- 2018-04-09-ний өдөр М.Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 7,038,000 төгрөг шаардахдаа “...2016-10-04-ний өдөр 1,500,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн. Иймд үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг төлөх ёстой мөн 2016 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөг зээлсэн... мөн 1,638,000 төгрөг төлөх ёстой ...” гэжээ. /хх1,11/

  М.Т- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...надаас мөнгө зээлж авах хүн байна уу олж өгөөч гэдэг байсан би хүн олж өгсөн...тэгээд сүүлдээ тэд нар нь алга болсон тул надтай гэрээ гэрээ хийсэн ..би мөнгө аваагүй...3 сая төгрөгийг Б- надад өгөх ёстой байсан тул авч над өгсөн..нэхэмжлэлээс 1,638,000 төгрөгийг нь зөвшөөрч байна..” гэжээ.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016-10-04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна./хх 70,104/

  Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3,138,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ. 

 Хяналтын шатны шүүхэд гаргасан, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 1. 2016-10-04-ний өдрийн зээлийн гэрээгээр М.Т- нь 1,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 2016-11-04-ний өдөр хүртэл 10 хувийн хүүтэй Н.О-ээс зээлж, мөнгийг хүлээн авсан байна./хх 4/

 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 2016-10-04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй байна. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 Н.О- үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч мөнгийг буцааж төлөөгүй тул шүүх нэхэмжлэлээс 2,400,000 төгрөгийн /үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг/ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлож чадаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. 

 2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 1 дүгээр сард 1,638,000 төгрөг авсан нь тогтоогдсон байна.

М.Т- 2016 оны 01 дүгээр сард Н.О-ээс бусдад зээлүүлэхээр нийт 2,000,000 төгрөг авсан, үүнээс 1,638,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч уг мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь баримтад үндэслэгджээ. 

 3. Н.О- нь 2016 оны 3 дугаар сард 3,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн байх бөгөөд энэ талаарх баримтыг М.Т- үгүйсгэж чадаагүй байна.  

 Тухайлбал, хэргийн 135, 141-142 дугаар талд буй баримтуудаар М.Т- 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан боловч буцааж өгөөгүй нь тогтоогджээ.

 Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг мөнгийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 62,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                              Б.УНДРАХ