Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00256

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00256

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК холбогдох

Гэрээний үүрэгт 59.118.741 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Т ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээг Н ХХК-тай байгуулсан.

Тус гэрээнд заасны дагуу Т ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн Н ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн ба Н ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан.

Ингээд бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-д зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох нийт дүнгийн 40 % буюу 19.800 ам.доллар шилжүүлэхийг Н ХХК-аас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна.

Манай хийсэн зураг Барилгын тухай хуулийн 21-р зүйлийн 21.4 заасан загвар зураг байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Хариуцагч тал загвар зураг хийлгэх хүсэл зориг байсан нь тухайн үед үүд хаалганы зураг хийлгэж байсан гэрээнээс харагдаж байна.

Загвар зурагт үндэслээд ажлын зургийг Аркетайп монголиа ХХК-иар хийлгэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гэрээний 3.1-т заасныг ажлыг даалгавар гэж үзвэл даалгавраа бүрэн хийсэн гэдэг нь шинжээчийн 3 дүгнэлтээр нотлогдоно.

Иргэний хуулийн 204-р зүйлд гэрээнээс татгалзах талаар тусгасан. Энэ зүйл заалтын дагуу татгалзах ёстой. Гэтэл хариуцагч талаас хэзээ ч тийм албан бичиг ирүүлж байгаагүй. 2015 оны 11 сарын 13-ны өдрийн албан тоотоор ажил гүйцэтгээгүй талаар хүргүүлсэн гэж байгаа боловч агуулгыг нь харахаар нэмэлтээр эдгээр ажлыг хийж өгөөч гэсэн агуулга харагдаж байна. Жишээ нь 4 ширхэг орон сууцны барилга, супермаркет нэмэх гэх мэтчилэн. 2015 оны 7 дугаар сарын 22-ны ажил дээр эдгээр зүйлсийг нэмээд өгөөч гэсэн албан бичиг байгаа. Гэрээнд заагдаагүй ажлыг шаардах эрх байхгүй.

Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл Н ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар Н ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 %-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон, үүний дагуу алдангийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 300 хоногийн 0.2%-ийн алданги нийт 23.647.496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож, 19.706.247 төгрөгийг нэмж төлөхөөр байна гэж тооцоолсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.2-д Ажлын тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө, 351 дугаар зүйлийн 351.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасныг тус тус ундэслэн Н ХХК-иас 59.118.741 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Н ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19.800 ам.доллар буюу 39.412.494 төгрөг, алданги 19.706.247 төгрөг, нийт 59.118.741 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК болон Н ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь үнэн.

Уг гэрээгээр Т ХХК нь Н ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн Н ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй, Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтийг цаг тухайд нь олгож байсан.

Гэтэл Т ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн.

Манай компаний зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажилуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч хийж өгөөгүй.

Т ХХК ийн хариуцлагагүй байдлаас болж манай компанид асар их хохирол учирсан. Төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компаний зүгээс арга буюу Аркетайп монголиа ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78.000.000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа нь Тэппэн консторакшн ХХК-тай хийсэн гэрээнээсээ татгалзсаныг харуулж байна.

Т ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул талууд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдэж ажлын явцыг 60%-тай, ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн.

Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд Т ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан.

Н ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн.

Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь зураг төсөл хийлгах гэрээ байсан, тэр гэрээнд ажлын бүх зураг ордог, гэтэл нэхэмжлэгч Т ХХК нь дутуу ажилуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Манай компани өгсөн мөнгөө буцааж авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н ХХК нь Т ХХК -тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Гэрээний дагуу Т ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд, скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайн зэргийг хийж гүйцэтгэх, Н ХХК нь гэрээний дагуу гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөх үүрэгтэй.

Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, Т ХХК-д 29.700 ам.долларыг буюу гэрээний үнийн дүнгийн 60%-ийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох Т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болно.

Талууд гэрээт ажлын явцыг тухай бүрт нь дүгнэж байсан бөгөөд 2015 оны 6-р сарын 13-ны өдрийн протоколоор гэрээт ажил 60%-тай, удаашралтай байна гэж 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн протоколоор Т ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй хийж гүйцэтгэсэн, зураг төсөл нь шаардлага хангаагүй гэж тус тус дүгнэн талууд баталгаажуулсан байдаг.

Мөн Н ХХК-ийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр гэрээнд заагдсан ажлуудаас хийгдээгүй дутуу ажлууд болох гол хаалга, гадна хашаа, 2 давхар зоорьтой 1 давхрууд нь үйлчилгээний төв, 4 ширхэг 16 давхар орон сууцны барилга, 5 давхар апартмент 10 ширхэгийг нэмэх, унадаг дугуй болон явган зам нэмэх, зочид буудлын доод хэсгийг зогсоол болгон ашиглах талаар зураг төсөлд тусгаж өгөх, супер маркет нэмэх, өвлийн улиралд хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай нэмэх, битүү спорт цогцолбор нэмэх зэрэг ажил дутуу байгаа тул хийж гүйцэтгэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж эскиз зэргийг гаргаж өгөх шаардлагатай байгааг мэдэгдсэн.

Гэтэл Т ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу ажилаа хийж гүйцэтгээгүй болно.

Энэ нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг шинжээчийн дугнэлтүүдээр тодорхой харагдаж байгаа болно.

Иймд Т ХХК-ийг гэрээний үүргээ хугацаандаа, чанартай, бүрэн гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29.700 ам.доллар буюу 71.805.987 төгрөгийг /2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханш/ гаргуулан өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй хирнээ манайх нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол Н ХХК зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 59.118.741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь Т ХХК-ийг хийсэн ажил дээрээ дутуу зүйлийг нэмж тусгаагүй, бүрэн хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т ХХК /ажиллагч/, хариуцагч Н ХХК /ажиллуулагч/ нар нь Ажил гүйцэтгэх гэрээ-г 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулан Т ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд хавсралт 1-т заасан ажил буюу Үндсэн үзэл баримтлал, мастер, концепц-ийг 2015 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд боловсруулах, Н ХХК нь ажлын хөлсөнд 49.500 ам доллар /гэрээ байгуулагдсанаас хойш 5 хоногт урьдчилгаа 60% буюу 29.700 ам доллар, ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 5 хоногт үлдэгдэл 40% болох 19.800 ам долларыг/ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /2-р хх-ийн 24-28-р хуудас/

Үндсэн үзэл баримтлал, мастер, концепц- д

1.Мастер төлөвлөгөө /байгал орчин, газрын түвшин, эргэж тойрны дүн шинжилгээ, янз бүрийн санаа, төсөөлөл боловсруулж захиалагчид танилцуулах, концепц, дизайны шийдэлээ боловсруулах, бүсчилсэн, урсгал төлөвлөлт, үүдний хаалга, орж гарах хэсгийн дизайн, мастер лэнд, скейп суурь дизайн, спорт цогцолбор суурь дизайн, ерөнхий төлөвлөгөө/

2. Хувийн орон сууцны /Айлын/ хэсгийн ланд скеп дизайн /зай хэмжээн байгуулалт, урсгал төлөвлөлт, өндөржилт, гэрэлтүүлэг болон тэмдгэлгээний дизайн, концепц, имиж бүрдүүлэлт, 3 хэмжээст рендер зураг, ногоон байгууламж, төлөвлөлт/

3. Зочин буудлын суурь дизайн /суурь дизайн, суурь концепц, бүсчилсэн төлөвлөгөө, урсгалын төлөвлөлт, давхар бүрийн байгуулалт, фасадны зураг, огтолол, гэрэлтүүлэг дизайн, интерьер дизайн, экстерьер дизайн/ хамаарахаар тусгажээ.

Дээрх гэрээгээр Т ХХК /ажиллагч/ нь гэрээний хавсралт 1-д заасан дээрх ажил, үйлчилгээг гүйцэтгэх, Н ХХК /ажиллуулагч/ нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэршлийн хувьд Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй боловч Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

Талууд гэрээний гол нөхцлийг тохирч гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Ажиллуулагч Н ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 29.700 ам долларыг ажиллагч Т ХХК-д өгсөн талаар талууд маргаагүй болно.

Т ХХК /ажиллагч/, Н ХХК /ажиллуулагч/ нар нь 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэрээг дүгнэж ажиллуулагч нь санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн, ажиллагч нь гэрээнд заасан ажлуудыг хугацаандаа хийсэн тул хэн алинд нь тооцох алданги байхгүй, гэрээт ажил 60%-тай байна, ажил удаашралтай явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний хугацаа дуусаагүй байх тул алданги тооцох боломжгүй, алдангийг 6 дугаар сарын 30-ны өдөр 2 талаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлсноор бодож эхлэх болно гэж протокол үйлджээ./1-р хх-ийн 131, 199-р хуудас/

Ажиллагч Т ХХК-нь ажиллуулагч Н ХХК-д гэрээгээр тохиролцсон ажил болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажиллуулагч Н ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. /2-р хх-ийн 24-28, 30-р хуудас/

Үүний дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээрх гэрээг дахин дүгнэж Н ХХК нь санхүүжилтийн 60% буюу 29.700 ам долларыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн, Т ХХК нь гэрээгээр тохирсон хугацааг 52 хоног хэтрүүлж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/15 албан тоотын дагуу гэрээний хугацааг 20 хоногоор сунгахаар харилцан тохиролцож, зураг төслөө 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн гэж протокол үйлдэн, Т ХХК-д зарим ажлуудыг нэмж тусган 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15-184 тоот албан бичгийг хүргүүлжээ.

Т ХХК /ажиллагч/, Н ХХК /ажиллуулагч/ нар нь Ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сар хүртэлх хугацаатай байгуулж , гэрээний хугацааг 20 хоногоор буюу мөн оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунган энэ хугацаанд ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх байтал хугацаа хэтрүүлэн хийж гүйцэтгэж, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээнд заасан ажлыг хүлээгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-ийн 7, 131-133, 197-201, 2-р хх-ийн 24-28, 30, 56-66-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.6.-д Н ХХК нь гэрээнд заасан үе шатны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хоног тутам үе шатанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0,2%-иар алданги төлнө гэж тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл хөлс болох 19.800 ам.доллар буюу 39.412.494 төгрөгийн алдангид 19.706.247 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д нийцсэн байна.

Ажиллагч Т ХХК нь дээрх хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн, ажиллуулагч Н ХХК нь ажлын хөлс төлөх үүрэгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл болох 19.800 ам.доллар буюу 39.412.494 төгрөгийг алданги 19.706.247 төгрөгийн хамт, нийт 59.118.741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэстэй.

Н ХХК-иас Тэппэн ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлсэн 15-184 тоот албан бичигт /даалгаварт/: гол хаалга, гадна хашаа, 2 давхар зоорьтой 1-р павхарууд нь үйлчилгээний төв, 4 ширхэг 16 давхар орон сууцны барилга, 5 давхар апартмент 10 ширхэгийг нэмэх, унадаг дугуй болон, явган зам нэсэх, зочид буудлын доод хэсгийг зогсоол болгон ашиглах талаар зураг төсөлд тусгаж өгөх, супермаркет нэмэх, өвлийн улиралд хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай нэмэх, битүү спорт цогцолбор гэсэн нэмэлт ажлуудыг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж эскиз зургийг гаргах шаардлагатай байна гэжээ. /1-р хх-ийн 132,133, 134, 200, 201-р хуудас/

Энэ 15-184 тоот албан бичигт тусгагдсан ажил нь талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээний хавсралт 1-д заасан ажил гэж үзэх үндэслэлгүй, нэмэлтээр хийлгэх ажлын жагсаалт гэж үзэхээр байна./1-р хх-ийн 134, 2-р хх-ийн 28-р хуудас/

Дээрх ажлын жагсаалтыг үндэслэж Ньюю тур ХХК, Т ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Зураг төсөл боловсруулах гэрээ, Барилга, угсралтын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-г тус тус байгуулж Бага тэнгэр цогцолборын гол дааман хаалганы зургийг 3 давхар болгож өөрчлөх, дотор иж бүрэн ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн, зохиогчийн хяналт тавих ажил үйлчилгээг хийж үр дүнг хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй болно./1-р хх-ийн 171-184-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч Т ХХК-ийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н ХХК-тай байгуулсан Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд хавсралт 1-т заасан ажил буюу Үндсэн үзэл баримтлал, мастер, концепц-ийг 2015 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд боловсруулах үүргээ нүйцэтгэсэн байхад Н ХХК нь ажлын хөлсөнд 49.500 ам доллар төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй байна гэж үзнэ.

 

ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа, чанартай, бүрэн гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 71.805.987 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1.Аливаа юмсын гадаад төрх, дотоод бүтэц зориулалтыг хооронд нь нэгтгэн багц болгох тэрхүү төгс шийдлийг эрэн хайх уран санааг дизайн гэнэ.

Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Н ХХК ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр Т ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө боловсруулж Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайныг тус тус боловсруулсан гэж үзнэ. /хэрэгт хавсаргасан 5 хавтас нотлох баримт/

2. Барилгын тухай хууль /2008 оны/ -ийн 3.1.1.-д зураг төсөл гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг хэлнэ гэжээ.

Н ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Аркатайп Монголиа ХХК-тай VIP хэсгийн барилгажилтын гадна тохижилтын зураг төсөл гаргуулахаар үйлчилгээний гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 185-195-р хуудас/

Уг гэрээгээр Н ХХК 78000 ам доллар төлөх, Аркатайп Монголиа ХХК VIP хэсгийн барилгажилтын гадна тохижилтын зураг төсөл боловсруулах үүргийг тус тус хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл Аркатайп Монголиа ХХК нь VIP хэсгийн барилгажилтын гадна тохижилтын зураг төсөл боловсруулсан гэж үзэхээр байна. /хэрэгт хавсаргасан 1 хавтас нотлох баримт/

Иймд нэхэмжлэгч Т ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг чанарын болон стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэсний улмаас уг ажлыг Аркатайп Монголиа ХХК-иар гүйцэтгүүлж Н ХХК-д 29.700 ам доллар буюу 71.805.983 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Н ХХК нь Т ХХК-ийг чанарын болон стандартын шаардлага хангаагүй ажил гүйцэтгэсний улмаас 71.805.983 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6.-дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 59.118.741 /тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч Т ХХК-иас 71.805. 987 /далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454.000 төгрөг, хариуцагч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 454.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО