Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02681

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, Б.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пагамын  нь  ХХК-д Захиргаа, удирдлагын газрын захиралын албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс орсон боловч гэрээ байгуулалгүй явсаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн контракт байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал 16 цаг 15 минутын орчим Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан менежер А.Нямаа “16 цаг 30 минутын захирлуудын зөвлөлийн хуралтай гэж байна” гэж ажил горилогчтой хийж буй ярилцлагын дундуур дуудсан. Хурлын танхимд ороход Санхүү, Дотоод аудитын газрын захирал Г.Пүрэвсүрэн: “16.30 минутанд хурал эхлэнэ Захиргаа удирдлагын газар улирлын тайлангаа тавиарай” гэж хэлсэн. Надад ямар нэг байдлаар урьдчилж мэдэгдээгүй, улирлын тайлан тавих албан ёсны үйл ажиллагаа болоогүй бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээ явагдаагүй, надад танилцуулаагүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр группын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг надад танилцуулан тэр өдрөө шууд ажил хүлээлцсэн болно. Ингэхдээ ын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлыг дүгнэхдээ надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, бодитой үнэлээгүй, хэзээ, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Нөгөө талаар үнэлгээг шударгаар хийгдсэн гэж үзэхгүй байна. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний ажлын тайланг гүйцэд сонсоогүй бөгөөд удирдлагууд яриаг зогсоож санал хураалт явуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь байгууллагынхаа үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги зорилтыг зөв зүйтэй тодорхойлох, төв, салбар нэгжүүдийн гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг хуулийн хүрээнд оновчтой боловсруулж, мөрдүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулах зорилгоор авъяас, өндөр ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулан авч ажилуулахаар “ММ Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулсан. “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэгчээс сонгон шалгаруулсан П.г “” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирлаар ажиллуулахаар шийдвэрлэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Контрактын гэрээг байгуулан ажилд авч, зохих ажлын байр, тоног төхөөрөмж бусад нөхцлөөр бүрэн хангаж ажиллуулсан. Захиргаа удирдлагын газрын захирал П. нь ажилд томилогдсон цагаасаа эхлэн хариуцсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдлаас шалтгаалан байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд зөрчил, доголдол гарч байгаа талаар тус компаний төв, салбарын удирдлага болон албан хаагчдаас гомдол санал ихээр гарсан. Гомдлын дагуу Захиргаа удирдлагын газрын улирлын тайлан, тус газрын захирлын хийж гүйцэтгэсэн ажлыг “” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэхэд: Захиргаа удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлоогүй,

- Гүйцэтгэх ажлын cap, улирал, жилийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулаагүй,

- Ажлын цагаар гадуур хувиараа сургалт явуулж үндсэн ажлаа хийдэггүй

- Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцаанд нэн шаардлагатай бусад эрх зүйн акт, журам, баримт бичгүүдийг боловсруулж, батлуулан мөрдүүлээгүй нөөцийн бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байсан “Нөүтбүүк” тоног төхөөрөмжийг үрэгдүүлж ажилдаа хайнга хандсан. Хариуцсан албан хаагч, хамт олонтойгоо ажил төрлийн уяалдаа холбоо, зан харилцааны соёл муу зэргээр ажилдаа хайнга хандан Контрактын гэрээ, ажлын байрны тодорхойлтонд заасан ажил үүргээ биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар, хариуцсан ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Контрактын гэрээний 5.1.2, 8.1.3, 8.2.1-д заасныг үндэслэн “” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр П.г ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Иймд П.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П. нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хариуцагч нь П.тай байгуулсан контрактын гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргадаг.

            Ажил олгогч “” ХХК, ажилтан П. нарын хооронд 2017 оны 01 сарын 30-ны өдөр контрактийн гэрээ байгуулагдаж, П. нь тус компаний Захиргаа удирдлагын газрын захирлын албан тушаалд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай ажиллахаар тохиролцжээ. /хх-6-9 хуудас/

            Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэсэн, мөн 25 дугаар зүйлд: контрактийг бичгээр байгуулах, талууд контрактийг байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байх зохицуулалтад бүрэн нийцсэн байна.

            Ажилтан П. нь 2017 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн “” ХХК-ийн захиргаа удирдлагын газрын захирлаар ажиллаж эхэлсэн ба түүний ажлын байрны тодорхойлолтыг тус группийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ баталж, уг тодорхойлолтод: бизнесийн зорилгод хүрэх чадварлаг багийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх, гол чиг үүрэг, хийх ажлуудыг нь заан тусгаж, түүнд танилцуулж, уг ажлын байрны тодорхойлолттой П. нь танилцаж зөвшөөрөн гарын үсгээ 2017 оны 02 сарын 01-ний өдөр зурсан байна. /хх-ийн 36 дугаар хуудас/

            Хэрэгт авагдсан баримтаар П.гийн контракт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн биелэлтийг дүгнэхээр өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох тус группийн захирлын зөвлөл 2017 оны 05 сарын 24-ний өдөр хуралдан, уг хуралдаанд Дэд ерөнхийлөгч Т.Наранчимэг, санхүү, дотоод аудитын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Захиргаа удирдлагын газрын захирал П., “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан, гүйцэтгэх захирал Б.Баярбилэг, захиргаа үйлчилгээний албаны дарга Б.Баярмаа, “Монгол драй милк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нар оролцож, тус хурлаар П.гийн хийсэн ажлын тайланг хэлэлцэж, дүгнэжээ.

            Гэтэл П. нь контракт болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь тус хурлын тэмдэглэл, “Захирлын зөвлөлийн гишүүдээс авах санал, дүгнэлтийн хуудас”-аар түүний ажилд өгсөн гишүүдийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримт болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар ажилтан П.д танилцуулсан байх бөгөөд тэрээр гарын үсгээ зураагүй болохыг хариуцагчийн төлөөлөгч нар тодорхойлж байна.

            Тухайн хурлын тэмдэглэлээс үзэхэд П. нь хуралд биечлэн оролцсон, түүний ажлын тайланг хэлэлцэж, дүгнэсэн байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. /хх-ийн 25-34 дүгээр хуудас/

            Улмаар хариуцагч “” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасны дагуу 40 дүгээр зүйлийн 40.1.7-д “Контрактад заасан үндэслэл буй болсон”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн” үндэслэлээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч П.д гардуулан өгчээ.

            Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 болон контрактын 8 дугаар зүйлийн 8.1.3-т “гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлах”, 8.2.1-т “Ажилтан нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 10.1-д “Улирал бүрийн эхний сарын 15-ны дотор өмнөх улирлын зорилтод түвшин буюу гэрээг захирлын зөвлөлд танилцуулна”, 10.2-т “Зорилтод түвшингийн улирлын биелэлт 69,99%-иас доош үзүүлэлт үзүүлсэн бол ажил олгогч гүйцэтгэх удирдлагатай гэрээг цуцлах үгүйг шийдэх ярилцлага хийнэ” гэж заасан үндэслэлээр “” ХХК-ийн ерөнхийлөгч 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 39 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Контрактын гэрээг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь П.г чөлөөлсөн байна.       

            Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.7-д заасан зохицуулалт энэхүү маргаанд хамаарч байна.

            Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д “контрактад заасан үндэслэл буй болсон” гэдэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, түүнийг цуцлах талаар ажил олгогч ажилтантай байгуулсан контрактын наймдугаар зүйлийн 8.2-т “Гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцлана”, 8.2.1-т “Ажилтан нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж дүгнэж, ажил олгогч буюу өмчлөгч болох ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ нь ажилтан П.тай байгуулсан контрактыг цуцалсан нь энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэгч П.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 15.490.427 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай П.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ