Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00618

 

П.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2018/00129 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч П.Ө-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Захиргаа, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, Б.Мөнхчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь “­А”­ ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр контрактын гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал 16 цаг 15 минутын орчим захирлуудын зөвлөлийн хуралтай гээд хурлын танхимд ороход Санхүү, дотоод аудитын газрын захирал Г.Пүрэвсүрэн “...16 цаг 30 минутанд хурал эхлэнэ, захиргаа удирдлагын газар улирлын тайлангаа тавиарай” гэж хэлсэн. Нэхэмжлэгчид ямар нэг байдлаар урьдчилж мэдэгдээгүй, улирлын тайлан тавих албан ёсны үйл ажиллагаа болоогүй бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээ явагдаагүй, энэ талаар танилцуулаагүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр группийн ерөнхийлөгчийн мэдэгдлийг танилцуулан тэр өдрөө шууд ажил хүлээлцэж, “А” ХХК-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлыг дүгнэхдээ нэхэмжлэгчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, бодитой үнэлээгүй, хэзээ, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Нөгөө талаар үнэлгээг шударгаар хийгдсэн гэж үзэхгүй байна. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний ажлын тайланг гүйцэд сонсоогүй бөгөөд удирдлагууд яриаг зогсоож санал хураалт явуулсан.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“А” ХХК нь үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги зорилтыг зөв зүйтэй тодорхойлох, төв, салбар нэгжүүдийн гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг хуулийн хүрээнд оновчтой боловсруулж, мөрдүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулах зорилгоор авъяас, өндөр ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин сонгон шалгаруулан авч ажиллуулахаар “ММ Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулсан. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зөвлөгөө үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэгчээс сонгон шалгаруулсан П.Ө-г “А” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирлаар ажиллуулахаар шийдвэрлэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр контрактын гэрээ байгуулан ажилд авч, зохих ажлын байр, тоног төхөөрөмж, бусад нөхцлөөр бүрэн хангаж ажиллуулсан. Захиргаа удирдлагын газрын захирал П.Ө- нь ажилд томилогдсон цагаасаа эхлэн хариуцсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдлаас шалтгаалан байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд зөрчил, доголдол гарч байгаа талаар тус компанийн төв, салбарын удирдлага болон албан хаагчдаас гомдол санал ихээр гарсан. Гомдлын дагуу Захиргаа удирдлагын газрын улирлын тайлан, тус газрын захирлын хийж гүйцэтгэсэн ажлыг “А” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэхэд Захиргаа удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлоогүй, гүйцэтгэх ажлын сар, улирал, жилийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулаагүй, ажлын цагаар гадуур хувиараа сургалт явуулан үндсэн ажлаа хийдэггүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцаанд нэн шаардлагатай бусад эрх зүйн акт, журам, баримт бичгүүдийг боловсруулж, батлуулан мөрдүүлээгүй нөөцийн бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байсан “Нөүтбүүк” тоног төхөөрөмжийг үрэгдүүлж ажилдаа хайнга хандсан зэрэг нь илэрсэн. Хариуцсан албан хаагч, хамт олонтойгоо ажил төрлийн уялдаа холбоо, зан харилцааны соёл муу зэргээр ажилдаа хайнга хандан хөдөлмөрийн контракт, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар, хариуцсан ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул контрактын гэрээний 5.1.2, 8.1.3, 8.2.1-д заасныг үндэслэн “А” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр П.Ө-г ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Иймд П.Ө-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “А” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 15 490 427 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай П.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Ө- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2018/00129 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Өлзиймаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйлийг буруу тодорхойлсон байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч П.Ө- нь ажил үүргээ гүйцэтгээгүй талаарх тайлбар нь маргааны зүйл биш. Өөрөөр хэлбэл, П.Ө-г хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчлөөр халаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг буюу Хөдөлмөрийн контрактанд заасан үндэслэл бий болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн контрактыг цуцлахдаа контрактанд заасан үндэслэл, журмын дагуу цуцалсан эсэх нь маргааны зүйл бөгөөд нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн контрактад заасан зохих журмын дагуу цуцлаагүй гэх үндэслэл, тайлбарыг нотлох баримтууд нь Захирлуудын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн санал дүгнэлт, мөн өдрийн тэмдэглэл, П.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн контракт зэрэг болно. Ажил олгогч ажилтныг чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэл журмын дагуу чөлөөлөх бөгөөд энэ талаа нотлох үүрэг нь ажил олгогчид байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, болон өөрийн нотлох үүрэг хавтаст хэрэгт хангалттай авагдсан байна. Тушаал нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд агуулга болон тушаах хэсэг нь хуульд нийцэх, хоорондоо тохирч байх ёстой. Гэтэл тушаал нь хуульд нийцээгүй талаар нэхэмжлэгч маргасан атал ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхэд шүүх дүгнэлт өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хурал нь ажилтны хуулиар олгосон эрхийг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус маргааны бус зүйлд дүгнэлт өгч байгаа нь хуульд нийцэхгүй болно.

Контрактын 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтанд “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй. Энэ нь 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалт нь контрактад заасан үр дүн бий болоогүй буюу контрактад заасан үндэслэл бий болсноор чөлөөлөх заалттай хольж хэрэглэсэн бөгөөд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан харилцаа бий болсныг тогтоосон мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан хугацаа, мөн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийн хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. П.Ө-гийн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоох комисс байгуулагдаагүй, комиссын албан ёсны дүгнэлт гараагүй, мөн ажилтан нэг сарын өмнө мэдэгдээгүй, тэтгэмж олгогдоогүй болно. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, атгестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн”, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-д “...Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан “контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй” гэдгийг тогтоож, ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна.” гэж заасныг шүүхээс хэрэглэхдээ зөвхөн өмчлөгч контрактыг дүгнэсэн эсэхэд үнэлэлт өгч хэрэглэсэн байх бөгөөд өөрөөс хамаарсан эсэх, контрактад заасан журмыг баримталсан эсэх, үүрэг биелэгдээгүй байдал зэргийг авч хэрэглээгүй байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй. Хөдөлмөрийн контрактад заасан журмын дагуу явагдаагүй, захирлуудын зөвлөлийн үнэлгээний хуудас нь контрактад заасан үнэлгээний журмыг зөрчсөн эсэхийг дүгнээгүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ захирлуудын зөвлөлийн санал дүгнэлт нь ямар нэг шалгуур үзүүлэлтгүй, шууд дүгнэсэн, энэхүү дүгнэлт нь П.Ө-тай байгуулсан контрактын 10 дугаар зүйлийн 10.4-т заасан контрактыг үнэлэх журмыг зөрчин, ямар үзүүлэлтүүд хэрхэн дүгнэсэн тодорхойгүй шууд 60% гэж дүгнэсэн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-д “...Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан “контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй” гэдгийг тогтоож, ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна.” гэж заасныг зөрчсөн байна.

...Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ үр дүн гараагүй нь өөрөөс нь хамаарсан эсэхийг үнэлээгүй. Нэхэмжлэгч П.Ө-тай захирлуудын зөвлөлөөс санал дүгнэлт гарсны дараа Контрактын 10.2-т заасны дагуу ажил олгогч ярилцлага хийгдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй атал шүүх хэргийг шийдвэрлэхдээ ярилцлага хийсэн мэтээр авч үзсэн. П.Ө-гийн ажил үүргийг дүгнэхдээ ажлын үр дүнг дүгнээгүй, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан Бизнес модел гаргаагүй, Хөдөлмөрийн дотоод журам батлуулаагүй гэх зэрэг тайлбарууд нь нэхэмжлэгч П.Ө-гаас өөрөөс нь хамаарах ажил үүрэг биш бөгөөд Компанийн бизнесийн загвар гэдэг нь компанийн үндсэн үйл ажиллагаа, хэрэглэгч, болон харилцагчийг тодорхойлдог дан ганц хүний нөөцийн хийх ажил үүрэг бус, захирлуудын зөвлөлөөс хамаарах ажлууд юм. Мөн ажлын байрны тодорхойлолтонд ямар ажил үүргийг хэзээ гүйцэтгэх талаар тодорхойгүй атал дээрх баримт бичгүүдийг боловсруулаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Бизнес модел боловсруулах, хөдөлмөрийн дотоод журам боловсруулах үүрэг даалгавар өгсөн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхээс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэл нь бүрэн бус нэхэмжлэгч П.Ө-г гарын үсэг зурахаас татгалзсан гэх боловч тус хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудлууд бүрэн бус, тус хурлын тэмдэглэлийн хавсралтаар бүрэн гэх боловч хавсралт нь тус өдөр бичигдээгүй болох нь нотлох баримтаар нотлогдсон, нөгөө талаар хавсралт баримт бичигт ямар нэг тэмдэглэл үйлдсэн болон оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй байхад шүүхээс тус хурлын тэмдэглэлийг тал бүрээс нь бодитой, харьцуулан үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд  эгүүлэн  томилуулж,  ажилгүй  байсан хугацааны  цалин хөлс  олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Ө- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан тус компанийн захиргаа, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “А” ХХК нь хөдөлмөрийн контрактын гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч П.Ө- 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчтой контрактын гэрээ байгуулж, “А” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирлын албан тушаалд ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.7., контрактын гэрээний 8.1.3., 8.2.1., 10.1. дэх заалтыг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7.-д зааснаар ажил олгогч нь контрактад заасан үндэслэл буй болсон бол гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн бол ажил олгогч гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигчийн хооронд байгуулсан контрактын гэрээний 8.1.3., 8.2.1., 10.1.-д гэрээг ажилтны, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажилтан нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч гэрээг хугацаанаас өмнө цуцлах, улирал бүрийн эхний сарын 15-ны дотор өмнөх улирлын зорилтод түвшин буюу гэрээг Захирлын зөвлөлд танилцуулан дүгнэх талаар тус тус заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч П.Ө-гийн ажлын үнэлгээг компанийн Захирлын зөвлөлийн гишүүд хэлэлцэж, үнэлгээ өгсөн, ажил олгогч уг үнэлгээг контрактын гэрээг цуцлах үндэслэл болгожээ.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02681 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2018/00129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН