Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/01181/и

                             

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ДУА, ШГ сум, Х баг,  дүгээр байр,  тоотод оршин суух, БО овогт Н.О/утас /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ДУАШГ суманд байрлах, ДШГ ТӨХК /утас /-д холбогдох

 

"Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, тус компаний Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,922,364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О, З.Э, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Онь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь ДУАШГ сумын ДШГТӨХК-нд ус дулаан ариутгах хэсэгт Бохир усны төвлөрсөн системийн насосны машинчаар /КПС/ 2009.05.21-ний гүйцэтгэх захирлын 44 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг, сарын үндсэн цалин 433,250 төгрөг, өдөр шөнийн ээлжинд 12*24*12*48 гэсэн графикаар гардаг Энэ орон тоон дээр үндсэн ажилчин 4 хүн байдаг. Ажлын нөхцөл нь үйлдвэрийн дотор нөхцөлд автомат ажиллагаан дор тоног төхөөрөмжийг ажиллуулдаг.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын графиктай танилцахад манай хэсгийн 23 ажилчдаас зөвхөн миний ажиллах ээлжийг өөрчилж бас надтай хөдөлмрөийн гэрээгээр тохиролцоогүй өөр нөхцлийг ажлыг хийлгэх болсон графиктай гарсан байсан. 

Надтай хөдөлмөрийн гэрээгээр тохиолцоогүй ажил нь Био хлор лаг тайлбан цэвэрлэх байгууламжийн операторчин хөдөлмөрийн нөхцөл нь миний өмнөх ажлаас тэс өөр ажлын байр нь гадаа очинд, бүх ажиллагаа нь гар ажиллагаагаар гүйцэтгэдэг, манай үйлдвэрийн хамгийн сүүлчийн дамжлага, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаанд тавигдах зааварчилгаа, ажлын байрны орчин ажлын байрны хувцас хэрэгсэл өөр, энэ ажлын байранд үндсэн 5 хүн өдрөөр ажилладаг бохир усны цуглардаг гүн худаг бүхий ажлыг цэвэрлэдэг ажлын байр юм.

Ингээд 10 дугаар сарын ажлын графикыг гаргасан болон баталсан удирдлагаас ямар учраас хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй ажлыг хийлгэхээр графикт оруулсныг асууж тодруулахад баталсан графикаар ажил хийвэл хий эс бөгөөс чадахгүй бол ажлаа өгөөд халагд гэсэн.

Тус графикт болохоор миний хөдөлмөрийн гэрээнд заагдсан бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажлыг 10 дугаар сарын 3,5,24,26-ны өдрүүдэд нийт 4 удаа өдрийн ээлжинд ажиллах /график дээр К гэж тэмдэглэгдсэн / сарын 8,9,12,15,17,18,22,29,31-д /графикт Ц гэж тэмдэглэгдсэн хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил, бохир усны төвлөрсөн системийн операторчинг хийхээр сарын 1,2,4,10,11,16,19,23,25,30-ны өдрүүдэд амралттай байхаар /графикт А гэж тэмдэглэгдсэн/ графикаас үүдэж ажилтан би хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхэд маань хөдөлмөрийн гэрээгээр тохироогүй ажлыг надтай зөвлөлдөөгүй урьдчилан мэдэгдээгүй хуваарь гаргасан би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн үндсэн ажлаа хийдэг байсан ээлжийн дагуу хийх ёстой гэсэн байрь сууринаас хандаж маргасан. Би хөдөлмөрийн гэрээний дагуу өөр ажил хийх тушаал гаргаагүй ажил гүйцэтгэж байгаад осол аваар гарган өөрийн болон бусдын аюулгүй байдалд хор хохирол учируулбал хэн хариуцах юм бэ хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажлыг зөвшилцөхгүй шууд графикаар тулгаж хийлгүүлэхийг би буруу шийдвэр гэж үзэж байна. Ер нь манай байгууллага дээр хөдөлмөрийн харилцааны ийм асуудал маш их гардаг. Ажилчид маш их айдас түгшүүртэй ажилладаг. Би байгууллагыг хохироож ажлын байрыг эзэнгүй орхиогүй.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө үндсэн ажлын байрандаа ирж хурууны хээгээ дарж ажлын зааварчилгааг Бадамцэцэгээс авсан. Тухайн ээлжиндээ диспетчер Ганчимэгтэй хамт гарч хөдөлмөрийн гэрээний дагуух ажлаа хийгээд орой 20 цагаас ажлаасаа хурууны хээгээ дараад буусан. Дараа өдөр нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагаас хөдөлмөрийн гэрээний дагуух үндсэн ажлаа хийж гүйцэтгээд 05-ны өглөө хурууны хээгээ уншуулаад буусан учраас 05-ны өдөр ээлжийн график өөрчилсөн цагаар ажилд үргэлжлүүлээд гарах боломжгүй юм. Түүнээс биш би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санаатайгаар ажил таслаагүй. Ингээд амарчихаад 10 сарын 07-ны өглөө үндсэн ажлаа хийх гээд ирэхэд ажлын байрнаас хөөгөөд байхаар нь явахгүй байсан чинь цагдаа дуудаж цагийн хүчээр ажлын байрнаасаа явсан. Цагдаа дээр очоод болсон бүх асуудлаа хэлэхэд хөдөлмөрийн харилцаанаас үүдсэн маргаан байна гээд намайг явуулсан. Маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 08-нд ажил дээрээ очоод миний хөдөлмөрийн гэрээнд өөр ажил хавсарч хийлгэх тушаал гарсан эсэхийг тодруулж байгаа бол танилцъя гэхэд тийм тушаал гаргаагүй харин ийм тушаал гарсан гээд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/100 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал надад өгсөн.

...Мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй хууль бус тушаал байх тул өөрийн эрхэлж байсан Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байна.

...иймд ДШГТӨХК-ний гүйцэтгэх захирлын2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, захирлын 2018 оны тус компаний Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,922,364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч ДШГТӨХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нэхэмжлэгч Н.Огийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсаныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн талаар:

ДШГТӨХК нь Шарын гол сумын нутаг дэвсгэр дээр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр ус дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах буюу цэвэрлэх байгууламжийг ажиллуулах үйлдвэрлэл явуулдаг онцгой обьект бөгөөд компанийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа нь явагдаж, компанийн дотоод журмыг батлуулж, ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байугулж, ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргийн хувиар гарган ажиллуулдаг төрийн өмчит компани билээ.

Компанийн болон хөдөлмөрийн хуультай нийцүүлэн гаргасан тус компанийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.2, 7.4-д зааснаар ажлын удирдлага зохион байгуулалтын талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн баримтлах боломжгүй бол ажлын цагийн нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ, компанийн хэлтэс, хэсгийн ажил болон ахуйн байр, автогараж, дулаан станц, БНС, Ус бэлтгэл, Усан сан, Гүний худал, КНС цэвэрлэх байгууламж, төв харуулын байр, ус зөөврийн худгууд байнгын ажлын байр болно. Ажлын байр болон ахуйн байрнаас удирдлагын зөвшөөрөлгүй явсан ажилтныг ажил тасалсанд тооцно гэж заасан байх бөгөөд байгууллагын ажлын уялдаа, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын ариутгах татуургын хэсгийн ажилчдын графикт хугацааг тооцон гаргасан бөгөөд Н.Онь байгууллагын дотоод журам зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан болно.

Манай байгууллага нь компанийн дотоод журмыг үндэслэн ажлын уялдаа холбоо, улирлын байдал болон ажиллагсдын ажиллах ажлын цаг илүү цагийг зохицуулах зорилгоор түр хугацаагаар графикт ажлыг зохион байгуулсан бөгөөд Г.Ононгийн ажлын нөхцөлийг өөрчилж, шилжүүлсэн асуудал байхгүй, ариутгах хэсгийн бүх ажилчид графикийн дагуу ажиллаж байгаа юм.

Нэхэмжлэгч Н.Онь Компанийн дотоод журмыг сахиж ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн дагуу ажулаа гүйцэтгэх үүрэгтэй юм. Нэхэмжлэгч Н.Онь байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан хөдөлмөрийн нөхцөл хэвийн бус, 3 дугаар зүйлийн 3.6-д заасан ажлын байр бөгөөд ажлын болон ахуйн байрнаас удирдлагын зөвшөөрөлгүйгээр явсан ажилтныг ажил тасалсанд тооцонон 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хөдөлмөрийн хууль болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд холбогдох бусад хууль тогтоомжийг сахиж ажиллана., 4.5-д заасан ажил үүрэгтэй холбогдсон компанид мөрдөгдөж буй бүх дүрэм журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж хариуцан ажиллана гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.

... дээрх сахилгын арга хэмжээ авсан захирлын тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Н.Онь хариуцагч ДШГТӨХК-нд холбогдуулан тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай “Н.Огийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч, тус компаний Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,922,364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал “...тус байгууллагын захирлын сахилгын шийтгэл ногдуулсан  тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Н.Онь ДШГТӨХК-нд Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчаар 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай тушаалаар Н.Од үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар буруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай тушаалаар Н.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан байна.

 

ДШГТӨХК-ний 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Компаний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1 дахь заалтыг тус тус үндэслэн Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар Н.Онь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан” байна.

 

ДШГТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-т “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг өдрийн ажил тасалсан бол үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахыг тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Онь дээрх сахилгын шийтгэл ногдуулсан Б/100 дугаартай тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгууллагаас миний ажлын графикийг өөрчилсөн талаар би мэдсэн. Шинээр өөрчилсөн графикт миний ажилд гарах өдөр болон өөрийн эрхэлж байсан Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар 4 удаа, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй ажил болох Био хлор лаг талбайн цэвэрлэх байгууламжийн оператороор 9 удаа тус тус ажиллахаар миний ажлын графикийг өөрчилсөн байсан. Би энэ өөрчилсөн шинэ графикийг хүлээн зөвшөөрөөгүй учир хуучин графикийн дагуу 10 дугаар сарын 04-ны өдрийн орой ажилдаа гарч, 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа буусан. Иймд 10 дугаар сарын 05-ны өдөр өдрөөр ажилд гарах боломжгүй байсан. Би ажлаа 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа таслаагүй, хуучин графикт заасны дагуу ажилгүй байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан Б/100 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан тус байгууллагын Ерөнхий инженерийн баталсан 2018 оны 09 дүгээр сард ажиллах ээлжийн графикт Н.Онь 10 сарын 04-ний өдөр амарч, 5-ны өдөр Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар ажиллахаар заасан боловч Н.Онь 10 дугаар сарын 5-ны өдөр ажлаа хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Онь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийгээгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаар хариуцагч талд албан ёсоор мэдэгдээгүй байх тул түүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэж хариуцагч тал Б/100 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ДШГТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/2 дугаартай тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ДШГТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1, 9.4.2, Н.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 6.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус компаний Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинч Н.О2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлаж” шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан боловч хариуцагч ДШГТӨХК нь Н.Огийн 10 дугаар сард гаргасан гэх зөрчилд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/2 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Ог ДШГТӨХК-нд Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч тал “...10 сард ажиллах графикийн дагуу ажилдаа очоогүй шалтгааныг хариуцагч тал мэдэж байсан. Шүүхээр энэ талаар маргаан явж байсан...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч Н.Онь шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан, хариуцагч тал Н.Од 2018 оны 10 дугаар сарын 05-24-ны өдөр ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээг авсан байна.

 

Мөн нэхэмжлэгч Н.Ошүүхэд тус байгууллагын ерөнхий инженерийн баталсан 10 дугаар сарын ажиллах график болон өөр ажил руу сэлгэн ажиллуулах, хавсран гүйцэтгүүлэхтэй холбоотой шаардлага гаргаагүй ба энэ талаарх маргааныг шүүх шийдвэрлээгүй болно.

 

Харин нэхэмжлэгч Н.Онь  дээрх хугацаанд ажилдаа очихгүй, ажлаа хийхгүй байх шалтгаан байсан гэсэн тайлбарын үндэслэлтэй холбогдуулан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 10 дугаар сарын график өөрчлөгдсөнтэй холбоотой асуудал хэлэлцэгдсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Огийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 683,321 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 31,782 төгрөг гэж тооцож /хх-115/, ажилгүй байсан буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаа 3 сар 2 хоногийн цалин нийт 2,113,677 төгрөг болохоос тус байгууллагын гүйцэтгэх захирлын Б/100 дугаартай тушаалд зааснаар 1 сарын  цалингийн 20 хувь буюу 136,664 төгрөгийг хасаж, үлдэх 1,977,013 төгрөгийг хариуцагч ДШГТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, илүү нэхэмжилсэн 945,351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Ог ДШГТӨХК-ний Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн “тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч ДШГТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 1,977,003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Од олгож, үлдэх 945,351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 10 дүгээр сарын 44-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ДШГТӨХК-нд даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Онь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 116,782/46,582+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА