Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/02751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Т-д холбогдох

7,038,000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3,000,000 төгрөгийг Э.Б гэх эмэгтэй “мөнгө хэрэгтэй байна та зээлүүлээч” гэсэн тул зээлүүлсэн. Э.Б Нарантуул зах дээр лангуу ажиллуулдаг, Хятад улс руу очиж бараа их хэмжээгээр эргэлдүүлдэг гэж надад хэлсэн. Тэгээд Э.Б-тай уулзаж 3,000,000 төгрөг өгсөн. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дараа энэ мөнгийг Э.Б биш М.Т дундаас нь авсан гэдгийг мэдсэн. Дараагийн мөнгөний асуудал бол 2016 оны 3 дугаар сард 3 удаагийн давтамжтай 500,000 төгрөгийг С гэх эмэгтэйд зуучилж өгсөн гээд М.Т надаас авсан. Энэ мөнгөө өгөхгүй байсан тул хариуцагчтай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүүд 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг шаардаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Т-аас 3,000,000 төгрөгийн хамт нийт 5,400,000 төгрөгийг нэхэмжилсэн.  Сүүлд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1,638,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ бол 2 хүнд мөнгө зээлүүлнэ гээд тус бүр 1,000,000 төгрөг өгснөөс хариуцагч өөртөө авсан. Зарим хэсгийг буцаан өгсөн ба үлдэгдэл болох 1 хүний 819,000 төгрөг, нийт 1,638,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч М.Т-аас нийт 7,038,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн 7,038,000 төгрөг бол гурван өөр шаардлага юм. Нэгдүгээрт, хариуцагч М.Т нь Э.Б зээлсэн гэх боловч дундаас нь завшин авсан 3,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардаж байна. Нэхэмжлэгч Н.О нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  хариуцагч М.Т-ыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Хоёрдугаарт, С гэх эмэгтэйд зуучилж зээлүүлж байгаа хэмээн 3 удаагийн үйлдлээр 1,500,000 төгрөгийг авсан боловч өгөөгүй тул  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүүд 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,400,000 шаардаж байна. Гуравдугаарт, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 1,638,000 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 7,038,000  төгрөгийг бүхэлд хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг М.Т аваагүй Э.Б авсан тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь эрүүгийн журмаар шалгах явцад 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр М.Т-ын өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Дараагийн 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус хэлцэл хүчин төгөлдөр бус тул хүү, алданги шаардах эрхгүй гэж үзнэ. Авсан гэх 1,500,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг төлсөн. Энэ нь Ж.У-ийн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцон өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Харин сүүлийн 1,638,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, маргаан байхгүй. Ингээд нийт 2,688,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 4,350,000 төгрөгөөс татгалзана гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Залилж авсан гэх 3,000,000 төгрөгийн хувьд гэрч Э.Б Н.О-с зээлэн М.Түвшинжаргалд өрөнд өгсөн байдаг. Үүнийг нь тухайн үед хамт байсан гэрч Ж.У, Б.О нар гэрчилдэг. Энэ мөнгийг Э.Б-аас нэхэмжилж авах нь зүйтэй. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл гэж байгуулан 6,000,000 төгрөгийг Э.Б нь Н.О-гт өгөх үүрэг хүлээсэн байдаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О-ээс хариуцагч Т нь 1,500,000 төгрөг зээлж аваагүй юм. Н.О нь М.Т-аас сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж гуйсны дагуу М.С гэх эмэгтэйд мөнгө хэрэгтэй байна гэснийг хариуцагч 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Н.О-т хэлсэн байдаг. Н.О нь “чи өөрөө мөнгийг хүргэж өг” хэмээн 3-4 дүгээр сарын хооронд 3 удаа 500,000 төгрөг өгсөн байдаг ба түүнийг нь М.С-д М.Т өгсөн байдаг. М.С нь Н.О-т 2016 оны 7 дугаар сар хүртэл 3 сарын хүү болох 450,000 төгрөгийг М.Т-аар дамжуулан өгсөн. М.С- 2016 оны 8 дугаар сараас гэнэт алга болсон тул Н.О нь М.Т-ыг дарамталж, шахсаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу гэрээг байгуулсны дараа мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа.  Иймд дээрх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.О, М.Т нарын хооронд байгуулсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” заасны дагуу 2016 оны 4,5 дугаар сард 10 хувийн хүүтэй зээлсэн 500,000 төгрөгийг М.Т-аас нэхэхэд “та санаа зоволтгүй би зээлсэн мөнгөө баталгаажуулж Нотариат дээр гэрээ хийж өгье” гэж хэлэн хоёр ч нотариат дээр дагуулан очиж Саппорогийн Хаан Банкны 2 давхарт байрладаг Нотариат ч эмэгтэй дээр гэрээг хийлгэн, Нотариатаар гэрчлүүлж өгсөн байдаг. М.Т нь надад “С гэдэг эмэгтэйд зээлж авч өгч байна” гэж огт хэлээгүй ба сөрөг нэхэмжлэлд энэ хүний нэрийг дурдсан нь үндэслэлгүй. М.Т нь надаас мөнгө хэрэг болоод байна хэдхэн хоноод өгчих нь гэж шавдуулан гуйж 1,500,000 төгрөг зээлж аваад өнөөг хүртэл өгөхгүй, чирэгдүүлэн хохироож байгаад гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлд “Н.О надаас сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гээд гуйгаад байхаар нь С гэх эмэгтэйд 500,000 төгрөгөөр 3 удаа авчирж өгсөн, 2016 оны 7 дугаар сар хүртэл сарын хүү 150,000 төгрөг нийт 450,000 төгрөг өгсөн” хэмээн дурдсаныг зөвшөөрөхгүй. Учир нь М.Т нь С гэх хүнд мөнгө зээлж өгч байна гэж огт хэлж байгаагүй. Би огт хараагүй танихгүй хүнд өмнөх мөнгөө аваагүй байж дахин, дахин 500,000 төгрөг өгч зээлдүүлэхгүй нь хэнд ч тодорхой. Миний зүгээс М.Т-д хүүтэй мөнгө зээлдүүлэх хүн олж өгөөч гэж гуйсан удаа огт байхгүй. Мөн М.Т-ыг дарамталж, шахаж байсан удаа огт байхгүй. Би хүнрүү чанга дуугарч, хэрэлдэж, маргаж огт чаддаггүй тул өнөөг хүртэл хохирч хүлээсээр ирсэн. Харин М.Т өөрөө “10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг, ашигтай байдаг юм, та машин авах гэж хадгалсан мөнгөө өсгөөд ав” хэмээн намайг ятгаж, өөрт нь өглөгтэй хүмүүсийг дагуулж ирж мөнгө өгүүлсэн байсан. Тэр хүмүүст мөнгө зээлдүүлж байгаад өөрийнхөө авлагыг дундаас нь авсан байсан. М.Т 1,500,000 төгрөгийг авсан, мөн төлнө гэдгээ хүлээж Сонгинохайрхан Дүүргийн Цагдаагийн газар “надтай Н.О эгч 1,500,000 төгрөгийн асуудал ярих ёстой байтал надаас бүх авлагаа нэхэмжилж байгаа” гэж мэдүүлсэн байдаг. М.Түвшинжаргалтай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулж 1,500,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрчээ гэх үндэстэй байна. Хэрэв дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэх ёстой. Талууд гагцхүү өнгөн талдаа тодорхой хэлцлийг хийсэн мэт харагдуулахаар харин тухайн хэлцэлтэй холбогдон үүсэх эрх зүйн үр дагаврыг бий болгохыг хүсэхгүй байгаа хэлцлийг дүр үзүүлэн хийсэн гэж нэрлэдэг. Дүр үзүүлж хийсэн хэлцлийн үндсэн шинж нь талууд эрх үүргийн хувьд холбогдох хүсэлгүй байдаг, өөрөөр хэлбэл тодорхой үр дүнд хүрэх зорилгоор биш, харин хэлцэл хийсэн гэх гадаад илрэлийг л бий болгохын тулд хийдэг бөгөөд энэхүү хэлцлийн зорилго нь талууд үнэн санаанаасаа хандаагүй, эрх, үүрэг хүлээгээгүй, харин бусад этгээдийг хуурахын тулд хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн заалтыг үндэслэн зээлдүүлэгч Н.О, зээлдэгч М.Т нарын хооронд 1,500,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх харилцааг зохицуулсан байдаг. Уг гэрээгээр талуудын хүлээсэн эрх үүргийг тодорхой зааж 1,500,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тогтсон байдлуудаар нотлогдоно. Дээр дурдсан байдлуудаас уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /Эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” заасан болон Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зорилгын илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.1.1-т “Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 43.2.1-т “Талууд хүсэл зорилгоо илэрхийлсэн, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тус тус заасан заалтуудаар хэлцэл хийгдсэн нь тогтоогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-аас нийт 7,038,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 2,688,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 4,350,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Нэгдүгээрт, 2016 оны 3 дугаар сард Э.Б-д зээлүүлнэ хэмээн авсан 3,000,000 төгрөг, хоёрдугаарт, 2016 оны 1 дүгээр сард Ж.У, А нарт зээлдүүлнэ хэмээн авснаас үлдэх 1,638,000 төгрөг, гуравдугаарт, 2016 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд 3 удаагийн давтамжтай нийт 1,500,000 төгрөгийг С-д зээлүүлнэ гэж авсныг баталгаажуулан байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөг, бүгд 7,038,000 төгрөгийг хариуцагч М.Т-аас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч М.Т-ыг 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд нийт 9,500,000 төгрөгийг зээлж, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гомдол гаргасан байна. Гомдлыг шалган Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгасан ба дээрх хэрэг нь 2016 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагад татаж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай” 78 дугаар тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 107 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хх-5-6/

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах М.Т-ын үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл,  2016 оны 3 дугаар сард 3,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 1,638,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд 1,500,000 төгрөгийг хариуцагч М.Т нь нэхэмжлэгч Н.О-ээс шилжүүлсэн авсан гэж үзнэ. /хх-6/

Эндээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, харин 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийг хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүй олж авсан хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчтай Зээлийн гэрээ байгуулж, гэрээнд Н.О нь М.Т-д 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-нд буцаан төлөх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тусгасан хэмээн, үндсэн төлбөрт 1,500,000 төгрөг, хүүнд 150,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг гаргуулна гэжээ. /xx-4/

Хариуцагч М.Т 2016 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд С- гэгчид зээлүүлнэ гэж 3 удаагийн давтамжтай 1,500,000 төгрөг авсныг баталгаажуулан зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэх үйл баримтад зохигчид маргаагүй.

Хариуцагч тал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасантай нийцээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнчлэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүү, алданги төлөхгүй, мөн 450,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлснийг хасан үлдэх 1,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Өмнө дурдсан үндэслэлээр талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн шаардлага, хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага тус тус үндэслэлгүй.

Харин хариуцагч 1,500,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг буцаан төлсөн нь гэрч Ж.У “. . . 2 удаа М.Т эгч намайг охинтойгоо хамт яваад Н.О-т мөнгөний хүү гээд 150,000 төгрөг өгүүлэхээр явуулж байсан. Тухайн үед Н.О үсчин хийж байсан. Би гадаа нь зогсоод охин нь дотогшоо өгөхөөр орж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдоно гэж маргаж байна. Мэдүүлгээс 150,000 төгрөг нь хариуцагчийн хүлээх 1,500,000 төгрөгийн үүрэг байсан эсэх, дамжуулсан мөнгө 150,000 төгрөг байсан эсэхийг гэрч мэдэж байгаа болох нь эргэлзээтэй байх тул хариуцагч 450,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй гэж үзнэ.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Т-ыг 6,138,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгуулж, үлдэх 900,000 төгрөгийн шаардлага болон гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.НЯМСҮРЭН