Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00129

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00129

 

 

П.Өлзиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Өлзиймаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Алтай групп ХХК-д холбогдох

 

Захиргаа, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мягмарсүрэн, Б.Мөнхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Өлзиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Алтай групп ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр контрактын гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал 16 цаг 15 минутын орчим захирлуудын зөвлөлийн хуралтай гээд хурлын танхимд ороход Санхүү, дотоод аудитын газрын захирал Г.Пүрэвсүрэн "...16 цаг 30 минутанд хурал эхлэнэ, захиргаа удирдлагын газар улирлын тайлангаа тавиарай" гэж хэлсэн. Нэхэмжлэгчид ямар нэг байдлаар урьдчилж мэдэгдээгүй, улирлын тайлан тавих албан ёсны үйл ажиллагаа болоогүй бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээ явагдаагүй, энэ талаар танилцуулаагүй. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр группын ерөнхийлөгчийн мэдэгдлийг танилцуулан тэр өдрөө шууд ажил хүлээлцэж, Алтай групп ХХК-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлыг дүгнэхдээ нэхэмжлэгчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, бодитой үнэлээгүй, хэзээ, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Нөгөө талаар үнэлгээг шударгаар хийгдсэн гэж үзэхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр миний ажлын тайланг гүйцэд сонсоогүй бөгөөд удирдлагууд яриаг зогсоож санал хураалт явуулсан. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, Б.Мөнхчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Алтай групп" ХХК нь үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги зорилтыг зөв зүйтэй тодорхойлох, төв, салбар нэгжүүдийн гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг хуулийн хүрээнд оновчтой боловсруулж, мөрдүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулах зорилгоор авъяас, өндөр ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулан авч ажилуулахаар "ММ Консалтинг" ХХК-тай гэрээ байгуулсан. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэгчээс сонгон шалгаруулсан П.Өлзиймааг "Алтай групп" ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирлаар ажиллуулахаар шийдвэрлэн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр контрактын гэрээ байгуулан ажилд авч, зохих ажлын байр, тоног төхөөрөмж, бусад нөхцлөөр бүрэн хангаж ажиллуулсан. Захиргаа удирдлагын газрын захирал П.Өлзиймаа нь ажилд томилогдсон цагаасаа эхлэн хариуцсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдлаас шалтгаалан байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд зөрчил, доголдол гарч байгаа талаар тус компанийн төв, салбарын удирдлага болон албан хаагчдаас гомдол санал ихээр гарсан. Гомдлын дагуу Захиргаа удирдлагын газрын улирлын тайлан, тус газрын захирлын хийж гүйцэтгэсэн ажлыг "Алтай групп" ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэхэд Захиргаа удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлоогүй, гүйцэтгэх ажлын сар, улирал, жилийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулаагүй, ажлын цагаар гадуур хувиараа сургалт явуулан үндсэн ажлаа хийдэггүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцаанд нэн шаардлагатай бусад эрх зүйн акт, журам, баримт бичгүүдийг боловсруулж, батлуулан мөрдүүлээгүй нөөцийн бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байсан "Нөүтбүүк" тоног төхөөрөмжийг үрэгдүүлж ажилдаа хайнга хандсан зэрэг нь илэрсэн. Хариуцсан албан хаагч, хамт олонтойгоо ажил төрлийн уялдаа холбоо, зан харилцааны соёл муу зэргээр ажилдаа хайнга хандан хөдөлмөрийн контракт, ажлын байрны тодорхойлтонд заасан ажил үүргээ биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар, хариуцсан ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул контрактын гэрээний 5.1.2, 8.1.3, 8.2.1-д заасныг үндэслэн "Алтай групп" ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр П.Өлзиймааг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Иймд П.Өлзиймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан "Алтай групп" ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 15 490 427 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай П.Өлзиймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Өлзиймаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч байгууллагын үйл ажиллагаа контрактад заасан журмын дагуу явагдаагүй, захирлуудын зөвлөлийн үнэлгээний хуудас нь контрактад заасан үнэлгээний журмыг зөрчсөн эсэхийг шүүх дүгнээгүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ захирлуудын зөвлөлийн санал дүгнэлт нь ямар нэг шалгуур үзүүлэлтгүй, шууд дүгнэсэн, энэхүү дүгнэлт нь П.Өлзиймаатай байгуулсан контрактын 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчин, ямар үзүүлэлтүүдийг хэрхэн дүгнэсэн тодорхойгүй, шууд 60 хувь гэж дүгнэснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэдгийг тогтоож, ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна" гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч П.Өлзиймаатай байгуулсан хөдөлмөрийн контрактын 10.2-т заасны дагуу ажил олгогч ярилцлага хийгээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ ярилцлага хийсэн мэтээр дүгнэсэн байна. Мөн ажлын байрны тодорхойлолтонд ямар ажил үүргийг хэзээ гүйцэтгэх талаар тодорхой заагаагүй байхад бизнес модел боловсруулах, хөдөлмөрийн дотоод журам боловсруулах ажлыг хийж гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Бизнес модел боловсруулах, хөдөлмөрийн дотоод журам боловсруулах үүрэг даалгавар өгсөн эсэх нь тогтоогдоогүй, шүүхээс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хурлын тэмдэглэлийг тал бүрээс нь үнэлээгүй. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэл нь бүрэн бус нэхэмжлэгч П.Өлзиймааг гарын үсэг зурахаас татгалзсан гэх боловч тус хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудлууд бүрэн тусгагдаагүй, хавсралт баримт бичигт ямар нэг тэмдэглэл үйлдсэн болон оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй зэрэг зөрчилтэй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Мөн анхан шатны шүүх контрактын 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтанд "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй. Үүнийг 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасантай хольж хэрэглэсэн бөгөөд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан харилцаа бий болсныг тогтоосон мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаа, мөн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийн хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. П.Өлзиймаагийн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоох комисс байгуулагдаагүй, комиссын албан ёсны дүгнэлт гараагүй, мөн ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй, тэтгэмж олгогдоогүй болно. Түүнчлэн контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргах шаардлагатай гэсэн заалтыг шүүхээс хэрэглэхдээ зөвхөн өмчлөгч контрактыг дүгнэсэн эсэхэд үнэлэлт өгсөн байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Өлзиймаа нь хариуцагч Алтай групп ХХК-д холбогдуулан тус компанийн Захиргаа, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчид 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр контрактын гэрээ байгуулж, нэхэмжлэгч П.Өлзиймааг Алтай групп ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирлын ажил, албан тушаалд ажиллуулсан байна. /хх-ийн 6-9 тал/

Нэхэмжлэгч П.Өлзиймаагийн хийж гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолтод захиргаа, удирдлагын газрын зорилго, бодлогыг тодорхойлох, стратеги зорилгыг тодорхойлоход удирдлагыг мэдээллээр хангах, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, группын соёлыг төлөвшүүлэх, байгууллагын гадаад болон дотоод маркетингийн бодлогыг баримтлах, манлайллын ур чадварыг хөгжүүлэх, мэдээлллийн нууц байдлыг хадгалж, группын нэр хүндийг хамгаалах гэж заасан байна. /хх-ийн 38 тал/

Ажил олгогч Алтай групп ХХК-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Өлзиймаатай байгуулсан контрактын гэрээг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.7, контрактын 8.1.3, 8.2.1, 10.1 дэх хэсэгт заалтыг баримталжээ. /хх-ийн 11 тал/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... П.Өлзиймаа нь Захиргаа, удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлоогүй, гүйцэтгэх ажлын сар, улирал, жилийн төлөвлөгөө, хөтөлбөр болосруулж батлуулах үндсэн ажлаа хийхгүйгээр ажлын цагаар хувиараа сургалт явуулсан гэсэн үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгч П.Өлзиймаа ... Захиргаа, удирдлагын тайлан тавих асуудлыг надад урьдчилан мэдэгдээгүй, шууд тайлангаа тавиарай гэж хэлсэн, улирлын тайлан тавих албан ёсны үйл ажиллагаа болоогүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Контрактын гэрээний 6.2.1-д ирэх оны үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн төлөвлөгөөг жил бүрийн сүүлийн сарын 15-ны өдрөөр Захирлын зөвлөл, Ерөнхийлөгчөөр батлуулсан байх, 10.1-д улирал бүрийн эхний сарын 15-ны дотор өмнөх улирлын зорилтод түвшин буюу гэрээг захирлын зөвлөлд танилцуулна гэж тус тус заасан байх ба дээрх үүргээ нэхэмжлэгч П.Өлзиймаа нь хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг, нэхэмжлэгч П.Өлзиймаа хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байгаа болохыг нотолж улирлын ажлын төлөвлөгөөг боловсруулсан, түүнийгээ захирлын зөвлөлд танилцуулж батлуулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргийг хийж гүйцэтгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хэргийн 31-36 дугаар талд Захирлуудын зөвлөлийн гишүүдээс авах санал, дүгнэлтийн хуудас авагдсан байх бөгөөд ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нэхэмжлэгчид 60%-ийн үнэлгээ өгсөн баримт хэрэгт авагджээ. Контрактын гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зорилтод түвшингийн улирлын биелэлт 69,99 хувиас доош үзүүлэлт үзүүлсэн бол ажил олгогч гүйцэтгэх удирдлагатай гэрээг цуцлах үгүйг шийдэх ярилцлага хийнэ гэж заасан, ажил олгогч дээрхи үнэлэгээг үндэслэн ажилтантай байгуулсан гэрээгээ цуцалсаныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан заалттай нийцсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудлууд хавсралтад бүрэн тусгагдаагүй, тэмдэглэл үйлдсэн болон оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй, анхан шатны шүүх тэмдэглэлийг бүрэн, бодитойгоор харьцуулан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг тэмдэглэлд хурлын тэмдэглэлийг бичсэн Б.Баярмаа, тэмдэглэлтэй танилцсан дэд ерөнхийлөгч Т.Наранчимэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.3 дахь хэсэгт хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно гэж заасан бөгөөд тэмдэглэлийн хавсралтад бичигдсэн зүйлийн дутуу, бүрэн бус болохыг нотлоогүй, түүнчлэн дээрх бичгийн баримтыг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг нотолсон баримт гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх П.Өлзиймаагийн нэхэмжлэлтэй Алтай групп ХХК-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Өлзиймаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Ц.ИЧИНХОРЛОО