Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00953

 

Н.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалтай, 

Н.О-гийн нэхэмжлэлтэй

ДШГ ТӨХК-д холбогдох, 

Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, тус компанийн ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 2.922.364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Д.О, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ДШГ ТӨХК-д ус дулааны ариутгах хэсэгт бохир усны төвлөрсөн системийн насосны машинчаар 2009 оны 5 сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг ба сарын үндсэн цалин 433.250 төгрөг, өдөр шөнийн ээлжинд 12*24*12*48 гэсэн графикаар гардаг. 2018 оны 10 дугаар сарын графиктай танилцахад манай хэсгийн 23 ажилчдаас зөвхөн миний ажиллах ээлжийг өөрчилж, надтай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй өөр нөхцөлийн ажил хийлгэх болсон графиктай гарсан. Надтай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй ажил нь Био хлор лаг талбайн цэвэрлэх байгууламжийн операторчин, хөдөлмөрийн нөхцөл ажлын байр нь гадаа орчинд, бүх ажиллагаа нь гар ажиллагаагаар гүйцэтгэдэг, манай үйлдвэрийн хамгийн сүүлчийн дамжлага, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаанд тавигдах зааварчилгаа, ажлын байрны орчин ажлын байрны хувцас хэрэгсэл өөр энэ ажлын байранд үндсэн 5 өдрөөр ажилладаг бохир ус цуглардаг гүн худаг бүхий ажлыг цэвэрлэдэг ажлын байр юм. Ингээд 10 дугаар сарын ажлын графикийг гаргасан болон баталсан удирдлагаас ямар учраас хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй ажлыг хийлгэхээр графикт оруулсныг асууж тодруулахад баталсан графикаар ажил хий эсвэл ажлаа өгөөд халагд гэсэн. Тус графикаас үүдэж ажилтан миний хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхэд хөдөлмөрийн гэрээгээр тохироогүй ажлыг надтай зөвлөлдөөгүй урьдчилан мэдэгдээгүй хуваарь гаргасанд хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 дугаар сарын 08-нд ажил дээрээ очоод миний хөдөлмөрийн гэрээнд өөр ажил хавсарч хийлгэх тушаал гарсан эсэхийг тодруулахад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/100 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал надад өгсөн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй нь үндэслэлгүй хууль бус байх тул өөрийн эрхэлж байсан ажилдаа тогтоолгох шаардлага тавьж байна. Иймд ДШГ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, захирлын 2018 оны тус компанийн ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.922.364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДШГ ТӨХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Компанийн болон хөдөлмөрийн хуультай нийцүүлэн гаргасан тус компанийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.2, 7.4-д зааснаар ажлын удирдлага зохион байгуулалтын талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ, компанийн хэлтэс, хэсгийн ажил болон ахуйн байр, авто граж, дулаан станц, БНС, ус бэлтгэл, усан сан, гүний худаг, КНС цэвэрлэх байгууламж, төв харуулын байр, ус зөөврийн худгууд байнгын ажлын байр болно. Ажлын байр болон ахуйн байрнаас удирдлагын зөвшөөрөлгүй явсан ажилтныг ажил тасалсанд тооцно гэж заасан байх бөгөөд байгууллагын ажлын уялдаа, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан болно. Г.Ононгийн ажлын нөхцөлийг өөрчилж, шилжүүлсэн асуудал байхгүй, ариутгах хэсгийн бүх ажилчид графикийн дагуу ажиллаж байгаа. Дээрх сахилгын арга хэмжээ авсан захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.О-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г ДШГ ТӨХК-ийн Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ДШГ ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1.977.003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож, үлдэх 945.351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ДШГ ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 116.782 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г ДШГ ТӨХК-ний Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г ДШГ ТӨХК-ний Ус дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай гэж, 2 дугаар заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ДШГ ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1.977.003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, үлдэх 945.351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ДШГ ТӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2.922.364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжпэгч Н.О- нь бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажил үүрэгтэй байхад 10-р сарын зарим ээлжийн хуваарь дээр бохир усны төвлөрсөн системийн операторчин хийлгэхээр хуваарьт өөрчлөлт оруулсан тул ажилдаа гараагүй гэж ажил тасалсан шалтгаанаа тайлбарлаж байгаа боловч тус компанийн ажлын хуваарь болон нэхэмжлэгч Н.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагад бичсэнээр 2018 оны 10 сарын 05-ны өдрийн ээлжинд өөрийнх нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажил үүргийг гүйцэтгэх ёстой байсан нь тогтоогдож байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж арга хэмжээ авсан байгууллагын сахилгын шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тус байгууллагын ерөнхий инженерийн баталсан хуваарийг үл зөвшөөрч Н.О- нь 2018 оны 10 сарын 04-ний шөнийн ээлжинд өөрийн дураар ирж хуваарийн дагуу гарч байсан ажилтан Даваахишигийг би гарах ёстой, дарга нарт долигнодог гэх мэтээр ажлын байран дээр дарамт үзүүлэн хамт хоночихоод ажлаа ч хүлээлгэж өгөлгүй, өөрийн гарах ёстой өдрийн ээлжинд ч гаралгүй хөдөлмөрийн дотоод журам зөрчиж дураараа авирлаж, өөрийн дуртай үедээ ажлаа хийх гэдэг, 10-р сард өөрийн ажил үүргийн дагуу болон хуваарьт заасан ажил үүргийг нэг ч удаа гүйцэтгээгүй ажил тасалсан болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, ажилтан Н.О- нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1 болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн 1.4.8 зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжуудад нийцүүлэн гаргасан эрх зүйн баримтуудыг зөрчиж сахилгын зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. “ДШГ“ ТӨХК нь 100 гаруй ажилтантай, Шарын гол сумыг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулдаг, онцгой обьекттой байгууллага бөгөөд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах, өвлийн цагийн улирлын байдал, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан ажилчдын илүү цагийг зохицуулах зэрэг зохион байгуулалтын ажиллагаа явуулж, 2017 оны 12 сарын 24-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж 2018 оны өвлийн улирлын ажлын зохицуулалтын талаар бүх ажилчдад танилцуулж, зарим тохиолдолд сэлгэн ажиллуулах, батлагдсан ажлын хуваарь зөрчихгүй байх талаар зааварчилга өгсөн зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхгүйгээр Н.О- нь ажил үүргийнхээ дагуу өөрийн хийж гүйцэтгэх ажлаа ч гүйцэтгэхгүй дураараа авирлаж ажил тасалсан талаар нь үндэслэлтэй дүгнэлт гаргаж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.О-, ДШГ ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/100 дугаар цалинг 1 сарын хугацаатай, 20 хувь бууруулсан тушаалыг хүчингүй болгох, тус компанийн ус, дулаан ариутгах татуургын хэсгийн бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 2.922.364 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Н.О-г ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2 тоот тушаал хууль зөрчсөн тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч зөвшөөрч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, тушаал гаргасан нь хэрэгт авагджээ.

Харин нэхэмжлэгчийг ажлаас халахаас өмнө ажлын хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, 1 ээлжийн ажил тасалсан гэж түүнд цалинг 1 сарын хугацаатай, 20 хувиар хасч сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  Б/100 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг,  давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ээлжинд гараагүй ажил тасалсан үндэслэлээр ажил олгогч дээрх тушаал гаргаж, Н.О-д сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.О- ДШГ ТӨХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Ус дулаан ариутгах хэсэгт Бохир усны төвлөрсөн системийн насосны машинчаар ээлжийн ажил үүрэг гүйцэтгэдэг боловч ажилчдын 2018 оны 10 дугаар сарын ажлын хуваарьт түүний ээлжийн ажлын хуваарийг өөрчилж, тус хэсгийн био шүүлтүүр, лаг талбай, хлорт байгууламжийн операторчны ажлыг ээлжлэн гүйцэтгүүлэхээр болсныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйгээс зохигчийн хооронд маргаан үүсчээ.

ДШГ ТӨХК-ийн орон тоо, албан тушаалын жагсаалтаас үзвэл тус байгууллагад Бохир усны төвлөрсөн системийн насосны машинчийн 4, био шүүлтүүр, лаг талбай хлорт байгууламжийн операторчин 5 гэсэн ажлын байр байдаг нь тогтоогдсон тул эдгээр ажлын байр нь өөр чиг үүрэгтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Н.О- өөрийн ажлын байрны чиг үүргийн дагуу ажлаа гүйцэтгэх үүрэгтэй, ажил олгогч нэхэмжлэгчтэй тохиролцоогүйгээр өөр ажлын байрны гүйцэтгэх чиг үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүйг давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Ажил олгогч ажилтантай тохиролцсноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болох, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлж  болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 26,  32 дугаар зүйлд зохицуулсан хэдий ч ажилчдын 10 дугаар сарын ажлын хуваарьт нэхэмжлэгч Н.О-г био шүүлтүүр, лаг талбай хлорт байгууламжийн операторчны ажил үүргийг гүйцэтгүүлэх шаардлага буюу хуульд заасан үндэслэл бий болсон гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн гомдолд зааж буй компанийн Захирлын зөвлөлийн 2017 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот хуралдаанаар Ус дулаан ариутгах хэсэгт Бохир усны төвлөрсөн системийн насосны машинчдаар тус хэсгийн био шүүлтүүр, лаг талбай хлорт байгууламжийн операторчны ажлыг ээлжлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэсэн нь ажил олгогчийн Б/100 тоот тушаалын хууль зүйн үндэслэл болохгүй юм. Түүнчлэн дээрх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хөдөлмөрийн нөхцөл адил, ижил төстэй 2 ажлын байрны 9 ажилтныг өдрөөр ээлжлүүлэн ажиллуулах боломжтой гээд энэ асуудлыг шийдвэрлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэх, ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгөхөөр ярилцсан боловч энэ ажиллагааг хийсэн нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ