Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/00635

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/00635

Улаанбаатар хот

                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б ЗБН ,

Нэхэмжлэгч М.Т  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК холбогдох

1.444.165.291,26 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, С.Б, нэхэмжлэгч М.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б ЗБН болон иргэн М.Т нар нь А ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий Газар эзэмших эрхийн хамт А ХХК-д нийт 4.571.089.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 3.030.826.139,16 төгрөгт тооцуулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг А ХХК нь манай өмчлөлд шилжүүлсэн. Үүнд:

1.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 101 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 121 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 566.243.947,99 төгрөгт тооцож,

2.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 102 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 194.20 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 908.798.138,01 төгрөгт тооцож,

3.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байр, 705 тоот хаягт байрлах 165.56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 888. 405.059,16 төгрөгт тооцож,

4.Улаанбаагар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлах газар дээр баригдаж байгаа The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 617. 693.244 төгрөгт тооцож

5.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 21 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй.

6.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоол. 49.685. 750 төгрөгт тооцож,

7.Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 22 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол үнэ төлбөргүй тус тус шилжүүлсэн болно.

Бидний хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу үлдэгдэл 1.540.258.250 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Үүнд:

1.А ХХК нь гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажсан өдөр 397.486.000 төгрөгийг,

2.Гэрээний 4.2.4-д заасны дагуу худалдаж буй Газар эзэмших гэрчилгээ М.Т ийн нэр дээр гарсан өдөр 397.486.000 төгрөгийг,

3.Гэрээний 4.2.5-д заасны дагуу Газар эзэмших гэрчилгээ, гэрээг А ХХК-ний нэр дээр гарч, олгосон өдөр үлдэгдэл 745.290.860,84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт төлөхөөр тохиролцсон.

А ХХК нь дээр дурдсан төлбөрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 397.486. 000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл өр төлбөр 1.042.776.860,84 төгрөгийг төлөөгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч талтай үлдэгдэл өр төлбөрийг шуурхай төлөх талаар удаа дараа уулзаж өр төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд алдангиас тодорхой хэмжээнд хөнгөлөх уян хатан санал тавьсан.

Гэвч хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлсөн ч үлдэгдэл 962.776.160,84 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна.

Гэрээнд заасны дагуу газар эзэмших гэрчилгээ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.Т ийн нэр дээр гарсан тул тухайн өдөр 100.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ өдрөөс эхлэн алданги тооцсон болно.

Тиймээс бидний хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги хоног тутам бодож нийт 481.388.430,42 төгрөгийн /иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон/ үндсэн төлбөр дээр нэмж тооцсон болно.

Иймд А ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл өр төлбөр 962.776.860,84 төгрөг алданги 481.388.430,42 төгрөг, нийт 1.444.165.291,26 төгрөгийг А ХХК- иас гаргуулан өгнө үү.

Хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөгийг М.Т т өгсөн гэх баримт нь манайд байхгүй, мөн Тунгалаг өөрийн гарын үсэг биш гэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, харин 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байна, газрын тухай маргаан захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа нь нэхэмжлэгч нарт хамааралгүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний төлбөрт нийт 3.030.826.139,16 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгч, үлдэх 1.540.258.250 төгрөгийг мөнгөөр өгөхөөр тохиролцсон нь үнэн.

 

Дээрх мөнгөн төлбөрөөс нийт 597.486.000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийг оруулалгүй орхигдуулсан байна. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10.000.000 төгрөгийг хүлээн авсан М.Т гэснийг түүний гарын үсэг биш гэж байгаа боловч шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

Тиймээс үлдэгдэл төлбөр нь 942.772.250 төгрөг байгаа бөгөөд гагцхүү энэ төлбөрийг нэг дор бөөнөөр нь өгөх санхүүгийн боломж муутай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхой хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцэх, улмаар үлдэгдэл төлбөрийн дүнд нийцэх үл хөдлөх хөрөнгийг ч санал болгох боломжтой гээд удаа дараа санал тавьсан боловч А ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа юмаа.

Харин алдангид нэхэмжилж буй 481.388.430,42 төгрөг нь хэт өндөр байх бөгөөд энэхүү үнийн дүнг хэрхэн, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

Мөн талуудын хооронд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүсэн байгаа тул нэхэмжлэгч буюу худалдагчийн үүргийн зөрчилтэй зарим зүйлийг энд дурдахыг хүсэж байна.

Тодруулбал, бид гэрээний дагуу шилжүүлж авсан газар дээрх хуучин барилгыг буулган, шинээр барилга барих ажиллагааны үед хөрш залгаа орших иргэн, хуулийн этгээдээс гэрээгээр шилжүүлэн авсан газрын зарим хэсгийг нийтийн эзэмшлийн газарт хамаарах ба орц, гарцыг хааж газар олгосон болон уг газар дээр барилга барихаар төлөвлөсөн нь буруу гэж маргаан үүсгэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.4-д Үл хөдлөх хөрөнгийг эрхийн болон биет байдлын доголдолгүй, бусад шаардлагагүйгээр Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдагчийн үүрэг болон мөн гэрээний 7.1 -д заасан худалдагчийн баталгаанд нийцэхгүй байгааг илтгэнэ.

Ийнхүү уг захиргааны хэргийн шүүх дэх дээрх маргаан нь худалдан авагч компанийн гол үйл ажиллагааны чиглэл болох барилга барьж хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гол нөхцлийг хаан боогдуулж, үүргийн гүйцэтгэлд нөлөөлж байна.

Хариуцагч гэрээний үүргийн 80%-ийг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байгааг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юмаа. Нэхэмжилж буй алдангийн хэмжээ хэт өндөр байгааг шүүх харгалзаж үзнэ үү.

 

Иймд М.Т болон Б ЗБН-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 1.444.165.291,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.444.165.291,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч /худалдагч/ Б ЗБН, М.Т нар нь хариуцагч /худалдан авагч/ А ХХК-ийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000359880 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203011534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий газар эзэмших эрхийн 0065628 дугаарын гэрчилгээтэй Газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх, А ХХК-д нийт 4.571.089.000 төгрөгийг гэрээнд заасан хэлбэр, хэмжээгээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 13-17-р хуудас/

Хариуцагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 3.030.826.139,16 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлж,

гэрээний 4.2.3-т заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 397.486. 000 төгрөгийг ,

гэрээний 4.2.4-т заасны дагуу 397.486.000 төгрөг төлөхөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг,

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийг тус тус төлж, нийт 3.618.312.139,16 төгрөгийг төлж барагдуулсан талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч А ХХК нь дээрх төлбөрүүдээс гадна 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч М.Т т 10.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй. /хх-ийн 52-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч А ХХК-нь үлдэгдэл төлбөр 942.776.860,84 /4.571.089.000-3.618.312.139,16-10.000.000 = 942.776.860,84/ төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч А ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэж байгаа боловч нотлох баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон болно.

Дээрх гэрээний 6.3-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,1%-ийн алданги төлөх, худалдагч гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгө бусад дагалдах хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алданги тус тус төлнө гэж үүргийн гүйцэтгэлийг хариуцлагажуулсан байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт хариуцагч буюу худалдан авагчид шилжүүлсэн байхад худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6. болон гэрээнд заасны дагуу алданги тооцох үндэстэй.

Гэрээний 4.2.4., 4.2.5.-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан өдөр төлж барагдуулахаар тохирсон байх бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл төлбөр болох 942.776.860,84 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлжээ. Дээрх төлбөрийг төлсөн өдрүүдийн аль өдөрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан болохыг зохигчид баримтаар нотдоогүй болно.

Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж байхад худалдагч нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг нэг удаа хүргүүлж гэрээний 5.1.8-д заасан үүргээ хангалтгүй биелүүлж байсан байна./хх-ийн 28-р хуудас/

Хариуцагч А ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгө болон бусад хэлбэрээр төлж барагдуулах тухай тайлбарыг гаргаж байжээ./хх-ийн 29-30-р хуудас/

Дээрх бүхнээс үзэхэд гэрээний талуудын хэн аль нь буруутай байх тул хариуцлагын хэмжээ болох алдангийг 40% бууруулж нэхэмжилж буй алданги 481.388.430,42 төгрөгийн 60% болох 288.833.058 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч А ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 942.776.860,84 төгрөгийг, алданги 288.833.058 төгрөгийн хамт нийт 1.231.609.918,84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 212.555.372,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 1.231.609.918,84 /нэг тэр бум хоёр зуун гучин нэгэн сая зургаан зуун есөн мянга есөн зуун арван найман төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 212.555.372,42 /хоёр зуун арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун далан хоёр төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.378.776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6.315.999,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО