Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0162

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 931 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдлоор С.Хишигмаагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, Цагдаагийн хурандаа Х.Өлзийбаярт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Хишигмаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 7549158 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 931 дүгээр шийдвэрээр:

“1.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “С.Хишигмааг дутагдалаар халах тухай” 2016 оны Б/188 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж,

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох 7459158 төгрөгийг /долоон сая таван зуун дөчин есөн мянга, нэг зуун тавин найм/ С.Хишигмаад олгох, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгоогүй гэж маргадаг.

Энэхүү тушаалыг гаргахдаа илүү нарийвчилсан зохицуулалттай, сүүлд батлагдсан хуулийг үндэслэх зарчмын хүрээнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг үндэслэн баталсан.

Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журам, зарим төрлийн шинжилгээний онцлог болон шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлээс 36 дугаар зүйл хүртэл шинжилгээ хийхтэй холбоотой асуудлыг, 37 дугаар зүйлээс 45 дугаар зүйл хүртэл Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, албан хаагчдын, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуульд зааснаас илүү нарийвчлан зохицуулсан байдаг.

Жишээ нь: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээчээр ажилласан 1 жилийг 1 жил 2 cap ажилласанд тооцно”, 43 дугаар зүйлийн 43.4-т “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны үйл ажиллагаанд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно”, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т “Цолны мөнгийг 3 cap хүртэл хугацаагаар хасах”, 44.1.4-т “Цол бууруулах буюу хасах” зэрэг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, зохицуулах боломжгүй харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг.

Мөн Төрийн албаны тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Харин Шүүхийн шинжилгээний тухай хууль сүүлд буюу 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан байдаг тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл огт биш юм.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмч нь төрийн тусгай буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.3-д “Төрийн тусгай”, 8 дугаар зүйлийн 8.1.6-т “Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч нь төрийн тусгай буюу төрийн жинхэнэ албан хаагч юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шийдвэрлэх талаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан журмын дагуу төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 5 дугаар сарын 29-ний дотор гаргах байсан ч гаргаагүй байдаг.

Гэтэл шүүгч уг маргаан нь хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн байхад хэрэг үүсгэн шийдвэрлэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр буюу тушаал гаргасан цаг үед Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байсан бөгөөд уг тушаалтай холбоотой маргааныг ирээдүйд мөрдөж эхлэх байсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Хишигмаагийн талаар гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга А.Ариунаагийн “...би яачаав зүгээр л байна ш дээ, чиний цогцосыг чинь оршуулах гээд л байж байна ...миний хөл өвдөөд өвчнөө дарах гэж архи уусан...” гэх,

-шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргалын “...яахаараа архи уудаг юм гэхэд хөл өвдөөд байхаар нь өвчин намдаах гээд архи уучихсан...” гэх,

-мөн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Болормаа, Гарын хээний санч, жолооч цагдаагийн дэд ахлагч Д.Очирбат, туслах ажилтан О.Баттөмөр нарын дээрх байдлаар бичсэн илтгэх хуудас, Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Хишигмаа нь Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халсан нь тухайн зөрчилд нийцээгүй буюу “хүндэдсэн” хариуцлага болжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид “сануулах”, “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж,

-Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан үзэж сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах, цол бууруулах буюу хасах, ажлаас халах гэсэн сахилгын шийтгэлийг тус тус ногдуулахаар зохицуулсан байхад нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр ажлаас халсан нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Тушаалд нэхэмжлэгчийг “удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн, гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаас гадна “Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчдын сахилгын дүрэм”-д үүнтэй агуулгын хувьд адил зохицуулалт тусгагдсан байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч 2013 онд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар хасах сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2013, 2015 онд сахилгын талоноо тооцуулсан ч тэдгээрээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хуульд заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцогдохоор байна.

Мөн нэхэмжлэгчийг “ажил тасалсан” гэх 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 16-ны өдрүүдэд тэрбээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ар мөнгөн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвд эмчийн үзлэгт орж, эмнэлгийн магадлагаа авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох тул эдгээрийг хуурамч гэж үзэх үндэслэлгүй.

Гэхдээ маргаан бүхий актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл тушаалд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Хууль зүй, дотоод хэргийг сайдын 2010 оны 60 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын сахилгын дүрэм”-ийн 3.1.6-д заасныг тус тус баримталснаар утга, агуулгын хувьд илэрхий алдаатай болохгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. 

Харин шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргэн ажиллахыг хүссэн энэ тохиолдолд тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох байдлаар хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой, хэдийгээр С.Хишигмаа нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон ч дээрх байдлаар хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагаас хальсан болохгүй.

Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн сайдад хандсан, улмаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2-1/2017 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн байгааг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсантай адилтган үзэх боломжтой.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан С.Хишигмаагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох бус томилж шийдвэрлэсэн, мөн хууль хэрэглээний хувьд тухайн маргаанд хамааралгүй хуулийг баримталсан байх тул эдгээрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” гэж заасан, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал албан тушаалтны хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож байгаа тул нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг байгууллагаас гаргуулах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 931 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Хишигмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “...С.Хишигмаад олгох, ...” гэснийг “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулж С.Хишигмаад олгох, ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                  ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

                                  ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН