Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00062

 

 ******* ЗГБХН, М.Тунгалаг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаар магадлалтай,

******* ЗГБХН, М.Тунгалаг нарын нэхэмжлэлтэй,

Азиа пасифик ланд ХХК-д холбогдох,

Нэхэмжлэл: 1.444.165.291,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, П.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулууны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...******* ЗГБХН болон иргэн М.Тунгалаг нар нь******* ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3 551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5 008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий газар эзэмших эрхийн хамт******* ХХК-д нийт 4.571.089.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 3.030.826.139,16 төгрөгт тооцуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 101 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 121 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 566.243.947,99 төгрөгт, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 102 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 194.20 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 908.798.138,01 төгрөгт, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байр, 705 тоотод байрлах 165.56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 888.405.059,16 төгрөгт, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлах газар дээр баригдаж байгаа The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 617.693.244 төгрөгт, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 21 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй, Сүхбаатар дүүрэг,1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоол 49.685.750 төгрөгт тус тус тооцсон, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 22 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол үнэ төлбөргүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус******* ХХК нь манай өмчлөлд шилжүүлсэн. Бидний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу үлдэгдэл 1.540.258.250 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.******* ХХК нь гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажсан өдөр 397.486.000 төгрөгийг, гэрээний 4.2.4-д заасны дагуу худалдаж буй газар эзэмших гэрчилгээ М.Тунгалагийн нэр дээр гарсан өдөр 397.486.000 төгрөгийг, гэрээний 4.2.5-д заасны дагуу газар эзэмших гэрчилгээ, гэрээг******* ХХК-ийн нэр дээр гарч, олгосон өдөр үлдэгдэл 745.290.860,84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт төлөхөөр тохиролцсон.******* ХХК нь дээр дурдсан төлбөрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 397.486.000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл өр төлбөр 1.042.776.860,84 төгрөгийг төлөөгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч талтай үлдэгдэл өр төлбөрийг шуурхай төлөх талаар удаа дараа уулзаж өр төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд алдангиас тодорхой хэмжээнд хөнгөлөх уян хатан санал тавьсан. Гэвч хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлсөн ч үлдэгдэл 962.776.160.84 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Гэрээнд заасны дагуу газар эзэмших гэрчилгээ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.Тунгалагийн нэр дээр гарсан тул тухайн өдөр 100.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ өдрөөс эхлэн алданги тооцсон болно. Тиймээс бидний хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги хоног тутам бодож нийт 481.388.430,42 төгрөгийн үндсэн төлбөр дээр нэмж тооцсон болно. Иймд******* ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл өр төлбөр 962.776.860,84 төгрөг, алданги 481.388.430,42 төгрөг, нийт 1.444.165.291 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт нийт 3.030.826.139,16 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгч, үлдэх 1.540.258.250 төгрөгийг мөнгөөр өгөхөөр тохиролцсон нь үнэн. Дээрх мөнгөн төлбөрөөс нийт 597.486.000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийг оруулалгүй орхигдуулсан байна. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10.000.000 төгрөгийг хүлээн авсан М.Тунгалаг гэснийг түүний гарын үсэг биш гэж байгаа боловч шүүхэд хүсэлт гаргаагүй болно. Тиймээс үлдэгдэл төлбөр нь 942.772.250 төгрөг байгаа бөгөөд гагцхүү энэ төлбөрийг нэг дор бөөнөөр нь өгөх санхүүгийн боломж муутай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхой хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцэх, улмаар үлдэгдэл төлбөрийн дүнд нийцэх үл хөдлөх хөрөнгийг ч санал болгох боломжтой гээд удаа дараа санал тавьсан боловч******* ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин алдангид нэхэмжилж буй 481.388.430,42 төгрөг нь хэт өндөр байх бөгөөд энэхүү үнийн дүнг хэрхэн, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Мөн талуудын хооронд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүссэн байгаа тул нэхэмжлэгч буюу худалдагчийн үүргийн зөрчилтэй зарим зүйлийг энд дурдахыг хүсэж байна. Бид гэрээний дагуу шилжүүлж авсан газар дээрх хуучин барилгыг буулган, шинээр барилга барих ажиллагааны үед хөрш залгаа орших иргэн, хуулийн этгээдээс гэрээгээр шилжүүлэн авсан газрын зарим хэсгийг нийтийн эзэмшлийн газарт хамаарах ба орц, гарцыг хааж газар олгосон болон уг газар дээр барилга барихаар төлөвлөсөн нь буруу гэж маргаан үүсгэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.4-д үл хөдлөх хөрөнгийг эрхийн болон биет байдлын доголдолгүй, бусад шаардлагагүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдагчийн үүрэг болон мөн гэрээний 7.1-д заасан худалдагчийн баталгаанд нийцэхгүй байгааг илтгэнэ. Ийнхүү уг Захиргааны хэргийн шүүх дэх дээрх маргаан нь худалдан авагч компанийн гол үйл ажиллагааны чиглэл болох барилга барьж хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гол нөхцөлийг хаан боогдуулж, үүргийн гүйцэтгэлд нөлөөлж байна. Хариуцагч гэрээний үүргийн 80 хувийг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байгааг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж буй алдангийн хэмжээ хэт өндөр байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Иймд М.Тунгалаг болон ******* ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох 1.444.165.291,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 1 231 609 918,84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ЗГБХН, М.Тунгалаг нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 212 555 372,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 378 776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 315 999,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 602 115 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгч маргааныг тооцоолол, баримтыг үндэслэн магадлал гаргах үүрэгтэй боловч хариуцагч талын давж заалдах гомдлын аль ч үндэслэлд ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн болно. Талуудын хооронд үүссэн харилцаа болон үндсэн төлбөрийн тооцоог зөв тогтоосон боловч алдангийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тайлбарлан хэрэглэсэн үндэслэл муутай болсон. Учир нь талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ-ний 6.2-т алданги шаардах эрхийг зааж өгсөн ба алданги шаардах хоног нь мөн гэрээний 4.2.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэн Магван овогтой*******ийн нэр дээр баталгаажин Өмчийн харилцааны газраас холбогдох шийдвэр болон гэрчилгээ, гэрээг олгосон өдөр 397.486.000 төгрөгийг төлнө гэсэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрснээс тоологдох ёстой. Гэтэл хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалахаар байсан бөгөөд хугацааг хэдний өдрөөс тоолох нь тодорхойгүй байхад шүүх хэрхэн, яаж, хэд хоногийн алданги тооцож гаргасан нь ойлгомжгүй байна. Ердөө л алданги тооцох үндэслэлтэй байна гээд үлдэгдэл төлбөрийн 50%-иар бодох нь буруу. Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2017 оны 7 дугаар сард үүргээ гүйцэтгэсэн гэвэл нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлнэ. Учир нь талуудын хооронд үндсэн гэрээний салшгүй хэсэг болох мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.3-д гэрээний 3.1.1 болон 3.1.2-д тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх хугацаа нь ямар ч тохиолдолд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байна гэж заасантай нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага бүрэн хангагдахгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /цаашид ЗГБХН гэх/ болон М.Тунгалаг нь Азиа пасифик ланд ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 962.776.160,84 төгрөг, алданги 481.388.430,42 төгрөг, бүгд 1.444.165.291,26 төгрөг гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд 2015.03.16-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ болон уг гэрээний салшгүй хэсэг болох арилжааны гэрээгээр худалдагч ******* ЗГБХН болон М.Тунгалаг Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хорооны нутагт орших 3551 м.км талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт худалдахаар, Азиа пасифик ланд ХХК нь эдгээрийн үнэ 4.571.089.000 төгрөг, үүнээс 3.030.826.139,16 төгрөгт 7 үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, 1.540.258.250 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр талууд тохиролцжээ.

 Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 2. Гэрээг хүчин төгөлдөр тул зохигч хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэхийг бие биеэс харилцан шаардах эрхтэй.

 Гэрээнд заасан худалдаж буй болон төлбөрт тооцох үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшлийг, мөн өмчлөх эрхийг талууд харилцан шилжүүлсэн, үнийн зарим хэсэг төлөгдсөн талаар маргаагүй байна.

 Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрт 962.776.160,84 төгрөг шаардсан боловч хариуцагч 942.776.860,84 төгрөг төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаархи шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүйгээс гадна мөнгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 3. Нэхэмжлэгч алдангийг 2015.07.31-ний өдрөөс тооцож, уг хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн гэж 481.388.430,42 төгрөг шаардсаныг шүүх зарим хэсгийг хангасан, хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.

 а/ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 6.3-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,1%-ийн алданги тооцохоор заасан нь хуульд заасан хэлбэрийг хангасан, хоногт тооцох алдангийн хэмжээ хуульд зааснаас хэтрээгүй байна.

 б/ Худалдах-худалдан авах гэрээний 4.2.3, 4.2.4, 4.2.5-р талууд 1.540.258.250 төгрөгийг 3 хувааж төлөх хугацааг тохирчээ.

 Эхний 397.486.000 төгрөг гэрээ байгуулагдсан өдөр буюу хугацаандаа төлөгдсөн талаар зохигч маргаагүй байна.

Дараагийн 397.486.000 төгрөг төлөх хугацааг талууд худалдаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг ******* ЗГБХН-ийн нэрээс М.Тунгалагийн нэр дээр гарсан өдөр гэж, үлдэх 745.290.860,84 төгрөгийг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ М.Тунгалагаас******* ХХК-ийн нэр дээр шилжиж гарсан өдөр гэж тус тус тодорхойлсон байна.

Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээний салшгүй хэсэг болох арилжааны гэрээний 4.4-т 1.540.258.250 төгрөгийг газар эзэмших эрхийг худалдан авагчийн нэр дээр баталгаажуулан Өмчийн харилцааны газраас холбогдох шийдвэр гарч, гэрээ болон гэрчилгээг олгосон өдөр төлнө гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2015.06.25-ны өдрийн А/549 тоот шийдвэрээр М.Тунгалагт олгогдсон газар эзэмших эрхийг тэрээр******* ХХК-ийн заасан эрх бүхий этгээд болох Риверсайд ланд ХХК-д шилжүүлэхээр 2015.07.01-ний өдөр гэрээ байгуулсан /хх-22-р тал/ байх тул худалдах-худалдан авах гэрээний 4.2.4-т заасан нөхцөл буюу газар эзэмших эрх М.Тунгалагт шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Уг гэрээний дагуу газар эзэмших эрх Риверсайд ланд ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015.08.18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар шилжсэн тухай мэдээлэл захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээд нарын гаргасан маргаантай хэргийн баримтад дурдагдсанаас гадна нэхэмжлэгч мөнгө шаардсан, хариуцагч мөнгө төлөхийг зөвшөөрсөн баримтууд хэрэгт авагджээ. Дээрхээс үзвэл, газар эзэмших эрх М.Тунгалагаас******* ХХК-ийн нэр дээр /Риверсайд ланд ХХК/ шилжсэнээр хариуцагч нэхэмжлэгчид мөнгийг бүрэн төлөх үүргээ биелүүлэх нөхцөл үүссэн, нэхэмжлэгч хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь тогтоогдсон гэж дүгнэнэ.

Гэрээний 4.2.4-т заасан төлбөл зохих 397.486.000 төгрөгөөс 2015.07.31-ний өдөр 100.000.000 төгрөг төлөгдсөн, бусад үүргийг хариуцагч гүйцэтгээгүйгээс шүүх уг хугацаанаас эхлэн хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алдангийг тооцсныг буруутгах боломжгүй юм.

Уг төлбөрийн үлдэгдэл 297.486.000 төгрөг болон гэрээний 4.2.5-т заасан төлбөл зохих 745.290.860,84 төгрөг, /уг мөнгийг 2015.08.18-наас хойш төлөх/ нийт 1.042.776.860,84 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг /2017.11.28-ны өдөр 50.000.000 төгрөг, 2018.02.09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2018.01.05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018.01.16-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус төлсөн, үүнээс гадна 2015.07.01-ний өдөр 10.000.000 төгрөг төлснийг төлбөрт тооцсон/ хариуцагч хэсэгчлэн төлж, бусад 942.776.860,84 төгрөг төлөөгүй хугацаа хэтрүүлжээ. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон худалдах-худалдан авах гэрээний заалтын дагуу алданги шаардах эрхтэй байна.

в/ Алдангийн хэмжээг тооцоход гүйцэтгээгүй үүрэг 942.776.860,84 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангид нийт 481.388.430,42 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

4. Хариуцагчийн шүүх, арилжааны гэрээний 4.3-т заасан хугацааг харгалзаагүй, ...нэхэмжлэгч алданги шаардах эрхээ алдсан... гэх гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй, улмаар Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Арилжааны гэрээний 4.3-д гэрээний 3.1.1 болон 3.1.2-д тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх хугацаа нь ямар ч тохиолдолд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байна гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, мөн зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заажээ.

Гэрээний 3.1.1 болон 3.1.2-т заасан хөрөнгөд талуудын харилцан шилжүүлэх хэн алины өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс гадна газрыг заасан боловч гэрээний 4.3-т харилцан өмчлөлд шилжүүлэх гэснээс үзвэл зөвхөн өмчлөлд байгаа хөрөнгө гэж ойлгогдохоор байна. Нөгөө талаар, газрын эрх нэг этгээдээс нөгөөд эрх бүхий этгээд буюу Засаг даргын захирамжийн үндсэн дээр шилждэг бөгөөд иймээс ч зохигч худалдах-худалдан авах гэрээндээ газар эзэмших эрхийг газрын эрх, гэрчилгээ М.Тунгалагийн ...болон******* ХХК-ийн нэр дээр тус тус гарах гэж өөрөөр тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Харин шүүх хэргийн баримтыг үндэслэн алдангийн хэмжээг бууруулж 481.388.430,42 төгрөгийн 60% болох 288.833.058 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэснийг зөрчөөгүй байна.

6. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаар магадлалыг тус тус хэвээр үлээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ази пасифик ланд ХХК-ийн журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1.602.115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ