Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00404

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00404

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч:  ш.м

хариуцагч:  э.ж 

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75 000 000 төгрөг, харилцан тохиролцсон 25 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.ш.м, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.******* нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: э.жаас Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан. Ц.э.ж нь 2010 онд надтай утсаар ярьж уулзах хүсэлт тавьсан юм. Ц.э.ж надад хандан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80.000.000 тонн нүүрсний нөөцтэй уурхайн асуудлаар Нагааранз ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ганзоригтой маргалдааны улмаас Б.Батмандах бид хоёрыг АТГазарт шалгуулахаар болсон байна Энэхүү асуудалд намайг туслаач Чи энэ хэргийн талаар Хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажиллагаа явуулж өгөөч гэж хүсэлт тавьсан. Энэ үед тухайн Ц.э.жд холбогдолтой хэрэг АТГ-д шалгагдаж байсан учир Хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Улмаар уг хэрэг АТГазраас СБД-ийн Цагдаагийн хэлтсийн МБТасагт шилжин 2010-2014 хүртэл 4 жилийн хугацаанд Ц.э.жы холбогдсон Хууль бусаар танил тал албан тушаалаа ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80 000 000 тонн нүүрсний нөөц бүхий уурхайг авсан гэх эрүүгийн хэрэгт Ш.ш.м миний бие хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажилласны үр дүнд хэрэгсэхгүй болсон. Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад Хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээ" байгуулж ажлын хөлсөнд орон сууцны байр, зуслангийн байшин, газар, авто машин, мөнгө төгрөг өгөхөөр амаар харилцан тохирч улмаар Ц.э.ж нь Нагааранз ХХК-ийн хувьцааг 100% өөрсдийн болгон авсны дараа нүүрсний орд газраа олон сая доллараар зарна. Ингээд олсон хөлснөөсөө өгнө" гээд 3-4 жил болсон.

Би 2017 оны 07 сард Ц.э.жтай уулзаж уурхайгаа өөрийн болгож авсан юм чинь төлбөр тооцоогоо төлж дуусга гэж шаардахад Ц.э.ж Уурхайгаа ашиггүй зарсан, гэхдээ чиний хөлсөнд 2013 оны ланд крузер 200 маркийн авто машин 1 ш, 25 000 000 төгрөг өгч тооцоо дуусгая гэж хэлсэн.

Миний бие 2014 онд хүнд өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80% алдаж эрүүл мэндийн хувьд гэр бүлийн байнгын асаргаанд амьдарч байна. Эрүүл мэндийн шалтгаанаас болж олон сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатайн улмаас аргагүйн эрхэнд шүүхэд хандах дээр туллаа.

Ингээд энэхүү тохиролцоог баталгаажуулж 2017 оны 07 сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хэргийг 4 жил хөөцөлдөж хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа ажлын хөлсөө авах гэж 4 жил хөөцөлдөөд үр дүнд хүрэхгүй байх тул шүүхэд албан ёсоор Ц.э.жаас Гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх хууль зүйн үндэслэлээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд крузер авто машины үнэ 75 000 000 төгрөг, дээр нь өөрийнх нь амласан 25 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг албан ёсоор нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа:Ш.ш.м би 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албанд 25 жил, Хэв журмын албанд 6 жил, нийт 31 жил тасралтгүй ажиллаад 2011 оны 9 сард Цагдаагийн хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан. Ц.э.жыг 1980 оны үеэс танина. 2010 оны 4 сарын орчимд Ц.э.ж надтай утсаар ярьж очиж уулзъя гээд найз н.Батмандах, н.Шар, Ц.э.ж нар хамт ирсэн. Ингээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах нүүрсний уурхайн асуудлаар хөрөнгө оруулагч Б.Ганзоригтой маргалдсаны улмаас Б.Батмандах бид 2-ыг Авилгатай тэмцэх газарт өргөдөл өгөөд шалгуулах боллоо. Албан тушаал, залилангийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах болоод байна. Чи олон жил Цагдаагийн мөрдөн байцаах албанд ажилласан хүн, бас таньж мэдэх хүмүүс байгаа туслаач гэж гуйгаад бидний гол маргаан нүүрсний уурхайн хувьцааны асуудал байгаа юм. Чамайг бидэнд тусалвал бид уурхайн хувьцаанаас тодорхой хувийг эзэмшүүлнэ гэж амласан. Би туслаад өгчихье гэсэн сэтгэлээр хүсэлтийг нь зөвшөөрсөн. Тухайн үед Б.Ганзориг нь Ц.э.ж, Б.Батмандах нартай хамтран Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нүүрсний уурхай хамтран эзэмшдэг, мөн энэ хүмүүс албан тушаалын болон залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах хүсэлт гаргаж өргөдөл өгсөн байсан. Ингээд хэргийн асуудлыг ярилцаж, судалж мэдүүлэг өгөх талаар зөвлөж, албан тушаалын хэрэг үйлдээгүйг нотлох баримт цуглуулах өргөдөл хүсэлт гаргах, бичих, зааварчилгаа хийж холбогдох хүмүүстэй нь уулзаж өргөдөл хүсэлт өгсний үндсэн дээр АТГ-ын харъяаллын хэрэг биш гэсэн шийдвэр гаргуулж, хэрэг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр эрүүгийн хэрэгт шалгуулахаар шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт Ц.э.ж Б.Батмандах нарыг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд мөрдөгчид өгөх мэдүүлэг, өөрсдийгөө гэм буруугүйд тооцуулах нотлох баримт бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагад өргөдөл хүсэлт гаргах зэрэг бүх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж бүх бичиг баримтыг би өөрөө боловсруулж өгч байсан. Ингээд явж байгаад Ц.э.ж нь надад чи тэтгэвэртээ гарчих, манай компанид хуулийн зөвлөхөөр ажилла, чиний ажил амьдралын бүх асуудлыг чинь манай компани хариуцна гэдэг болсон. Чи манай компанийн хуулийн зөвлөх болвол Б.Батмандах, н.Мөнхболд чи би гээд дөрвүүлээ компанийн хувьцааг эзэмшинэ. Мөн шинэ орон сууц байр авч өгнө, шинэ машин унана, ямар ч юманд санаа зоволтгүй. Хуучин байраа хүүдээ өгчих, мөн зуслангийн хашаа байшин авч өгнө гэх зэрэг олон амлалтууд хэлсэн. Би уурхайгаа авчихвал энэ асуудлыг хурдан шийднэ гэдэг үгэнд нь итгээд 2011 оны 9-р сард тэтгэвэртээ гарч Нагааранз компанийн хуулийн зөвлөхөөр ажиллах болсон. Өглөө болгон Нагааранз компанийн оффист очиж эрүүгийн хэрэгтэй холбоотой бүх бичиг баримтыг боловсруулж, Нагааранз ХХК-ийн хуулийн зөвлөх нэрээр хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ажилласан. Энэ ажиллагааны үр дүнд Ц.э.ж, н.Батмандах нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

Ц.э.ж нь Б.Ганзоригийг Цагдаад өгч шалгуулъя материал бүрдүүлээд өг гэдэг болсон. Ингээд Б.Ганзоригийг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт шалгуулахаар Ц.э.ж, Б.Батмандах нарын өмнөөс өргөдөл бичиж Цагдаад өгч шалгуулж эхэлсэн. Ц.э.ж, Б.Батмандах нар нь шүүхийн өмнө юм ярьж чадахгүй байна. Өмгөөлөгч авъя гэхээр мөнгө байхгүй, чи өмгөөлөгчийн үнэмлэх авчих гэхээр нь би өмгөөлөгчийн эрх авахаар хөөцөлдсөн. Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох шаардлагатай болж надад ЭБША-д албан ёсоор оролцох эрх байхгүй учир өөрийн найз өмгөөлөгч н.Лхагвацэрэнг өмгөөлөгчөөр шүүхэд оролцож өгөөч гэж гуйгаад өмгөөллийн хөлсийг дараа нь өгөхөөр тохирч гэрээ хийгээд ажиллуулж эхэлсэн. Б.Ганзоригийн хэрэг ЧД-ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж Чингэлтэй дүүргийн шүүхээр орсон. Энэ бүх хугацаанд би ямарч цалин хөлсгүй ажилласан. Учир нь Нагааранз ХХК-ийн удирдлага, захирлын эрх мэдэл нь Б.Ганзоригт улсын бүртгэлд бүртгэгдсэн ба Ц.э.ж нь 64%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд хяналт тавих үүднээс компанийн тамга гэрчилгээг өөр дээрээ байлгадаг байсан учраас намайг албан ёсоор тушаал шийдвэр гаргаж, хуулийн зөвлөхөөр томилох боломжгүй байсан. Ингээд Ц.э.ж нь компанийн эрхээ мэдлээ буцааж авах, Б.Ганзоригийг компаниас хөөж гаргах, хувьцаагаа 100 хувь өөрийн болгож авах асуудлаар давхар иргэний шүүхэд өөрийн эхнэр н.Цэрэнлхамын нэрээр нэхэмжлэл гаргуулан ажиллуулсан.

Иргэний хэргийн шүүхэд өмгөөлөгч н.Нарантуяа ганцаараа ажилласан ба иргэний хэргийн шүүхийн асуудалд би оролцоогүй. Харин компаний хувьцаа эзэмшигчийн хувьд хамт явж ажилласан. Ийм байдлаар 2010-2014 оныг хүртэл Нагааранз ХХК-д хувьцаа эзэмшигч Б.Батмандах Мөнхболд болон э.жы их сургуулийн найз Шар, өмгөөлөгч Нарантуяа нар иргэний хэргийг өмгөөлж бид нар хамтран ажилласан. 2013 оны зун миний бие нойр булчирхайн хавдар өвчнөөр оношлогдож Солонгос, Хятад, Сингапур Улсад явж эмчлүүлсэн.

Энэ бүх онгоцны тийзийг гэр бүлийн хүний хамт Нагааранз компаниас дааж, ирж буцахын билет авч өгч тусалж байсан. 2014 оны эхээр биеийн байдал доройтож ходоодны хүнд хэлбэрийн шарх болон 2 бөөр ажиллагаагүй болж хэвтэрт орсон. Энэ хугацаанд хууль шүүхийн ажил нь эцэслэн шийдэгдээгүй байсан учир би ажлын хөлс мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Тэд намайг эргэж ирж гэрт уулзаж байдлаа ярьдаг байсан.

Эхний хөрөнгө оруулагч Б.Ганзориг нь Нагааранз ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшээд Батмандах, э.ж нарт Намуун хотхонд тус бүр З өрөө байр авч өгснөөс гадна энэ хүний зургаан зуун сая төгрөгөөр уурхайн нөөцийг тогтоох, зардлыг төлөх ажлыг хийж 80 сая тонны нөөцтэй уурхайтай болох ажлын гараа нь эхэлсэн. Энэ хүнийг ингэж ашиглаад юу ч үгүй хаясан. Дараагийн хөрөнгө оруулагч Айр трансын захирал Чулуунхүүгээс миний мэдэх 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч мөн л ямар замаар хөрөнгө оруулалтаас гаргасан нь ч сонирхолтой үлдсэн. Гурав дахь хөрөнгө оруулагчтай нийлж дээрх 2 хөрөнгө оруулагчийг гаргаж хаясан явдлыг би мэдэх юм. Ингээд хариу тайлбарт бичээд байгаа олон өмгөөлөгчдийг Ц.э.ж гэрээ хийж авсан юм биш, эдгээр өмгөөлөгчдийг ажиллуулж иргэний хэрэгт ялсан учир Нагааранз ХХК-ийн хувьцааг Б.Ганзориг, н.Чулуунхүү нараас салгаж авч өөрийн таних хүмүүст шилжүүлсэн. Ийм байдлаар шүүхийн бүх үйл ажиллагаа дууссан учир тохирсон ёсоор хуулийн зөвлөхөөр ажилласны хөлсөө авахаар шаардаж эхэлсэн ба 2014 оноос 2015 онд нэг хэсэг миний бие их муу хэвтэрт байсан учир уулзаж мөнгө нэхэж чадахгүй удаан явсан. Түүнээс хойш Ц.Жаралсайхан нь олон янзаар эд зүйл, мөнгө төгрөг амлаж 2-3 сарын хугацаа зааж явдаг байсан. 2017 оны зун Б.Батмандах нь гэнэт зүрх нь зогсож нас барсан. Үүнээс хойш Ц.э.жы ааш хувирч уурхайг ашиггүй зарсан, амласан ёсоор мөнгө өгч чадахгүй болсон гээд янз бүрээр худлаа яриад явдаг болсон учир Мөнхболд бид 2 э.жтай уулзъя, уурхайг бусдад зарсан бичиг баримт, гэрээг нь үзье гэж тохиролцож 2017 оны 7 сард талийгаач Б.Батмандахын байранд уулзсан. Ингээд уулзахад үзүүлэх олигтой бичиг баримт байхгүй, З тэрбум төгрөг авсан маягийн юм ярьсан. Янз бүрээр яриад байсан учрыг нь сайн ойлгоогүй, харин уурхайгаа 40 сая төгрөгөөр зарсан гэх гэрээ гаргаж үзүүлсэн. Ингээд Мөнхболд бид 2 э.жд 80 сая тонны нөөцтэй уурхайг 40 сая төгрөгөөр зарсан гэдэг чинь худлаа, ийм асуудлын төлөө бид олон жил энэ асуудлыг хөөцөлдсөн болж таарч байна уу гэж маргалдаж байгаад ажлын хөлс өгөх юм уу, үгүй юм уу гэхэд н.Мөнхболдод 25 сая төгрөг өгнө, надад 25 сая төгрөг, мөн 2013 онд үйлдвэрлэсэн ланд крузер 200 машин өгнө гээд бид 2-той гар барьж тохиролцсон. Баталгаажуулж гарын үсэг зуруулж авахын тулд 2017 оны 07 сарын 26-ны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нөхөж хийгээд гэрээг дүгнэсэн баримтыг хамт хийж хоёулаа гарын үсэг зурж нэг нэгээр нь авсан юм. Энэ гэрээ нь Ц.э.ж бид хоёр гэрээ байгуулж тохиролцон Нагааранз ХХК-ийн уурхайн асуудлаар АТГ, МБГ-т шалгагдсан хэрэгт би хуульзүйн туслалцаа үзүүлэх, Ц.э.ж нарт холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болвол гэрээнд заагдсан эд зүйл, мөнгийг би авах ёстойг баталгаажуулж нөхөж хийсэн албан ёсны баримт бөгөөд гэрээг нөхөж хийснээс хойш дахин жилийн хугацаа өнгөрсөн учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус шалгагдсан эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгч аваагүй өмгөөлөгчийн үүргийг би гүйцэтгэж өөрийн ажлын туршлага, хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд ажиллаж э.ж нарт холбогдох ЭХТА 148.3т зааснаар яллагдагчаар татагдсан хэргийг хэрэгсэхгүй болгох, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан Б.Ганзоригт холбогдох хэрэгт шүүхийн шатанд шилжих хүртэл нь би ажилласан. Үүнийг хавтаст хэрэгт өгсөн материалаар батлагдана. н.Лхагвацэрэн гэрээ хийж өмгөөлөгчөөр ажилласан. Үнэ төлбөргүй миний хүсэлтээр өмгөөлж байснаа н.Лхагвацэрэн батална. Иймд шүүхэд хандсан миний нэхэмжлэлийг хууль зүйн дагуу шийдэж, хангаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч Ц.э.ж нэхэмжлэлд шүүхэд бичиж ирүүлсэн тайлбартаа:Нэхэмжлэлд 2010-2014 онд Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан хууль бусаар танил тал албан тушаалын байдлаа ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80 000 000 тонн нөөц бүхий уурхайг авсан гэх эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажилласны үр дүнд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээ-ий ажлын хөлсөнд ланд круйзер 200 2013 оны автомашины үнэ 75 000 000 төгрөг дээр нь амласан 25 сая төгрөг нийт 100 сая төгрөг надаас гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэл нотолгоо байхгүй нэхэмжлэл гаргасан байна.

Б.Ганзоригийг залилсан гэх миний бие болон Батмандахад холбогдох эрүүгийн 2011 онд хэрэгсэхгүй болж иргэний журмаар шийдэгдсэн хэрэгт нэхэмжлэгчээс ямар нэг хууль зүй, өмгөөллийн туслалцаа авч байгаагүй, нэхэмжлэлдээ нотлох баримтуудыг тодорхой заагаагүй угаас нотолгоо байхгүй. 2017 оны 7 сарын 26-д надтай байгуулсан гэх хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээг Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болгож баталгаажуулсан гэх боловч энэ талаар гэрээний үндэслэлд тусгаагүй, түүнчлэн тухайн гэрээнд тусгагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болно. Надад 2017 оны 7 сараас энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш хууль зүйн аливаа туслалцаа авах шаардлага хэрэгцээ гарч байгаагүй. Би тухайн үед иргэн М.Баярсайханаас их хэмжээний мөнгөний авлагатай болж уг мөнгөө авч чадахгүй хэт удсан учир түүнд би өөрөө бусдад өртэй гэдгээ батлах үүднээс Ш.ш.мтай уг хууль бус гэрээг байгуулсан нь миний буруу болно. Тэрээр 2010-2014 онд албан ёсоор өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанд ажиллаж байсан юм.

Мөн хэрэгсэхгүй болсон 21035762 тоот эрүүгийн хэрэгт миний бие Ш.ш.маас хууль зүй, өмгөөллийн туслалцаа авч байгаагүй тэрээр ЭБША-д оролцоогүй, харин иргэн Б.Батмандахын хамтаар өмгөөлөгч Ө.Одгэрэл, Х.Энхтайван, Л.Отгонбаяр иргэн Б.Даваажанцан нараас хууль эрх зүйн туслалцааг гэрээний үндсэн дээр авч байсан тул Ш.ш.мын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргав гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ш.ш.мын хариуцагч Ц.э.жд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдагдсан Б.Ганзоригийг залилсан гэх Ц.э.ж, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэрэг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017-07-26-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хариуцагч Ц.э.ж нь бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан бөгөөд уг мөнгөө авч чадахгүй байсан тул бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар байхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Хариуцагч Ц.э.ж нь нэхэмжлэгч Ш.ш.маас ямар нэгэн хууль зүйн туслалцаа авч байгаагүй.

Мөн нэхэмжлэгч ш.м нь Ц.э.ж, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019-01-09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байгаа.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цахим хаягаас хэвлэсэн гэх баримтууд шаардлага хангахгүйн зэрэгцээ уг баримтуудыг үндэслэн хариуцагч Ц.э.жы эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх байдал тогтоогдохгүй. Учир нь уг эрүүгийн хэрэг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 , 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажилпагаа эрхлэх зөвшөөрөл олгоно", 19.6 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ.", 35дугаар зүйлийн 35.1.З-т эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээг үзүүлнэ." гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ш.ш.м, хариуцагч Ц.э.ж нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томъёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу 2011 онд хариуцагч Ц.э.жд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.ш.м нь хариуцагч Ц.э.жд холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75 000 000 төгрөг, харилцан тохиролцсон 25 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Ц.э.ж нь нэхэмжлэлд дурдсан хэрэгт Ш.ш.маас хууль зүйн туслалцаа аваагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарах үед Ш.ш.м нь өмгөөллийн эрхгүй байсан, 2017 оны 07 сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ш.ш.м шаардлагын үндэслэлээ нотолж, Ш.ш.м хариуцагч Ц.э.ж нарын хооронд 2017 оны 07 сарын 26-ны өдрөөр огноолсон Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 10-12 тал/, мөн өдрийн зохигчид гарын үсэг зурсан, хууль зүйн тулалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт/хэргийн 13дахь тал/-ыг тус тус эх хувиар ирүүлсэн ба эдгээр баримтад хариуцагч тал энэ гэрээг байгуулсан, баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч, харин дүр үзүүлэн хийсэн гэж үгүйсгэх тайлбар гаргасан.

Мөн нэхэмжлэгч тал Ш.ш.мын гар утсанд Ц.э.жы гар утаснаас ирүүлсэн мессежүүд/хэргийн53-57дахь тал/, Ш.ш.мын хүү М.Амгалангийн цахим хаягаар Ц.э.жтай харилцсан цахим шуудан/хэргийн 36-52дахь тал/ гэсэн баримтуудын хуулбар, гэрэл зургууд/хэргийн 58-61дэх тал/ болон зургийн тайлбарыг тус тус ирүүлснийг хариуцагч тал үгүйсгээгүй тул үзлэг хийх шаардлагагүй, тухайн үйл баримтад хамааралтай нотлох баримт гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* 2019 оны 1 сарын 4-ий өдөр Нийслэлийн Прокурорын газрын санхүүд хэргээс хуулбарласны 10 000 төгрөг төлж, эрүүгийн хэргээс 2010 оны 6 сарын 14-ий өдрийн Ц.э.жд холбогдуулан иргэн Б.Ганзоригоос гаргасан өргөдөл болон уг өргөдөл мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2010 оны 7 сарын 27-ны өдрийн Ц.э.жыг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4-т заасан хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын тэмдэг дарж ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй.

Харин 2011 оны 01-р сарын 25-ны өдрийн 113 тоот нотариатаар гэрчлэгдсэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор, Ц.э.ж, Б.Батмандах нар нь Б.Ганзоригт Сүхбаатар аймгийн нутагт байрлах нүүрсний орд бүхий А-13150 дугаартай ашигт малтмалын лицензийг Нагааранз компаний 34 хувьд багтаан 350 000 000 төгрөгөөр худалдана гэж итгэл эвдэх аргаар залилж иргэн Б.Ганзоригт онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2010 оны 6 сарын 14-ий өдөр үүсгэсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-т заасан 21035762 дугаартай Цогт-Очирын.э.ж, Бадамын Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг, иргэний журмаар шүүхээр шийдүүлбэл зохих маргаан гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч Ш.ш.мын шүүхэд төлөөлөх эрхийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос, 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 15 1926 дугаарын гэрчилгээ олгогдож, эрх нээлгэсэн тухай/хэргийн 72-74дөх тал/ ирүүлсэн лавлагаа баримт нотолгооны хэрэгсэл болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц.э.ж, Б.Батмандах нарыг Сүхбаатар аймгийн нутагт байрлах нүүрсний орд бүхий ашигт малтмалын лицензийг Нагааранз компаний 34 хувьд багтаан 350 000 000 төгрөгөөр худалдана гэж итгэл эвдэх аргаар залилж иргэн Б.Ганзоригт онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-т зааснаар 2010 оны 6 сарын 14-ий өдөр 21035762 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, 2011 оны 01-р сарын 25-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ш.ш.м хариуцагч Ц.э.ж нар өмнө нь танил найз нөхдийн харилцаатай байсан, тэдний хооронд 2017 оны 07 сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, хууль зүйн тулалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт үйлдэгдсэн, эдгээр баримтад/хэргийн 10-12 тал/зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба гэрээгээр өмгөөлөгч Ш.ш.м нь үйлчлүүлэгч Ц.э.жы иргэн Ганзоригийн өргөдлөөр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гомдол хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн мэдээлэл зөвөлгөө өгөх,уулзалт хийх, шүүх хуралдаанд оролцох хэлбэрээр туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа Ц.э.ж нь Ш.ш.мт ажлын хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер 200 маркийн автомашин 1 ширхэг, бэлнээр 25 сая төгрөгийг 2017 оны 9-р сарын 10-ны дотор ямар ч маргаангүйгээр өгөх,төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр 2 тал зөвшилцөн тохиролцжээ.

Хариуцагч тал, Ц.э.ж нь бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан, уг мөнгөө авч чадахгүй байсан тул бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан гэсэн нэхэмжлэлд гаргасан тайлбараар маргаж буй үндэслэлээ нотлох ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэс болно.

Хариуцагч тал сөрөг шаардлага хэлэлцүүлээгүй ба маргаж буй тайлбар нь талуудын хооронд бичгээр байгуулж баримт үйлдэн дүгнэсэн гэрээ баримтыг үгүйсгэхгүй төдийгүй гэрээнд зааснаас өөр үйл баримт тогтоогдохгүй байна.

2011 оны 01-р сарын 25-ны өдрийн 113 тоот Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 2010 оны 6 сарын 14-ий өдөр Ц.э.ж нарт иргэн Ганзоригийн өргөдлөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, ш.мын хүү Амгалангийн цахим шуудангаар нэхэмжлэгч хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зүйн зөвөлгөө өгч байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй.

Өмгөөлөгчийн тусгай эрхгүй хэдий ч хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах нь хуульчид хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болно.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.,42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар тухайн үед амаар хэлэлцэн тохиролцсон хэлцлийг баталгаажуулан 2017 онд бичгэн хэлбэрт оруулан, хэлцлийн гол нөхцөл болох Ш.ш.м нь үйлчлүүлэгч Ц.э.жы иргэн Ганзоригийн өргөдлөөр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гомдол хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, амаар болон бичгээр хууль зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, уулзалт хийх хэлбэрээр туслалцаа үзүүлэх, үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсний хэмжээ, төлөх хугацааг заан талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгэн хэлбэрт оруулсныг буруутгах үндэсгүй.

Улмаар гэрээг дүгнэж баримт үйлдсэн нь тухайн үйл баримтыг баталж байна.

Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ш.ш.м нь 2014 онд өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх тусгай эрхээ авсны дараа 2017 оны 07 сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт /хэргийн 13 тал/ үйлдэж, талууд гэрээг дүгнэхдээ, үйлчлүүлэгч Ц.э.жы холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн ба гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж үзэж, хоёр тал өмгөөлөгчийн үзүүлсэн хууль зүйн үйлчилгээний талаар ямар нэгэн маргаангүй болохыг баталж гарын үсэг зурсан баримт нь нэхэмжлэгч Ш.ш.мыг гэрээний зүйл болох хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээ тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болж гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид бий болж байна.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг талууд харилцан тохиролцсоноор, хэлцлийн үр дүн болох үйлчлүүлэгч Ц.э.жд холбогдсон эрүүгийн хэргийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа, үйлчлүүлэгч Ц.э.ж нь өмгөөлөгч Ш.ш.мт 2013 онд үйлдвэрлэгдсэн Land Criuser 200 маркийн автомашин 1ш, бэлнээр 25 сая төгрөг ажлын хөлсөнд ямар ч маргаангүйгээр өгөхөөр заасан нь хариуцагч өөрийн сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, эрх зүйн туслалцаа үйлчилгээ авсан, хөлсөө харилцан тохиролцсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., хуулийн 360 дугаар зүйлийн 360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.гэж тус тус зохицуулсанд нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

Хариуцагч тал 2017 оны 07 сарын 26-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол гадаад илэрхийллийг бий болгохоор дээрх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн нь тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг талуудын тохирсон хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Land Criuser 200 маркийн автомашин нэг ширхэг, бэлнээр 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, автомашины үнэ 75 000 000 төгрөг буюу нийт 100 000 000 төгрөгийн хөлс гэсэн үнэ тохиролцоо байхгүй тул нэхэмжлэлээс 75 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.э.жаас 657 950 төгрөгийг хураамжид хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан Ц.э.жаас 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер /Land Criuser/ 200 маркийн автомашин нэг ширхэг, бэлнээр 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.ш.мт олгон, нэхэмжлэлээс 75 000 000/далан таван сая/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХ-ийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.э.жаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ш.мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.УРАНЧИМЭГ