Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 928

 

 

Б ЗБН, М.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д  холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 444 165 291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Нэхэмжлэгч Б ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ЗБН болон иргэн М.Т нар нь “А” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий газар эзэмших эрхийн хамт “А” ХХК-д  нийт 4 571 089 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 3 030 826 139,16 төгрөгт тооцуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 101 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 121 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 566 243 947,99 төгрөгт, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам, 13/1 байрны 102 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 194.20 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 908 798 138,01 төгрөгт, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байр, 705 тоот хаягт байрлах 165.56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 888 405 059,16 төгрөгт, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлах газар дээр баригдаж байгаа The Olympic Residence цогцолбор барилгын 4 дүгээр давхарын 77.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 617 693 244 төгрөгт, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 21 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол, үнэ төлбөргүй, Сүхбаатар дүүрэг,1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байрны зоорийн давхарт байрлах 80 тоот автомашин зогсоол 49 685 750 төгрөгт тус тус тооцсон, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн урд дэнж гудамж, Нүхтийн зам 13/3 байр зоорийн давхарт 22 тоот 13.75 м.кв талбай бүхий автомашин зогсоол үнэ төлбөргүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус “А” ХХК нь манай өмчлөлд шилжүүлсэн.

Бидний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу үлдэгдэл 1 540 258 250 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. “А” ХХК нь гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажсан өдөр 397 486 000 төгрөгийг, гэрээний 4.2.4-д заасны дагуу худалдаж буй газар эзэмших гэрчилгээ М.Т-ийн нэр дээр гарсан өдөр 397 486 000 төгрөгийг, гэрээний 4.2.5-д заасны дагуу газар эзэмших гэрчилгээ, гэрээг “А” ХХК-ийн нэр дээр гарч, олгосон өдөр үлдэгдэл 745 290 860,84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт төлөхөөр тохиролцсон.

“А” ХХК нь дээр дурдсан төлбөрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 397 486 000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл өр төлбөр 1 042 776 860,84 төгрөгийг төлөөгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч талтай үлдэгдэл өр төлбөрийг шуурхай төлөх талаар удаа дараа уулзаж өр төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд алдангиас тодорхой хэмжээнд хөнгөлөх уян хатан санал тавьсан. Гэвч хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн ч үлдэгдэл 962 776 160,84 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна.

Гэрээнд заасны дагуу газар эзэмших гэрчилгээ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.Т-ийн нэр дээр гарсан тул тухайн өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ өдрөөс эхлэн алданги тооцсон болно. Тиймээс бидний хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги хоног тутам бодож нийт 481 388 430,42 төгрөгийн /Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон/ үндсэн төлбөр дээр нэмж тооцсон болно. Иймд “А” ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл өр төлбөр 962 776 860,84 төгрөг, алданги 481 388 430,42 төгрөг, нийт 1 444 165 291 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг М.Т-т өгсөн гэх баримт нь манайд байхгүй, мөн М.Т өөрийн гарын үсэг биш гэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, харин 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байна, газрын тухай маргаан Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа нь нэхэмжлэгч нарт хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт нийт 3 030 826 139,16 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгч, үлдэх 1 540 258 250 төгрөгийг мөнгөөр өгөхөөр тохиролцсон нь үнэн.

Дээрх мөнгөн төлбөрөөс нийт 597 486 000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 000 000 төгрөгийг оруулалгүй орхигдуулсан байна. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөгийг хүлээн авсан М.Т гэснийг түүний гарын үсэг биш гэж байгаа боловч шүүхэд хүсэлт гаргаагүй болно. Тиймээс үлдэгдэл төлбөр нь 942 772 250 төгрөг байгаа бөгөөд гагцхүү энэ төлбөрийг нэг дор бөөнөөр нь өгөх санхүүгийн боломж муутай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхой хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцэх, улмаар үлдэгдэл төлбөрийн дүнд нийцэх үл хөдлөх хөрөнгийг ч санал болгох боломжтой гээд удаа дараа санал тавьсан боловч “А” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин алдангид нэхэмжилж буй 481 388 430,42 төгрөг нь хэт өндөр байх бөгөөд энэхүү үнийн дүнг хэрхэн, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Мөн талуудын хооронд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүссэн байгаа тул нэхэмжлэгч буюу худалдагчийн үүргийн зөрчилтэй зарим зүйлийг энд дурдахыг хүсэж байна. Бид гэрээний дагуу шилжүүлж авсан газар дээрх хуучин барилгыг буулган, шинээр барилга барих ажиллагааны үед хөрш залгаа орших иргэн, хуулийн этгээдээс гэрээгээр шилжүүлэн авсан газрын зарим хэсгийг нийтийн эзэмшлийн газарт хамаарах ба орц, гарцыг хааж газар олгосон болон уг газар дээр барилга барихаар төлөвлөсөн нь буруу гэж маргаан үүсгэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.4-д үл хөдлөх хөрөнгийг эрхийн болон биет байдлын доголдолгүй, бусад шаардлагагүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдагчийн үүрэг болон мөн гэрээний 7.1-д заасан худалдагчийн баталгаанд нийцэхгүй байгааг илтгэнэ.

Ийнхүү уг Захиргааны хэргийн шүүх дэх дээрх маргаан нь худалдан авагч компанийн гол үйл ажиллагааны чиглэл болох барилга барьж хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гол нөхцлийг хаан боогдуулж, үүргийн гүйцэтгэлд нөлөөлж байна. Хариуцагч гэрээний үүргийн 80 хувийг төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байгааг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж буй алдангийн хэмжээ хэт өндөр байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Иймд М.Т болон Б ЗБН-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК-д  холбогдох 1 444 165 291,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 1 231 609 918,84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 212 555 372,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 378 776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 315 999,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу алдангийг хангасан хэсгийг эс зөвшөөрч хариуцагчаас энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа болон үндсэн төлбөрийн тооцоог зөв тогтоосон боловч алдангийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл муутай болсон.

Учир нь талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний 6.2-т алданги шаардах эрхийг заасан ба алданги шаардах хоног нь мөн гэрээний 4.2.4- "...Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэн Магван овогтой Тунгалагийн нэр дээр баталгаажин Өмчийн харилцааны газраас холбогдох шийдвэр болон гэрчилгээ, гэрээг олгосон өдөр 397 486 000 төгрөгийг төлнө" гэсэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэнээс тоологдох ёстой. Гэтэл хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалахаар байсан бөгөөд хугацааг хэдний өдрөөс тоолох нь тодорхойгүй байхад шүүх хэрхэн, яаж, хэд хоногийн алданги тооцож гаргасан нь ойлгомжгүй байна. Ердөө л алданги тооцох үндэслэлтэй байна гээд үлдэгдэл төлбөрийн 50 хувиар бодох нь буруу.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2017 оны 7 дугаар сард үүргээ гүйцэтгэсэн гэвэл нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлнэ. Учир нь талуудын хооронд үндсэн гэрээний салшгүй хэсэг болох мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.3-д "... гэрээний 3.1.1 болон 3.1.2-д тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх хугацаа нь ямарч тохиолдолд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байна" гэж заасантай нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага бүрэн хангагдахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нар нь хариуцагч “А” ХХК-д  холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 444 165 291 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, нийт 3551 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000359880 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203011534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 5008 м.кв талбайтай аж ахуйн зориулалт бүхий газар эзэмших эрхийн 0065628 дугаарын гэрчилгээтэй газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх, хариуцагч “А” ХХК нь нийт 4 571 089 000 төгрөгийг гэрээнд заасан хэлбэр, хэмжээгээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь гэрээний дагуу 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 397 486 000 төгрөг төлөхөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 000 000 төгрөг, нийт 3 618 312 139,16 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.Т-т 10 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж маргасан байна.

 

Хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.Т-т 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 52 дах талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч М.Т 10 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй гэх байдлаа баримтаар няцаагаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрөөс дээрх 10 000 000 төгрөгийг хасч тооцсон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 571 089 000 төгрөг төлөхөөс 3 628 312 139,16 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөр 962 776 860,84 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.3 дах хэсэгт худалдан авагч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй бол төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт хариуцагчид шилжүүлсэн байхад хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дах хэсэгт зааснаар алданги тооцох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 962 776 860,84 төгрөг, алданги 481 388 430,42 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх зохигчдын хэн аль нь буруутай гэж үзэж алдангийг 40 хувиар бууруулж нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги 481 388 430,42 төгрөгийн 60 хувь болох 288 833 058 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангийг 40 хувиар бууруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

 

            Иймд хариуцагч “А” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 942 776 860,84 төгрөг, алданги 288 833 058 төгрөг, нийт 1 231 609 918,84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ЗБН, М.Т нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлээс    212 555 372,42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 602 115 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ