Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 37

 

Н.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01181/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д Ш Г ТӨХК-д холбогдох

          “Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, тус компанийн ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.922.364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Н.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О-оос:

            ...Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг, сарын үндсэн цалин 433.250 төгрөг, өдөр шөнийн ээлжинд 12*24*12*48 гэсэн графикаар гардаг. 2018 оны 10 дугаар сарын графиктай танилцахад манай хэсгийн 23 ажилчдаас зөвхөн миний ажиллах ээлжийг өөрчилж, надтай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй өөр нөхцөлийн ажил хийлгэх болсон графиктай гарсан. Надтай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй ажил нь Био хлор лаг талбайн цэвэрлэх байгууламжийн операторчин, хөдөлмөрийн нөхцөл ажлын байр нь гадаа орчинд, бүх ажиллагаа нь гар ажиллагаагаар гүйцэтгэдэг, манай үйлдвэрийн хамгийн сүүлчийн дамжлага, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаанд тавигдах зааварчилгаа, ажлын байрны орчин ажлын байрны хувцас хэрэгсэл өөр энэ ажлын байранд үндсэн 5 өдрөөр ажилладаг бохир ус цуглардаг гүн худаг бүхий ажлыг цэвэрлэдэг ажлын байр юм.

Ингээд 10 дугаар сарын ажлын графикийг гаргасан болон баталсан удирдлагаас ямар учраас хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй ажлыг хийлгэхээр графикт оруулсныг асууж тодруулахад баталсан графикаар ажил хий эсвэл ажлаа өгөөд халагд гэсэн.

Тус графикт миний хөдөлмөрийн гэрээнд заагдсан бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажлыг 10 дугаар сарын 3, 5, 24, 26-ны өдрүүдэд нийт 4 удаа өдрийн ээлжинд ажиллах /график дээр К гэж тэмдэглэгдсэн/ сарын 8, 9, 12, 15, 17, 18, 22, 29, 31-д /графикт Ц гэж тэмдэглэгдсэн/ хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил бохир усны төвлөрсөн системийн операторчинг хийхээр сарын 1, 2, 4, 10, 11, 16, 19, 23, 25, 30-ны өдрүүдэд амралттай байхаар /графикт А гэж тэмдэглэгдсэн/ графикаас үүдэж ажилтан би хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхэд маань хөдөлмөрийн гэрээгээр тохироогүй ажлыг надтай зөвлөлдөөгүй урьдчилан мэдэгдээгүй хуваарь гаргасан би хүлээн зөвшөөрөхгүй байна.

            ...2018 оны 10 дугаар сарын 08-нд ажил дээрээ очоод миний хөдөлмөрийн гэрээнд өөр ажил хавсарч хийлгэх тушаал гарсан эсэхийг тодруулахад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/100 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал надад өгсөн.

            ...Мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй нь үндэслэлгүй хууль бус байх тул өөрийн эрхэлж байсан ажилдаа тогтоолгох шаардлага тавьж байна.

            Иймд Д Ш Г ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, захирлын 2018 оны тус компанийн ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй  байсан хугацааны цалин 2.922.364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д Ш Г ТӨХК-иас:

...Компанийн болон хөдөлмөрийн хуультай нийцүүлэн гаргасан тус компанийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.2, 7.4-д зааснаар ажлын удирдлага зохион байгуулалтын талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ, компанийн хэлтэс, хэсгийн ажил болон ахуйн байр, авто граж, дулаан станц, БНС, ус бэлтгэл, усан сан, гүний худаг, КНС цэвэрлэх байгууламж, төв харуулын байр, ус зөөврийн худгууд байнгын ажлын байр болно. Ажлын байр болон ахуйн байрнаас удирдлагын зөвшөөрөлгүй явсан ажилтныг ажил тасалсанд тооцно гэж заасан байх бөгөөд байгууллагын ажлын уялдаа, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан болно.

...Г.О-гийн ажлын нөхцөлийг өөрчилж, шилжүүлсэн асуудал байхгүй, ариутгах хэсгийн бүх ажилчид графикийн дагуу ажиллаж байгаа.

...Дээрх сахилгын арга хэмжээ авсан захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.О-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г Д Ш Г ТӨХК-ийн Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Д Ш Г ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1.977.003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож, үлдэх 945.351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Д Ш Г ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 116.782 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар  тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Д Ш Г ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.О- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны орой Хөдөлмөрийн гэрээ болон  ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бохир усны төвлөрсөн системийн машинчийн ажлыг хийж гүйцэтгээд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 30 минутад ээлжнээс буусныг хурууны хээ дарсан баримт, гэрч нарын мэдүүлгээр ажилд гараад буусан байдал нь нотлогдсон байхад шүүх нэхэмжлэгч Н.О-г 2019 оны 10 дугаар сарын 05-нд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцсон нь үндэслэлгүй юм.

Харин Д Ш Г ТӨХК-ийн ерөнхий инженер Нарангэрэлийн баталсан 2018 оны 10 дугаар сарын ээлжийн ажилчдын графикт Н.О-той Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй “Био хлор лаг талбайн цэвэрлэх байгууламжийн операторчин гэх ажлыг хийлгүүлэхээр өөртэй нь тохиролцоогүй график баталсан нь буруу бөгөөд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 10 дугаар сарын ээлжийн график, Н.О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр ажил таслаагүй нь нотлогдоно.

Хөдөлмөрийн гэрээнд нийцээгүй шаардлагыг ажил олгогчийн зүгээс ажилтанд шаардвал ажилтан татгалзах эрхтэй.

Хариуцагч Д Ш Г ТӨХК нь 2018 оны 10 дугаар сарын ажлын графикт нэхэмжлэгч Н.О-гийн ажлын байрыг сэлгэн ажиллуулахаар өөрчилсөн болон 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн болохыг нотолж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Д Ш Г ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.О-д “Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцон 1 сарын цалинг 20 хувь бууруулсан Б/100 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.О- давж заалдах гомдолдоо:

...10 сарын ажлын хуваарийг гарган батлахдаа намайг ямар ч үндэслэлгүй ээлжээс гаргаж, хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй ажлын байранд шилжүүлсэн. 10 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа очиход шинэ машинч нь надтай давхцан ирж асуудал үүссэн тул станц дээр ирж байдалтай танилцаж, намайг ажлаа хийх боломжоор хангаж өгөхийг хүссэн компанийн захиралтай уулзах гээд 4 удаа очиход хот ажлаар явсан гээд уулзаагүй. Гэтэл намайг уулзаагүй захиралд бичгээр хандаагүй гэж буруутгаж байна.

... Ажилтны ажлын байрыг дур мэдэн өөрчлөх нь амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой. 2018 оны 10 дугаар сард ажиллах хувиар нь хөдөлмөрийн хууль зөрчсөн эсэх, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сахилгын шийтгэл нь зөв буруу эсэхийг үнэн зөвөөр хуулийн дагуу тогтоон асуудлыг шийдвэрлэж, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч Н.О- нь тус компанийн ус хангамж, ариутгах татуургын системийн ажилтан тул тус компанийн хөдөлмөрийн дотоод дүрэм, журам болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн 1.4.3, 1.4.8-д заасан үүргийг гүйцэтгэнэ. Мөн 1.6.1-д заасан ашиглалтын байгууллагын ажилтнууд ус хангамж ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийг мөрдөнө. 1.6.3-д уг дүрмийг зөрчсөн ажилтанд зөрчлийн шинж байдлаас хамааруулж  Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд ноцтой дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хууль сахиулах байгууллагад шилжүүлнэ гэсэн эрх зүйн актуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй ажилтан юм.

...Н.О-г компанийн удирдлагууд нь ажлаас халах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй шүүхийн ажиллагааны үед ажилдаа орж ажиллах талаар санал тавьсан боловч хүлээж аваагүй бөгөөд шинэ оны ажилтай уялдуулан ажлаас халах тушаалыг хугацаа хожимдож гаргасандаа л байгууллага буруудаж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.О-г ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргаж, түүнд хүргүүлсэн.

Иймд анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.О- хариуцагч Д Ш Г ТӨХК-нд холбогдуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалыг хүчингүй болгох, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай” Н.О-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч тус компанийн Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.922.364 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал тус компанийн захирлын нэхэмжлэгч Н.О-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу нэхэмжлэгч Н.О-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.977.003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн болон цалингаас үлдэх 945.351 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдсан гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Н.О- Д Ш Г ТӨХК-нд ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчаар 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд тус компанийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н.О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Маргаж буй тус компанийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай тушаалын үндэслэл  нь нэхэмжлэгч Н.О-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10,11 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтуудыг  тус тус үндэслэн гарчээ.

Болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн инженер Д.Нямцэрэн боловсруулж, тус компанийн ерөнхий инженер Л.Нарангэрэлийн баталсан 10 дугаар сард ажиллах ээлжийн графикийг нэхэмжлэгч Н.О- 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн ажилдаа гарахдаа мэдсэн бөгөөд тэрхүү графикаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан  ажил үүрэг өөрчлөгдөх тул энэхүү графикийг нэхэмжлэгч эс зөвшөөрснөөс маргаан үүсчээ.

Уг графикаар нэхэмжлэгч Н.О- 2018 оны 10 дугаар сард өөрийн эрхэлж байсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил болох Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар 4 удаа Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй ажил болох Био шүүлтүүр лаг талбайн хлорт байгууламжийн оператораар 9 удаа ажиллахаар зохицуулсан байна.

Энэхүү 2 ажлын байр нь тус тусдаа бие даасан чиг үүрэг бүхий 2 өөр ажлын байр болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох ба нэхэмжлэгч Н.О- хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй ”гэж зохицуулсан бөгөөд хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болохоор хуульчилсан боловч шилжүүлэх шалтгаан болох байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зайлшгүй шаардлага гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Мөн шилжүүлж байгаа 2 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл өөр өөр бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэж заасан нийтлэг эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Н.О- тухайн графикийн дагуу ажиллахгүй гэдгээ тус компани ерөнхий инженерт утсаар мэдэгдэхийн сацуу шуурхай ажиллагааны дэвтэрт 10 дугаар 03-аас өөрийн ээлжиндээ гарч ажиллах талаар тэмдэглэл үйлдэн мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Н.О- 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үндсэн ажлын байрандаа ирж орой 20 цаг хүртэл, маргааш нь 10 дугаар сарын 04-ний орой 20 цагаас 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан шуурхай ажиллагааны дэвтэр, талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.Нямцэрэн, Ш.Дэлгэрсүрэн, В.Даваахишиг нарын тодорхойлолт, тайлбар, өргөдөл, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Д Ш Г ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай тушаалын  үндэслэл болох нэхэмжлэгч Н.О-г 10 дугаар сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Д Ш Г ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай “Н.О-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь маргаж буй 10 дугаар сарын графиктай холбоотой маргаанд үндэслэж гарсан бөгөөд өмнөх нэхэмжлэгч Н.О-д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэлтэй адил байх тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар нэхэмжлэгч Н.О-гийн сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцож үзвэл 683.321 төгрөг байх ба нэг өдөрт ногдох цалинг 31.782 гэж тооцож нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 96 өдрийн цалин 3.051.072 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.922.364 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.О- болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг бүхэлд нь  хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г Д Ш Г ТӨХК-ний Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г Д Ш Г ТӨХК-ний Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай гэж,

2 дугаар заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Д Ш Г ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1.977.003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, үлдэх 945.351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Д Ш Г ТӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2.922.364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

     

                              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     Л.АМАРСАНАА